2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр буюу ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН-ыг байгуулснаас хойш жил бүрийн энэ өдрийг “Ардчиллын баяр” болгон тэмдэглээд хорин жил өнгөрч. Харин энэ жилийн Ардчиллын баярын өдөр Ардын намын 30-аар их хурал хуралдаж, намын даргаа батламжлав. Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ”Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” нэртэй цоо шинэ бодлого танилцуулав. Ерөнхий сайд асан, эсэргүү хэргээр цаазлуулсан Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын авч хэрэгжүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” буюу чинээлэг дундаж давхаргыг бий болгох бодлого дэвшүүллээ. Сүүлийн таван жилд хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж, боомилж ирсэн МАН хүний эрхийг хамгаалах амлалт авав. Ингээд АН дуулах дуугүй, өмсөх малгайгүй боллоо.
Гэвч сүүлд авсан мэдээллээр бол “Ардчиллын баярын” өдрөөр АН-ынхан арай ч зүгээр суугаагүй л юм шиг байна. Яармагт шинээр нээсэн “Мөсөн өргөө”-нд АН-ын Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, хот, хөдөөгөөс 1200 гаруй төлөөлөгч цугласан гэнэ. Харамсалтай энэ тухай манай хэвлэл мэдээллийнхэн угаасаа мэдээгүй юу, мэдээлэхийг хүсээгүй юу, огт дуу гаргасангүй. МАН-ын даргын дэвшүүлсэн бодлогын тухай л их, багагүй цуурч байна. АН-ын баяр МАН-ын баяр боловч гэлцэн инээлдэж, эмгэнээд өнгөрөв.
Гэхдээ мэдээлэхгүй байх шаардлага МАН-д биш, АН-д өөрт нь байсан ч байж магадгүй. Учир нь “үндэсний” нэртэй анхдугаар чуулган үндэсний байж чадсангүй. Сарын өмнө намын Онц их хурлаар АН-ын даргаар өргөмжлөгдсөн О.Цогтгэрэлд тамгаа өгөхгүй гэсэн С.Эрдэнийн нүүдэл байсан ч байж магадгүй. Аль нь байлаа ч АН хоёр хуваагдсан хэвээр байгаа юм байна. О.Цогтгэрэлийн тал лав чуулганд оролцсонгүй. Ялангуяа өнгөрсөн дөрөвдүгээр сард цахимаар зохион байгуулсан АН-ын их хурлаас намын даргаар сонгогдсон М.Тулгатын оронд С.Эрдэнэ өөрийгөө “АН-ын дарга” хэмээн цоллуулж илтгэл тавьсан явдал олон хүнийг гайхашруулав. М.Тулгат тэгвэл хэн бэ? АН-ын цаг хугацаа хэр их хойшоо ухрах ёстой вэ?
АН-ын энэ задрал, хуваагдал МАН-д ч гэсэн дайсан болж байна. Сүүлийн үед Монголын төр эрхийг монголчууд барьж байна уу, гаднаас удирдаж байна уу? гэх эргэлзээ бий болов. Хоёрхон сарын дотор монголчууд хоёр хөршөөсөө хилийн болон эрчим хүчний хориг тавиуллаа. Хятадын тал хилээ хааснаас болж ачаа тээврийн эргэлтгүй сар хагас болов. Шатахууны хоригоо аваад сар болоогүй оросууд “Монголын нутаг дэвсгэр дээр УЦС барихыг Оросын Засгийн газар шийднэ. Өөрсдөө шийдэх гэж оролдвол чинь эрчим хүчээ тасална шүү” гэж айлгалаа. Ирэх долоо хоногт Орост айлчлах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бас хэнийхээ “толгойг” өгч байж тогоо нээх юм, бүү мэд. Монголын төрийн шийдвэрийг Москва Бээжинтэй хэлэлцэж шийддэг үе эргэж ирж байгаа бололтой.
Угтаа энэ нь МАН-ын буруу биш, Монголд улс төрийн тэнцвэр байхгүй болсонтой холбоотой. Улс төрийн сөрөг хүчин байхгүй, нэг намын дарангуйлалд шилжсэн нь Монголыг дэлхийгээс тасалж байна.
Б.СЭМҮҮН