“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний тэргүүн, иргэн Д.Амартүвшин өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд шүүгдэж байна. Түүнийг өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбайд зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалынх нь төлөө цагдаагийн байгууллага “Гамшгийн тухай хууль зөрчсөн” хэргээр Зөрчлийн хэрэг үүсгэж, дөрвөн сарын дараа шүүхээр оруулж байгаа нь энэ.
Тухайн үед Д.Амартүвшин өөрөө ч хэлж байсан. “Яг одоо миний халаасанд гуравхан мянган төгрөг байна, амьдрал зогслоо шүү. Үйлчилгээний байгууллагууд, баар, ресторануудынхаа үүд хаалгыг нээгээч ээ. Ардаа амьдралтай хүмүүс шүү, ар гэрээ тэжээж чадахаа болилоо” гэж. ААН-үүдийг төлөөлж 40 хүрэхгүй залуус цуглаад түр гацалт /flash mob гэж нэрлэдэг/ хийсэн. Хоорондоо 3, 3 метрийн зай барьсан, хоёрхон минут болсон. Тэгсний төлөө “Гамшгийн тухай хууль журам, халдвар хамгааллын дэглэм зөрчлөө” гээд хэрэг нээчихэж байгаа юм.
Зургийг gogo.mn
Тухайн үед жагсаалд оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс ганцхан зүйлийг хүссэн. Хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүст үйлчилгээ үзүүлэх боломжийг нь олгооч ээ. Үйлчилгээний газруудаа нээгээч ээ л гэсэн юм. (Тэр үед хүн амын 60-аас илүү хувь нь хоёр тун вакцин хийлгэчихсэн байсан) Хэрвээ тэгэхгүй гэвэл үйл ажиллагааг нь зогсоосон үйлчилгээний газруудад төрөөс нөхөн олговор олго оо... л гэсэн. Зүй ёсны шаардлага биз дээ.
Гэтэл цагдаагийн байгууллага зүгээр л “Зөвшөөрсөн тооноос хэтэрсэн хүн цуглуулсан байна аа” гээд хавтаст хэрэг нээгээд явчихсан. “Нэг танхимд 20-иос илүү хүн цуглуулахгүй байх” ч билүү, нэг тийм хэн ч дагаж мөрддөггүй журам байдаг юм. Одоо өглөө оройдоо автобусанд хэдээрээ явж байгаа билээ, хараарай л даа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Цахим үндэстэн” шоунд хэдэн хүн оролцсон, хэд нь зайгаа барьсан билээ, эргээд нэг санаарай. Түүний дараа “Иргэнд үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй хууль, журмаа боль оо” гээд хэсэг залуус жагссан чинь бүгдийг нь баривчлаад шоронд хийчихсэн. ЗГХЭГ-ын дарга өвгөн шоу зохион байгуулсан агентлагийн дарга хүүхнийг "алдаа гаргасан тул анхааруулсан" хэмээн хошуу сунгаад өнгөрсөн. Иргэнд нэг өөр, эрх мэдэлтэнд нэг өөр үйлчилдэг хуулийн "даабл стандарт" гэдэг нь энэ.
Өнөөдөр эрх баригчид дахиад үйлчилгээний газруудад нэмэлт шаардлага тулгаж байна. Хотын ерөнхий менежер СТӨ-нд аж ахуй нэгжүүдийн удирдлагуудыг цуглуулаад “Хариуцлагын гэрээгээ шинэчилнэ. Гуравдугаар тунгаа хийлгээгүй иргэдийг баар, ресторанаар үйлчлүүлэхгүй. Эсэргүүцэх юм бол хаах цагийг чинь буцаагаад 22.00 цаг болгоно шүү” гэж сүрдүүлсэн байна. Тийм нэг шазууртай. Хууль, журамдаа “Вакцин хийлгэх эсэх нь иргэний эрх” гэчихсэн мөртлөө түүнээсээ давсан зарлиг, тушаал гаргаад иргэдийн эрхэнд халдаад явдаг.
Өнөөдрийг хүртэл вакцины 3-р тунд хамрагдсан иргэд ердөө 500 мянга буюу нийт хүн амын 15 хүрэхгүй хувь. Тэдний олонхи нь өндөр настнууд, эмнэлгийн заалттай нөхөд. Ажил эрхэлж, орлого бүрдүүлж байгаа хүмүүсээс маш цөөхөн нь 3-р тунд хамрагдсан байгаа. Угаасаа Засгийн газар анх хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдийн олонхи нь ковидын халдвар аваад эдгэчихсэн. Өөрөө өөрийгөө оношлоод, эмчлээд явсан. Засгийн газраас зарлаж байгаа халдварын тоо бучраас гуравдугаар тунд болгоомжтой хандаж байгаа. Засгийн газраас мэдээлж байгаа халдварын тоо бодит байдлаас хэд дахин бага байгаа. Тиймээс иргэдийн олонхи нь “эхний хоёр тун халдвараас хамгаалж чадсангүй” гэж үзсэний үндсэн дээр гурав дахь тунд маш болгоомжтой хандаж байгаа. Энэ нь ч зүй.
Хоёрдугаарт, вакцины гуравдугаар тунд иргэдийг хамруулах нь Засгийн газрын өөрийнх нь үүрэг болохоос ААН-үүдийн үүрэг биш. Тийм байтал “Гуравдугаар тунгүй хүмүүст үйлчилбэл үйл ажиллагааг чинь зогсооно, торгоно, тусгай зөвшөөрлийг чинь хураана” гэж сүрдүүлэх нь хуулиас гадуур хүчирхийлэл мөн.
Сануулахад үйлчилгээний газруудын үүд хаалгыг бариулсан нь 2019 он. Дотоодод халдвар орж ирээгүй байхад бүгдийнх нь хаалга үүдийг хаагаад, лацдаж ломбодоод явсан. Хоёр жил ажилгүй, орлогогүй зогссон хүмүүс арай гэж үйл ажиллагаа нь жигдрэх гэж байтал дахиад төрийн бас нэг дарамт. “Хариуцлагын гэрээ” гэдэг юмаа лавшруулж аваад баахан байцаагч томилоод “гэрээ зөрчсөн” гээд уушийн газруудыг хаагаад явах нь л дээ. Угаасаа гурав дахь тунгаар ковидоос хамгаална гэдэгт итгэлгүй байгаа иргэд уушийн газарт орохын тулд л уулгалаад нийтээрээ очиж вакциндана ч гэж хаа байх вэ.
Б.СЭМҮҮН