x

Монголын гадаад бодлогыг Америкийн өнцгөөс тольдсон нь - III

Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай! Номын хэсгээс уншигчиддаа үргэлжлүүлэн хүргэе.

1990 оноос хойшхи ардчиллын эрин үеийн Монголын гадаад бодлого болон гадаад эдийн засгийн харилцаа хөгжлийн олон үе шат, давлагааг туулж иржээ.Эдийн засгийн гүн гүнзгий хямрал болон үндэсний аюулгүй байдлын сорилтуудыг үл харгалзан Үндсэн хуульт ёсыг дээдлэн, хуулийн хүрээнд энхтайвныг эрхэмлэсэн байдлаар эдгээр үе шатууд хөгжиж өнөөг хүрчээ. 

“Өнгөрсөн хугацаанд Монгол Улс үндэсний аюулгүй байдал, бие даасан байдлын хувьд хоёр хөрштэйгөө ижил түвшинд тэнцвэртэй харилцахын зэрэгцээ олон улсад хангалттай хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийг эрмэлзэх хэрэгтэй гэсэн сургамжийг ойлгож авлаа” хэмээн монголын гадаад бодлогын тэргүүлэх нэг мэргэжилтэн хэлжээ. Монголын 1992 оны Үндсэн хууль ардчилал, чөлөөт зах зээлийн шилжилтийн хууль эрхзүйн үндсийг маш сайн бүрдүүлж өгсөн. Монгол Улс дотооддоо улс төрийн олон ургальч үзэл, олон намын тогтолцоог төлөвшүүлэхийн зэрэгцээ гадааддаа ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад элсэн орсноор олон улсын зах зээлтэй холбогдож интеграцчлагдах боломж бүрдсэн билээ.

Монгол Улс 2011 онд тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн боловч өнөөгийн дэлхий ертөнцөд өөрийн үндэсний төрт улсаа дахин тодорхойлж, хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэг нь үргэлжилсээр байна. Орчин үед тусгаар тогтнол, бие даасан байдлаа баталгаажуулах чиглэлд хийж буй монголчуудын эрэл хайгуул, хүчин чармайлттай холбоотой хоёр чухал ой 2011 онд тохиосон нь Манж Чин гүрэн задарсны дараа Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой болон 1921 оны Ардын хувьсгалын 90 жилийн ой байсан юм. Эдгээр ойн арга хэмжээнүүд нь Монгол Улсыг XXI зуунд удирдан чиглүүлэх Монгол үндэсний ижилсэл, соёлыг орчин үеийн тодорхойлолтоор бий болгох хүсэл эрмэлзлийн нэгэн хэсэг байв. Үндсэндээ тусгаар тогтнолын 100 жилийн ой нь Монголчууд тусгаар тогтносон үндэстэн бөгөөд цаашид ч тийм байх болно гэсэн, нэг ёсондоо БНХАУ-д хандсан бэлгэдлийн шинжтэй үйлдэл байсан юм. Гэхдээ энэхүү их ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсон шалтгаанаа нарийн тодорхой тайлбарлаагүй нь Монголын Засгийн газар Хятадын хариу үйлдлээс болгоомжилсонтой холбоотой байсан болов уу. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бас нэгэн асуудал байсан нь Хятад-Төвдийн харилцаатай холбоотой эрхзүйн нөлөөний асуудал байсан юм. Монгол болон Төвд 1913 онд Манж Чин гүрнээс тусгаар тогтнох тухай гэрээнд гарын үсэг зурж, тусгаар тогтносон улсууд болохоо тус бүр тунхаглан зарласан байдаг. Тиймээс Монголчууд тусгаар тогтнолын ойгоо ийнхүү тэмдэглэх нь Төвдийг Хятадаас тусгаар тогтносон өдрийг эрхзүйн хувьд үүсгэж байгаа бөгөөд энэ нь Хятадын эрх баригчдын хувьд туйлын эмзэг асуудал болно.

Монгол өв соёлоо хадгалан хамгаалах нь Монголын үндэсний аюулгүй байдлын бодлогын эн тэргүүний анхаарах асуудал төдийгүй дотоод улс төрийн чухал элементүүдийн нэг юм. Нүүдлийн мал аж ахуй зэрэг Монголын соёл уламжлалыг хадгалан хамгаалах нь гадаадын хөрөнгө оруулалт, шилжилт хөдөлгөөний бодлогуудтай зөрчилдөн хүндрэл учруулаад буй өнөөгийн Монголын үндэсний үзэлтэй шууд холбогдох юм. 

Монгол Улсын 1.3 их наяд ам.доллароор үнэлэгдэх асар их ашигт малтмалын нөөц нь их хэмжээний баялгийг бий болгох боломжтой хэмээн үзэж байгаа өнөө үед хотын оршин суугчид, малчид гээд бүх нийгмийн анги давхаргын төлөөлөл болсон монголчууд Монгол Улс маш чухал бөгөөд нөгөө талаар аюултай салаа замын уулзвар дээр ирээд байна хэмээн улс төрийн нам харгалзахгүйгээр үзэж байна. 

Бас нэгэн хүндрэлтэй асуудал нь хилийн чанад дахь монгол угсаа гаралтай, монгол цустай иргэд Монгол гэх тодорхойлолтын нэг хэсэг болохыг хүссээр байна. Тусгаар тогтносон Монгол Улсын дотоодын хүн амын ихэнхи хувийг бүрдүүлдэг халх үндэстнүүдийн хувьд энэхүү өсөн нэмэгдэж буй Пан-Монголын үзэл санааны бахархал нь цаашид даамжирч сүйрэлд хүргэх вий гэсэн бодит айдастай нь зөрчилдөх болсон билээ. Монгол Улс их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг Дорнын зурхайн дагуу өвлийн эхэн сарын эхний өдрөөр (ихэвчлэн 11-р сарын дундуур таардаг) тогтоож Үндэсний Бахархлын өдрөө 2012 оноос хойш тэмдэглэж эхэлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Бахархлын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ “Энэ өдөр нь зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан нийт монгол үндэстнүүдийн хувьд маш чухал өдөр юм. Биднийг Их хааны алдар нэр, суу билэг, сүр сүлд, алд биеэ бус ахуй Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм” хэмээн онцолсон юм. 

Ардчиллын эхний 10 жилд социалист эдийн засгийг устгаснаар Монгол Улсын хиймэл бөгөөд хэврэг аж үйлдвэр нуран унаж, улмаар олон мянган монголчууд уламжлалт нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засгийн ахуй руугаа буцсан билээ. Глобалчлал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тэлэлтэд бүрэн дүүрэн итгэж байсан барууны эдийн засагчид уламжлалт нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засгийн үйлдвэрлэлийг багтаагаагүй хөгжлийн загварыг ашиглахыг Монголын Засгийн газарт зөвлөжээ. Гэвч хайхрамжгүй хандсан энэхүү эхний 10 жилийг үл харгалзан малчин өрхийн тоо ойролцоогоор 50 хувьд хүрч өссөн бөгөөд эдүгээ энэ тоо 40 хувьд хүрч тогтворжоод байгаа билээ.

Ардчиллын жилүүдэд өнгөрсөн 25 жилийн улс төр, эдийн засгийн хямрал нь Монголын эрх баригчид болон ард иргэдийн аль алинд нь үндэсний ижилслийн талаархи ойлголт руу анхаарал хандуулахад ихээхэн нөлөө үзүүлжээ. Энэ хугацаанд Монголд нэг талаас уламжлалт нүүдлийн болон нөгөө талаас их хотын суурьшмал гэсэн хоёр өөр төрлийн нийгэм үүсэн бүрэлдэж буй нь ихээхэн санаа зовоох үзэгдэл болсныг Монголын маш олон судлаач, хөгжил төлөвлөгчдийн зүгээс илэрхийлсээр байна. 

Нийгмийн ийм хуваагдал нь улс төрийн бодлогын уялдаа холбоог алдагдуулж, хөдөө орон нутагт ядуурал нэмэгдэх гол шалтгаан болжээ. Хөдөө орон нутагт малчид гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн үйл ажиллагаа, түүний байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөний асуудлаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэх болсон. Улаанбаатар хотын төв талбайд өлсгөлөн зарлаж, улс төрчдийн хөрөг зургийг шатаахын зэрэгцээ орон нутаг дахь уул уурхайн кампуудад жагсаал цуглаан хийж, уурхайн тоног төхөөрөмж рүү буудах зэргээр малчид эсэргүүцлээ илэрхийлэв. Улс орны ирээдүйн хөгжилд гадны хөрөнгө оруулалтын үүрэг, эдийн засгийн хөгжлийн асуудлаар нүүдэлчдийн үзэл бодол, байр суурийг сонсохыг эрх баригчдаас шаардсан улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа ийнхүү өрнөжээ. Монголын нийгмийн малчин нүүдэлчин шинж төрх устаж үгүй болоогүй бөгөөд тиймээс ч Монголын ардчиллын гурав дахь 10 жилд Монгол Улс гадаад эдийн засгийн бодлогоо хэрхэн хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсээр байна. Коммунизмын дараахи өнөөгийн Монголын нийгмийг ихэвчлэн Зүүн Европын болон Төв Азийн орнуудтай адилтган ялган авч үздэг нь алдаатай юм. Хэдийгээр төвлөрсөн төлөвлөгөөт, шаталсан удирдлагатай тогтолцоо нь Зөвлөлтөөс авсан загвар мөн боловч эдгээр шинж чанарууд нь дангаар Монголын өнгөрсөн социализмын үеийн болон өнөөгийн бодлогуудыг хангалттай тайлбарлаж чадахгүй юм. 

Нүүдлийн өв соёлын харилцан хамаарлыг ойлгох нь өнөөг хүртэл Монгол сэтгэлгээ, Монголын үндэсний аюулгүй байдлын талаарх гүн гүнзгий зарчмуудыг бүрэн дүүрэн ойлгох гол хүчин зүйл болсоор байна. Орчин үеийн хотын суурьшмал монголчуудаас олон талаар ялгаатай нүүдлийн мал аж ахуй нь цаашид ч монголчуудын Азийн бусад үндэстнүүдээс ялгарах гол онцлог, үндэсний ижилсэл нь болсоор байна. Монголын улс төрийн болон эдийн засгийн стратегчид өөрийн улс, бүс нутаг, тивийг нэг талаас хурцадмал байдлыг намжаахын тулд нэгдмэл, нээлттэй байдлыг өдөөж байдаг институц, нөгөө талаар эрчим хүч болон тээврийн бэрхшээлээ даван туулахын тулд бүс нутгийн нэгдмэл сүлжээг шаардаж байдаг “гол зангилаа” бүс хэмээн авч үздэг. 

Онолын хувьд авч үзвэл “гол зангилаа” гэдэгт геостратегийн өөрчлөгдөж буй нөхцөл байдал, улс төрийн манлайлал, хямралын бодит болон таамаглагдаж буй хүчин зүйлсийг бүгдийг нь хамруулдаг. Монгол Улс өөрийн үндэсний аюулгүй байдлын стратегийнхаа хүрээнд олон улс дахь нэр хүндээ өсгөхийн тулд зөөлөн хүчний бодлого болон Еврази тивийн хүрээнд дэх санал санаачилгуудад хамрагдахад анхаарахын зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдлын тогтвортой механизмыг бүрдүүлэхийг эрэлхийлэх зэргээр илүү идэвхтэй гадаад бодлого баримтлах шаардлагатайг ойлгосон юм. 

Монголын “цөмийн зэвсэггүй бүс”-ийн статус нь Монголын олон тулгуурт гадаад бодлогын гол бүрдэл хэсэг бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг цогцлооход ихээхэн хувь нэмэр оруулж байгаа билээ. Энэхүү стратеги нь “гуравдагч хөрш”-ийн бодлогоор дамжуулан Монголын ардчиллыг бэхжүүлэхэд үзүүлж буй олон улсын тусламж дэмжлэгийн хамтаар орчин үеийн Монголын гадаад харилцааны гол тулгуур юм. Монгол Улс нь өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж хоёр Солонгостой төдийгүй шууд хиллэдэг хоёр хөрш, Япон, Европын холбоо, АНУ зэрэг орнуудтай гүн гүнзгий тогтоосон нөхөрсөг харилцаагаа хадгалсаар байна. 

Гадаад бодлогын энэ олон өнцгүүд нь Монголын өөрийн гэсэн онцлогтой олон тулгуурт гадаад бодлогын үзэл санааны дор амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс түүнчлэн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох замаар өөрийн батлан хамгаалах салбараа шинэчлэн хөгжүүлсээр байна. Монголын арвин баялаг ашигт малтмалын нөөц нь тус улсыг эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хөтөлж, асар их баялгийг бий болгох боломжтой хэмээн үнэлэгдсээр ирсэн боловч өнөөгийн XXI зууны өсөлт бууралтын мөчлөгийг дагаад Монгол Улс дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн хэлбэлзэл, эдийн засаг дахь гадны монополчлол, өсөн нэмэгдэж буй авилгал зэрэг хүнд хэцүү сорилтуудыг даван туулсаар байна. Засгийн газрын зүгээс байгалийн баялгийн үр ашигтай, ухаалаг менежмент хийж, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрийн бүтээмж бий болгож чадах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үүнээс гадна Монгол нь өөрийн эрдэс баялагт тулгуурласан, гадаадын хөрөнгө оруулалтаас хараат эдийн засгаас улбаатай байгалийн бохирдол, эрүүл мэнд, орлогын тэгш бус байдал, ядуурал гэх мэт асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ зөвхөн бүс нутгийн их гүрнүүдээс төдийгүй үндэстэн дамнасан гадны хөрөнгө оруулагчдаас үндэсний аюулгүй байдлаа хамгаалан бэхжүүлэхэд тогтмол анхаарч байх ёстой юм. 

Гэхдээ Монголын ирээдүйн төлөө сайн сайхныг хүсч байдаг хүмүүс өөдрөг байж болно. Сүүлийн 25 жилийн хугацаанд монголчууд болон Монголын бодлого боловсруулагчид өөрсдийн өмнө тулгамдсан гадаад, дотоодын олон хүндрэлтэй нөхцөл байдалд харьцангуй уян хатан хариу үйлдэл үзүүлсээр ирсэн билээ. Хүнд хэцүү эдгээр сорилтуудыг үл харгалзан өнгөрсөн хугацаанд Монголын ардчиллын улс төр, эдийн засгийн тогтолцоо үлэмж хэмжээгээр бэхжжээ. Иймд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байж, энэ үндэстэн ойрын хэдэн 10 жилд Азийн нөлөө бүхий хүчирхэг улс болон хөгжсөөр байх болно гэж найдах бүрэн үндэслэлтэй юм.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top