“Рио Тинто” Монгол Улсын ЗГ-ын шаардсан 150 сая ам.долларын татвар төлөхгүй гэж гэдийгээд, Лондоны арбитрт хандсан биш өөртөө гай дууджээ.
Манай Засгийн газар арбитрын хаалгыг нээж чадахгүй байлаа, гэтэл “Рио Тинто” Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дураар хөдөлгөж байсан шигээ санаж, аархаад өөрсдөө нээчихсэн. Цагтаа “Рио Тинто”-гийн Жак захирал “Би монголчуудын хүзүүн дээр гишгэж байгаа” гэж сайрхаж байсан юм. Гэвч жилийн дараа асуудал буруу эргэж байгааг мэдээд Монголын ЗГ-т 350 саяыг өгөөд шүүхийн хаалгыг хаах гэж үзээд барсангүй. 150 саяыг өгөхгүй гэж заргалдсан компани яахаараа 350 саяыг өгөх гэж гуйгаад ирэв! Эдийн засаг хүнд “ковид тусчихаад” байгаа энэ үед баргийн ЗГ баярлаад үмхэх өгөөш гэж бодсон байх? Ханш нь унасан төгрөгөөр их наяд гэх сүртэй тоо нь эцэстээ ердөө л 350 сая хүрэхгүй ам.доллар...
Өнгөрсөн 4 дүгээр сард энэ мөнгийг амлаад манай ЗГ-ыг Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ татахыг гуйгаад зогсохгүй, нэхэмжлэлээ татсан гэх цуурхал дэгдээж байв. Гэвч ЗГ нэхэмжлэлээ татаагүй ба 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” ба хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл” компанийг маргааны оролцогч тал болгох хүсэлт тавьчихаад байна. Хоёр ч сөрөг нэхэмжлэл тавьсан ба энэ нь оновчтой байсан тул “Рио Тинто” барьц алдан сандарч байгаа хэрэг.
Засгийн газар хүлээж авсангүй. Хайрын захидал шидсэний хоёр дахид нь багц санал орж ирлээ. Ингэхдээ зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэрээр оров. Тэд Монголыг луйвардаж байснаа өөрсдийн захидлаар баталчихав...
Тодорхой баримжаатай болохын тулд яг ямар ямар саналууд тавьсныг харцгаая! Хоёр жил үргэлжилж байгаа хэлэлцээрийн явцад “Рио Тинто” группээс буулт хийсэн дараахь саналуудыг тавьжээ. Манай ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ын сайд Х.Нямбаатарын мэдээлснээр “Оюутолгой” компанийн Монголд ноогддог 34 хувьд 1,4 тэрбум долларын өртөг бүхий өрийн бичилт хийгджээ. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 12 жилийн хугацаанд оруулсан Монголын зээлийн хөрөнгө ба үүн дээр хүүг нийлмэл хүүгийн аргаар бодоод 2,3 тэрбум ам.долларын өр болжээ. Энэ зарчмаар явбал 2051 онд 52 тэрбум төгрөгийн өртэй үлдэх ажээ. “Рио Тинто” одоо үүссэн 2,3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1,6 тэрбум ам.долларыг тэглэе гэжээ. Энэ эхний санал.
Хоёрт Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтанд орсон бол авах байсан татвар, орлогоор хохирч байгааг хүлээн зөвшөөрч, 350 сая орчим ам.доллар өгөх саналыг тавьжээ. Уг нь 350 саяыг өгөхгүй гээд 150 саяыг өгдөг байтал...
Гурав дахь санал нь далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаас хэтэрсэн мөнгөнд менежментийн төлбөр авахгүй. 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн ч цаг хугацааны хувьд хоцорч, хэтрэлттэй байгаа. Үүн дээр хүлцэл өчиж, 5.4 тэрбум доллараас зардал хэтэрсэн хэтрэлтдээ менежментийн төлбөр авахаа больё. Мөн 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1,9 хувийн шимтгэлийг авахгүй гэжээ. Өөрөөр хэлбэл далд уурхайн хэтрэлт бол ерөөсөө өөрсдийн алдаагаа халхавчлах гэсэн луйвар байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Учир нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр геотехникийн нөхцлөөс бус төслийн менежментийн алдаанаас болж далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон гэсэн дүгнэлт гарсан тул “Рио Тинто” ингэхээс аргагүй байдалд орсон юм. Түүнээс сайхан сэтгэл гаргасан ч юм биш, гол нь манай ажлын хэсэг нямбай ажиллаж асуудлыг илрүүлсэн хэрэг.
Харин “Рио Тинто” луйвраа хаацайлахдаа “Бид ингэж буулт хийснээрээ бүтээн байгуулалтын ажил илүү урагшилна. Зардлын хэтрэлтээ нэмж баталж байж далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлаа олж авна. Энэ боломжийг Монголын ЗГ олгооч. Ингэснээр цаашид далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлж, 2022 онд дуусгаад олборлолт хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэжээ. Энэ нь өөрийн алдааг монголын ард түмэнд тохож, хамтарч хариуцлага хүлээлгэх гэсэн зальт оролдлого юм. Рио Тинтогийн гаргасан алдааг бид ирээдүйд өртэй болон байж засах шаардлагатай юу?
Үүний дараа “Оюутолгой” группийн Зэсийн группийн захирал Л.Болд тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан иржээ. Х.Нямбаатар сайд “Ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна. Өмнө нь тавьсан саналаа бид дахин тавих байр суурьтай байна” гэлээ. Өөрөөр хэлбэл “Рио тинто”-гийн талаас тавьж байгаа санал хангалтгүй, бас буруу үндэслэлтэй тайлбартай, иймээс хүлээж авахгүй гэсэн үг байв. Албан ёсны мэдээ бол ийм.
Уулзалтын үеэр “Рио Тинто” группын зэсийн группын захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид саналыг танилцуулсны дараа Х.Нямбаатар “Бид УИХ-ын тогтоол хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхний саналыг сонслоо...” гээд л хаажээ.
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгон дээрх ажлын хэсгийг байгуулсан.
Х.Нямбаатарыг “тоо мэдэхгүй” гэж дайрч байлаа. “Рио Тинто”-гийн Монголд байгуулсан 5 дугаар цуваа 555-ын Власовчуудаас ч хүчтэйг бид мэдэх хойно. Гэхдээ Х.Нямбаатар эдийн засагч биш, тоо мэдэхгүй байж болох ч харин хуульчийн хувьд хулгайг бол үнэрлэхдээ сүрхийг нь тооцоогүй бололтой. Өнгөрсөн хоёр жилд Х.Нямбаатарын ярьсны 80 хувь нь авах юмгүй байсан байх, харин 20 хувь нь байндаа тусч байсан тулдаа хэлэлцээрийг Монголын талд амжилттай үргэлжлүүлж байсан хэрэг. Ингээд хэлэлцээрт Монголын ЗГ илэрхий давуу байрлалтай болов.
Ч.Сайханбилэг гэнэт гарч ирэв.
Хэлэлцээр амжилттай явж байгаа сургаар “баатрууд” тэсгэл алдаж гавъяа булаацалдаж эхлэв. Харин тэднээс яг ямар гавьяа байгуулсныг асуувал нарийн ширийн зүйл мэдэхгүй балрах байх. Үнэндээ маргаан манай талаас хэт олон оролцогч байхгүй байгаа нь л амжилтын үндсэн шалтгаан юм шүү дээ, бүгд л дор бүрнээ нэг юм ярьсаар, эцэстээ түүнээ батлах гэж хоорондоо хэмлэлдээд мянган толгойтой нэг сүүлтэй могойн үлгэрээр үргэлж ялагдаж ирсэн, бид!
Тэдний нэг нь өнөө “Дубайн гэрээ” гэгчийг байгуулсан, Монголын шүүхээс зугтаж гадаадад “доншуучилж” яваа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байв. Тэрээр “Рио Тинто”-гийн санал хэчнээн бузар муухай байсан ч хүлээн авч Дубайн төлөвлөгөөг байгуулснаараа нөгөө талаа шаварт суулгаж дөнгөсөн, чухам ийм учраас өнөөгийн ЗГ амжилт олж байгаа гэв.
Тодорхой хэлбэл “Рио Тинто” 15 компаниас 4.4 тэрбумыг зээлж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Одоо зогсоож чадахгүй, учир нь цаад зээлдүүлэгчид нь шахаж байгаа учраас буулт хийж байна. Энэ миний гавьяа гэж сайрхав.
Хариуд нь Х.Нямбаатар Дубайн гэрээний бүх булай булхайг илчилж, ирж ялаа үүрэхийг сануулав. Ядаж л зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрснөөрөө улс орноо дааж давшгүй өрөнд оруулж, уг төслийг Монголд ямар ч ашиггүй болгосноо хүлээхийг шаардав.
Ч.Сайханбилэгийн балаг зөвхөн гэрээгээр хязгаарлагдаагүй. Дубайн гэрээнээс болж АН нэр хүндээ алдаад, үндэсний ба либерал гэж хоёр хуваагдаад 2016 оны сонгуульд шившигтэй ялагдсан. Үндэсний үзэлт хэсэг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Оюу толгойг эрхбиш тавиад туучихаагүй юм. Хэрэв Ч.Сайханбилэг нөгөө намынхаа С.Баяр, Сү.Батболдын гавьяаг нэр цохож дурдаж байгаа бол зардлын хэтрэлт, татварын асуудлыг анх гаргаж тавьсан Н.Алтанхуяг, Арбитрын шүүхийн хаалгыг өөрсдөөр нь нээлтгэсэн, Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан Х.Баттулга тэргүүтнийг энд дурдах ёстой. ЗГ-т сэлгээ хийж “Рио”-гийн талынхныг цэвэрлэж байсан У.Хүрэлсүхийг ч дурдчихъя! Чухамдаа “Рио Тинто”-гийн гар дүрснээр сүүлийн 10 жилийн Монголын улстөрийн үйл явц өрнөж, улс орон хямарч доройтож байсныг нуугаад ч хэрэггүй, түүнийг хязгаарлах нь улстөрийн орчны том асуудал байсан. Үүний улмаас АН хуваагдаад одоо эргэж нийлэхээс өнгөрч байх шиг байна, гэхдээ Рио либерал жигүүрийг даанч гамгүй хэрэглэснээс одоо тус дэм болох тулгуургүй болчихсон хэрэг. Бас олон улстөрч тэр тэрбумын золио болсон, нөгөө талаас ч цөөнгүйг хорьж барьж байж “Рио”-гоос барьц олох гэж үзэлцсэн түүхийг Ч.Сайханбилэг үнэлэхгүй...
Үнэндээ шахаанд орсон “Рио Тинто” сүүлчийн хөзрөө гаргаж байгаа нь энэ. Ч.Сайханбилэг “Рио Тинто”-гийн саналыг хүлээн авахыг уриалаад 100 хувийн амжилтанд хүрэх гэж улайрснаас 70 хувь дээрээ зогс, тэртэй тэргүй та нарын гавьяаг наадуул чинь үнэлэхгүй, огцруулчихна гэж зөвлөн сүрдүүлсэн билээ. Захиалгаа яг таг биелүүлсэн хэрэг, учир нь түүний хэргийг өмгөөлөх өмгөөллийн компани зардлыг “хэн нэгэн буянтан” дааж байгаа билээ... Түүний үгийг энд хэн ч тоохгүй авч тэр ярьсан л юм, өөр яах ч билээ...
Ингэхэд Ч.Сайханбилэг юун 100 хувь яриад айлгаад байгаа билээ? 100 хувийн амжилт олох нөхцөл байхад 70 дээр зогсдог хүн байх уу?
100 хувь...
Албан бус мэдээгээр манай ЗГ-аас Монгол улс “Рио Тинто”-гийн эзэмшилд байдаг 66%-ийг худалдан авах санал гаргасан сурагтай. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол “Оюутолгой” 100% монголын талд шилжинэ.
Үнэндээ Монголын ЗГ 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй боловч бодит байдалд бүх зардлыг үүрч байгаа билээ. “Рио Тинто” зээл зуучилж манай 34 хувийг “олж өгөх” нэрээр өрөнд оруулсан.
Дэлхийн зах зээлээс 2 хувийн хүүтэй авсан зээлээ бараг тав нугалж хүүлж байв. Хүүгээс хүү бодох (нийлмэл хүүгийн арга гэгч) энэ арга хуучин Манжийн үеийн хятадын мөнгө хүүллийн орчин үеийн хувилбар. Манайхтай тогтвортой байдлын гэрээ байгуулсан хэр нь түүний баталгааг хүүн дээрээ нэмж байсан. Үүний дээрээс үндэслэлгүй зардлын хэтрэлт 1 тэрбум 450 сая ам.доллар гэгчийг гарган ирж, түүний 34 хувийг Монгол хариуцах, хариуцахдаа мөн л өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулах урхийг бэлтгэсэн нь сая илрээд байна.
Англи, Америкийн томоохон шинжээчид ч “Рио Тинто”-гийн энэ увайгүй үйлдлийг шоолж байна. Сүүлийн мэдээгээр далд уул уурхайн бүтээн байгуулалтын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр “Туркойз хилл” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргаад байна. 2019 оны 7 сарын 16-нд “Рио Тинто” компани хөрөнгө оруулагчиддаа “Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум доллараар нэмэгдэж ашиглалтанд оруулах хугацаа 16-30 сараар хойшилсон гэх мэдэгдлийг гаргасны дараа хувьцааны ханш 2 дахин унаж хөрөнгө оруулагчид хохирсон юм. 34 хувийг эзэмшигчийн хувьд хамгийн том хохирогч нь Монгол Улс болсон бөгөөд маргаан эцэстээ “Рио Тинто”-гийн булхай илэрснээр үргэлжилж байгаа нь энэ.Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахуунаа “Трафигура”-д мэдүүлчих гээд байдаг ч хөндлөнгийн шинжээчдийн багийг бол “Рио Тинто”-гийн нөлөөллөөс ангид ажиллуулаад бодитой дүгнэлт гаргуулчихаж чаддаг л хүн юм, уурхай талдаа гаргаахгүй, сайн маркшейдер нь үнэн бололтой. ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонгыг ч баруунд төгссөн найдваргүй этгээдэд бүртгээд байсан нь буруу байж...
“Рио Тинто” худал мэдээлсэн тухай хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч, батлагдахаас өмнө дэлхий нийтэд далд уурхайн ажлыг гацаагч нь Монголын Засгийн газар гэгдэж байсан нь одоо эсрэгээр эргэжээ. Чухамхүү тэр үед “Рио Тинто” булхайгаа илрэхээс эмээж Монголын 34 хувийг худалдан авахаар дотоодоос шахалт үзүүлж байсныг санаж байгаа биз дээ?
Одоо нөхцөл байдал 180 градус эргэсэн бөгөөд харин ч манай ЗГ-аас “Рио Тинто”-гийн эзэмшдэг хувийг худалдан авах санал гаргах сураг байна. Ингэвэл “Оюу толгой” үндэсний компани болж, бид баялагтаа эзэн сууна. Улс төрийн орчин дахь гадаад нөлөөлөл буурч, тогтвортой байдал хангагдах нь сайн талын зөвхөн нэг хэсэг нь.
66 хувийн хувьцааг худалдаж авах нь үлгэр мэт санагдаж болох ч ингэх боломжтой нь “Рио Тинто”-гийн үйл ажиллагаанаас харагдсан. “Оюу толгойг” барьцаалж олсон зээлээ төмрийн орддоо ашигласан асуудал ч сөхөгдөж байна. Ордыг барьцаалж бага хүүтэй зээл аваад Монголд хүүлж байсан тэдний аргаар бид ордоо барьцаалж зээл авах боломжтой. Орд Монголынх хэвээр байгаа. Ордоо барьцаалаад зээл аваад явъя гэж манай Уянгаа хэлж л байсан, урдаас нь компанийн мэдлийнх гэсээр Дубайдчихсан. Тэгвэл тэр компанийх нь хувьцааг авч байгаад хэрэгжүүлчих л газар байхгүй юу...
“Рио Тинто” Монголыг 22 тэрбум ам.долларын өрөнд оруулах луйврын гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд ойрхон байна. Нэгэнт ийм өр үүсэх юм бол түүнийг бид өөрсдөө аваад өөрсдөө хариуцья л даа!
1990-ээд онд өвгөнтийн хөндийгөөс өндийсөн манай улсын гадаад худалдааны эргэлт 11.5 тэрбумын ам.доллар, ДНБ-ны хэмжээ 11 их наяд төгрөгт хүрч байна. Өнгөрсөн хугацаанд гадаадынхантай хамтарч босгоод өөрийн болгосон нь олон. “Эрдэнэт”-ийг 100 хувь өөрийн болгосон, Оросууд юу ч хэлээгүй. Скайтелийг өөрийн болгосон Солонгосчууд юу ч хэлээгүй. ХХБ-ыг “Жеральд металлз”-аас худалдаад авчихсан, “Скай ресорт”-ыг хамтарч байгуулаад 100 хувь өөрийн болгосон. Төмөр замаа авах гээд үзэж л байсан. Одоо “Оюу толгой”-г аваад ажиллуулчихаж чадалгүй дээ. Хэрэв Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!
Одоо гагцхүү нэгдмэл байх нь чухал...
А.Баатархуяг /baabar.mn/