(Тархиндаа суртал сум хоёрын алийг зоолгох вэ?)
Эзлэн түрэмгийлэх аюумшигт гамшиг хориод оноос тодорхой хэдэн гадаад юмыг нь дав даруй хийж, санааг нь амраахгүй аваас яаж ч мэдэхээр шийдчихсэн толгой болох нь танигдлаа. Гэхдээ чухам юу хийлгэх гээд буйг өнгөрсөн зууны хориод оны дүнхүү маниус таадаггүй. Эцэстээ сургагч маань бачимдаад бүр галзуурах нь ээ. Сургагчийн амнаас байнга хадах коммунизм социализм гэдэг үгс маниусын чихэнд хоногшив. Гэвч чухам ямар утгатай үг болохыг орчуулах гээд чаддаггүй. Чадаагүй нь маний буруу ч бас биш юм. Учир нь коммунизм социализм гэх ухагдахуун монгол тархинд угаас заяасангүй. Тийм ухагдахуунгүй болохоор байхгүй ухагдахууныг илэрхийлсэн “үг” монгол хэлэнд зохиогдож, үгсийн санд орсонгүй. Тийм ухагдахуун, тийм үг ерөөс үгүй болохоор коммунизм социализм гэдгийг мань ойлгоогүй нь хэр. Энэ үүднээс маниус буруугүй байлтай. Гэвч сургагч маниусыг “тэнэг малууд” гээд алах шахав. Ашгүй лам, язгууртан хэдэн бичгийн мэргэд коммунизм гэсэнд нь “эв хамт ёс”, социализм гэсэнд нь “нийгэм журам” гэсэн нэр оноож маниусыг аварлаа.
Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулах юм болоод явчихав. Мануус сургагчийнхаа дотор санааг арай гэж нэг юм гадарлахчаа аядав уу гэтэл бас болоогүй гэнэ. Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулахын наана “революция” гэдэг довтолгоог бурхны шашинт буурай Монголд шууруулж дуусгах ёстой юм байжээ. Революция гэдэг үг нь юу гэсэн үг юм бүү мэд. Нөгөө хэдэн номтой ноёд хуврагууд “революция” гэдэг үгийг судалж судалж, тийм ойлголт Монголд ор тас үгүйг тогтоосон ч утга дөхүү “хувьсгал” гэсэн үг шинээр зохиож хүчээр тааруулав.
Тэгтэл бөөн гай ч нөмөрлөө дөө. Сургагчийн нүд баяртайгаар ногоорч “Да здравствуйте, Великая Октябрьская Социалистическая Революция” гэж лоозогнов. Маниус сургагчийг дагаж, энэ хэдэн хэлэхэд хэцүү орос үгийг муруй хазгай түрж орилдог хачин жигтэй хувьсгалч араншин сурлаа. Ямагт малын бэлчээрт ганцаар голдуу уйтгарлаж явсан мануус ингэж дуу нийлүүлэн оросоор нэгэн зэрэг нирхийтэл хашгирч чадсандаа жигтэйхэн хөөрсний гадна хүүхнүүд хүртэл орос хэлтэй маниуст сээтэгнэв. Сургагч мануусыг жагсаагаад хэдэн үг шулганасан нь “Та нар бол яруу алдарт хувьсгалчид” гэж магтсан юм гэнэ. Мануус ямар гавъяа мандуулснаа мэдэхгүй ч “Бид бол яруу алдарт хувьсгалчид” гэж дуу авалцан сагсуурдаг хувьсгалч сүржин ёс эзэмшив. Сургагчийн алхаа гишгээ ялангуяа ёсолгоо нь маниусын шохоорхлыг ёстой ноцоолоо. Ташаанд нь зүүлттэй нагааныг мануус шөнө болгон зүүдэлнэ.
Тэгтэл яасан гээч...
Манууст нагаан буу тарааж өгөв. Үгүй ер ийм юм гэж ертөнцөд байх уу. Буу зүүснийхээ дараа сургагч шиг илтгэж сурах сан гэсэн мөрөөдөлд мануус автав. Гачлантай нь илтгэх үг маниусаас урсахгүй. Урсах үг байтугай хэлэх ганц хувьсгалч үг маниусын цээжинд байхгүй юм чинь сургагч шиг яаж илтгэхэв. Гэвч торохгүй илтгэхийг хүсэж нууцаар хөдөө хээр гараа занган тэнгэрийн хаяа өөд гозолзуулж халимгаа байн байн илж байгаад дасгал хийнэ. Сургагч илтгэхдээ империализм болон ангийн дайсныг занаж хилэгнэхээрээ ташаан дахь буугаа суга татаж буудах нь уу гэмээр шагааснаа бууныхаа ам руу үлээгээд малгайнхаа саравч өөд олино. Маниус энэ урлагийг дуурайж, нагаанаа үе үе тэмтрэх ба нагаанаа суга татах агшин ирээсэй гэж тэсэж ядан хүлээнэ. Дайснаа танихгүй атлаа тэднийг буудаж үзэх хорхой гозгонож байсныг нуугаад яахав.
Хувьсгал гэдэг нь улаан галзуу дайралт байжээ. Монголын уламжлалт нандин өв соёл, зан заншил, бичиг үсэг, шашин шүтлэг, сүм хийд, мал сүрэг, газар шороо, ахуйг орвонгоор нь хувьсган өөрчлөх түймэр аслаа. Хувьсгалт хэнээ туссан маниус ч бас хоцорсонгүй. Бид толгойдоо халимаг сэгсчүүлж, ташаандаа буу савчуулж, хаашаа хэн рүү довтлохоо мэдэхгүй ч хий гүйлдэж бужигнав. Бас хар аяндаа мэдэхгүй үзээгүй дайснаа ихээр занах өвчинд автлаа. Ганц командаар бүхнийг чичрүүлэн айлгах сургагчийн омог бардам түрэмгийллийг эзэмших сэн! За тэгээд цэрэг хувцас, ногоон малгай, савхин гутал маниусыг ховстлоо. Ирээдүйд чухам юу болохыг төсөөлөөгүй атлаа маниус хар аяндаа хий л ингэж онгирцгоов.
Харамсалтай нь маниус удаан онгирсонгүй. Сургагч нэг өдөр гар буугаа дээр өргөөд маниусыг “Хувьсгал хийгээд марш!” гэж командлав. Чухам юу хийхээ мэдэхгүй тэнэгтэн ийш тийш миегэнэвэл маниусын тэнэгт уур нь бадарсан сургагч ташаандаа зүүсэн буугаар зүв зүгээр “Ура” чангаар хашгирч явсан бидэн дундаа бичиг үсэгт тайлагдсан нөхрийг минь “ардын дайсан, эсэргүүн” хэмээн гавлыг нь зад буудаж, үзүүлэх сургууль үйлдэж, маниусыг чичрүүллээ. Тэгсний дараа айж үхэхээ шахсан маниусыг “Бүгдийг хувьсга” гэж заналхийв.
Эхлээд юуны өмнө бичгийн мэргэд болох нөгөө язгууртан ноёд лам хуврагаа толгой дараалан хувьсга! гэж тулгалаа. Тэднийг яаж хувьсгах билээ гэвэл бурхан минь бүгдийг буудаж хувьсгах юм гэнэ. Буудахгүй гэж гүрийвэл маниусыг хувьсгах номтой нь тодров. Хувьсгалаа. Бас хувьсгууллаа. Мөн бие биеэ хувьсгахаа маниус өөрсдөө дөнгөв. Хувьсгана гэдэг хар дарсан зүүд, бие болоод сэтгэлийн дайрлага байв. Цусаар шуурсан улаан хувьсгалын хуй салхинд маниус алтан амь, эхнэр хүүхэд, орон гэр, мал сүргээ хийсгэв. Мэхлэгдсэндээ маш их гутарлаа. Гэвч хожимджээ. Ингэж чадуулсан намтраа эдүгээ ардчиллыг далимдуулан хойч үеийн Төр Засагт сонордуулбал бурууддаг бол уу яадаг бол?
Мануус гэдэг чинь уг нь орчин үеийн улстөрч лидерүүдийн өвөө эмээ нар ньшүү дээ. Та нарын шүтээн болгон залсан “хувьсгал” хэмээх цоо шинэ үгний бөгсөн дор мануусын цогцос, хувь заяа булаастай хэвтээг бүү мартаарай! Оршдоггүй бурхан шүтэж хууртахад юу ч алдахгүй. Хууртлаа гээд нигүүлсэнгүйн хоосон чанарт залбираа л биз. Хоосон чанарт мөргөсний гай гэж юу байхав. Харин өвөө эмээгээ хөнөөсөн ХУВЬСГАЛ хэмээх оршдог бурханд сохроор биширч хэдэн үеэрээ мэхлэгдсэн үр удам та нар минь даанч харамсалтай. Алуурчнаа танихгүй тэргүүн дээрээ “суут их багш” гэж залсаар насыг элээхээс илүү гутамшиг хорвоод үгүй.
Шүтэж буй “хувьсгал” гэгч “бурхан” чинь өвөө эмээ нарын чинь яргалагч байсан юм шүү. Энэ ов мэхийг тайлахад хялбар. Эхлээд монголчуудыг бурхангүйчүүд болгох. Дараа нь бурхангүйчүүдийг “хувьсгал” гэгч хийрхлээр солиоруулж, удам судрынхаа үнэт зүйлсийг дээдлэх ой санамжгүй боолоо болгох. Ердөө л энэ! Хувьсгал ингэж эхэлсэн бөгөөд мануус дух руугаа буудуулсан тул хувьсгал цааш яаж өрнөснийг үзээгүй. Харин мануусын амьдад Монгол Ардын Намыг, Монгол Ардын Хувьсгалт Нам болгосноор хувьсгалын галзуу улаан түйрэнд өртөөгүй хоточ банхар ч үлдээгүйг нүдээр үзэж, биеэр амссанаа Монголын ирээдүйн жолоодогч нарт бүдүүвчлэн уламжлав.
УЛААН НИЙСЛЭЛ
Нийслэлийнхээ нэрийг монголчууд өөрсдөө өгөөгүй. 1924 онд Коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар” гэж харанхуй хоцрогдсон ард түмнийг минь цаагуураа хувьсгалт хийрхэлд ёргиох өнгө аясаар нэр хайрласныг эдүгээ бид мэдрэхгүй дүнхүүтсээр явна. Гэхдээ Рыскулов өөрөө өгсөн үү, эсвэл цаанаас нь бэлтгэж өгөв үү? Дээд-Үд Улаан-Үд болж, Кызыл улаан гэсэн тува үг, Их хүрээ Улаанбаатар болсон нь бүгд болъщевик оросын өгсөн нэр гэх түүхчид бий. “Улаанбаатар” гэсэн нэрийг сольё гэвэл эдүгээ дэлбэртлээ бухимдах тархины рактай хүн зөндөөн гээд бодчих. Энэ хүмүүсийн тархинд “орос ах” гэх юунаас ч солишгүй шүтлэг одоо ч час улаанаар бадарч буй.
Улаан өнгө, улаантан гэдэгт болъщевик гэсэн утга агуулагдаж асан эгзэгтэй түүхэн тэр үед эгэл буурай хүрээнд Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй сүржин хувьсгалч нэр өгсөн нь харанхуй бүдүүлэг монголчуудыг үндэсний уламжлалаа устгаж, аав ээж өөдөө буу онилж, шашин, бичиг соёлоо хүйс тэмтэрдэг улаан коммунист хийрхэлд улангасуулахаар даажигнаж өгсөн нэр гэсэн сэжиг төрүүлдэг. Улаантан цагаантан хоёр ид арсалдаж байсан цаг үед ядуу бүдүүлэг Хүрээнд Улаанбаатар гэж нэр өгсөн нь улаантны бэлэг тэмдэг болон мөнхөрч хойшид монголчууд үеийн үед болъщевик улаантан явна гэсэн тангараг болжээ. Зүгээр ч нэг улаантан бус бүр баатар улаантан. Баатар улаантан юм хойно хэлмэгдлийг ёстой баатарлагаар үйлдэв. Хөөрхөн дөнгөсөн байгаа биз? Красный богатырь буюу болъщевик-улаан Баатар гэсэн ХХ-ХХI зуунд ичмээр коммунист ухуулгын уриа харанхуй Монголд нийслэлийн нь алдар болон шүтүүлжээ.
Энэ доромжиллыг гадаадынхан бол андахгүй. Тэд бидний нүүрэн дээр доторх ёжлолоо нууцлан жуумалзаж буй. Харин бид ухаардаггүй. Улаанбаатар гэхээр ёстой мунадаг улаан Баатар хот гэж онгирсоор ирсэн. Өөрөөр хэлбэл Рыскуловын доромжлолыг бид өнөөдрийг хүртэл 100 жил ухаарахгүй эргүүтсэн тархиндаа дээдлэн залсаар маанагтаж явна. Ичгүүртэй байгаа биз? Баатар хот гэх нь яахав. Заавал “улаан” байдаг нь гол хорон санаа нь! Улаанбаатар буюу болъщевикбаатар гэдэг нь харанхуй монголчуудыг далдуур болъщевик үзэлд элсүүлж авсны билэг тэмдэг билээ. Болъщевик хүнийг улаантан гэдэг. Улаан коммунизм гэж дэлхий даяараа цоллодог. Улаантан гэдэг нэрэн дээр дүнхүү монголчуудыг хөөргөх гэж “баатар” гэсэн дуртай тодотголыг нь нэмж өгчээ. Залуус та нар гадаад найз нартаа нийслэлээ Болъщевикбаатар, Коммунистбаатар хот гэж орчуул! Ямар сонсогдож байна гэж асуу? Гадныхан нүүрэн дээр чинь улайм цайм ил шоолохгүйг тооцоорой. Улаанбаатар гэдэг чухамдаа болъщевик улаан баатар хот гэсэн нэр гэдгийг бүгдээрээ ухаарах сан. Яая даа байз.
Оросын нийслэлийн нэрийг сонс: Москва гэхээр дөлгөөн их мөрөн ус ундаар мөнхөд тэтгэнэ гэх билэгдэл төрдөг. Ядуу буурай Киргизийн нийслэлийг Фрунзе гэдэг болъщевик орос цэргийн даргын нэрээр нэрлэсэн. Киргиз Монгол хоёроос арай сөгөөтэй улсын нийслэлийг тэгж даапаалах хоншоор дутсан биз. Зөвлөлт импер задармагц киргизүүд нийслэлийнхээ нэрийг өөрчилсөн нь биднээс нэг хуруу илүүгээ харуулав. Мөн ардчилсан оросууд Ленинград, Свердловск хотынхоо нэрийг хуучнаар нь Санкт Петербург, Екатринбург гэх болов. Бид болъщевик оросыг дуурайна уу гэхээс ардчилсан оросыг дуурайхгүй байгаа нь коммунист хордлого гүнийнх. Гүн хордлого тайлагдахгүй ужгирдаг. Бүр үхүүлэх нь ч бий.
Красный богатырь гэхээр яруу найрагч В.Маяковскийн зурсан өчүүхэн өт хорхой шиг нударган, санваартан, язгууртан, газрын эздийг винтов бууныхаа жадаар нэвт сүлбэж, шорлог болгосон, улаан таван хошуу хадсан шовгор малгайтай үлэмж биетэй аймаар Улаан хүн сэтгэлд буудаг. Маяковкий хориод онд тийм олон зурагт хуудас зурсан. Монголчууд ч бас тийм том улаан Баатар зурж байв. Орос винтовныхоо жаданд олон одой ван гүн, шар хар феодал сарвайтал хэлхсэн, мээмэн оройтой монгол малгай дээрээ улаан таван хошуу хадсан аварга том улаан Баатар зураад түүгээрээ бид нийслэлээ нэрэлжээ.
Хүйтэн ухаанаар зохиосон номлол хорон санааныхаа арвайж сарвайсан урт урт тэмтрүүлийг цаг ямагт сунгаж, тал хээрийн тархай бутархай бидний хат суугаагүй цайлган тархи руу улам лав шигтгэсээр ирснийг бидний олонх одоо ч ухаарахыг хүсэхгүйд гайхаш барагднам. Цусанд хутгалдаж, даян дэлхийд алуурчаараа адлуулсан улаантны улаан баатруудаар (дэлхийд ганцаараа) нэрлэгдсэн нийслэлийн минь нэр солигдсон тэр л агшинд монголчуудын ухамсарт ардчилал бүрэн яллаа хэмээн ойлгож болно гэх үзэл минь 1990 оноос өдгөөг хүртэл цээжинд хадаастай явнам.
Ц.Доржготов /baabar.mn/