“Э.Бат-Үүл Сонгинохайрханд нэр дэвшинэ” гэдэг мэдээлэл цацагдсаны дараахан түүнтэй гудамжинд таараад “Юу болоод гэнэт нэр дэвших болчихов оо, урьдаас сайн бэлтгэлээ базаасан юм уу, ах минь ээ” гэж сэтгэл зовоод асуухад мань ингэж хариулсан юм. “Би ч бас бэлтгэлгүй байлаа. Баруун бүрэн аж ахуй дээрээ байж байсан чинь /аж ахуй гэдэг нь саалын хэдэн үнээ/ намаас нэгэнт утасдаад, намын хурал болж байна, онлайнаар хуралдана. Ороод ир гэлээ. Ороод очсон чинь гэнэтхэн миний нэрийг дэвшүүлээд, бүгдээрээ гар өргөд шийдчихлээ. Намын залуус “Намаа нэгтгэе. Намын эв нэгдлийг хангахад та л хэрэгтэй байна” гэхээр нь татгалзаж чадсангүй ээ” гэж.
Э.Бат-Үүл ийм л хүн. Нийтийн эрх ашиг, намын эв нэгдэл гэхээр дайсныхаа сүхэн дор ч хүзүүгээ тавихаас буцдаггүй. Дөрвөн жил хотыг удирдахдаа дөчин жил хийгээгүйг хийж, нийтийн бие засах газар шиг байсан нийслэлийн төвийг нус, шүлснээс нь салгасныхаа төлөө хоёр сонгууль дараалан шүүгдэж, хүүхдийнхээ нэрийг хүртэл золиос болгочихоод хормойгоо гөвөөд босох зоригтон Э.Бат-Үүлээс өөр байхгүй. Байхгүй учраас өнөөдөр Э.Бат-үүлийг дуудаж байгаа юм.
Хэдхэн сарын өмнө АН хоёр хуваагдаж, нэг нь нөгөөгийнхөө эсрэг Сүхбаатарын талбайд суулт хийхэд ч Э.Бат-Үүл ганцаараа босоод очсон. “Ардчилалд хүч хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй” гэж хэлснийх нь төлөө үсдээд чирч байгаа троллуудыг улс даяараа харсан. Э.Бат-Үүлээс өөр хүн бол амиа хоохойлоод зугтах л байсан.
Аравдугаар сарын 1-нд АН-аас сүүлийн арав гаруй жил болоогүй /2008 оны долдугаар сарын 1-нээс хойш/ сүрт жагсаалыг хотын төв талбайд зохион байгуулсан. Олоон жилийн дараа нийслэлчүүд “Төрийн дээр иргэн байдаг шүү. Эрх чөлөөнийхөө төлөө нэгдэж чадвал эрх баригчдаас илүү хүчтэй шүү” гэдгийг ойлгуулж чадсан. 2016 оны сонгуулиас хойш таван жилийн дараа анх удаа МАН иргэдийнхээ үгийг ийм тодоор сонссон. Ард нь бас л Э.Бат-Үүл зогссон. Л.Оюун-Эрдэнэ нь айсандаа хумсаа мэрж, У.Хүрэлсүхийн хөх мах нь чичрээд “бурхан болоочтой уулзсан” хэмээн бувтнаж зогсохыг нийтээрээ харсан.
Аргаа бараад “Зоригийн алуурчин” гэж цоллож (бүхэл бүтэн 23 жил шүү дээ), хийгээгүй хэргээр нь шүүж, хөгшин хөвөөгөөр нь дуудаж, хүүхдийг нь хүртэл гүжирдэж байна. Хэрвээ Э.Бат-Үүл тэдний хэлсэн шиг хэрэг хийсэн бол Ардын намынхан аль хэдийн түүнийг шоронд хатааж, шонд өлгөхгүй байсан гэж үү? М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан гээд тархитай, зүрхтэй болгоныг нь хорьж, шоронгийн тав болгосон МАН Э.Бат-Үүлийг хайрласандаа сул тавьсан байх уу?
Хэрвээ Э.Бат-Үүл энд нөхөн сонгуульд нэр дэвшээгүй бол тэнд талбай дээр цугласан олны нүдэнд ассан цог, нүүрний галыг атгаад 21 аймгаа тойрох байлаа. Ардчилсан намыг тэгж нэгтгэдэг юм. Түүнээс биш зөөлөн буйдан дээр тухлаад зурагт үзэнгээ, нэг хоёр удаагийн хурал дээр нэр цохож шүүмжилснээр нам бэхэждэггүй, нийт олныг дагуулдаггүй.
Тийм болохоор Э.Бат-Үүл бол энэ цаг үеийнхээ түүчээ нь мөн. Эцгийнхээ шуналаар барьцаалж, эд хөрөнгөөрөө бардаж төрд орж шургалсан МАН-ын баян өв залгамжлагчид, нялх Сэнгүмүүдтэй зүйрлэх аргагүй хүч мөн. Халхын заяа буян хаячихаагүй л бол Сонгинын сонгуульд Э.Бат-Үүл ялна аа...
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)