“Марзан Шарав марзан хүн байгаагүй” гэж хаанаас ч билээ уншиж байсан санагдана. Одоо харахад энэ үг “марзан” хэмээх Шаравын тухай биш, манай үеийн монголчуудад тохируулсан мэт. Учир юун хэмээвээс энэ зуны наадам хийгээд түүний дараа бидэнд тохиолдсон үйл явдал, үзэгдлүүд марзан Шарав гуай ч дүрслэн зурж чадахааргүй марзан байдлыг үзүүлсэн билээ. Юу яасан “ардын засгийн өмнөх...”
Эхний марзаганал нь наадмын түрүү бөхдөө цагдаагийн цол олгож, 11 өрөө хаус бэлэглэсэн явдал. Дахиад нэг удаа түрүүлбэл шууд бригадын генерал гэлцэж байна. Сая даншиг наадамд дөрөв дэх удаагаа түрүүлсэн Р.Пүрэвдагва аваргад ч гэсэн Д.Чойжамц хамба удахгүй суудлаа тавьж өгөх биз.
Наадмын дараа Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 50 тонн хог цуглуулжээ. Хог хаягдах болсон шалтгааныг “Хуулинд байгалийн цогцолбор газарт хогийн цэг байгуулах хориотой” хэмээн тайлбарлав. Хогийн цэг байгуулах хориотой, харин хогийг бол хаях ёстой. Нэгэнт монголчууд хогоо хаяж байгаа учраас гадаадын зарим жуулчид ч эхнээсээ хог хаях дадалтай болж байгаа гэв. Харин манайд ажилладаг НҮБ-ын нөхөд манай хуулийг элэг барьж, хогийн цэг байгуулах ёсгүй 295 мянга га талбай дээр нэгийн зэрэг хогийн сав тавьсан байна. Бүр давраад дахиад хаана хаана хогийн цэг байгуулах тухай судалгаа, тооцоог хийн Байгаль орчны яаманд хүлээлгэж өгөхөөр болсон байна. Муусайн хууль зөрчигчид...
Үндэсний өв соёл, ёс заншлаа сурталчлах, түүгээрээ дамжуулан баахан мөнгө олох зорилготой жил бүр зохион байгуулж байгаа Даншиг наадмыг энэ жил хорин жуулчин үзжээ. Үлдсэн 9980 жуулчныг албадан авчирахын тулд Боловсролын сайд Ц.Цогзолмаа “Нүүдэлчний соёл” фестивалийг Хүй долоо худагт зохион байгуулахаар 21 аймагт зар түгээжээ.
Өнгөрөгч даваа гаригт болсон МАН-ын Бага хурал түүхэндээ хамгийн бага буюу 53 хувийн ирцтэй хуралдав. Үүнээс болж МАН-ын даргын урам хугараагүйгээр барахгүй амьдрал хэрхэн сайжирч, ард иргэд маань “мөр бүтэн, гэдэс цатгалан” болсон тухай удтал хуучилжээ. Угаасаа цатгалан голдуу улс цугласан тул хүн тус бүр хоёр хүний суудал эзэлснээр Бага хурлын ирц бүрдсэнд тооцсон байна. Харин малчин ард намын даргын илтгэлийг бүтээлчээр хэрэгжүүлж, овоо тахилгад очсон айл бүр тус тусдаа таваг засч, бүтэн хониор ууц тавьсан байна.
Б.ГАЛ
Сэтгэгдэл (6)