“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг хэтрүүлсэн, гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа хэтэрснээс болж Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулах болоод байгааг “Рио Тинто” Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс” компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2021 оны Наймдугаар сарын 21-нд ирүүлсэн захидалдаа “сэтгэл гонсойлгосон явдал нөхцөл байдал үүссэн” хэмээн Монголын Засгийн газраас анх удаа хүлцэл өчсөн билээ. Тэд захидалдаа 2019 оны Нөөцийн тодотголын тайлан, 2020 оны шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах, Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчний урт хугацааны, тогтвортой шийдлийг тохирох, Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад 1.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ төсвийн нэмэгдлийг батлах гэсэн саналуудыг тавьж, “эргэлт буцалтгүйгээр” шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг.
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан ажиллаж буй. Энэ Ажлын хэсгийнхний үзэж байгаагаар хэрэв бид 1.4 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт гээд таатай хүлээж авахын цаана хохирол амсах магадлал өндөр гэж үзэж байгаа юм байна. Учир нь энэ тэр зардлыг ирээдүйд Монгол Улсад төлөх татвараасаа суутгах боломжтой гэж үзэх гэхээр Хөрөнгө оруулалтын гэрээндээ суутгах хугацааг нь хэтэрхий богино буюу аравхан жилийн хугацатайгаар заачихсан. Тиймээс тэд ашгаа хийгээд Монголд татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулаад “өрмийг нь хамаад” яг л “Бороо гоулд” шиг гараад явчих магадлал өндөр. “Бороо гоулд” тухайн үед Тогтвортой байдлын гэрээ байгуулаад Монгол Улсад татвар төлөхгүй байх эхний гурван жилд хамгийн өндөр агуулгамжтай хамаг алтыг нь сорчилж ачаад явчихсан. Яг үүн шиг асуудал үүсэх нь гэж санаа зовж байгаа учраас Ажлын хэсгийнхэн асуудал болгож яриад байгаа нь бэлээхэн өмнө нь буй гашуун туршлагаас суралцаж хаширлах нь зөв.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн хүмүүс хожим нь хөрөнгө оруулалтын зардлаа ингэтлээ өснө гэж тооцоолоогүй, мөн зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд бидэнд ийм сөрөг үр дагавартай байна гэдгийг сайн тооцоолоогүй бололтой. Гэтэл өнөөдөр Оюутолгой ордын хувьд “Рио Тинто”-ийн стратеги ямар байна вэ гэхээр аль болох богино хугацаанд ашгаа хийгээд хэзээ л бол хэзээ гараад явахад бэлэн байдалтай ажиллах сонирхолтой байгаа нь ажиглагддаг. Мөн “Рио Тинто”-оос ирсэн захидалд “Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед улсын төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах саналтай байна” гэжээ. Үүнийгээ “Энэхүү шийдэл нь Оюутолгойгоос одоогоор төлж буй татвар, АМНАТ, бусад төлбөр, хураамж дээр нэмэгдэх орлогын эх үүсвэр бий болгох боломжтой. Уг нэмэлт орлого нь нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг хэрэгжүүлж, ковидын хямралын нөлөөнөөс ангижрах, улс орны тулгамдсан асуудлаа шийдэхэд дэмжлэг болно гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн.
Ажлын хэсгийнхэн хаширлаж байна
Энэ бол монголчуудын туулаад л гарсан гашуун сургамж, хаширлахаас аргагүй нөхцөл. Учир нь хүнд бэрх цаг үеийн эмзэглэлийг дурдаж байгаад авсан тийм “нэмэлт орлогыг” бид хэрхэн төлж барагдуулдаг билээ гэдгээ мартаж болохгүй.
Энэ талаар Ажлын хэсгийнхний байр суурийг сонирхоход “Рио Тинто” анх удаа Монгол Улсын Засгийн газраас уучлал гуйлаа. Буулт хийх эхлэл, ойлголцох эрмэлзэл харуулж байна. Эхний ахиц мөн. Гэхдээ 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийг яаран авч болохгүй, нөхцөл байдлыг судалж хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн юм. Тэд зөв хаширлаж байна. Үнэндээ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Наймдугаар сарын эхээр гармагц тайлбараа авъя гэхэд гурван долоо хоногийн дараа “Май, та нар 350 сая ам.доллар авах уу” гэсэн нь сонирхолтой л алхам. Магадгүй, тактик биз.
Тэгэхээр бид тодорхой судалгаа тооцоололтойгоор энэ асуудалд хандах ёстой. Бидэнд яагаад ийм санал тавих болов, ирээдүйд ирэх ямар нэг ашиг орлоготой дүйцүүлж байгаа эсэх зэргийг сайн судалж хашир хандах хэрэгтэй. Тиймээс Ажлын хэсэг албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ “Захидал ирүүлсэнд баярлалаа, асуудлыг нухацтай судалъя. Нөгөөтэйгүүр танайхаас манай Засгийн газарт ирүүлсэн эхний захидалд тусгаснаас гадна олон асуудлыг бид ярих ёстой” гэсэн бололтой.
Бодит байдал дээр “нэг их наядыг амласан” захидалд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг огт дурдаагүй. Хэдийгээр “Гүний уурхайн бүтээн байгуулалтад бэрхшээл учирч бидний харилцаанд хүндрэл учирсанд хүлцэл өчье” гэсэн боловч яг юун дээр уучлал гуйгаад байгаа нь тодорхойгүй учраас энэ захидал үүссэн асуудлыг нэгмөсөн шийдэх хөшүүрэг биш. Өөрөөр хэлбэл бид энэ төслийг аль болох урагшлуулах, аль болох ойрын хугацаанд гүний уурхайг ашиглалтад оруулж Монгол Улсад нэг их наяд төгрөгтэй зүйрлэхээргүй мөнгө орж ирэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Наад зах нь Оюутолгой төслийн талаарх үл ойлголцол, маргаантай асуудлаас болоод манай улсын бусад том төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд хөдлөхгүй зогсонги байдалд ороод байгаа нь харамсалтай. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлье, өсгөе, орлогын тэгш бус байдлыг засъя гэвэл төслийг урагшлуулахад талууд яарах ёстой юм.
Өнөөдөр бид шатахууны хараат байдлын зовлонг улс орон төдийгүй иргэн бүр амсаж байна. Харин энэ байдлаас гарах замыг, өөрөөр хэлбэл эдийн засгийн хараат бус байдлыг Оюутолгойн гүний уурхай өгнө. Ирэх жил гүний уурхай ашиглалтад орж эхний олборлолтоо хийнэ, энэ бол эхний шат нь,түүнээс цааш дор хаяж 3-4 жил барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ, хөрөнгө оруулалтын зардал гарна. Түүн дээр яаж сайжруулах вэ, хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн асуудал дахиад таванжил яригдах вий, үүнээс сэргийлэхийн тулд Оюутолгой төслийн менежментийг яаж илүү хариуцлагатай ажиллуулах вэ. Энэ бүхнийг ярихын тулд зайлшгүй Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Үүний дараа Оюутолгой төсөл үе үеийн Засгийн газрын “толгойны өвчин” байхаа болино. Ингэснээр уул уурхайн төсөл ажил нь явдгаараа явж, компани нь менежментээ хариуцлагатай хийж, ТУЗ хяналтаа сайн тавиад явах ёстой. Тэгэхгүй бол үеийн үед тус төсөлд тулгамдсан бүх асуудал нь Засгийн газарт очдог, Засгийн газар нь Ажлын хэсэг байгуулдаг, УИХ дээр бас Ажлын хэсэг байгуулдаг болчихоод байна. Нөгөөтэйгүүр шинээр томилогдсон Ерөнхий сайд болгон Оюутолгой төслийн тухай санаа зовж, том, жижиг бүх асуудлыг нь шийдэлцдэг байх ёсгүй. Энэ нь улс оронд тулгамдсан бусад асуудлаа шийдэх орон зай байхгүй болтол хаана хаанаа гацаа үүсгэдэг ийм гаж тогтолцоо үүсчихээд байгаа юм.
Арбитрын шүүх хурал 2023 оны 2 дугаар сард товлогдсон
Мөн “Рио Тинто”-гийн захидалд “Манай санал зөвшөөрөхүйц бүрэн боломжтой гэж үзэж буй учраас Олон улсын Арбитрын процесс, сөрөг нэхэмжлэлийг түр хойшлуулж, тулгарсан асуудлаа яриа хэлэлцээний замаар шийдье. Энэ нь талуудын ашиг сонирхолд бүрэн нийцэхээс гадна харилцаагаа шинэчлэн сайжруулахад тустай” гэсэн байдаг.
Арбитрын маргааны тухайд Монголын Засгийн газар зөвхөн байр сууриа хамгаалж орж байгаа билээ. “Рио Тинто” бол татварын актаар ногдуулсан төлбөрийг төлөхгүй гэж маргаж буй. Манай талаас “Манай эхлүүлсэн маргаан биш. Цаашид үргэлжлэх ёстой. Татварын актаар ногдуулсан төлбөрөө л төлчих. Эсвэл Захиргааны хэргийн шүүхээр наад асуудлаа шийдүүлэх нь зүйтэй. Заавал Арбитрт хандаад байх шаардлагагүй” гэсэн байр суурь харагддаг. Харин “Рио Тинто” болохоор уул уурхайн компани хэрнээ хуулийн фирм шиг олон хуульчтай, асуудлаа Арбитрт маргаан үүсгэх замаар шийдээд сурчихсан бололтой юм билээ. Тиймээс ч тэд Захиргааны хэргийн шүүхэд ч, Арбитрт ч хандсан.
Харин манай Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байгаахуулийн фирмийнхний зүгээс “Монголын Засгийн газар энэ маргаанд ялах боломжтой. Ялах магадлалаа нэмэгдүүлэхийн тулд, “Рио Тинто”-той үүссэн бусад асуудлаа нэг мөр шийдэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй болов уу” гэдэг юм билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Монголын тал 2021 оны 4 дүгээр сарын 30-нд сөрөг нэхэмжлэлээ, хариу тайлбартайгаа хамт гаргасан гэсэн мэдээлэл байна. Хугацааны хувьд Монголын талаас Арбитрын маргааныг ямар нэг байдлаар хойшлуулах асуудал тавиагүй байгаа аж. Арбитрын шүүхийн процесс өөрийн цаг хугацаатай. Арбитрын бүрэлдэхүүн дэх гурван арбитрч өөрсдөө маргаанаа хэзээ, яаж шийдэх хуваариа гаргадаг. Тэр хуваарь нь одоогийн байдлаар хойшлогдоогүй, зогсоогүй, үргэлжилж байна. Одоогоор 2023 оны 2 дугаар сард Арбитрын шүүх хуралдаан болно гэсэн товтой байна. Шүүх хуралдаан болоод ч шууд шийдвэр гарахгүй, 3-6 сарын дараа баталгаажна гэх. Гэхдээ энэхүү Арбитрын шүүхийн маргаан өнөөдрийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэх гол хүчин зүйл биш. Талуудын хооронд олон жилийн хуримтлагдсан асуудал байдаг. Ажлын хэсгийнхний гол зорилго нь Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, энэ өөрчлөлтийг хийхээс нааш энэ төсөл ашигтай болохгүй. Энэ бол Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэх цорын ганц гарц юм.
У.Оргилмаа /baabar.mn/