Стратегийн шинжтэй албан бус холбоо Анкара–Лондон–Киевийн хүрээнд үүссэн[1],“Москвагийн эсрэг найрамдал”[2] хэмээн оросууд түүнийг нь хардаж буй тухай мэдээлэл ирсээр буй. НАТО-д гишүүнчлэгдэхэд нь Киевийг хамгийн ихээр уухайлан дэмжигч нь Вашингтоноос гадна Анкара болчихоод байж байна. Энэ өнцгөөс дараахи баримтуудыг хэлхлээ.
Орос-Туркийн харилцаа лав энэ Режеп Тайип Эрдоганы өнгөн дээр маш том сорилтыг[3] туулж байна. Эгэлгүй харилцаа. Түнш юм шиг мөртлөө дайсан. Орос бол дайснаа ч хайдаг, холбоотноо ч хайдаг. Дайсан ба холбоотны хооронд завсрын бүс гэж Орост байх ёсгүй мэт аашилдаг их айл. Оросоос өгдөг сигнал ердөө тэр. Харин Турк нь дайсан хайж ирлүүлж явдаг биш холбоотныхоо тоог өсгөхийн төлөө «Их Турк»-ийн бодлого явуулдаг. Тэр бодлогод нь Орос газар зүйн хувьд шууд саад хаалт болно гэдгийг ч мэддэг. Тэр утгаар энэ хоёрын харилцааг эгэлгүй гээд байгаа хэрэг. Оростой шууд халз тулахгүй ч, хуучин СССР-ийн гишүүн явсан БНУ-уудаар нь Орост геополитикийн дарамт Турк учруулдаг. Учруулж ч чадна.
Сирид шууд халз тулахаас сэргийлж чадсан, одоохондоо. Оросын онгоцыг сөнөөж, Оросын Элчин сайдын аминд хүрч, Турк-Оросын харилцаанд сэв суусан үе байсан. 2019 оны 10 дугаар сард Сочид Туркийн Ерөнхийлөгч Эрдоган айлчилж, Путинтэй хүндхэн хэлэлцээ 6 цаг хийсний эцэст Сири-Туркийн хилийн районд оросын цэрэг орох болж, Сирийн Идлибт дайныг шатлан өргөжүүлэхгүй байх тухай меморандум хоёр улсын БХЯ байгуулсан. ГэтэлСирийн Курдистаны ардчилсан намын зөвлөлийн гүйцэтгэх хорооны дарга Ильхам Ахмедын оросын хэвлэлд ярьснаар[4] Сирийн нутагт Туркийг агаараас довтлуулахгүй байхыг курдууд Оросоос хүссэн байх юм. Орос Сирид байгаагаараа Курдистаны хүн амын аюулгүй байдлын баталгаа болж буй, харин Турк харилцан тохирсноо ямагт зөрчдөг, Туркямагт түрэмгий авирладаг. Ямагт бидэн рүү, манай хил, манай хүмүүс рүү халддаг. Туркийн зорилго бол курдуудыг устгах. Турк нь Зүүн хойд Сирийг эзлээд курдын хүн амын эсрэг ялт хэрэг үйлдэж, тэндхийн демографын бүтцийг өөрчилж байна. Үүнийг л Оросын сонорт хүргэе хэмээн гомдолложээ. Сирид хэзээ мөдгүй тэсрэх аюулыг битүүхэн хэлээд байх шиг.
Хар тэнгис бол Орос-Туркийн геополитикийн өрсөлдөөний ил талбар. Орос Хар тэнгисээ сонор соргогоор манаж байна. Цэргийн хувьд хамгаалалтаа бэхжүүлж байна. Украин ганцаараа Хар тэнгист хэн ч биш гэдгийг Орос 2014 онд нотлочихсон. Гэтэл нөгөөх нь НАТО гэж ерөнхийд нь лоббидохоос гадна Туркийг холбоотноороо татаад аваад ирсэн. Украиныг Азовын тэнгисээс салгачихаа Орос мэднэ. Цэргийн хээрийн, тэнгисийн томхон сургууль хийгээд цэргээ тэнд нь үлдээчихдэг аргаараа Крымын хойг, ойр тойрных нь усан хилд хэнийг ойртуулахгүй. Гадаадын хөлөг онгоц хөлхөхийг хатуу хориглочихсон. Хуурай газар усанд ч Украин ганцаараа Оростой дайтвал оросын цэргийн тасралтгүй, байнгын атакийг дийлэхгүй учраас АНУ, НАТО руу, бас Турк рүү найдлага тавиад буй.
Харин Анкарагийн хувьд НАТО-гийн гишүүн гэхээсээ арай өөр, Туркийн “хувийн” гэмээр ашиг сонирхол Украинтай хамтран ажиллахад нь шууд харагддаг[5]. Турк ч өөрөө Оросын бүслэлтэд байгаа. Хар тэнгисээс Кавказаар дамжаад хойд, зүүн хойд чиглэлд, өмнөдөд Сирид хуурай газраар, мөн Газар дундын тэнгисээр Туркийг Орос бүслэн хаахыг оролдон буй. Харин Турк сөргүүлээд яг Оросын хамар дор Украинд гүн бат шигдэхийг зорино. Ингэхлээр Орос, Турк хоёр дайсан биш юм аа, гэхээд өрсөлдөгчид болж таарна. Крымыг Орос өөртөө хавсарган нэгтгэснийг хамгийн чанга дуугаар эсэргүүцэгч нь Р.Т.Эрдоган. НҮБ-ын индрээс цууриатуулсан үгс нь:–Крымын нутаг дэвсгэрийг оролцуулаад Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хадгалах нь чухал хэмээн бид үзэж байна. Крымыг аннекс хийснийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Крымын татаруудын эрхийг хамгаалахад илүү их хүчин чармайлт тавих шаардлагатай[6]. Эрдоганы хэлснийг ОХУ-д маш эмзэглэн хүлээн авчээ. Орост айлчлуулахаар айлчлалын бэлтгэл хангаж байхад ингэж мэдэгдсэнд нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч тэр дор нь харамслаа илэрхийлжээ[7].
Өөртөө хатуу итгэлтэй, өөрийгөө зөв гээд хатуу ойлгочихсон Оросын гомдол хоёр асуудал дээр илэрнэ. 1. Крым хууль ёсоор ОХУ-д эргэж ирснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаад; 2. Крымын татар-мусульманчуудыг илэрхий дэмжээд байдагт нь.
Эрдоган ам хэлээрээ бус ажил хэргээрээ Оросыг сөрсөөр л. Тус хойгийг нэгэнтээ орхин явж буй крымын татаруудад зориулан Украинд орон сууцны 500 байшин (хичнээн ч хороолол юм бүү мэд) барьж өгнө хэмээн Зеленскийд амлаж байв. Барилга барих ч энүүхэнд. Цаана нь цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь явж өгсөн. Украины БХЯ-ны мэдээгээр 2020 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан контрактын дагуу эргийн хамгаалалтын байлдааны хөлөг онгоцны үйлдвэр байгуулах, Bayraktar загварын нисэгчгүй байлдааны ба тагнуулын онгоц өгч ашиглуулах, агаарын цэргийн салбарт хамтран ажиллах гээд ид хэрэгжиж буй төслүүд олон байна. Сири, Ливид, мөн саяхны Армен-Азербайжаны дайнаар туркийн нисэгчгүй байлдааны онгоцууд оросын зэвсэглэлийн системээс хол давсан, түүнийг эсэргүүцэх чадвартай, үр дүнтэй зэвсэг болохоо харуулсан аж. Украин одоо ийм зэвсгийг хангалттай авч зэвсэглэлдээ оруулсан нь оросын хувьд том нээнтэг болж буй.
Дээр ямар баримт өгүүлэв гэхлээр Туркийн бодлого тодорхой байна, Украин-Орос хоёр дайтахад Армен-Азербайжаны дайны үед Азербайжаныг дэмжсэн шиг дэмжиж ажиллах нь тодорхой харагдаж байна. Дэмжээд эхэлчихсэн юм байна. Донбасст “турк дронон” зэвсэг байрлуулсан, украиныг зэвсэглэсэн. Украины хилийн ойролцоо явагдсан оросын цэргийн хээрийн сургуулиуд голдуу “турк дрон”-той байлдах дадлага сургууль хийдэг болсон гэх баримт олонтаа дуулдаж байна.
Төв Азид Оросын чин хүслийг тээсэн «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос дөнгөж буй болж байх яг энэ мөчид харин Турк аль хэдийнээ хийдгээ хийчихсэн, «ШХАБ-ОДКБ» гэдгээс илүүтэй «АСРИКА» гэх исламын холбоо, түүнийг санаачлагч ба хэрэгжүүлэгч Эрдоганы бодлого[8] ид хэрэгжиж эхлээд байгааг бид анзаарах ёстой.
Азербайжан-Туркийн хэлхээ холбоо ямар түвшинд хүрснийг өмнө бичсэн. Түүнийг залгуулаад Төв Ази руу хэтдээ шууд хамаарах маш ноцтой сэдэв яригдах гэж байна. Энэ болНАТО гэхээсээ илүүтэй ирээдүйд Орост чухам бодит аюул занал лалын хөршүүдээс нь хэтдээ учруулах тухай асуудал юм. Одоогоор санал санаачилга төдийхөн, гэхдээ нэн ноцтой!
Оросын хувьд одоо биш ч хэтдээ хамгийн том аюулыг таригч бөгөөд Оросын эсрэг хатуурхал үзүүлэх улс бол чухам Турк юм. Одоогоор хараахан мэдрэгдээгүй байгаа боловч мөд тэгнэ. Одоогоор Анкарагийн «нэг үндэстэн–хоёр улс» гэх загварыг Төв Азийн улсууд шууд авчихаагүй, Турк ч тийм эрсдэл үүрэхийг яарахгүй байна. Оросын хувьд гэгээ болж үлдэх нь Казахстан, гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг Орос, Хятад, АНУ, Европын Холбоо гээд тунхаглачихсан, Туркийг нэгдүгээрт гаргаж тавиагүй, эдийн засгийн түнш гэдэг жагсаалтад 5 дугаарт бичигдсэн байх аж[9]. Харин Турк нь «Түрэг хэлт орнуудын хамтын ажиллагааны зөвлөл» гэдэгтээ Казахстан, Киргизийг багтаачихсан “Туркийн стратеги 2020-2025 он”, “Туркийн алсын хараа 2020-2040 он” гэх үзэл баримтлалынхаа дагуу улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, туризмын салбарт нэн холын бодлого хэрэгжүүлж байна. Ямар бодлого?
Исламын шашинт бүх улс орнуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх бодлогоо Эрдоган илээр зарлан тунхагласан. Түүний нэг гол зөвлөгч Аднан Танрыверди гэгч Исламын орнуудын холбоо байгуулахыг уриалан дуудаж, «АСРИКА» (Ази ба Африк) хэмээн нэрлэхээ ч мэдэгдсэн. Даян дэлхийд энх тайван тогтоох, энх тайвныг дэмжин сахиулах, шударга ёс ялуулах, исламын ертөнцийг эргээд түүхэн тавцанд нь буцааж авчрахын тулд Ази-Африкийн«АСРИКА» гэх тэнхлэг байгуулахыг тэрээр уриалан дууджээ. Энэ нь мусульман ард түмнүүдийн сайн сайхны төлөө байх учиртай. Лалын орнууд нэг хүсэл зоригоор нэгдэж нягтрах ёстой. Тийм учраас лалын шашинт бүх орнуудын Засгийн газарт Лалын холбоо хариуцсан яам ажиллах ёстой, Лалын орнуудын төлөөлөгчдийн Зөвлөл ажиллах ёстой, тэгснээрээ байнгын үйл ажиллагаатай болно. Энэхүү Зөвлөл нь юуны өмнө лалын орнууд дахь хямралт байдлыг зохицуулах гол байгууллагын журмаар ажиллана. Дараа нь лалын орнуудын өөр хоорондын зөрчил, лалын орнууд дахь дотоодын мөргөлөөнийгшийдвэрлэнэ. «Исламын холбооны Үндсэн хууль» бэлэн болсон, «АСРИКА» (Ази-Африк)-гийн бүх орнуудад хүргэсэн. Энэ нь нэг ёсондоо «Лалын орнуудын Конфедерацын Үндсэн хууль» гэсэн үг. Загвар хууль болно. Зөнч Мухаммедын гэрээслэл, Коран хөлгөн судрын сургааль болгон «Исламын холбооны Үндсэн хууль»-ийн үндсэн суурь нь болно. Лалын орнуудын хүч чадал, нөөц боломж асар их. Зөвхөн батлан хамгаалалт нь гэхэд л, олон үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдэж байна. Танк (28 760), хуягт техник (84 063), их буу (26 184), байлдааны хөлөг онгоц (2577), байлдааны сөнөөгч онгоц (10 986), нисдэг тэрэг (3937) гэхчлэн, исламын ертөнц «хэт их гүрэн» болоход бэлтгэгджээ[10]. Энд би ямар нэгэн террорист, экстремистээс эшлээгүй, Туркийн Төрийн тэргүүний албан ёсны ахлах зөвлөхийн хэлснийг хөрвүүлэн буулгалаа.
Удахгүй хэвлэгдэх “Орос геополитикийн ацан шалаанд” номын хэсгээс...
О.Баярхүү /baabar.mn/
[1] Informal British-Turkish-Ukrainian alliance is emerging in the Black Sea, greekcitytimes.com/2020/12/01/
[2] Дружба против Москвы: создают неофициальный союз,Известия, 17 января 2021
[3] Erdoğan uses syncretism of neo-Ottomanism and pan-Turkism to build Greater Turkey,
greekcitytimes.com/2020/11/27/
[4] «Мы пытались донести до России мысль: цель Турции — уничтожение курдов»,
kommersant.ru, 17.09.2021
[5] Руска военна активност в Черно море. Какво прави Турция, dnevnik.bg/sviat/2021/04/27/
[6] UN: Turkey does not recognise Crimea 'annexation’ - Erdogan at UNGA, vbox7.com, 22.09.2021
[7] Kremlin regrets Erdogan's remarks on Crimea amid preparations for his visit to Russia, tass.com, 22 Sep 2021
[8] Erdogan’s Islamist Foreign Policy at the Crossroads, idsa.in/issuebrief/ March 17, 2021
[9] О Концепции внешней политики Республики Казахстан на 2020 – 2030 годы, akorda.kz/ 9 марта 2020 года
[10] Erdoğan's Chief Advisor Erdoğan's Chief Advisor аnd Former General Tanrıverdi Presents Vision – Reflected In Turkey's Policy – Of A United Islamic Superpower Based On Shari'a Comprising 61 Countries And With Istanbul As Capital, memri.org/ January 14, 2020