Яг энэ цаг мөчид Монгол Улсын Гадаад харилцааны Яам эзэнгүй байна. Энэ бол маш хариуцлагагүй явдал. Хоёр хөрштэй харилцах харилцааны ажил хоолой дээр хутга тулгах мэт болчихоод байна. Гэтэл хэлэлцээ хийх Монголын төлөөлөл хэн байна?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын чуулганд оролцож, улсынхаа Ерөнхийлөгчийг дагаж яваа. Явахаас ч өөр аргагүй. Гол том ажил нь мөн.
Гэтэл Дэд сайд Б.Мөнхжин нь Англи руу яваад ковидын улмаас хоригдчихлоо. Түүнийг “Рио Тинто”-ийнхонтой уулзсан болов уу гэтэл нэг ч хүнтэй нь уулзаагүй байх юм. Английн Гадаад харилцаа хамтын нөхөрлөлийн яамны Азийн асуудал хариуцсан төрийн сайд Найжил Адамстай л уулзсан нь цаг үеийн онцгой чухал асуудал мөн байсан уу гэдэг эргэлзээтэй. Тэр тусмаа ярианы сэдэв нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай байсан гэхээр энэ эгзэгтэй мөчид заавал биечлэн очихгүйгээр зохицуулж болох байтал ковид илрээд тэндээ тусгаарлагдчихаж байгаа юм. Ядахдаа уулзсан сайд нь уулзсаныхаа маргааш огцорчихсон байдаг нь ч юу вэ дээ.
Тус улсын хувьд манайх “улаан бүс”-ийн орон, энгийн иргэдийг зорчуулахгүй, оюутны буюу дипломат албан паспорттой бол хүлээн авч байгаа аж. Б.Мөнхжингийн хувьд Англид атташегаар байсны хувьд хувийн сонирхлоор "хөөцөлдөж байгаад явчихсан" гэх яриа ГХЯ-аас дуулдаж байна. Хэрэв ирэх 11 дүгээр сард Монголд болох хоёр талын дугуй ширээний ярилцлагын бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлаар явсан бол мөн л хариуцлагагүй хэрэг, УИХ дахь Монгол-ИБУИНВУ-ын бүлгийн даргаас эхлээд хамтраад онлайнаар болон утсаар яриад тохирчих бүрэн боломжтой баймаар юм. Ямар ч шалтгаанаар явсан байлаа гэсэн цаг үе, нөхцөл байдлын хувьд маш хариуцлагагүй байна.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр УИХ-ын даргыг дагаж явсан найман хүний нэг. Ингээд ГХЯ-ны Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь “эзгүй”. Монголын талыг хэн төлөөлж яриа хэлэлцээ хийх вэ? Ялангуяа хойд хөршийн асуудал амаргүй байна. Элчин сайдаар томилогдсон Ө.Энхтүвшингийн агреман нь яагаад ч юм ирж өгдөггүй. Эх сурвалжийн мэдээлснээр ирэх сарын сүүлчээр хоёр орны дипломат харилцааны их ойн дараа л явах бололтой юм. Одоогийн Элчин сайд Д.Даваа сүүлийн хэдэн сард чухал яриа хэлэлцээрүүдэд олигтой ахиц гаргаж өгөхгүй байгааг бүгд харж байна. Магадгүй “явах хүн” гэж хараад шинэ Элчин сайдад “бэлэг” барих гээд байж мэдэх ч энэ хооронд Монгол Улс даяараа сөхрөх гээд байгааг бүгд харж байна. Улс орноо хүнд байдлаас гаргахын тулд цаг мөч тутамд ажиллаж, хүндрэл бэрхшээлийг гадаад харилцааны аргаар даван туулах маш эгзэгтэй өдрүүд биш гэж үү?
Дашрамд сануулахад хэрэв Дэд сайдын оронд улстөрч нэгэн, эсвэл төрийн албаны туршлагатай албан хаагч байсан бол Сайдыг эзгүйд давхцуулан явах хэрэгтэй эсэхийг тооцоолох л байлаа. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ч гэсэн мөн адил. “Ах нар”-тай явах цаг үе нь мөн үү, амжуулсан онц чухал ажил нь юу байв гэдгийг бодолцох л ёстой. Тиймээс энэ хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай шүү гэдгийг сануулъя.
У.Оргилмаа /baabar.mn/