Спортын холбоод руу улстөрчид унаж ирвэл ямар аюул болдгийг Монголын боксын холбоонд өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдал бүрнээ харууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны Ерөнхийлөгчид залсан найран дээрээс Улсын шигшээ багийн тамирчин согтуу хөлчүү гарч, ах нартайгаа хэрүүл маргаан үүсгэн зодоон, цохион хийсэн /уг нь бол зодуулсан/, түүнд нь Боксын холбоо арга хэмжээ авч, шигшээ багаас хөөсөн, дэлхийн аваргад оролцох эрхийг нь хассан, тэрийг нь улсаараа өмгөөлж хамгаалж байгаад буцаагаад Дэлхийн аваргад нь оролцуулахаар болов. Түүнийх нь золиосонд зүв зүгээр бэлтгэлээ хийж байгаад сорилгод ороод эрхээ авсан 21 настай залуу тамирчин эрхээ хасуулж байгаа юм байна. МҮОХ “хоёулаа зодолдоод хэн дийлсэн нь яв” гэсэн боловч энэ ч гэсэн шударга уу?
Ер нь бол аль ч тохиолдолд Э.Цэндбаатар бэлтгэлийн үеэр архи уусан бол буруудна. Дасгалжуулагч нь энэ хүнд арга хэмжээ авах ёстой. Бэлтгэлээс хасдаг уу, эсвэл МҮОХ-нд мэдүүлээд эрхийг нь хураадаг уу, мэдэхгүй. Мөн согтуу галзуугаа олон нийтийн сүлжээгээр цацаж, лайв энэ тэр хийсэн нь ёс зүйн хариуцлага хүлээх шалтгаан болно. Тэрийгээ Э.Цэндбаатар өөрөө сонгох ёстой байх. Харин хүмүүсийг бухимдуулаад байсан зүйл бол Боксын холбоо яагаад үүнд оролцсон бэ? Яагаад шигшээ багаас хөөх шийдвэрийг холбоо гаргаж байгаа юм бэ? Энд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдэг л асуулт.
Мөн ууж согтуурсных нь төлөө Э.Цэндбаатарыг шийтгэсэн бол архидалт зохион байгуулсан, албаар өдөж хатгаж байгаад зодоон цохион хийсэн хүмүүс нь яагаад гэмгүй өнгөрчихөв өө гэдэг л асуулт байсан. Бас холбооны удирдлагууд энэ залууг бэлтгэлээ таслаад, архи уугаад, танхайраад байхад нь нүдээ аньж өнгөрөөчихөөд яг одоо яагаад баахан хавтаст хэрэг дэлгэж ярих болов? Энэ ч гэсэн санаатай үйлдэл үү, санаандгүй юу?.
Энэ мэтчилэн шалтгаанаар хүмүүс бухимдаад эхлэнгүүт холбоо “Тэгвэл бид оролцохоо болилоо. Хоорондоо зодолдоод дийлсэн нь яв аа” гэж байна. Тийм танхай, тийм дүрэмгүй. Нөгөө “Спорт гэдэг бол сахилга бат, сахилга бат” гэж дахин дахин хэлээд байсан холбооны шинэ Ерөнхийлөгч хаачсан бэ? Олимпийн аварга Э.Бадар-Ууган яасан бэ? Э.Цэндбаатарт авсан сахилгын арга хэмжээ ийм богино настай байсан бол эхнээсээ яах гэж оролцсон бэ?
Явж явж энэ бол өмнө хэлсэнчлэн Х.Нямбаатар гэдэг хүн байх ёсгүй газартаа байсны гай. Олон нийтэд таалагдах, оноо авахын тулд юу ч хамаагүй хийдэг, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, ямар ч дүрэмгүй улстөрчдийг мэргэжлийн холбоод, тэр дундаа спортын холбоод руу ойртуулж болдоггүйг нотоллоо. Э.Цэндбаатарыг шигшээгээс хассан шийдвэртээ хөөгдөөд тамирчдын дунд сорилго явуулсан нь дахиад хүүхэд нохойн тоглоом болов. Хоёрхон хоногийн өмнө “Цэндбаатарыг орлох маш олон тамирчид байгаа. Дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилгоор тодруулсан” гэж мэдэгдсэн холбооны Ерөнхийлөгч хариуцлагаа яаж хүлээх вэ?
Эхлээд Э.Цэндбаатарыг дээд үеийнхэн нь дээрэлэж байгаад эрхийг нь хасуулсан. Одоо Э.Цэндбаатарын эрхийг сэргээх гээд арай залуу, арай хүчгүй О.Тулгын эрхийг хасч байгаа нь шударга уу?
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)