Монголчууд бид оюуны чадамжийн илтгэлцүүр буюу АйКью-гаар дэлхийд зургаад эрэмбэлэгддэг. Энэ нь биднийг яггүй ухаантайг харуулж буй хэрэг. Манай улс амьдрахад тийм ч таатай орон биш. Байгаль цаг уур, төрийн үйл ажиллагаа, эдийн засгийн чадамж, нийгмийн амьдрах орчин, хүмүүсийн соёл хандлага гэх мэтээр. Ийм газар амьдрахад хүн ухаалаг байхаас өөр аргагүй, тэнэг бол няц гишгэгдэнэ. Энэ ч үүднээс, бид нийтээрээ ухаалаг. Олон ч зүйл дээр үнэн гэдэг нь харагддаг.
Ганцхан жишээ, такси барих гэдэг чамгүй ухаан шаарддаг зүйл. Төлбөрөө төлөх задгай мөнгө бэлэн эсэхийг шалгах, такси барихаар оочирлож буй хүмүүсийн хамгийн зүүн гар талд нь очиж зогсох, таксины жолоочийн явах маршрутыг таах, жолоочийн зүгээс гарах элдэв янзын эрсдэлийн үнэлгээг хийх, километрээ тэглэсэн эсэхийг шалгах... зэргээс эхэлнэ.
Энэ юу ч биш. Хамгийн гол ухаанаа замд явахдаа гаргах хэрэгтэй. Хэрвээ жолооч тантай яриа өдөөд орчлонгийн сонин хачин яриад эхэлбэл, та болгоомжлох ёстой гэсэн үг. Учир нь та шаггүй амьтны машинд суусан гэж тооцох хэрэгтэй. Жолооч таныг өөрийн үүсгэсэн ярианы тусламжтай тандаж байгаа царай нь. Тойрч явахад, илүү мөнгө нэхэхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээр этгээдэв гэдгийг чинь.
Хэрвээ та яриаг нь өлгөж аваад л, ам хуурайгүй чалчаад л, саймшраад унавал, тэр бол маш том алдаа. Тэр таныг амархан жараахай гэж харна. Тэгээд танд ойр дотно сэтгэгдэл төрүүлсний үндсэн дээр танаас илүү мөнгө нэхнэ, эсвэл тойруу замаар явна. Үүнийг “тэнэг” хүмүүс бараг найз болсон гэх дотно сэтгэгдлээс шалтгаалан илүү мөнгийг тоохгүй, эсвэл миний яриа жолоочид таалагдсан болохоор надтай удаан ярих хүсэлтэйдээ тойруу явлаа гэж төөрөлдөнө.
Харин ухаалаг зорчигчид тэр ярианд нь авталгүй хэг ёг гэсэн шиг, байн байн километрээ хараад, утсаар ярьж буй царайлан “за хамаа, чи наанаа зам дээр хүлээгээд зогсож бай, би таксидаад очиж явна... яах гэж гэдэг чинь юу гэж байгаа юм?! “аавынхаас” гарч ирснээ тэмдэглэе.…” гэх зэргээр жолоочийг дарамтлах жишээтэй. Ингэснээр жолооч таныг өөрт нь луйвардуулахааргүй хангалттай “ухаантай” гэж дүгнээд, энэ нэг “шоронгийн хадаас”-аас үтэр түргэн салах нь зүйтэй гэж үзэн, ум хумгүй хурдан явна. Хурдан гэдэг нь шулуун гэсэн үг.
Манай таксины жолооч нь хүртэл гадны сэтгэл судлалын докторын бодож чадаагүйг бодно, сэтгэж чадаагүйг сэтгэнэ. Хэрвээ тийм бол, манай улсын сэтгэл судлалын доктор яаж чадна гэсэн үг вэ? Бурхан минь, түүнд Нобелийн шагнал ч жижигдэнэ гэсэн үг. Гэтэл байдаггүй ээ, Нобелийн шагнал байтугай, олигтой хуулан бичлэг ч. Тэгэхээр энэ зөрчилтэй байдал юуг нотолж илэрхийлэхэв гэхээр... нэг бол АйКью гэдэг зүйл худал, эсвэл бид ухаалаг боловч тийм ч зөв сэтгэж сураагүй гэсэн үг.
АйКью худал гэж хэлэх нь өөрийнхөө ялсан сонгуулийн системийг шүүмжилж, дахин сонгууль явуулах тухай ярьж буй улс төрийн нам шиг тэнэг, утгагүй явдал тул түүнд бурууг тохох арга алга. Тэгвэл бид л буруу сэтгэдэг болж таарах нь.
Ерөөс хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн чиглэл нь зөв сэтгэх тухай л асуудал. Гэвч үүнтэй бид өөрийн гэсэн цонхоор харьцаад дөнгөж 30 жилийн нүүр үзлээ. Хэдий АйКью-аар зургаад ордог ч, хүн төрөлхтөн 3000 жил өөд уруугүй зүтгэж байж нэг юм зах зухаас нь барьж авсан зүйлийг гучхан жилийн дотор өөрийн болгоно гэдэг ч… аайй мэдэхгүй.
Ө.Жамъян /baabar.mn/