Ц.Анандбазарын компаниудын газарт баригдаж буй барилгын дулааны шугам татах ажлыг Шаардах хуудас өгч зогсоолоо.
Монгол Улсын Засгийн газар 2021 оны Зургаа дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэн авч тохижуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан билээ. Гэтэл энэ сарын 2-ны өдөр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн зүгээс уг газарт барилгын ажил хэрхэн эхэлж буйг видео бичлэгээр баримтжуулан НИТХ-д гомдол саналууд ирүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчдөөс НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн ажлын албанд хандсан байдаг. Харин өчигдөр оройноос /2021.09.05/ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хот байгуулалт, хөгжлийн газраас тэдгээр компанид “Дулааны шугам, цахилгааны шугамын траст, газар шорооны ажил гүйцэтгэлийн орчны аюулгүй байдлыг хангаагүй тул шаардах хуудас өгч Жуковын талбайн ард талд байршилтай, ААН-үүдэд олгогдсон газарт үргэлжилж буй барилгын ажлыг зогсоожээ. Эдгээр нь ямар компанид холбогдох газар байсныг сануулъя.
2017 онд Хотын даргаар С.Батболд ажиллаж байх үед тус газруудыг эзэмших эрхийг сунгасан. Тэдгээр нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниудын эзэмшил дэх дөрвөн компанийн тус бүр 1225 м.кв хэмжээтэй дөрвөн газар, нийт 4900 м.кв талбай бүхийгазар байгаа юм. С.Батболдыг Хотын даргаар ажиллаж байхдаа сунгасны дараа С.Амарсайхан ажиллахдаа тус газруудын талаар ямар нэг шийдвэр гаргаагүй. Ингээд Хотын дарга Д.Сумъяабазарын үед Засгийн газрын хуралдаанаас үүрэг даалгавар очиж байгаа нь энэ. Тухайн газруудыг тус бүрт нь танилцуулъя.
Үүнд:
1.“Алханатрейд” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алханатрейд” ХХК-ийн 1225 м.кв газрын тухайд дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн A/346 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн A/874 дугаар захирамжаар эзэмших эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгасан байдаг юм байна.
2. “Мэргэван” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэван” ХХК-ийн 1225 м.кв газрыг мөн л үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатайгаар Дүүргийн Засаг даргын 2006 оны 42дугаар захирамжаар эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн A/346 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн. Хотын дарга Э.Бат-Үүлийн үед тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 2013оны A/576 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Гэвч дүүргийн Засаг даргын 2012 оны A/390, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны 206 тоот тогтоолоор эзэмших эрхийг нь сэргээжээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны А/874дүгээр захирамжаар эзэмших эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг.
3. “Хүрээ инвест” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ инвест” ХХК-ийн 1225 м.кв газрыг мөн л үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатайгаар Дүүргийн Засаг даргын 2006 оны 42дугаар захирамжаар эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн A/346 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн. Хотын дарга Э.Бат-Үүлийн үед тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/576 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Гэвч дүүргийн Засаг даргын 2012 оны A/390, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны 206 тоот тогтоолоор эзэмших эрхийг нь сэргээжээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны А/874 дүгээр захирамжаар эзэмших эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг.
4. “Ньютур Сафарис” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ньютур сафарис” ХХК-ийн 1225 м.кв газрыг мөн л үйлчилгээний зориулалттай, 5жилийн хугацаатайгаар Дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн A/346 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн. Хотын дарга Э.Бат-Үүлийн үед тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 2013оны A/211 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2013 оны А/576 дугаар захирамжаар хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны 206 тоот тогтоолдүүргийн Засаг даргын 2012 оны A/390, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны 206 тоот тогтоолоор эзэмших эрхийг нь сэргээсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны А/874 дүгээр захирамжаар эзэмших эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны A/874 дүгээр захирамжийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниуд уг талбайг эзэмшиж байна. Энэ нь олон нийтийн эсэргүүцлийг ихээхэн дагуулах болсны дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ оны 6 дугаар сарын 1-ний хуралдаанаараа шийдвэр гаргаж ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг нь цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэн авч тохижуулахаар Хотын даргад даалгасан байдаг.
Мөн үүний өмнө бичиж байсанчлан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” ХХК нь Баянзүрхдүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн амны тусгай хамгаалалттай газарт 62 га газрыг “аялал, жуулчлалын бааз байгуулах чиглэлээр ашиглахаар БОАЖЯ-тай 2006 оны нэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсныг цахим мэдээллийн сангаас харж болно. Гэхдээ энэ нь үүнээс ч өмнө авсан байж болзошгүй бөгөөд гэрээний сунгагдсан үеэс эхэлсэн бүртгэл байж болох юм. “Нью тур” ХХК-ийнэзэмшлийн энэхүү газрын суурь үнэ нэгж га нь 960 саятөгрөг, дуудлага худалдааны анхны үнийн итгэлцүүр 0.75, дуудлага худалдааны анхны үнэ 43 тэрбум 374 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд аялал жуулчлалынбааз байгуулах нэрийдлээр авсан байдаг. Анх газар авсан аялал жуулчлалын зориулалттай газартаа амины орон сууц барьж зараад байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд Засгийн газрыг залилан мэхэлж ашиг олж байгаа явдалгэж үзэж болохуйц байгаа асуудлыг тухайн цаг үеийн мэдээллээр нийтлэлдээ хөндсөн билээ.
“Дружба” зуслангийн газрын эзэмших хэмжээг Шүүхийн шийдвэрээр нэмэгдүүлсэн байдаг
Түүнчлэн одоогийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын амны төгсгөлд байрладаг ОХУ-ын өмч болох Дружба хүүхдийн зусланг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Мон-Аналитик” компани 2004 онд хувьчлан авч, тухайн үед мөрдөж байсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан байдаг. “Дружба” хүүхдийн зусланг өмчилж авсны дараа гаднах цэвэрлэх байгууламжууд, насос, станц, усан сангийн гүний худгууд, зуслангийн удирдлагын болон харуулын байр, амрагч хүүхдүүдийг угтах, үдэх бетон талбай зэрэг инженерийн байгууламжууд нь эрүүл ахуйн шаардлагын үүднээс тусдаа, хол байрлаж байсан тул тэдгээрийн газрыг нэмэгдүүлж 12 га гэсэн байсныг 26 га болгон кадастрын мэдээллийн санд оруулан “Мон-Аналитик” компанийн нэр дээр баталгаажуулахаар шүүхэд хандсан байдаг.
Тухайн үед газрын гэрчилгээ олгож гэрээ байгуулах цаг үед дүүргийн газрын албанд кадастрын мэдээллийн сан байгаагүй, эзэмшсэн газрынхаа төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн гэх зэргээс үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний шийдвэрээр Сүхбаатар дүүргийн газрын албанд Кадастрын мэдээллийн санд тухайн газрын баталгаат хэмжээг 26 га-гаар зөвтгөн оруулахыг даалгасан байна. Үүнд хариуцагч тал буюу Сүхбаатар дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан албан тайлбар анхаарал татаад байгаа юм. Үүнд,
1. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гэх маргаан бүхий 26га газрыг анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эдлүүлэх тухай 30 дугаар тогтоолоор Зөвлөлтийн сургуулийн пионерийн зусланд 12 га газар эзэмшүүлэхээр шийдсэн байдаг.
2. “Кадастрын зураглал газрын бүртгэл” төслийн хүрээнд 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Содмонгол групп”-ийн нэр дээр нэгж талбарын 18645329374814 дугаарт 117289 м.кв талбай бүртгэж, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2005 оны 01дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдээд өнөөг хүртэл талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.
3. “Мон-Аналитик” ХХК-ийн нэр дээр нэгж талбарын 18645329374814 дугаарт 117289 м.кв талбай бүхий газар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн байна.
4. Нэхэмжлэгчийн нэр дээр 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг үндэслэн 26 га газар эзэмшүүлсэн гэж бичсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжид “Мон-Аналитик” компанид 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдсэн.
5. Нэхэмжлэгчийн дээрх 154 дүгээр захирамжаар эзэмшүүлэхээр олгосон талбайн хэмжээ, газар эзэмших гэрээ, гэрчилгээн дээрх талбайн хэмжээ хоорондоо зөрүүтэй байна.
6. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 26 га газар эзэмшүүлсэн эсэх нь нотлогдохгүй байна.
7. Маргаан бүхий газрын газар эзэмших нэгж талбарын хувийн хэрэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний материал, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт байхгүй.
Нэхэмжлэгчийн нэр дээрх 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ нь Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 83 дугаар тогтоолоор баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг тус тус зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгчид 26 га талбай эзэмшүүлсэн гэх гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ нэхэмжлэгч ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 26 га газрыг зөвтгөн Газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байгаа юм.
Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 26 га гэдгээр кадастрын мэдээллийн санд баталгаажуулж бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн.
Энэ бол Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. Хамгийн сүүлд авсан мэдээллээр “Мон-Аналитик” компани тухайн газрыг эзэмших хугацаа 2020 онд дууссан тул сунгуулахаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр хожмын өдөр 12 га талбайг 26 га болгон өөрчилсөн асуудал дахин сэргэж мэдэх талтай.
Энэ мэтчлэн хамаарал бүхий компаниудтайгаа холбоотой газрын асуудлуудыг цэгцэлж, бусадтай тэгш эрхтэйгээр нийгмийн харилцаанд оролцохыг олон нийт эрхэм гишүүнээс шаардсаар байх биз ээ.
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (1)