Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалд зориулав.
Монгол Улс геополитикийн маш эмзэг байрлалтай. Дэлхийн хоёр хэт их гүрний дунд битүү бүслэгдэн оршдог.
Хоёр гүрний дунд бүслэгдэн оршдог жижиг улс цөөнгүй бий. Харин, дэлхийн өнөөгийн байдлыг тодорхойлдог; Орос, Хятад, Европын Холбоо, Америкийн Нэдсэн Улс хэмээх дөрвөн их гүрний хоёрынх нь битүү бүслэлтэнд оршдог манайх шиг жижиг (бичил ч гэсэн болно) улс өөр үгүй.
Газар зүйн байрлалаасаа болоод Монголын эдийн засаг хоёр хөршөөсөө бараг зуун хувь хараат. Бусад улсаас хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн татлаа гэхэд л хоёр хөршийнхөө нутаг дэвсгэрээр зайлшгүй дамжуулж авна.
Хоёр хөршийн геополитик нь Монголын оршихуйн аврал, аюулын аль алийг агуулдаг. Жишээ нь Монгол хоёр хөршийнхөө ачаар лалын улсуудын түрэмгийлэл, терроризм мэтээс хол айх аюулгүй амьдардаг. Харин хоёр хөрш маань үгсэн тохирох аваас манайд ямар дэглэм тогтоохыг хүсэж байна, түүнийгээ л тогтоочих боломжтой.
Монголчууд “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” гэдгээ мэдэх төрөлх зөн билэгтэй. Ийм инстинкттэй “халиуны зулзага”-ын байхуйн ухаан нь “эрх чөлөө” гэдэг ойлголтоос эхтэй юм. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр” хэмээсэн монголчуудын хэлц үг шиг, эрх чөлөөний үнэ цэнийг яв цав өргөмжилсөн үг бусад хэлнээс нэг их олдохгүй л байх.
Үндэсний эрх чөлөөгөө олж авахаар тэмцсэн 20 зууны Монголын түүх нь эрх чөлөөг хүсэмжлэх монголчуудын хүслийн тод илрэл байв. Гегелийн метафизикийн хэлээр хэлэх ахул, XX зууны Монголын оюун санаа (Дух)-г “Эрх чөлөө” гэдэг ганц үгээр илэрхийлэхээр!
Үндэсний эрх чөлөөгөө олж авах тэмцлийг 1911 онд эхлүүлсэн. Гэхдээ энэ хувьсгал амжилтад хүрээгүй.
Уг нь Манжийн засаглал нурахад,Хятадаас түрүүлээд Монголчууд тусгаар тогтнолоо зарласан нь түүхийн баримт юм. Гэтэл, адилхан Манжаас тусгаарлан үндэсний эрх чөлөөгөө олж авсан атлаа Хятад эргээд их үндэстний дээрэнгүй үзэл гарган Монголыг өөрийнхөө хэсэг хэмээн зарласан. Улмаар Орос, Хятад хоёр Монголыг автономит эрх төдийтэй байлгахаар тохиролцоонд хүрчихүйд, хүчин мөхөсдсөн жижиг Монгол 1915 онд тусгаар тогтнолоо алдсан аж.
1921 онд үндэсний эрх чөлөөгөө олж авах хувьсгалыг “даагаа нэхэн” дахин хийлээ.
Энэ удаад, их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнийг тооцох ёстой 1911 оны хувьсгалын сургамжийг санан санан, марксист суртал болон социализм байгуулах Зөвлөлтийн тулгалтыг хүлээн авсан байдаг. Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн нь эрх чөлөөгөө олж авах өөр арга замыг монголчуудад үлдээгээгүй нь үнэн.
Социализм нь Монголыг үндэсний эрх чөлөөнд де юре хүргэсэн боловч, де факто Зөвлөлтийн колони улс болгосон. Түүгээр барахгүй, ангийн тэмцэл нэрээр Их хэлмэгдүүлэлт явуулан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн устгасан юм.
Социализмаас монголчууд, хувь хүн нь эрх чөлөөгүй байвал, үндэсний эрх чөлөө буюу жинхэнэ тусгаар тогтнол баталгаагүй юм байна гэдэг онцгой нэгэн сургамж олж авсан. Манайх шиг хоёр их гүрнээр бүслэгдсэн жижиг орны тухайд иргэний эрх, эрх чөлөө ба үндэсний эрх чөлөө хоёр нь хоорондоо салшгүй “наалдсан” байдаг юм байна. Улстөрийн философийн мэдлэгэд үнэтэй хувь нэмэр болохоор сургамж шүү!
Харин, том гүрний хувьд иргэн нь эрх чөлөөгүй байлаа ч үндэсний эрх чөлөөгөө хадгалсан байх боломжтой. Үүний тод жишээ нь манай хоёр хөрш мөн ажгуу.
Социализмаас сургамж авсан монголчууд, тусгаар тогтнол хэмээх “нэг зоос”-ны хоёр тал болох, үндэсний эрх чөлөө болон хувь хүний эрх чөлөөг олж авахаар 1990 оны ардчилсан хувьсгалыг хийсэн. Тэгээд 1992 онд, Монгол Улсын жинхэнэ тусгаар тогтнол нь иргэнийхээ эрх чөлөөн дээр суурилана гэдэг үзэл санааг бататгасан Үндсэн хуультай болсон юм.
Иргэнийхээ эрх чөлөөгөөр үндэсний эрх чөлөөгөө бататгасан “хар хайрцагны бодлого”-оо, ардчилсан Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаа болгосон гэдгийг УИХ-ын хууль тогтоогчид болон Үндсэн Хуулийн Цэц гишүүд одоо хэр нь сайн ойлгоогүй байдаг юм билээ!
1992 оны ардчилсан Үндсэн хуулиар; манай иргэд,өөрсдийн засгаа өөрсдийн чөлөөт сонгуулиар байгуулах сонгох, сонгогдох эрхтэйг батагасан явдлын цаад зорилго нь Москва, эсхүл Бээжингээс Монгол Улсыг удирдах этгээдүүдийг мэдэж шийддэг асан түүхийн бурангуй ёсыг эгнэгт халах “хар хайрцагны бодлого” байв.
Мөн, Монгол Улсын иргэд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй хэмээсэн нь; улс орноо удирдаж байгаа удирдагч нар маань Москва, эсхүл Бээжинд дуудагдан очоод загнуулдаг, шоронд хоригддог, цаазлуулдаг асан өмнөх түүхийн бурангуй ёсыг эгнэгт халж зөвхөн өөрийнхөө иргэдэд загнуулдаг, шүүмжлүүлдэг байх ёсыг тогтоосон “хар хайрцагны бодлого” байв.
Гэх мэтчилэн Үндсэн хуулийг анхааралтай уншаад байвал, иргэнийхээ эрх, эрх чөлөөний ард нь улс орныхоо дархан эрхийг бататгасан “хар хайрцагны бодлого” цөөнгүй бий. Үүнийхээ ачаар, ямар ч байсан сүүлийн 30 гаруй жил Монгол өөрийн дархан эрхээ гадны хэнээр ч мэдүүлүүлээгүй.
Үндэсний эрх чөлөөгөө хадгалах хүсэл эрмэлзлэл аль ч улс орны жам ёсны, маш энгийн, ойлгомжтой хүсэл эрмэлзэл. Хятад хичнээн ч аугаа их гүрэн байлаа Монгол Улсыг “манайх” гэвэл, эх орноо үнэд хүргэж худалдчихаагүй л бол монгол хүн зөвшөөрөхгүй. Оросоос Монголыг эргүүлээд зөвлөлтийн үе шигээ тоглоомын улс болгоё гэвэл бас л зөвшөөрөх монгол хүн олдохгүй.
Тийм учраас, ардчилал байхгүй бол жижиг Монголын үндэсний эрх чөлөө нь бас устана гэдгийг мэдэхтэйгээ сэхээлэг монголчууд ардчилалдаа их харам ханддаг. Ямартаа, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ардчиллыг нүдний цөцгий мэт үзэж хамгаалах санааг амлаж байж Ерөнхийлөгч болох билээ!
Сүүлийн үед хоёр хөршийн удирдагчид дотооддоо, иргэдийнхээ эрх, эрх чөлөөний эсрэг “дайн” зарлаад байна. Эрх баригчдаа шүүмжлэх явдлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн шууд нухчин дарж байна. Орост улстөрийн эрхийг устгаж эхлэв. Хятадад эдийн засгийн эрхийг нь хураах аргаар улстөрийн хариуцлага ноогдуулдаг болов.
Тус хоёр орны удирдагчид иргэний эрх, эрх чөлөөг гүрэн улсын тогтворгүй байдлын үндэс гэж үзэж байна. Үүнийгээ түүх рүүгээ заан зөвтгөж байна. Нээрээ л 20-р зууны эхээр хоёр хөрш маань “эрх чөлөөний цочрол”-д орж маш их зовлон бэрхшээл үзсэн юм.
Тэд,нэг талаас эрх чөлөө, нөгөө талаас тогтвортой байдал гэсэн хоёр туйлыг холбож чадаагүйгээс зовлонд унасан. Тодруулбал, эрх чөлөө, тогтвортой байдал хоёрыг холбодог толерантч (хүлцэх) соёл ард түмэн, нийгэмд нь дутагдсанаас ардчилалд шилжих гээд чадалгүй үймээн болж хагарч бутран зовлонд унасан. Тэгээд эрх чөлөөнөөс айдаг комплекстой болсон аж. Сүүлийн үед тэр нь маш их сэдэрч байна даа!
90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол хоёр хөршийнхөө дотоод асуудалд огт хутгалдахаа больсон. Нэгнийх нь талд орж, нөгөөгийнх нь эсрэг явдгаа больсон. Энэ бол Монголын ардчиллын геополитик дахь нэг том ололт!
Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол хоёр хөршийнхөө аль алинтай нь түүхэндээ байгаагүйгээр найрсаг сайн хөршийн харилцааг хөгжүүлж ирлээ. Ийм болохыг, жишээ нь Орос, Хятадын удирдагч нарын дээд хэмжээний олон айлчлалууд нотлон харуулна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд Монгол улсаас өөр улсад ийм олон удаа айлчилсан явдал үгүй.
Монгол гадаад харилцааныхаа үзэл баримтлалд, хоёр хөрштэйгөө харилцах харилцаагаа бусад харилцаанаас илүүтэй тэргүүлэн үзэхээ бататгасан юм.
Хоёр хөрш маань тус тусын хөжлийн замаа яаж сонгох нь тэдний өөрийнх нь эрх. Ардчилсан байна уу, авторитари байна уу, тэдний л асуудал. Харин тэд өөрсдийнхөө сонголтыг Монголд тулгах ёсгүй!
Монгол жижиг орон учраас ардчилсан байх хэрэгтэй. Тэгэж байж бид үндэсний эрх чөлөөгөө хадгална. Монголын ардчилал руу нь халдах нь үндэсний эрх чөлөө рүү нь халдсан хэрэг юм.
Хамгийн гол нь Монголд дарангуйлал тогтвол, хоёр хөршийн хоорондын харилцаа эргээд үл итгэлцлийн байдалд шилжих эрсдэлтэй болно. Яагаад гэвэл, үнэндээ жижиг орны дарангуйлагч нар л том гүрнүүдийн хооронд “банзалдаж” геополитик тоглон үл итгэлцлийн “манан”-г бий болгодог. Эхнийх нь нэг жишээ Хойд Солонгосын удирдагчКим Чен Ун бол байсан, сүүлийнх нь тод жишээ Беларусийн дарангуйлагч Лүкашенко болоод байна!
Хоёр хөрш маань хэт их гүрнүүд. Их гүрэн өөрийнхөө ашиг сонирхлыг ямагт дөвийлгөх далд ухамсартай. Үүнийг “реал политик” гэж олон улсын харилцааны шинжлэх ухаанд нэрлэдэг.
Реал политик “хүйтэн дайн”-руу хальтарчихгүйн тулд хоёр хөрш маань дунд нь ховхутгаж, хэрүүл өдөөж мэдэх жижиг орны дарангуйлагчаас аль болох зайлсхийх учиртай!
Ардчилсан орны ард түмэн, дарангуйлагчаас илүү ухаалаг, шударга, прагматик байдаг зүй тогтолтой. Тэр тусмаа жижиг орны ард түмэн, овилгогүйтэж элдэв эдийн засгийн хоригт орохыг хүсдэггүй. Чих зөөлөнтэй, эрх баригчдадаа арга хэмжээ авахдаа шуурхай байдаг. Энэ бүхнийг сайтар тунгаан бодвол Монгол ардчилсан байх нь манай ард түмэнднь ч өлзийтэй, хоёр хөршид ч ашигтай авай.
Монголын ардчилал барууныхнаас илүүтэй, хоёр хөршид маань хэрэгтэй!
Э.Бат-Үүл
Сэтгэгдэл (1)