Афганистан дахь хэрэг явдал өдрөөр биш цаг минутаар хувьсана. Айхтар хар там тэр орныг нөмрөөд авсан мэт дүр зураг өдөр бүр нүдний өмнүүр жирэлзэнэ. Энэ тухай нийтлэл бичээд зурагтаар хоёр удаа ярьчихсны дараа тодруулж асууж, яриа өрнүүлсэн хүн байнга нэмэгдэх төлөвтэй. Талибаныг дахин тайлбарлах хэрэг гарах нь байна. Энгийн үгээр, энгийн логикоор гарчгаа авч агуулгыг нь дэлгэлээ. Анхаарч уншина уу.
“Нүгэл буян” хэмээн классик киноноос эшлэе. Дараахи үгсийг Тоохуар авгай, Ловон лам нар хэлж сургадаг даа:
Энэ хорвоод ариун шударга юм гэж байхгүй. Энэ хорвоо гэдэг хуурамч болоод бузар. Үнэн шударга, ариун гэгээн юм гэж хаа ч байхгүй. Цөм нүгэл. Цөм худал.
Аливаад хор хөнөөлийг бүү хүргэ
Авран энэрч, туслан тэтгэхэд утсан чинээ улаан амиа бүү хайрлацгаа
Хичээцгээ, аман хишигт ногдсон ариун цагаан буянаас аваад ам даавуу, атга будаанд сэтгэл шунан хоргодох нь нүгэл ээ
Нүгэл нүглийн дотроос өнгөнд шунах тачаангуйн явдал нь сахил санваар бузарлахын эхний үүсгэвэр мөний учир эмс охидод ойртохыг бүү хэл эгцлэн харахыг ч чандлан цээрлэцгээ
Бие ариун, сэтгэл зөөлөн, номхон хүлцэнгүй байцгаа
Дэв бузар хааяагүй бий
Үзэгдэх өнгө нь ариун боловч бузар шингэсэн нь олон
Чойгоо өврөөсөө битгий салга
Шөнийн цагт чойгогүй явахыг тачаангуйн мөр хөөсөнд тооцно
Хичээцгээ, шавь нар минь хичээцгээ
Ариун номын гэгээн мөрийг бүү алдагтун
Найданг дууд, бузрыг нь ариутгана... гэх мэт. Аль ч шашин ялгаагүй, иймэрхүү номлолтой. Аль ч шашны өнцгөөс ажихуй энэ хорвоо дэв бузарт автсан бөгөөд “бузар”-ыг арилгахын тулд шашин нь оршин байж, шашны номлогчид нь хүн ардыг “бузар”-аас аврахын тул бурхны элчээр дэлхийд морилон ирж, бурхныхаа тохоогдсон зарцаар (исламын шашинд бол Аллахын байлдагчид) зүтгэх тавилантай.
Монголчууд лав 500 жил буддын шашны шарын урсгалд сүсэглэж ирэхдээ ариун номын гэгээн мөрийг дагаж, бие ариун сэтгэл зөөлөн, номхон хүлцэнгүй явцгаасан түүх бэлхнээ буй.
Миний мэдэхээр, миний очиж үзэж байснаар лалын нийгэм (би 20 гаруй улсад очжээ), хиндү, бахай, сикх нийгэм, буддын хоёр гол урсгалыг баримтлагч Азийн улсууд, мөн Европ, Америкийн загалмайн шашнууд, Ойрхи Дорнод дахь дэлхийн гурван шашны төв–онгон дагшин нутагт нь миний олж мэдсэнээр энэ бүх шашнууд бүгд л энэ дэлхийг ариусгахын төлөө номоо айлддаг, тэр нь бишрэгчдээ “бие ариун, сэтгэл зөөлөн, номхон хүлцэнгүй” байхыг уриалж ухуулдаг (бүр цөхрөлтгүй), хойд нас, диваажинг мөрөөдөж, өнөөгийн газрын тамыг дааж давж гарахыг номлодог юм билээ.
Эрт дээр үед (Загалмайтны аян дайн, Дундад зуун, манайд бага хаадын үед гэх мэт) зэвсгийн хүчээр шашиндаа оруулдаг, шашнаа тулгадаг, мөрдүүлдэг, албаддаг байсан бол эдүгээ миний ажиллаж өнгөрсөн Египет, Иран, мөн “Арабын хавар”-т дарагдсан Сири, Йемен, Ливид энэ аргыг ислам шашин дээр хэрэгжүүлэх гэж тэмцээд эргүүлээд алдсан, эсвэл алдаж байгаа, яг одоо Афганистан цор ганцаараа тэр их үйлсийг өвлөн авах босгон дээр ирээд байна.
Бузартсан эх орноо бузраас салгахаар, харийн ба гадны (барууны) бохир үзэл суртал, хорт нөлөөнөөс цэвэрлэхээр хоёр дахь удаагаа Талибан гэх шашны номлогчид зэвсэг агсаад Афганистанд эргэж ирсэн нь энэ юм.
Ариун номын гэгээн мөрийг номлоод мөрдүүлж чадахгүй бол зэвсгийн хүчээр мөрдүүлж чадна гэдгийг л тэд 1996-2001 онд төр барихдаа нотлон харуулчихсан. Тэдний мөрөөр Сири-Иракт “Лалын улс” (ISIL) гэх зэвсэглэсэн лам нар, цэрэг дайчидтайгаа “Халифат” байгуулж яваад ялагдсан түүх хэдхэн жилийн өмнөх юм.
Талибан ба “Лалын улс”-ынхан юу гэж үздэг вэ гэхлээр, “Тэгж болохгүй”, “Ингэж болохгүй”, “Тэгвэл цээртэй”, “Ингэх нь хориотой” хэмээн VII зуунд сургаад гэрээслээд үлдээчихсэн исламын шашны ариун номын гэгээн мөр XXI зуунд баахан завхарч гажуудаж, бүр “хүнээ байж”, одоо л нэг цэгцэлж номд нь оруулж авахгүй бол болохгүй боллоо гэсэн бурхны дуудлагаар заяагдсан ба эргэж ирсэн болж таардаг. Өөрсдөө тэгж хэлдэг, сурталддаг.
Лам нар олуулаа, тэгээд бүр зэвсэглэчихсэн засгийн эрх авбал юу болж таарах вэ? Тэр үйл явдал л ном журмаараа, зүй тогтлоороо Афганистанд нэг удаа тохиосон, хоёр дахиа тохиох гэж байгааг ертөнц ойлгохгүй, тэр дундаа Өрнөдийнхөн ойлгохгүй махаа идэж тамаа цайж байгаа дүр зураг л харагдана.
Ердөө тун энгийн үгээр тайлбарлая. Лам нар олуулаа засгийн эрхэнд гарч ирлээ. Маань мэгзэм, тарни, уншлага, мөргөл нь Төрийн бодлого болж хувирна. Эх орон хөгжих дэвжих, үйлдвэржих, интеграц, хөрөнгө оруулалт тэдэнд огт падлий байхгүй. Амин зуулга нь байж байхад бусдыг нь бурхан тэнгэр зохицуулчихна. Мөргөлөө хийгээд номхон хүлцэнгүй байж байхад болчихно. Шашиндаа л үнэнч байх хэрэгтэй. Бусад нь дараагийн асуудал, бүр байхгүй байсан ч болно.
Ариун номын мөр хөөхөд нь саад болсон хөндлөнгийн элдэв гаж зүйлс, тухайлбал буруу ном руу хөтөлдөг, буруу номтнуудын материаллаг нийгмийг (шунал) харуулдаг, шашин мөргөлд нь саад учруулдаг зурагт, кино, хөгжим, спортыг Талибан тас хориглодог байсан. Тэр ч бүү хэл уушийн газар нийгмийн харилцаа (эр эмээрээ хамт хооллохгүй, яриа үүсгэхгүй, зөвхөн гэдсээ цатгана, мөргөл үйлдэж болно) үүсгэж болохгүй, 10 нас хүрсэн л бол бүх охид гэртээ сууна, эмэгтэй хүн гудамжинд ганцаараа гарахгүй, эхнэр хүн бурхан, нөхөр хоёртоо л нүүрээ харуулна, бусдаар насан туршдаа гивлүүртэй явна, эр хүн сахлаа ургуулах ёстой, сахал хусвал шийтгэнэ, радио бол соёл түгээх биш шашин түгээх, мөргөлийн дуу түгээх, бас зарлалын хэрэгсэл, өөр зүйл нэвтрүүлэхгүй гээд л жирийлгээд байх нь тэр. Шашнаас бусад урлаг уран сайхан, уран зохиол огтоос байж болохгүй.
Лам нар олуулаа засгийн эрхэнд гарч ирээд шашныхаа ариун ёсыг л нийгэмдээ сахиулна, нийгмийн ба гэр бүлийн бүх ажил үйлс шашных нь номлолын дагуу явна. Түүнийг нь эрх баригч лам нар хянана. Зөрчвөл шашны хуулиар (шариат) шийтгэнэ. Энэ бүхэн чинь Талибанчуудад “хөлгөн судар”-аараа байж байгаа. Ариун Коран, хадис зохиолуудыг (олон боть) нэвт судалсан мулла нар өөрсдөө Талибан хөдөлгөөнийг толгойлоод байж байна.
Биет бодит жишээ Иранд харагдсан. 1979 онд Иранд лалын хувьсгал ялжээ. Нөгөөх коммунист улсынх нь тоо нэгээр нэмэгдэх нь гэсэн хүлээлт Москвад үүсч, “Ардын хувьсгал” яллаа хэмээн бид хийрхэж байсан даа. Тэгэхээс ч аргагүй. Америкийн империализмын эсрэг иранчууд босч тэмцсэн юм чинь. Аятолла Хомейни тэргүүтэй хувьсгалын удирдагч–лам нар цөллөгнөөс эргэж ирэв ээ. Бузартсан эх орноо хүлээн аваад мэл гайхаж цэл хөхрөөд маргаашнаас нь лалын шиитийн дэг жаягаа тогтоох гэж үзэж таарчээ. Бүх шатны сургуулийг хааж үзэв. Их сургуулиудыг хэдэн жилээр хаав. Богино банзалтай кола уусан олон сая охид бүсгүйчүүлийг номд оруулах гэж цөхрөхдөө яргалал үйлдлээ. Гивлүүр зүүлгэх гэж эцсийн аргаа хэрэглэв. Лалын хувьсгалыг хамгаалах корпусынхан, хувьсгалын идэвхтэнүүдэд хүчил тарааж эрхийг нь өгөв. Гивлүүргүй яваа охид бүсгүйчүүлийн нүүрийг хүчлээр түлэх, нүдийг сохлох эрх хэрэгжив. Иран орон тэр дороо номдоо орлоо. Лалын ариун ёс, шиитийн ариун номын гэгээн мөр Иранд хэрэгжлээ. Ираны хувьсгалын зорилго ханажээ.
Афганистаны өнөөгийн тамын түүхийг эхлүүлсэн Зөвлөлт Холбоот Улсад их ял ногдоно хэмээн Талибанчууд үздэг юм билээ. Тиймдээ ч өс авахдаа хар тамхины зөөвөр, дүрвэгсдийн давалгаа, хуучин Зөвлөлтийн Дундад Азийн БНУ-ууд руу халдахыг чухалчилдаг. Зөвлөлтийн цэрэг тус улсад интервэнц хийхээр орж ирээд социалист хамтын нөхөрлөлийг (нэг идэвхтэй гишүүн нь тухайн цагийн БНМАУ) Афганистанаар тэлчих санаатай 10 орчим жил байлдаад цус урсгаж урсгаж эргээд гараад (бараг хөөгдөөд) явсан. Зөвлөлтийн түрэмгийлэгчдийн (Афганд ба баруунд, Хятадад ба лалын ертөнцөд яг тэгж үзсэн, нэрлэсэн) эсрэг афганчууд тусгаар тогтнолынхоо төлөө яг ч дайтаагүй юм. Буруу номтны эсрэг лалыншашны ариун дайнд мордсон ажээ. Шашнаа ариунаар мандуулна гэсээр байгаад л ялсан.
Шашнаараа цангаж үхэж байсан, шашнаа санаад өдрийн бодол шөнийн зүүд болсон доголон нулимстай Афганистаныг зэвсэглэсэн лам нар нь (мулла) хүлээн аваад 2002 онд хөөгдөж буусан.
Шашнаа алга болгуулах уу, шашнаа авраад, бүр VII зууных нь өнгө төрхөөр сэргээн мандуулах уу гэх их дайнд “Аль-Каеда”-тай мөр зэрэгцэн Талибан явж орчихсон. Зөвлөлтийн цэрэг орж ирсний гайгаар 10 жил бузартуулсан нийгмээ дөнгөн данган лалжуулж дуусч байхад нь АНУ ба НАТО цэрэглээд ороод ирсэн. Тэр нь 20 жил үргэлжилжээ.
Хоёр “бузар”-аас нийгмээ цэвэрлэх их үйлсийн өмнө Талибан ханцуй шамлан одоо зогсож байна. “Тэгж болохгүй”, “Ингэж болохгүй”-нуудаас зугтаасан улс л Кабулын аэрпортыг бүчин авчихаад тамаа цайж байгаа нь тэр юм...
Үргэлжлэл бий...
О.Баярхүү /baabar.mn/
Сэтгэгдэл (1)