Бид олон зууны өмнөх дайчин баатарлаг түүхээ нэг бүрчлэн мэдэж, бахархдаг хэрнээ ойрх цагийн түүхэнд тохиолдож өнгөрсөн үйл явдалд төдий л ач холбогдол өгөлгүй мартаж орхидог. Гэтэл бидний амьдрал, бидний ирээдүйд хамгаас чухал цаг хугацаа бол туулж өнгөрөөд үр дагавар нь ид үргэлжилж буй он жилүүд юм.
"Мартаж болохгүй 10 жил" цуврал нийтлэлээ бид Боловсролын салбараас эхлүүлж байна. Өнгөрсөн 10 жилд Боловсролын салбарыг гардан удирдсан сайд нар ямар хүмүүс байв. Тэд ямар бодлогыг үргэлжлүүлж, ямар бодлогыг эхлүүлж, тэдгээр нь ямар үр дүнд хүрэв?
2008-2012 он. Ёндонгийн Отгонбаяр:
12 жилийн сургалт + “Боловсрол” үндэсний хөтөлбөр + Кембриж стандартын хэдэн сургууль + "Дэлхийн Шилдэг 50" тэтгэлэг
С.Баяр болон С.Батболдын Засгийн газарт ажиллаж, бүрэн эрхийн дөрвөн жилээ гүйцээж чадсан Ё.Отгонбаяр сайд уг нь дипломат хүн. Түүнийг намын лидерийн хувиар, басхүү боловсролтой сэхээлэг улс төрчийн хувиар нам нь сайдад томилсон нь мэдээж. Тэрээр энэ дөрвөн жилд сайдаар ажилласнаас гадна 2016 онд МАН сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулахад дэд сайдаар ч ажиллаж байсан тул боловсролын салбарын сүүлийн 10 жилийн ажил хэрэгт хариуцлага үүрэх ёстой хүмүүсийн нэг.
2008 онд батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсролын салбарт хэрэгжүүлэх 32 ажлын талаар тусгасан. Мэдээж хэрэг бүх шатанд багш нарын чанарыг сайжруулж, сургалтын орчинг дээрдүүлэхийг зорьсон зорилтууд энд гол жин дарна. Дунд сургуулийн багш нарыг зөөврийн компьютэрээр хангах зорилт түүний үед үндсэндээ биелсэн бол орон нутагт усан бассейнтэй болно гэсэн зорилт зарим аймагт баригдаж дуусдаггүй балгас хэвээрээ байна. Дэвшүүлсэн зорилтууд ерөнхийдөө нүдэнд үзэгдэж гарт баригдах үр дүн, бодит тоон илэрхийлэл гэхээсээ тунхагийн чанартай учраас хариуцлага ярихад төвөгтэй.
Ё.Отгонбаяр сайдын үед Монгол Улс 12 жилийн дунд сургуулийн тогтолцоонд бүрэн шилжсэн билээ.
Ё.Отгонбаяр сайдын бүрэн эрхийнхээ хугацааны туршид ярьсан Кембрижийн хөтөлбөр нь өнөөдрийн нөхцөл байдал шиг өргөн эсэргүүцэлтэй тулгараагүй ч дөнгөж 2011 он буюу Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жил хагасын өмнө л хэрэгжиж эхэлжээ. Стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтийг аймгийн төв бүрээс тус бүр 1, Улаанбаатар хотоос 9, нийт 30 сургуулийг сонгож хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар туршилтийн ажлыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулиуд олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ хэмээн бадрангуйгаар мэдэгдэж байв.
Кембрижийн зөвлөх үйлчилгээг авч, дорвитой өөрчлөлт хийхийг эрмэлзсэн нь Ё.Отгонбаяр сайдын хувьд зоригтой алхам байсан. Гэвч уг хөтөлбөрийг нэгэнт хэрэгжүүлэх л байсан юм бол бүрэн эрхийнхээ хугацаанд бүтэн, илүү далайцтай хэрэгжүүлэх байж дээ гэсэн харамсал төрнө. Учир нь, энэ жилүүдэд Монгол Улсын эдийн засаг 17 хувь хүртэл өсөж байсан үе билээ. Ийм ч учраас өндөр зардал шаардах учраас өнөөдрийг хүртэл газартаа бууж өгөхгүй байгаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжих бол 2011 оноос хойш биш 2008-2012 онд л хэрэгжүүлэх байлаа. Харин Ё.Отгонбаяр 2016 онд дэд сайдаар томилогдсоныхоо дараа Өдрийн сонинд, “Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн шилжилт зургаан жил үргэлжилж байна. Дахиад хоёр жил хэрэгжүүлээд дуусгачихвал эцсийн үр дүнг нь үзнэ дээ” хэмээн ярьжээ.
Кембрижийн стандарт анхнаасаа л цөөн сургууль дээр, алсын хараа муутай хэрэгжиж эхэлсэн учраас өнөөдөр ч улам бүр газар авч буй боловсролын хүртээмж, тэгш бус байдлыг билэг тэмдэг болчихоод байна. Түүнчлэн үүнтэй зэрэгцэн яригдсан хос хэлний сургалтын асуудал өнөөдөр санаа зовоосон асуудал болж хувираад байна. Хос хэлний сургалтыг хоёр өнцгөөс харж болно. Нэгт АНУ, БНХАУ зэрэг олон үндэстэн, хэл соёлын нэгдэл болсон улсуудад хос хэлний сургалт хүний эрх талаасаа маш чухал зохицуулалт. Харин манай улсад Баян-Өлгий аймгаас өөр газар ийм хэрэгцээ байхгүй. БНХАУ-ын хос хэлний бодлого хэрхэн хүчирхийлэл болж хувирахыг бид Өвөр Монголын жишээн дээр хангалттай харж байгаа. Хоёрт, манайх шиг эх хэлээрээ хилээс гадна ярих боломжгүй жижиг орны хувьд хос хэлний сургалтанд болгоомжтой хандахаас өөр аргагүй. Манайд гадаад хэлний сургалтаа л чанаржуулж, хүртээмжийг нь нэмэх нь илүү чухал болохоос хос хэл гэж бухын баасаар баах шаардлагагүй. Өнөөдөр Монголд хөдөө орон нутгийн сургууль хотын сургуулиас, хотод байгаа улсын сургуулиас хувийн сургуулиудын гол ялгарч буй тэгш бус байдал нь гадаад хэл болон эх хэлний сургалт билээ.
Ё.Отгонбаяр сайдын үед “Дэлхийн шилдэг 50 их сургууль”-д суралцах эрх авсан оюутан залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даах шийдвэр гарсан. Ерөнхий сайд Сү.Батболд 2009 онд ШУТИС дээр Боловсролын салбарынхантай уулзах үеэрээ, “2010 оноос энэ сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж, ил тод, ойлгомжтой явуулахыг БСШУЯ-нд, Отгонбаяр сайдад үүрэг болгож байна. Чаддаг л юм бол ардын хүүхэд, албан тушаалтны хүүхэд аль аль нь явдаг байх ёстой. Гадаадад сурах эрхийг үндэс угсаа, хир чинээ, албан тушаал, танил тал харгалзахгүйгээр, зөвхөн мэдлэг чадвар нь тэнцсэн үзүүлэлтээр л эдлэх ёстой” хэмээн мэдэгдэж байв. Энэхүү тэтгэлгийн хэрэгжилт гэвч эдүгээ ямар байдалтай байгааг сануулах юун. Хамгийн сүүлд, эдүгээ АНУ-д Монгол Улсаа төлөөлөн сууж буй Ё.Отгонбаяр сайд монгол залуусыг гадаадад сургах ирмүүн ажлаа үргэлжлүүлэн, өөрийн ажиллаж байсан кабинетийн Ерөнхий сайд Сү.Батболдын хүүхдийн асуудлаар Колумбийн их сургуульд захидал бичсэн нь олонд ил болсон билээ.
Ё.Отгонбаяр сайдын үед 2010 онд 11 жилийн хугацаатай хэрэгжих “Боловсрол” үндэсний хөтөлбөр батлагдсан нь түүний хийж хэрэгжүүлсэн хамгийн даацтай ажил. Засгийн газрын шийдвэр ёсоор уг хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг 2021 оны наймдугаар сард гаргах ёстой юм. Зургаан стратегийн зорилт бүхий энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн талаар нийтлэлийн төгсгөлд ярилцсан нь зөв байх.
2012-2016 он. Лувсаннямын Гантөмөр:
Цөм хөтөлбөр + Их сургуулиудын өөрчлөлт + Төсвийн өсөлт + Японд 1000 инженер
Ардчилсан нам 2012 онд Х.Тэмүүжин, Л.Гантөмөр зэрэг хэд хэдэн залуучууддаа итгэл хүлээлгэн улс орны чухал салбаруудыг хариуцуулсан. “Шинэчлэл”, “Шийдэл” гэсэн хоёр сүржин нэртэй Засгийн газарт тэрээр дөрвөн жил бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллажээ. Өөрөөр хэлбэл Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр нар бол бүрэн эрхээ бүрэн хугацаанд хэрэгжүүлсэн сүүлчийн боловсролын сайдууд. Тэднээс хойш 5 жилийн дотор боловсролын салбар 6 дахь сайдынхаа нүүрийг үзээд байна.
Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө таван зүйлийг дэвшүүлсэн. Үүний нэг нь “Эрдэм боловсролтой-Монгол хүн” хөтөлбөр.
Л.Гантөмөр “чанарын шинэчлэл” гэдэг үгийг дөрвөн жилийн турш ярьсан. Харин багш нарын хувьд хэрэгтэй хэрэггүй цаас нэхдэг байдал Лу.Гантөмөрийн үед арай багассаныг дурсдаг. Хүүхдийн хүсэл сонирхол болон төрөлх ур чадварыг нь нээж, түүнд нь нийцүүлэн сургах гэсэн агуулгаар хэрэгжүүлж эхэлсэн “Авьяас” хөтөлбөр харин 2016 оноос зардал их шаарддаг шалтгаанаар нэр төдий хэрэгжих болжээ. Ямартай ч, Лу.Гантөмөрийн үед бага ангийн хүүхдийг дүнгээр дүгнэхээ больсон.
Лу.Гантөмөрийн үед сургуулийн өмнөх боловсролын стандарт бүрэн өөрчлөгдөж байв. Өөрчлөлт 2012 оноос эхэлж, 2014 онд 80 гаруй цэцэрлэгт туршиж, 2015- 2016 оны хичээлийн жилээс орон даяар нэвтрүүлжээ.
Лу.Гантөмөр Кембрижийн тогтолцоог шууд нутагшуулах биш үндэсний онцлогтой Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн нь түүнээс хойш томилогдсон улирлын шинж чанартай сайд нарын үед үндсэндээ өөрчлөгдөлгүй явж өнөөдрийг хүрсэн. Гэхдээ Лу.Гантөмөрийн үед жилдээ 3 тэрбум орчим төгрөгөөр авдаг зөвлөх үйлчилгээ үргэлжилж, математикийн хичээлийг 12 жилийн хугацаанд эзэмшүүлэх аргачлалыг Кембрижийн зөвлөх үйлчилгээнээс бүрэн авчээ. Одоогийн сайд Л.Энх- Амгалан ч, өмнөх сайд Ё.Отгонбаяр ч “Цөм” хөтөлбөрийн өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн алдаа, оноог тооцоод цаашид хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурийг хэвлэлд илэрхийлжээ. 2016 оноос “Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр” буюу ахлах ангийн хүүхдүүд ирээдүйн мэргэжлээсээ шалтгаалан хичээлээ сонгодог олон улсын чиг хандлагыг тусгасан хөтөлбөр туршилтаар хэрэгжиж эхэлсэн. Цөм хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн уран зохиолын хичээлийн агуулга танагдсан нь одоо ч шүүмжлүүлсээр байна.
Лу.Гантөмөр сайдын үед хамгийн их маргаан дагуулсан ажил бол Их дээд сургуулиудыг тойрсон асуудал байлаа. 10 жилийн өмнө Монгол Улс 817 мэргэжлээр элсэлт авдаг гайхамшигт улс байлаа. ЮНЕСКОгийн ISCED 2013 стандартын дагуу эдгээр замбараагаа алдсан мэргэжлийн индексийг 181 хөтөлбөр болгон цэгцэлсэн нь Лу.Гантөмөрийн багийн гавьяа. Энэ цэгцлэлтийг дагаад их сургуулиудын бүтцийг өөрчилсөн нь шуугиан дагуулсан ч өнөөдөр голдрилдоо оржээ. Харин боловсролыг улс төрөөс хараат болгох шийдлийг оллоо хэмээн тэрээр өөрөө олонтаа ярьж байсан ч дараагийн Засгийн газар нь хуульд өөрчлөлт оруулан, хуучин хэвэнд нь оруулсан байдаг.
Судалгааны их сургуультай болно, тийм учраас Шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажил эхлүүлнэ хэмээн мэдэгдэж, Мэдээлэл технологийн үндэсний паркийг МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснээ зарлаж байсан ч харамсалтай нь дараагийн сайдын нүүрэнд ажил болоогүй.
Ё.Отгонбаярын үед дэлхийн шилдэг 50 их сургуульд элсэж чадсан монгол хүүхэд Засгийн газраасаа тэтгэлэг авдаг болсон бол Лу.Гантөмөрийн үед 100 болон өргөжсөн. Мөн Япон улсад 1000 инженер бэлтгэх хөтөлбөр түүний үед эхлэлээ тавьж байв.
Лу.Гантөмөр өмнөх сайд Ё.Отгонбаяраас 2 дахин төсөв захиран зарцуулснаа өөрөө хэвлэлд хэлж байв. 2009-2012 онд 5 тэрбумыг их, дээд сургуулиудын судалгаанд хувиарладаг байсан бол Лу.Гантөмөрийн үед 60 тэрбум болж 12 дахин өссөн зэрэг харьцуулалтуудыг ажлаа өгөхөөсөө өмнө тэрээр хэвлэлд ярьжээ.
Их сургуулиудыг кампустай болгох ажлын ТЭЗҮ-г Лу.Гантөмөрийн үед хийж дуусгасан. Шинжлэх ухааны хот хэмээн томъёолж, Багануурт барихаар төлөвлөсөн уг ажлыг нугалахад 13 их наяд төгрөг хэрэгтэй, үүнээс 4 их наяд нь нэн тэргүүнд шаардлагатай гэсэн тооцоо гарч байв. Энэ бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй бараг дүйж, Дархан хотыг дахин барихын дайны аварга төсөл билээ. Гэхдээ сайд нь хэн ч байлаа гэсэн заавал хийх ёстой төсөл гэдэг нь гарцаагүй.
2016-2017 он. Жамьянсүрэнгийн Батсуурь:
Болохгүй + Чадахгүй
Техникийн их сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлсэн улс төрч Ж.Батсуурийг боловсролын салбарт өмнөх хоёр сайдын адил тогтвортой ажиллана гэж найдаж байсан ч асуудал жил хүрэхгүй хугацааны дараа орвонгоороо эргэсэн билээ.
Ж.Батсуурь сайд өмнөх сайд Лу.Гантөмөрийн боловсролын салбар дахь улс төрийн оролцоог багасгах зорилгоор батлуулсан Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг 6 хүрэхгүй сарын дараа өөрчилсөн нь боловсролын салбарт хийсэн хамгийн дорвитой ажил гэхэд хилсдэхгүй. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан 51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна” хэмээсэн дүгнэлт нь зургаан сар ч хэрэгжээгүй хуулинд арай л томдсон дүгнэлт байв. Цаад зорилго нь ердөө л их сургуулиудад эрх баригчдын улс төрийн нөлөөллийг сэргээх, улс төрийн хараат болгох байв.
Мөн л өмнөх хоёр сайдын үеэс дамнан хэрэгжиж, судалсан ахлах ангийн хүүхдүүд ирээдүйн мэргэжлээсээ шалтгаалан хичээл сонгодог болох шийдлийг, “Бэлтгэл хангагдаагүй, сурах бичиг нь зохиогдоогүй гэх мэт шалтгаанаар хойшлуулсан, боломжгүй зүйл” хэмээн зогсоож байв. Туршиж, хэрэгжүүлж эхлээд жил л өнгөрч байсан СӨХБ-ийн хөтөлбөрт ч тэрээр гар дүрч амжсан. Ингэхдээ хэлсэн тайлбар нь хачирхалтай: “манайд цэцэрлэгээс нь гадаад хэл, хөгжим, урлаг, сампин гээд олон төрлийн нэмэлт хичээл, тусгай хичээл орж байгаа нь бага насны хүүхдүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа. Тиймээс бид сургуулийн өмнөх боловсролд дэлхий нийтээр ямар жишиг барьж ажиллаж байна, тэр стандартад нийцүүлж боловсруулна”
Зөвхөн Ж.Батсуурь сайдын толгойд нэг стандарт байдаг, тэрэнд нь тохироогүй учраас боловсролын системд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлүүд бүгд буруу гэсэн муйхар хандлагаар тэр ажиллаж байсан нь нууц биш. Энэ үед хэвлэлд өгсөн ярилцлагуудаас сайд Ж.Батсуурь, өмнө нь сайдаар ажиллаж байсан дэд сайд Ё.Отгонбаяр нар Кембриж болон Цөм хөтөлбөрийн талаар эрс ондоо байр суурь баримталж байсан нь харагддаг. Зөрчил даамжирснаас яамны аппаратын ажилд нөлөөлж байгааг ч сэтгүүлчид шүүмжилж байв.
Ж.Батсуурь сайдын үед МАН- ын сонгуулийн амлалтуудын нэг Боловсролын зээлийн сан байгуулагдаж оюутнууд зээлээр сурах тогтолцоо сайжирсан. Мөн оюутны хөдөлмөр эрхэлтийг дэмжих “Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилсан.
Ж.Батсуурь сайд үндсэндээ нэг хичээлийн жилийн турш ажиллаад УИХ- ын шийдвэрээр огцорсон. Хэдий тэрээр УИХ-ын үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн эрх баригч намын гишүүн байсан ч түүхэнд анх удаа гарсан төгсөлтийн шалгалтын материал задарсан асуудал түүнийг санал хураалтаар огцроход хүргэсэн.
2017.06-2017.09 Гэлэгпилийн Чулуунбаатар:
Зуны амралтын сайд
Монголын философийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг Г.Чулуунбаатар боловсролын салбарт үндсэндээ “зуны амралт”-ын турш ажилласан тул үйл ажиллагааных нь талаар дүгнэх, ярих зүйл үндсэндээ үгүй.
Ямартай ч, тэрээр хичээлийн жилийн эхэнд багш нартай уулзахдаа, “Юуны өмнө үр дүнд суурилсан үнэлгээний стандарттай болох чиглэлээр дорвитой шинэчлэл хиймээр байна
Өнөөгийн монголын боловсролын хамгийн эмзэг, хамгийн сул зүйл бол үнэлгээний асуудал болж байна. Манай боловсролын үнэлгээний шаардлага, шалгуур, хэмжигдэхүүн, арга хэрэгсэл, арга зүй, тогтолцоо оновчтой бус, ойлгомжгүй, зарим тохиолдолд бараг ор нэрийн төдий зүйлс ч цөөнгүй байна. Бид сургалтын хөтөлбөрийг ч, сурагчийг ч, багшийг ч, байгууллагыг ч, үйлчилгээнийхээ үр дүнг ч бодитой, тодорхой, бүрэн үнэлж чадахгүй байна” хэмээн мэдэгдэж байлаа. Системд нь олон жил ажилласны хувьд академич Г.Чулуунбаатар дэлхийн хөгжингүй орнуудад хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог монгол улсад нэвтрүүлэх ч байсан байж болох юм.
Эрх баригч МАН-ын зөрчил чинээндээ тулж, Засгийн газраа огцруулсан учраас тэрээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
2017-2019 он Цэдэнбалын Цогзолмаа:
Боловсролын багц хууль + Ажил хаялт
МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Ц.Цогзолмаа 2017 онд “Боловсролын салбарт тэргүүлэх зэрэглэлийн бодлого тавьж Монгол Улсын хөгжлийн концепцод өөрчлөлтийг зайлшгүй оруулах шаардлагатай байна” гэж ярьсаар сайдаар сонгогдож байлаа. Яамны дунд түвшний удирдлагуудаас нэр цохон “Яг л пянз тавьчихсан юм шиг, ярьдаг юмаа л яриад суугаад байдаг” хэмээн шүүмжилж, салбарт бугшсан хариуцлагагүй байдлыг цэгцэлнэ гэдгээ ч зоригтой мэдэгдэж байв. Гэхдээ тэгж чадсан уу гэвэл үгүй юм. 2019 онд улс төрийн шалтгаанаар ажлаа өгөхдөө тэрээр, тухай үеийн ТНБД, одоогийн УИХ-ын гишүүн Б.Баярсайхныг ажлаас нь халах хэрэгтэй гэж хэлснээс харвал аппараттайгаа сайн ойлголцолгүй 1.2 жил ажилласан нь илт.
Ц.Цогзолмаа сайдыг багш нарын ажил хаялт угтсан. Түүхэнд тэмдэглэгдэхүйц ажил хаялтыг зогсоож, багш нарын цалинг нэмэгдүүлэх амлалт өгсөн ч биелэлээ ололгүй өдий хүрчихээд байна. Төрийн албан хаагчдад олгосон 300 мянган төгрөгийн нэмэгдлээр аргацаагаад өнгөрсөн билээ.
Ц.Цогзолмаагийн боловсролын салбарт хийсэн хамгийн даацтай ажил бол Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал. Ц.Цогзолмаа сайдаар ажиллаж байх үедээ уг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай хамтран боловсруулж, ажлаа өгсний дараа УИХ- аар анхны хэлэлцүүлгээр баталжээ. Хуулинд оруусан гол өөрчлөлт нь орон нутгийн удирлага сургууль, цэцэрлэгийн захирлыг өөрийн үзэмжээр халж сольдог байдлыг тасалж, энэ үйл явцыг илүү нарийвчилсан явдал юм.
Боловсролын салбарын мэдээллийн систем хэмээх цахим систем түүний үеэс ажиллаж эхэлсэн бол тусгай хэрэгцээт боловсролын асуудалд онцгой анхаарал хандуулж, мэргэжлийн багш бэлтгэх тэнхимийг МУБИС дээр байгуулж байлаа. ЭЕШ-ийн материалыг түүний үеэс шууд газар дээр нь засах болж, их дээд сургуулийн босго оноог 10-50 оноогоор нэмэгдүүлсэн юм.
2019-2020 он Ёндонпэрэнлэйн Баатарбилэг:
Багш нарын VII их хурал + Теле хичээл + Нураалт ба шав тавилт
Лу.Гантөмөрийн үед ихээхэн эрчимжсэн салбарын яам болон багш сурган хүмүүжүүлэгчдийн эргэх холбоог сайжруулах ажилд Ё.Баатарбилэг сайд ахин онцгой анхаарал хандуулсан юм. Хэрэгжээд чамгүй хугацааг үдсэн “Цөм” хөтөлбөрийг сайжруулах тал дээр сайд ихээхэн хүч тавьж, төв орон нутгийн багш нарын төлөөлөл, 44 мянган багшийг оролцуулсан хөтөлбөрийн нарийвчилсан мониторинг, сургалт хийж байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд хэт нүсэр агуулгатай гэж шүүмжлүүлэх болсон “Цөм” хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт оруулж, үр дүнд нь багш сурагчдад очих ачааллыг мэдэгдэхүйц хөнгөлснийг тэмдэглэх хэрэгтэй. Жил өнгөрүүхэн ажилласан бүрэн эрхийнхээ хугацаанд 21 аймагт ажиллаж, салбарт тулгамдсан асуудлаа эрэмбэлхийг хичээсэн сайд тийм ч олон биш болов уу. 934 эрхлэгч арга зүйчийг оролцуулсан сургуулийн өмнөх боловсролын мэргэжил арга зүйн дэмжлэг зөвлөгөөн ч хийж байв. 800 эрдэмтэн гэнэ дор цуглаж шинжлэх ухааны салбарын тулгамдсан асуудлуудыг тодорхойлж байлаа. 23 жилийн дараа Багш нарын долдугаар их хурлыг хийж, 2254 багшийн 5890 саналыг цахим, мессеж, биечилсэн байдлаар авч нэгтгэсний хамт 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулсан.
Ё.Баатарбилэг сайдын үед Ковид19 цар тахал эхэлж, бүх шатны боловсролын байгууллага цахим хэлбэрээр сургалтаа явуулж эхэлсэн. 30 зүйлийн заалт, шийдвэр бүхий тушаал гарч, цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоотой хамтран зохион байгуулсаар өнөөдрийг хүрч байна. Үүний хүрээнд сурагчдын дунд уралдаан тэмцээн зарлахыг хориглож, улсын шалгалтыг болиулах, ЭЕШ-ийг хойшлуулах зэрэг олон шийдвэр гаргасан.
Ц.Цогзолмаа сайдын үеэс эхлүүлсэн “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2030” баримт бичиг АХБ болон Японы элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Ё.Баатарбилэгийн үед боловсруулагдаж дууссан. Өмнөх бодлогын хөтөлбөрүүдийг бодвол нарийвчлал сайтай, бодит зорилтууд бүхий төлөвлөгөө болсныг энд онцлууштай байна.
2019 онд сүүлийн 10 жилийн хамгийн их хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийгдэж, нийгмийн ужгирсан асуудал болж хувирсан гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн асуудал үндсэндээ шийдэгдсэнийг мөн онцлууштай.
Ё.Баатарбилэг сайдын үед УДЭТ, УДБЭТ, Үндэсний төв номын сангийн барилгыг нурааж, шинээр барих асуудал босож ирсэн ч олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан шийдвэрээ буцааж байв. Байгалийн түүхийн музейг нураан, Зайсанд шинээр барих болж, буурин дээр нь Чингис хааны музейг барих, нийслэлд хоёр ч театр шинээр барьж эхэлсэн түүхэн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд дээр Ё.Баатарбилэгийн гарын үсэг үлдсэн. МАН сонгуульд ахин үнэмлэхүй ялалт байгуулсан ч, чамгүй эрч хүчтэй ажилласан Ё.Баатарбилэг сайдыг улируулан ажиллуулаагүй нь улс төрийн шийдвэр байсан нь мэдээж.
2020-2021 он Лхагвын Цэдэвсүрэн:
Боловсролын чанар-“F” + Дунд хугацааны хөгжлийн бодлого 2030
Аль тэртээ 1994 онд Соёлын сайд Н.Энхбаярын туслахаар ажиллаж эхэлснээсээ хойш Боловсролын яаманд тасралтгүй ажилласан хуульч Л.Цэдэвсүрэн 2020 онд Боловсролын сайдаар томилогдсон хагас жил гаруйхан ажиллаад 2021 онд кабинетийн хамт огцорсон юм. 15 сайдын нүүр үзсэн Л.Цэдэвсүрэн дарга энэ салбар дахь нэг семестрийн сайдуудын нэг.
Түүний үед 2018 оноос хойш Ерөнхий боловсролын сургалтын чанарт хийсэн хөндлөнгийн судалгааний үр дүн гарч, Ерөнхий боловсролын бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын чанар нийлбэр дүнгээрээ улсын дунджаас доогуур хувьтай гарсан Үүнээс улбаалан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг 60 хувь буюу ядаж “D” дүнтэй болох зорилт тавьсан гэж байгаа.
Ц.Цогзолмаа сайдын үеэс эхэлсэн Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн бодлого 2030-ыг эцэслэн боловсруулж баталснаас гадна Боловсролын багц хуулийн олон нийтийн хэлэлцүүлэг эхэлжээ. Түүнчлэн сувилагч мэргэжлээр суралцаж буй хүүхдүүд түүний үеэс төлбөртөө санаа зовохгүй болсон.
2021 он Лувсанцэрэнгийн Энх-Амгалан:
Салбарын санхүүжилт + Тахлын сорилт + Хүлээлт
Боловсролын сайд бүр томилогдсон даруйдаа ганц л үгийг тоть шиг давтдаг. “Салбарт тулгамдсан асуудлыг оношлоно”. Тэгээд эцэс төгсгөлгүй оношлолт эхэлнэ. Уг нь улс орны оюунлаг толгойнууд цугласан, ой санамж өндөртэй байж болмоор. Сайд бүхэн өөрийнхөөрөө онош тавиад, авралын элч царайлж боломгүй салбар. УИХ- ын танхимд боловсролын салбарын зохион байгуулалт, менежментийг ямагт шүүмжилж суудаг байсан монголын толгой тэрбумтан Л.Энх-Амгаланд ярьсан бүхнээ хийх боломж У.Хүрэлсүхийн кабинет гэрлийн хурдаас огцорсны дараа бүрдсэн. Лу.Гантөмөр, Ё.Баатарбилэг нар жирийн багш нартай эргэх холбоо үүсгэж, хөтөлбөрийн шинэчлэлийг чухалчилж байсан бол Л.Энх-Амгалан боловсролын салбарын инстуцийн хөгжилд илүүтэй анхаарч ажиллах нь анхны уулзалтуудаас нь л ойлгомжтой болсон.
Боловсрол, Шинжлэх ухааны байгууллагуудын санхүүжилтын асуудалд Л.Энх-Амгалан сайд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, анхны шийдвэрээрээ Багш нарын ур чадварын нэмэгдлийн гурван сайдын хамтарсан (ХНХЯ, БШУЯ, Сангийн яам) журам баталсан. Түүнчлэн өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг эргэж харах санал дэвшүүлж, салбарын санхүүжилтийг газар зүйн мэдээлэл, хүн ам зүйн нягтралтай холбосон механизмаар зохицуулдаг болох бодлого барихаа мэдэгдсэн. Түүнчлэн их дээд сургуулиудад шивээлсэн улс төржилтийг хумих, сургалтын үйл ажиллагаанд зарцуулах ёстой мөнгийг арилжааны банкинд байршуулдаг явдлыг таслан зогсоох талаар сануулга өгсөн. Өөрийн намынхаа залуу гишүүдийн лоббидсон Кембрижийн стандарттай сургуулийг өртөтгөх ажилд шуудхан “Үгүй” гэж хариулсан.
Боловсролын салбарт сүүлийн 10 жил ажилласан сайдуудаас Ж.Батсууриас бусад нь “Цөм” хөтөлбөрийг төгөлдөршүүлэн авч явах асуудал нам хамааралгүй нэгдмэл байр суурьтай байсан жишгийг дагахаа ч Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Л.Энх-Амгалан сайдын ажлын эхлэл олон хүний гайхшийг төрүүлж, хэтэрхий их пи-ардаж байна гэсэн хардалт ч төрүүлээд амжсан. Гэхдээ ковид19 цар тахал дарагдсаны дараа боловсролын салбарт тогтолцооны шинжтэй томоохон өөрлөлтүүд хийгдэх нь гэсэн хүлээлт нийгэмд нэгэнт үүсчээ.
Монгол төрийн түшээ оффисынхоо үүдэнд халдлагад өртсөн хоёр дахь тохиолдол Л.Энх-Амгалан байсан нь ч санамсаргүй хэрэг биш нь мэдээж.
1990 оноос хойш боловсролын салбар 31 жилийн дотор 17 сайд ажилласны 6 нь сүүлийн таван жилд ажилласан. Өөрөөр хэлбэл МАН халаагүй засагласан сүүлийн таван жилд монгол орны хамгийн чухал салбарт дунджаар 8 сар тутамд нэг сайд солигджээ. Л.Энх-Амгалан сайдын дундаж хугацаа удахгүй дүүрнэ. Түүнийг боловсролын салбарыг улс төрийн карьерийнхаа нэгэн гишгүүр болголгүй, ярьж, дэвшүүлсэн дэвшилтэт санаануудаа хэрэгжүүлнэ гэж найдах л үлдлээ.
Я.Баяраа /baabar.mn/
Сэтгэгдэл (3)