Хөдөөд соёлын үр тарина гэж өнгөрсөн зууны дунд үед нийтийг хамарсан зохион байгуулалттай ажил өрнүүлж, сумд Соёлын төв, Улаан булантай болсон. Тэндээ манайхан Ардчилал гарах хүртэл таанц эргэж соёлтой болдог байв. Түүнээс хойш бид нийгмийн шилжилт хийж, өөрчлөлт шинэчлэл явуулж 30-аад жилийг ард хийчихээд байна. Эргээд харахад алдсан нь ч байна, гэхдээ олсон нь олон.
Мэдээж соёл, урлаг бол чухал салбар. Харанхуй нийгмийн гэрэл, чийдэн нь байсан. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд Монголд хөдөөд том том Соёлын ордон барихаас илүүтэй үйлдвэр, цех шиг хэрэгтэй юм алга. Монгол орныг аялан тоглолтоор тойроод ирсэн дуучин аймаг, сумын төвд сүндэрлэсэн Соёлын төв, Соёлын ордонг бахархан ярьж байна. Мэдээж салбарынх нь хүн, таван жилдээ ганц удаа эх орноо тойрч, мөнгө олох гээд очоод дуулахад бэлэн тайз нь байвал түүн шиг олзуурхууштай юм тэр хүнд үгүй. “Бүр хязгаар, захын сумдад, төв замаас зайдуу сумдад Соёлын төв хэрэгтэй. Ийм соёлын төвөөр хөдөөгийнхнөө урлаг соёлтой байлгана” гэж урлаг соёлынхон эрх баригчдад нөлөөлдөг. Яг л өнгөрсөн зууны дунд үе шигээ сэтгэж, 330 гаруй суманд Соёлын төв барьж монголчуудыг гэгээрүүлье гээд улсын төсвийг үргүй зарцуулж байна.
Малчид лаа, дэн барихаа болиод 30 жил, утас барьдаг болоод 20 жил, гар утсаараа, гэрийнхээ зурагтаар концерт, кино үздэг болоод удаж байна. Заавал тоос манаруулж давхисаар ирж байгаа дуучинг хүлээж хамаг ажлаа хаяхгүй, гар утсаараа youtube рүү орж дуртай дуучныхаа, дуртай дууг хүссэн үедээ сонсчихдог болсон. Ийм атал хөдөөд тэрбум тэрбумаар нь Соёлын ордон босгож буй нь мөнгө олох биш, мөнгө үрж буй харамсмаар том жишээ. Соёлын ордон босголоо гээд улсын төсөвт үйлдвэрүүд шиг орлого, ашиг өгөхгүй. Үхмэл хөрөнгө, хөгцний үүр болоод л өмхөрдөг. Энэ бол зөвхөн Соёлын төв дээрх жишээ. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг ийм жишээ манай нийгэмд, салбар бүрд бий. Гаргаж буй санаа, хэрэгжүүлж буй төслүүд нь яг дээрх Соёлын төвүүд шиг төсвийн мөнгө үрсэн хий дэмий үрэлгэн ажлууд байдаг. Өнөөдөр Монголд мөнгө олох юм хэрэгтэй болохоос жилдээ ганц хоёр онгойдог, өндөр өртгөөр боссон хоосон “амбаарууд” хэрэггүй.
Монголчууд том үйлдвэртэй болж, өрх бүр бүтээгч, үйлдвэрлэгч болж түүнийгээ экспортоор гаргаж байж дараа нь урлаг соёлоо тааваараа тамшаалан мэдрэх боломж бүрдэнэ. Тэр хүртэл бидэнд хангалттай хүрэлцдэг урлаг соёлын арга хэмжээ бий. Бидэнд мөнгө үрсэн, ашиггүй царцсан хөрөнгө оруулалт биш ашигаа өгдөг, мөнгө олж, амьдралд бодит хувь нэмэр оруулдаг үйлдвэр, ажлын байр чухал. Монголд “Манай суманд шинэ Соёлын төв нээгдлээ” гээд баярладаг бол гадаадад улс нийтээрээ “Үйлдвэртэй боллоо. Үйлдвэрийн тууз хайчлах ёслол боллоо” гэдэг мэдээг чухалчилж үздэг.
БНСУ бол хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа үйлдвэрлэгч орон. Тус улс энэ салбартаа тэргүүлэгч болж чадсан түүх нь тун энгийн. Солонгосчууд эрт үеэсээ л усан онгоцоо өөрсдөө хийж, дотоодын хэрэгцээгээ хангадаг байж. Хэн нэг сийрэг толгойтой нь “Бид энэ онгоцуудаа гадаадуудад заръя” гэж. Түүний энэ санал амжилт олж усан онгоцоо гадаадад заржээ. Хамгийн анх гадаад руу усан онгоцоо экспортолсон гэдэг баярт мэдээг солонгосчууд монголчууд олимпоос тамирчин нь алтан медаль авахаар догдлон баярладаг шиг л тэгж хүлээн авч баярласан байдаг. Экспортоор гаргасан хөлөг онгоцны мөнгөний шилжүүлгийн баримтыг холбогдох албаны хүн нь гартаа чанга гэгч нь бариад Хөх ордон руу явганаар гүйж хүргэсэн байдаг. Яг энэ мөчийг олон сая солонгосчууд зүрх даран хүлээж байсан гэдэг. Яагаад вэ гэвэл солонгосчууд хөлөг онгоц үйлдвэрлээд гадагшаа борлуулбал хойшид улс нь баяжина, иргэд нь хангалуун амьдарна гэдэгт итгэж байсан. Олон зууны өмнөөс гараараа хийж ирсэн усан онгоцыг нь гадны хүн өндөр үнээр худалдан авна гэдэгт эргэлзэж байсан эргэлзээ нь тэр мөчид бүрмөсөн алга болсон гэлцдэг. Тэдний итгээд, зүтгэж байсан зүтгэл нь ийнхүү бодит ажил болж, усан онгоцны үйлдвэртэй болвол мөнгө олоод байж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний том итгэл найдвартай болж чаджээ. Энэ үеэс Солонгосын ард түмэн дор бүрнээ хичээж, үйлдвэрийн газруудад ажилд бүртгүүлсэн байдаг. Ингээд тус улсын эдийн засаг хурдацтай өсч, үүнийг дагаж экспорт нь өсч яваандаа Хонконг, Сингапур, Тайванийн хамтаар “Азийн дөрвөн бар” гэж хүртэл “өргөмжлөгдсөн”. БНСУ дэлхийд экспортын хэмжээгээрээ тавдугаарт орж байна. Солонгост төвтэй үндэстэн дамнасан Samsung, Hyundai, SK, LG, Lotte, Hanjin, Kumho, Doosan зэрэг экспортод чиглэсэн компаниуд нь улсынхаа ДНБ-ий 90 хувийг бүрдүүлж байна. Энэ бүхэн бол дээр өгүүлсэн анх хөлөг онгоцоо экспортолж, мөнгө олж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний итгэл, үнэмшилтэй болсонтой холбоотой гэж эдийн засагчид, шинжээчид тайлбарладаг.
Монголд дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтууд чухал. Төмөр зам бол бидэнд ойрын үедээ, алс хэтдээ асар их хэрэгтэй. Гэхдээ түүгээр мөнгө нэмж мөнгө олох боломж хараахан бүрдээгүй байна. Мэдээж угтуулж хийсэн бүтээн байгуулалт. Харин өнөөдрийн Монголд хээр байгаа төмөр замаас илүү Замын-Үүдэд ганц төмөр зам шилжүүлэгч барьчихвал ачаа барааны эргэлтийг хурдлуулна. Ачаа барааны голлох гэж хэлж болох Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ үед ганц шилжүүлэгчтэй болчиход мөнгө олох үйл явц хурдаа нэмж л таарна. Үүн шиг монголчууд бид алс хэтээ харах, холын зорилгоо тодорхойлохын зэрэгцээ өнөө маргаашдаа мөнгө олох боломжуудыг нарийн харах хэрэгтэй юм.
Бид үндэсний хэмжээний нэг том үйлдвэртэй болж, бараа бүтээгдэхүүнийг нь экспортлоод эхэлчихвэл таны, миний гэлтгүй бүгдийн маань амьдралд шууд болон шууд бусаар тусаа өгнө. Гангийн ганц үйлдвэртэй болчиход л Монгол Улс дэгжинэ. Нефть боловсруулах ганц үйлдвэр босгоход л болоод явчихаж байгаа юм. Байг гэхэд Монгол орны эко, эрүүл хүнсний ганц бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч чадвал тэр чинь бидний амжилт.
Өнөө маргаашийн зугаа цэнгээ, хий хоосон мөрөөдлөөр босгосон элдэв байшин сав, хөшөө босгох биш бүтээгдэхүүн, бараа хийдэг үйлдвэртэй болъё. Үйлдвэр, үйлдвэрийн хотуудтай болвол бид экспортоороо амьдраад байж дөнгөнө. Гол нь бид юм үйлдвэрлээд, түүнийгээ экспортолж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Чанартай бараа бүтээгдэхүүнээ тогтвортой үйлдвэрлээд байвал гадны баян орнууд тоож л таарна. Мөнгө олох, үрэх хоёроо ялгаж, хий хийсвэр юмаа түрдээ хойш тавьж, мөнгө олох арга зам, үйл ажиллагаанд нийтээрээ анхаарч үйлдвэрлэгч орон болохын төлөө энэ агшинаас эхэлж итгэх хэрэгтэй юм. Бидэнд хүч чадал, эрдэм мэдлэгтэй инженерүүд хангалттай бий. Монголчуудад байгалийн нөөц баялаг, талбай, ажлын хүч хангалттай байгаа. Харин мөнгө олно, мөнгө олж чадна гэдэг итгэл хомс гэдэг нь үнэн. Ганц хөлөг онгоцноос эх орноо дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болгосонтой адил асар их итгэл найдвар монголчуудын зүрх сэтгэлд бий.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)