Улаанхуаран дахь Барилгын цэргийн 017-р ангид осол гарч, 22 настай ахлагч хүнд гэмтэл аван эмнэлэгт үхлүүт байдалтай байгаа талаар "Өдрийн сонин" мэдээлжээ. Осол бямба гаригийн орой гарсан боловч одоо болтол хэний буруугаас, ямар шалтгаан, нөхцөл байдлын улмаас осол гарсан талаар Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-аас ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.
Хохирогчийн эгчийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл осол шөнийн 23 цагийн орчимд болсон, тухайн алба хаагчийг хамгаалалтын бэхэлгээ, малгайгүй дээш нь гаргасны улмаас өндрөөс унаж, хүнд гэмтэл авсан байна. Ослын улмаас ахлагчийн тархи нь бяцарч, хагалгаа хийх буюу эмчилгээ авах боломжгүй болсон тул эмч нар зөвхөн өвчтөний зүрх зогсохыг хүлээж байгаа гэв.
Барилгын цэргийн 017-р анги бол цэргийн байгууллагын барилга байгууламжийг барьдаг, 500 гаруй алба хаагчтай мэргэжлийн цэргийн ганц анги. Хугацаат цэргийн албан хаагч байхгүй. Тиймээс үйлдвэрлэлийн осол гараад байдаггүй. Гэтэл осол гарсан шалтгаан гэнэтийн ямар нэг онцгой нөхцөл байдлаас биш, ердөө хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөнөөс болсон байна.
ЗХЖШ-ын даргын баталсан журмаар оройн 19.00 цагаас хойш буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед үйлвэрлэл, техникийн ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг ч тус анги дээр энэ журам зөрчигдөөд удаж байгаа бололтой. Хохирогчийн эгчийн хэлснээс үзвэл сүүлийн сар гаруйн хугацаанд тус анги алба хаагдаа шөнийн 01.00 цаг хүртэл цаг сунган ажиллуулж байсан гэв. Харин энэ уртасгасан цагийн хувиарт хэний, ямар тушаал шилжиж ажилласан тухай анги нэгтгэлийн дарга нар ам нээхгүй байгаа.
Дээрээсээ доошоо тушаалаар явдаг цэргийн анги байгууллагын хувьд дан ганц ангийн дарга захирагч дур мэдэн цаг сунгаж ажиллуулах боломжгүй нь тодорхой. Мөн хэний тушаал, заавраар цаг сунгаж ажилласан тухайд хариулт хэлж чадахгүй байгаагаас үзвэл дээрээсээ эхтэй заавар тушаал байсан байх магадлалтай. ЗХЖШ-ын даргын баталсан журмыг Жанжин штаб өөрөө зөрчиж чадна, өөр бусад нь зөрчих боломжгүй гэсэн үг.
Тиймээс цэргийн албан хаагчийн аминд хүрсэн энэ ослын буруутанг хайхдаа дан ганц анги нэгтгэлийн дарга, удирдлагаар хязгаарлаж болохгүй гэдэг нь ойлгомжтой байна. Хамгаалалтын бэхэлгээ, малгайгүй ажиллуулсан нь анги нэгтгэлийн, алба хаагчдын буруу байлаа гэхэд ажлын цагийг уртгасгаж, шөнийн цагаар ажиллуулсан бурууг ЗХЖШ-ын дарга, удирдлага хүлээх ёстой.
Б.ЗАЯА