Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс “РЖД” НХН-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Алеексеевич Павловт 2021 оны долдугаар сарын 30-нд албан бичиг илгээж “УБТЗ” ХНН-ийн даргаар УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхээр санал болгожээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Л.Халтарын УБТЗ-д хашиж байсан ажлын “залгамжлагчаар” ажилладаг гэсэн үг.
“УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга нь Нийгмийн асуудал, УБТЗ-ын харьяаны бүх орон сууцнууд, түүний барилгын ажил, барих болон засах бүх ажлуудыг хариуцдаг. Үүнээс гадна УБТЗ-ын харьяаны эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлдэг.
Энэ албаа хашсан байдлаас харахад АТГ-аас анхаарч шалгаж тогтоох ёстой ноцтой алдаа цөөнгүй байна. Юуны өмнө түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн “Грийн пеллет” ХХК нь ашиг сонирлын зөрчилтэй байж болзошгүй цементийн үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг байх юм. Үүнийг хардахад илүүдэхгүй.
Бусад зөрчлийн тухайд:
1.Мааньт өртөөний 24 айлын орон сууцны барилгын 2 давхрын ажилд зарцуулагдах 128,220,200 төгрөгийн материалыг урьдчилсан гүйцэтгэл тооцож хаасан байдаг.
Дээрх 128,220,200 төгрөгийн материал газар дээрээ бүрэн байхгүй ба 107,883,571 төгрөгийн материалыг хүлээлцсэн акт үйлдсэн боловч 20,336,634 төгрөгийн материал огт байхгүй одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байна.
Захиалагч талаас Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярмагнай, гүйцэтгэгч талаас Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга Б.Батцэнгэл нар харилцан тохиролцон 2019 оны 03-р сарын 29-ний өдөр 08-2019 тоот “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулжээ.
Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга Б.Батцэнгэлийн “Барилга хариуцан бариулагч томилох тухай” тушаалаар Мааньт өртөөний 24 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хариуцан бариулагч инженер, засварын даамал нарыг тус тус томилон ажиллуулсан байдаг.
Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын өгсөн үүргийн дагуу Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах инженер Я.Тэрбиш ахалсан комисс барилга угсралтын ажлын явцыг шалгасан байна. Шалгалтаар үүссэн зөрчлүүдийг арилгахаар дараах шийдвэрийг гаргасан.
Үүнд:
• Зоорийн давхрын бетон шал хөлдөж, бутарч барилгын норм дүрмийн шаардлага хангахгүй байгааг дахин буулгаж БНбД52-01-10-ын шаардлагад нийцүүлэн шинээр цутгах.
• 1-р давхрын гадна ханын өнгөлгөөтэй өрлөгийн ажлын “Г” тэнхлэг дагуух өрлөг барилгын норм, дүрмийн шаардлага хангахгүй болсон тул буулган угсрах.
• Тагтны 6 ширхэг хавтан буулгаж угсрах.
• ДЯ маркын 11 ширхэг, Я маркын 33 ширхэг ялуу буулгаж угсрах.
• Хучилтын 29 ширхэг хавтанг хуулж угсрахаар үүрэг өгсөн байна.
Барилга, орон сууцны албаны даргын “Үүрэг даалгавар өгөх тухай” тушаалаар барилга угсралтын ажилтай холбоотой гарах зардлыг тухай бүр тооцож, УБТЗ-ыг хохиролгүйгээр ажлыг хэвийн хэмжээнд зохион байгуулан 1-р давхрын өрлөгийг бүрэн хийлгэн Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангид хүлээлгэн өгөх ажлыг Барилга ашиглалт, үйлчилгээний 2-р ангийн дарга Т.Энхбаатарт даалгасан байна.
Барилга угсралтын ажлын хохирлын хэмжээг тооцоход барилгын буулгалтын ажил 32,857,160 төгрөг, буулгасан барилга угсралтын ажлын өртөг 129,218,537 төгрөг нийт хохирлын хэмжээ 162,075,697 төгрөгийн тооцоо байдаг.
Энэ бүхэн төсвийн бус төрийн өмчид хохирол учруулсан эрүүгийн ноцтой хэрэг мөн. Ийм хэрэгт мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг шаардахаа больсон хуулийн өөрчлөлт үйлчлэх болсон.
Мөн үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Бэлэндалайн барилгад их цемент дутсан.Татсан цементээ өөр барилгын компани руу шилжүүлсэн байдаг. Энэ талаар Замын дарга агсан Д.Жигжиднямаа машид дургүйцэж арга хэмжээ авах шуурхай хуралдаан зохион байгуулж байсан нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн билээ.
Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын зээлийн хөрөнгөөрДорноговь аймгийн Алтанширээ сумандбаригдаж буй нефьтийн үйлдвэрийнтөмөр замын өртөөний барилгын ажлын төсөвт өртгийг санаанд оромгүйхэт өндөр дүнгээр нэмэгдүүлсэн ноцтой асуудал одоо болтол хууль, хяналтын байгууллагаар шалгагдахгүй байна.
УБТЗ-д хохирол учруулсан эдгээр хэргийг “РЖД” мэдээгүй байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Харин энэ мэт баримтууд шил шилээ даран гарах яг эгзэгтэй мөчтэй уралдан Ц.Хүрэлбаатартай хариуцлага тооцохын оронд түүнийг Замын дарга болгоё гэсэн албан захидал илгээсэн нь “РЖД”-г “малласан” хэрэг үү, эсвэл сориод байна уу? Ямар хариу ирэхийг хамтдаа хүлээж суух л үлдэв.
У.Оргилмаа /baabar.mn/