Токио-2020 олимпийн наадам эхлээд дөрөв дэх өдөртэйгээ золгож байна. Энэ дөрөв хоногийг монголчууд нэг медаль нэлээд хэд хэдэн хэрүүлийн сэдэвтэй үдэв. Түүнээс хамгийн их шүүмжлэл дагуулсан нь олимийн наадамд манай баг тамирчдыг дагалдан явсан дарга нарын тоо. Энэ удаагийн олимпод манай 43 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж байгаа. Үүнээс нэлээд нь тэмцээнээ өндөрлөөд нутаг буцах тийшээ хандав.
Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдөж, нэг онооны дутуугаар финалаас хасагдсан Ц.Анударь "Оноог маань хараад, хэлээд зөвлөөд өгөх багштай явсан бол илүү дээр байх байлаа. Хэдэд явж байгаагаа ч харж чадалгүй тэмцээнээ дуусгасан. Анхны олимп болохоор туршлага дутлаа" хэмээн ярьсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгов. Харин түүний эсрэг дүр нь Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан болов. Өнгөрөгч долоо хоногт олимпийн нийслэл рүү ниссэн манай хоёрдугаар ээлжийн баг тамирчдын бүрэлдэхүүнд 72 хүн багтсаны 33 нь тамирчид, 39 нь албаны хүмүүс буюу дарга нар байсан тухай өмнө мэдээлсэн. Тэдний тоонд П.Цагаан гуай багтаж, шигшээ багийнхны хувцсыг өмсөн дуранд өртсөн нь олны шүүмжлэлийг дагуулав. Хоёр тамирчин нь олимпийн эрх авсан Монголын байт харвааны холбооны хоёр дарга /нарийн бичгийн даргатайгаа хамт/ ганц дасгалжуулагчтай явжээ.
Ц.Анударийн дасгалгалжуулагч яагаад олимпод яваагүй талаар МҮОХ-ноос хийсэн тайлбарт “Олон улсын олимпийн хорооны Олимп зохион байгуулах хорооны шийдвэрээр эрх авсан тамирчдын 55 хувьд нь дасгалжуулагчийн квот олгосон. Гэхдээ бусад албаны квот дээр хэрэгтэй, хэрэггүй олон хүн явсан. Тэд өөрсдийн мандатаа дасгалжуулагч нарт өгч болох байсан” гэсэн байна. П.Цагаанд ч гэсэн тийм сонголт байсан гэсэн үг. Тиймээс “хэрэгтэй, хэрэггүй” гэдэг ангилалд МҮОХ, Спортын холбоодын нэр дээр явсан дарга нар өөрсдөө багтаж байгаа юм. 43 тамирчинг 40 шахуу дарга даамлууд дагалдсан гээд бод доо.
Өчигдрийн тухайд П.Цагааны нэр гарсан шүүмжлэлийн эсрэг түүнийг өмөөрсөн, хаацайлсан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр хайр гамгүй цацав. Монголын байт харвааны спортыг төлөөлдөг, хувийнхаа хөрөнгөөр Яармагт мөсөн өргөө барьсан, өвлийн спортыг хөгжүүлэхийн төлөө яваа ачтай буянтай хүн... гэх мэтээр өмгөөлж хамгаалж, хэрэлдэж байна.
Энд нэг зүйлийг тодруулахад, асуудлын гол нь П.Цагаан хэр зэрэг мөнгөтэй, хөрөнгөтэй, хэр их буян хийсэн, хандив өргөсөн, эсвэл ирэх жил болох өвлийн олимпод хэр их хувь нэмэртэй тухай биш юмаа. Монголын тамирчид энэ удаагийн олимпод ямар амжилт гаргах вэ, хэн юугаар тусалсан, дэмжсэн, эсвэл ядаж гай болоогүй тухай л юм. Хэрвээ спортод хандив өгсөн, хөрөнгө оруулсан тухайгаа ярьвал үндэсний хэмжээний бүх компаниуд, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс авахуулаад MCS, Хаан банкны захирлууд бүгд олимпод явах, үзэх эрхтэй. Коронагаас өмнө тийм л байсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал олимпийн тэмцээн үзээд сууж байхад бид юу ч хэлж байгаагүй.
Ялгаатай нь энэ удаагийн олимп үзэгчгүй олимп. Коронавирусийн халдварын улмаас олимп зохион байгуулж байгаа орон нь өөрөө ингэж шийдсэн. Гэтэл манай дарга нар тамирчдаа дэмжих гэж биш, өөрсдөө зугаацах, эрх дархаа мэдэрч, "эго"-гоо тэжээхийн тулд олимпод яваад байгааг иргэд шүүмжлээд байгаа юм.
Түүнийхээ оронд нэг ч гэсэн дасгалжуулагч, нэг ч гэсэн спортын сэтгэл зүйч эмчийг өөрийнхөө квот дээр явуулсан бол, ядаж л олимпод оролцож байгаа тамирчдынхаа амрах буудал, хоолны мөнгөн дээр хэмнэлт хийдэггүй бол тэр нь жинхэнээсээ дэмжлэг болох байлаа. БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр жишээ нь “Би Токио яваад тамирчиндаа тус дэм болж чадахгүй ээ, хэрэгтэй хүнийг нь явуулъя” гээд өөрийнхөө мандатыг тамирчныхаа эмчид өгсөн л байна шүү дээ. Ийм л дэмжлэгийг хүсээд байгаа юм. Гэтэл П.Цагаан гэдэг хүн өвлийн спортыг дэмждэг, хөрөнгө оруулдаг байлаа гээд тэр нь Байт харвааны төрөлд өрсөлдөж байгаа баг тамирчдад ямар нэмэртэй вэ?
Асуудлын гол нь П.Цагаан гэдэг хүнд биш. Өнөөдөр манай тамирчид олимпод ямар амжилт үзүүлж, түүнд нь юу саад болж байгаад л асуудал байна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)