x

Шатахуун нэвчсэн хөрсийг эрүүлжүүлэх ажил НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД шилжжээ

Дархан-Уулаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний есөн вагон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт унаснаас их хэмжээний түлш асгарч, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан явдал сар гаруйн өмнө болсон. Хамгийн аюултай нь осол болсон газраас 10 хүрэхгүй км-ийн цаана Орхон гол урсаж байв. Зарим байгууллагынхан, орон нутгийн хүмүүс тухайн үед “Хөрсөнд нэвчиж, тархсан шатахуун Орхон голд хүрсэн” хэмээн мэдээлж, агаараас авсан зураг цахим сүлжээнд нийтэлсэн бол Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс үүнийг үгүйсгэж, “Ослын газраас 500 метрийн зайд байсан борооны тогтоол усанд шатахуун орсон. Орхон голд хүрээгүй. Гурван газраас авсан дээжийн шинжилгээнд үндэслэн хорт бодисыг саармагжуулж, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шат дараатай авна” гэж мэдээлсэн. БОАЖЯ, МХЕГ, УБТЗ зэрэг холбогдох байгууллагынхан ч ийм байр суурь, мэдээллийг өгсөн юм.

 

Энэ хэрэг явдлаас 10 гаруй хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Ононтой холбогдоход “Шатахуунтай долоон вагоны дөрөв нь хоосорч, 150.5 тонн түлш асгарсан. Бохирдсон газрын хэмжээ гурван га талбайг хамарсан. Хөрсний өнгөн хэсгээс 50 см хүртэлх гүнд шатахуун нэвчсэнийг лабораторийн шинжилгээгээр тогтоогоод буй. Хөрс, усны дээжийн хариуг эцсийн байдлаар ирүүлээгүй. Одоогоор бохирдсон хөрсийг хуулж, хорт бодисыг саармагжуулах, ариутгах ажлыг холбогдох мэргэжилтнүүд технологийн дагуу гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

150 тонн түлш гэдэг бол байгальд үлэмж аюул учруулахаар хэмжээ. Гурван га газар бохирдсон гэж тогтоосон нь мөсөн уулын орой төдий үзүүлэлт. Шатахуун зөвхөн хөрсийг доройтуулаад зогсохгүй хорт нэгдлээ агаар мандалд ч түгээж, гүний усыг бохирдуулан, тухайн орчны амьтан, ургамлыг устгадаг. Агаар дусал болон ундны ус, бэлчээрийн ургамлаар дамжин хүний эрүүл мэндэд ч аюул заналхийлдэг. Ийм олон замаар хоруу чанараа түгээж, хөрсөнд удах тусам нүүж, нэвчдэг учир шатахуун асгарсан газрыг хугацаа алдалгүй “эмчилж”, цэвэр шүүлэх ёстой гэнэ. Гэтэл дээрх ослоос үүдэлтэй ул мөрийг арилгах, цэвэршүүлэх ажил удаашралтай байгааг Орхонтуул сумын холбогдох албан тушаалтан хэллээ. Тэрбээр “Төмөр замын эвдрэлийг засаж, хөдөлгөөнийг хэвийн болгосон тухай л яриад буй. Тухайн хэсгийн газрыг хэзээ урьдынх шиг хэвийн болгож, эрүүлжүүлэх вэ гэдэг л чухал байна. Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон нь ч тодорхойгүй. Уг нь орон нутгийнханд энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь өгөөд, ажлын үйл явцыг танилцуулах ёстой. Мэдэхгүй хүмүүс тэр хавьд нутаглаж, малаа усалж, идээшүүлэх вий гэдгээс эхлээд асуудал их” гэж ярьсан юм.

Ослоос хойш 10 гаруй хоног өнгөрөхөд хариуцсан байгаль орчны байцаагч нь шинжилгээний хариугаа хүлээж аваагүй, “Бохирдсон хөрсийг технологийн дагуу саармагжуулж, ариутгаж байгаа” гэхээс өөр мэдээлэлгүй суусан нь дээрх иргэний яриа үнэний ортойг батлах мэт.

Шатахуунаар бохирдсон хөрсийг голдуу механик болон физик-химийн аргаар цэвэршүүлдэг юм байна. Механик арга гэдэг нь газрын гадаргуу дээр тогтсоныг нь тусгай зориулалтын шахуургаар соруулж, нэвчдэстэй хөрсийг хуулж авахыг хэлдэг. Харин физик-химийнх нь хөрсийг тусгай бодисын уусмалаар, дараа нь усаар шүршиж, цэвэршүүлэхийг хэлдэг гэнэ. Элс, хөвд, модны үртэс, нунтаг керамзит (хүрмэн чулуу) зэрэг тос шингээх чадвар сайтай материалуудыг ашигладаг аж. Ховор тохиолдолд гуминий хүчил, бичил биет ашигладаг биотехнологийн аргыг хэрэглэдгийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Байгаль хэллээ. Тэрбээр “Их хэмжээний шатахуун асгарч, тэр нь хөрсний өнгөн хэсгээс 50 см хүртэлх гүнд нэвчсэн бол механик аргаар цэвэршүүлж буй болов уу. Эрүүл болон нэвчдэс бүхий хөрсийг тусгаарлаж, бохирдлыг хязгаарлахын тулд хуулалт хийхээс өөр аргагүй. Манай улсад голдуу бохирдсон хөрсийг хуулж, сийрэгжүүлсний дараа эрдэс бордоогоор бордож, өвс, ургамал тарьдаг. 50 см хүртэлх хэсэгт нэвчсэн гэхээр нэлээд гүн бохирдсон гэсэн үг. Үе шаттай, нарийн технологийн дагуу эмчлэхэд багагүй хугацаа шаардана. Бас тууштай байдал чухал” гэв.

Энэхүү ажлын явц одоо ямар шатандаа яваа, хөрсийг хэрхэн эмчилж байгаа, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон талаарх тодорхой мэдээлэл авахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагынхантай холбогдоход нэг нь ч дорвитой зүйл хэлсэнгүй. Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрынхан “Мэдээлэл өгөх боломжгүй. Мэргэжлийн хяналтын газраас тодруул” гэв. Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Нансалмаа “Цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, байгаль орчин, төмөр замын байгууллагын 370 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан. Хөрс саармагжуулах, ариутгах шатны ажлыг гүйцэтгэсэн. Тухайн хэсгээс гурван удаа дээж авсан” гэв. Харин Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч н.Бат-Эрдэнэ “Бид чиг үүргийнхээ дагуу зорчих хөдөлгөөнийг хэвийн болгох арга хэмжээ авч, шатахуун нэвчсэн хөрсийг саармагжуулсан. Одоо тэнд хийж буй ажлын талаар мэдээлэх боломжгүй. Дууссаных нь дараа хэлье” гэв. “Хохирлын хэмжээг хэрхэн тооцож, үнэлсэн бэ” гэхэд “БОАЖГ, МХГ-ынхнаас асуу” хэмээсэн юм. Уг нь байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, хөрсний бохирдлыг цэвэршүүлэх ажлыг ингэтлээ нууцалж, цааргалах шалтгаан үгүй. Гагцхүү олон нийтийн зүгээс ирэх шүүмжлэлээс жийрхсэн хэн нэгэн даргын тушаал, болгоомжлол энэ асуудлыг “нууцын зэрэглэл”-д оруулсан байж болзошгүй.

Ачааны вагон осолдсон хэрэг гарах бүрт Зам, тээврийн хөгжлийн сайдаас авхуулаад УБТЗ-ын удирдлага гээд олон хүний сандал суудал ганхаж, “аюулгүй байдал” алдагддаг. Энэ удаагийн осол гарсан даруйд ч холбогдох байгууллагууд үгссэн мэт мэдэгдэл хийж, Л.Халтар сайд “Галт тэрэгний зам борооны усанд автаж, эвдэрснээс вагон унасан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс боллоо” гэж мэдээлсэн юм. Ослын шалтгааныг өөрөөсөө холдуулж, санаа амраад байтал асгарсан шатахуун нь гол руу нийлсэн, хөрс гүн бохирдуулсан, байгаль орчинд их хэмжээний хор хохирол учруулсан гэсэн мэдээлэл түгвэл сайд болон холбогдох бусад байгууллагын удирдлагын чихийг халууцуулах нь лавтай. Гал дээр тос нэмсэн хэрэг болох нь дамжиггүй. Энэ бүхнийг тооцоолсон уу, эсвэл зуны налгар өдрүүдэд орон нутагт ажил ийм байдлаар өрнөдөг үү, ямартай ч шатахуунд “түлэгдсэн” хөрсийг эрүүлжүүлэх, эмчлэх үйл явц бүрхэг, нууцлаг болжээ.

2019 онд баталсан Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрт “Хими, биологийн болон бусад төрлийн хорт бодисоор бохирдсон хөрс бүхий нийт газрын 50 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 20 хүртэлх хувийг бүрэн нөхөн сэргээж, дахин эргэлтэд оруулна” гэж заан, холбогдох журамд тусгасан юм билээ. Орхонтуул сумын Шар-Ус багийн нутаг дахь гурван га газрыг үүний дагуу орон нутаг нь хэзээ тусгай хамгаалалтад авч, холбогдох байгууллагууд бүрэн эмчлэхийг таашгүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 16 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 30 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 40 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top