(1990-2005 оны хооронд монгол судлаачийн хийсэн ажиглалт)
Ямартаа ч 1,565 сая ам дөрвөлжин км талбай бүхий асар уудам нутагтаа умар зүгийн орос баавгай, өмнө зүгийн хятад луу хоёрын дунд хавчуулагдан амьдарч буй 2,5 сая монголчууд энэ орныг өлгий нутгаа хэмээж, Чингис хаан, бүр түүнээс ч өмнөх үеэс эхлэн өр зүрхний угаас дээдлэн хүндэтгэж иржээ. Энэ элгэн хайр германчууд бидний хувьд алдагдаад удаж байна. Нэгэн монгол анд маань “Би хээр очиж суугаад нутгаа харахаар хамар шархираад ирдэг. Манай энэ орон чинь тийм л сайхан нутаг даа” гэсэн нь чухам л оносон үг байж билээ.
Монгол хүн бүрийн яс маханд нь байдаг дээрх үзлийг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг олон жил хашсан Ц. Гомбосүрэн гуайн үгээр илэрхийлж бас болох юм. “Бахархал” гэдэг үг түүнд ямар утгаар ойлгогддог тухай сурвалжлагчийн асуултанд тэрбээр, “Би бол би монгол биш бол юу ч биш гэж үздэг нөхөр байгаа юм.” гэж хариулжээ. Түүнийг Гадаад харилцааны сайд байхад нь Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр Бээжингийн Тянь-Ань-Миний талбайд Монголын далбаа намирч байхыг хараад өөрт нь юу бодогдсон тухай Гомбосүрэн гуай “1990 оны 5-р сард Бээжингийн Тянь Ань Миний талбай дээр Монгол Улсын тэргүүн П. Очирбатыг албан ёсоор хүлээн авах ёслол болж манай сүлд дуу цуурайтаж байхад юу эс бодогдсон гээч. Бээжин нэгэн зуур Монголын Эзэнт гүрний нийслэл байсан шүү дээ. Гэвч түүх төөргийн эрхшээлээр мөхөхийн даваан дээр хүрч байсныг өнөөдөртэйгээ холбон бодоход үнэхээр бахархалтай байсан даа.”1 гэж ярьсан байдаг.
2,5-хан сая хүн Манж-Хятадын ноёрхолд 220 жил болохдоо ч, Москвад толгойгоо мэдүүлсэн коммунист тогтолцоонд 69 жил болохдоо ч уудам хээр талаасаа эхтэй эрх чөлөөний эрмэлзлээ хэзээ ч гээж яваагүй бөгөөд чухамхүү энэ жижигхэн ард түмэн өнөөдөр ардчилсан тогтолцоонд яагаад ийм элгэмсүү байдгийн жинхэнэ үндэс үүнд байж ч магадгүй. Монголчуудын хувьд ардчилал гэдэг бол эрх чөлөө, хувь заяагаа толгой даан шийдвэрлэх эрх чөлөө, тусгаар тогтнол гэж ойлгогддог юм. Өнөөдөр “тусгаар тогтнол” гэхээр хамгийн эгэл жирийн монгол хүн ч гэсэн Монголын төр нэг талаас тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан монголчуудын хичээл зүтгэлийн үр дүн, нөгөө талаас тухайн үедээ Монголд Хятадын эсрэг цэргийн жийргэвчийн үүргийг хүлээлгэсэн Зөвлөлт-Оросын аюулгүйн бодлогын үр дагавар болон үүсч, тусгаар оршин тогтнож ирсэн тухай боддог.
Үүнийхээ төлөө монголчуудын төлсөн төлөөс багадаагүй. Тухайлбал 1937 онд Кремлийн тушаалаар тус орны 700 гаруй сүм хийдийг балгас болтол эвдэн сүйтгэж (тэдгээрийн хамт номын сангууд нь ч шатсан), хувьсгалын мянга мянган баатрууд, төр засгийн сор болсон удирдах зүтгэлтнүүд, тэрчлэн 20.000 гаруй лам нарын амь насыг хөнөөжээ. Тэр үед Москва бас монголчуудыг түүх, соёлын өв уламжлалаас нь салган холтгох гэж зүйл бүрээр оролдож байсан ч тэр нь төдийлөн бүтэлтэй болоогүйг өдгөө бид мэдэх боллоо. Гэвч Хятадаас хамгаалах жийрэг, халхавчийн үүрэг гүйцэтгэснийх нь төлөө Москва монголчуудад ямар нэг тустай зүйл хийхээс өөр аргагүйд хүрэв. Ингээд Зөвлөлт Холбоот Улс Монголыг цэргийн өмгөөлөлдөө авч, өөрсдийн хүчээр түрүү барих дипломат арга хэрэгслүүдийг ашиглан түүнийг олон улсын тавцанд Хятадаар хүлээн зөвшөөрүүлсэн юм. Монголчуудыг бас эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, техник технологитой болгосноор (эдгээрийг ямагт өмнө нь байсан нөхцөл байдал хийгээд коммунист тогтолцооны үед бий болсон боломжуудтай жишиж ярьдаг), нүүдэлчин монголчууд дундад зуунаас орчин үе рүү амьсгаа давчдуулсан хурдаар дүүлэн оржээ. Амьсгаа давчдуулсан гэж Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Нэр Томъёоны Комисс хэмээгч байгууллага холбогдох орос үгсийг орлож чадах шинэ монгол үгс бүтээх гэж тэвдэж байсныг хэлж байна.
ЭЗХТЗ нэр хичээж 1971 оноос Монгол орныг аж үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Монголд явагдсан гүн гүнзгий өөрчлөлтүүдтэй холбоотой уг хөтөлбөрийн явц, үр дагаврын талаар өнөөдрийг хүртэл наад захын судалгаа шинжилгээ хийгдээгүй байна. Нүүдлийн амьдралтай малчин байсан үй олон монголчууд үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж болон хот, суурин барих ажлын хүч болж, ердөө 20.000 орчим хавтгай дөрвөлжин км дэвсгэр нутгийг хамарсан Монголын төв хэсэгт шилжин суурьшсан юм. Монголын үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж нь төмөр замын дагуу оршдогийн зэрэгцээ зэс, молибден, нүүрсний томоохон орд газруудтай уг бүс нутагт эхэндээ Улаанбаатар, Дархан хотууд багтаж байснаа 1973 оноос Эрдэнэт хот нэмэгдсэн билээ. Гурван хотыг холбосон энэхүү гурвалжинд бүр 1980 онд л нийт хүн амын 31 орчим хувь (528.400 оршин суугч) амьдарч байсан бол 1991 он гэхэд дээрх тоо 34 (2004 онд 40-45 орчим хувь) болж өссөн байна. Хөдөөгийнхөнд хуучин хэл, соёл, ёс заншил нь үндсэндээ хадгалагдан үлдсэн байхад дээрх бүс нутгийн оршин суугчдын үнэт зүйлсийн үнэлэмж түүхэн богино хугацаанд Зөвлөлтийн болоод Дорнод Европын нөлөөн дор оросжих буюу зарим талаараа европжих үйл явцад сүрхий нэрвэгдсэн (үүнд суурин амьдралд шилжсэнтэй нь холбоотойгоор үүссэн хүндрэл бэрхшээлийг огт тооцсонгүй) аж. Шарын шашин ч гэсэн цагийн шалгуурыг гол төлөв малчин хүний гэрт хоргодон тэсч гарчээ.
Энэ нь, улс орны суурин амьдралын гол цөм болсон, боловсрол, шинжлэх ухаан-техникийн дэвшилд нэвтрэх хамгийн өргөн боломжтой, улс төр, засаг захиргаан дахь шийдвэр гаргах түвшний хамгийн чухал албан тушаалтнуудыг бүрдүүлдэг хүн амын тэр хэсэгт Монголын соёл, өв уламжлал ямар нэг хэмжээгээр эвдрэлд орсон гэсэн үг юм. Монголын Стратегийн Судлалын Хүрээлэнгийн нэг шинжээч энэ талаар өгүүлэхдээ “Тиймээс хотжсон хүн ам нь өөрсдийгөө Азийн гэхээсээ Европ маягийн ахуйтай гэж тодорхойлдог.”2 гэсэн байдаг. Монголын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудаас нэлээд нь Зөвлөлт Холбоот Улс, Дорнод Европын орнуудад суралцаж төгссөн гэдгийг иш үндэс болговол “Европ маягийн аж төрөх ёс” хэмээх ухагдахуунд тэдний сэтгэлгээний онцлог, үнэт зүйлсийн талаарх үнэлэмж зэргийг хамгийн өргөн утгаар хамруулан ойлгох нь зүйтэй юм. Юутай ч Алс Дорнодын стратегичид 1990 оны дараа Монголыг эргүүлэн азижуулах концепцоо боловсруулахдаа уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг давын өмнө хөдөөгийн хүн амаас эхлэхээр төлөвлөж байв.
Монгол Улс 1990 онд өөрийн оронд явуулсан анхны чөлөөт сонгуулиар коммунизмыг таягдан хаяж, ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн замд орохоор шийдэх үес түүхэндээ анх удаа өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэж чадна гэдгээ олж харсан билээ. Тэгэх тэгэхдээ бүр ЭЗХТЗ хийгээд ЗХУ-тай нягт сүлжилдсэн эдийн засаг нь бусдаас хараат байсны балгаар бараг л унтаад сэрэхийн хооронд уналтад орж, улс орны эдийн засаг уруудан доройтож эхэлсэн тэр үед шүү.
Гэвч урьд өмнө нь бараг мэддэггүй байж байгаад одоо шинээр олж авсан эрх чөлөөний мэдрэмж хүмүүст чухам л жигүүр ургуулав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн амын хүчтэй оролцоотойгоор өв уламжлал, соёлын үнэт зүйлс алдагдаж буй тухай, тэдгээрийг эргүүлэн сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай яриа өрнүүллээ. Нийт улс орныг хамарсан өргөн хэлэлцүүлгийн дүнд эрх баригч коммунист нам 1990 оны 2-р сарын 22-нд Улсын Төв Номын Сангийн өмнөх Сталины хөшөөг (энэ нь дорны эвсэл дэх ийм төрлийн сүүлчийн хөшөөнүүдийн нэг байв) буулгахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Мөн онд нийслэл хотноо Монголын хамгийн эртний дурсгалт бичиг болох “Монголын Нууц Товчоо”-ны ойд зориулан хийлгэсэн Олон улсын бага хурал олны анхаарлыг ихэд татсан агаад түүнд оролцогсод Чингис хааны нэр төрийг сэргээж, түүний түүхэн үйлдлүүдийг цагаатгасан юм. Дурсгалт бичгийг тойрсон яриа хэлэлцүүлэг яваандаа 1941 онд Сталины хүсэлтээр оруулж ирсэн кирилл үсгийг хуучин монгол бичгээрээ солих шийдвэр гаргахад ч хүргэлээ. Коммунизмын үед дарамт шахалтанд байсан, монголчуудын уламжлалт шашин болох шарын шашин ч эрхээ эдлэхээр болов. Ерөнхийлөгч П. Очирбат 1991 оны 2-р сарын 13-нд Үндэсний ариун шүтээн- Мэгжид Жанрайсэгийг сэргээн босгох зарлиг гаргасныхаа дараахан 1991 оны 3-р сарын 26-нд Шашны асуудал эрхэлсэн Зөвлөл байгуулсан байна.
Гэвч тус улсын эдийн засаг туйлын төвөгтэй, хүнд байдалд орсон нь стратегчдийг тун удалгүй эргээд улс орон, монгол үндэстнээ цаашид хэрхэн хөгжүүлэх талаар эрүүл саруул ухаанаар бодож сэтгэхэд хүргэсэн юм. Монгол орны геополитикийн байдалд огт өөрчлөлт гараагүйн дээр өөрөө хямралд орсон ЗХУ-аас ямар ч тусламж дэмжлэг горьдох хэрэггүй болов. Зөвлөлтийн Элчин сайд В. И. Ситников 1990 оны эхээр Монголын хэвлэлд тавлангуй өнгө аясаар “Монголын гадаад эдийн засгийн харилцаанд дангаар зонхилохыг ЗХУ хүсэхгүй байна. Дэлхийн аль ч улс гүрэнтэй БНМАУ хамтын ажиллагаа өрнүүлэхийг бид дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.”3 гэж мэдэгдэж байв. Гэхдээ Зөвлөлтөөс тусламж авахыг монголчууд өөрсдөө ч хүссэнгүй. 80.000 орчим хүнтэй Зөвлөлтийн цэргийг Монголоос гарсны дараа тус улсын Засгийн газар мөн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг чгарахыг шаардсан билээ. Харин мөн онд Зөвлөлтийн шатрын дэлхийн аварга Г. Каспаров хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ЗСБНХУ Монголыг Хятадад худалдах гэж байна” гэж мэдэгдсэн нь монголчуудын хуучин айдас хүйдсийг сэрээж, тэд хэдэн мянгаараа Улаанбаатар дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн бичиг өргөсөн байдаг.4 Нөхцөл байдал ийнхүү эрүүл саруулаар сэтгэхийг шаардаж, үндсэрхэх үзлийн цаг зуурын давалгаа, сэтгэлийн хөөрлөөр улс орон цааш хол явахгүй болохыг хоромхон зуур мэдрүүлсэн юм.
Гадны тусламж харин ч санаснаас хурдан ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер 1990 оны 8-р сарын 2-5-ны хооронд Монголд албан ёсны айлчлал хийхдээ тус орон дахь шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүүлэхээ амлав. 1991 оны 8-р сарын 13-нд Японы Ерөнхий сайд Т. Кайфу Монголд айлчилсан бөгөөд тэгэхдээ 1990 онд Хьюстон (АНУ), 1991 онд Лондон хотод тус тус болсон Их Долоогийн уулзалтад Монголын асуудлыг хөндөн ярьж, Монгол Улсад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьснаа ярилаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер энэ талаар урьдчилан мэдэгдсэн хэдий ч Япон Улс үүний анхлан санаачлагч (spiritus rector) гэдгийг сануулахаа мартсан байжээ. Японы санаачлагаар бүр 1991 оны 8-р ард Токио хотноо Монголд хандивлагч орнуудын Бага хурал хуралдахад түүнд Япон, АНУ-аас гадна бас Герман Улс ч идэвхтэй оролцлоо. Тус Бага хурлаас Монголд 150,0 сая америк долларын шууд тусламж олгохоор шийдвэрлэсний 50,0 саяыг нь Япон Улс дангаараа гаргахаар болов. Герман Улс Монголыг бүр анхнаас нь л тууштай дэмжиж, хуучин БНАГУ-ын үед хэрэгжүүлж асан хөгжлийн тусламжийн төслүүдийг хэвээр үргэлжлүүлсэн ба 1992 оны 8-р сарын байдлаар Германы зүгээс олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийн нийт хэмжээ 34,0 сая америк долларт хүрээд байлаа.
Монгол Улс Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн Банкны (1991 онд) гишүүнээр тус тус элссэнээр мөн олон улсын санхүүгийн байгууулагуудын дэмжлэг авах бололцоогоор хангагдав. Гэхдээ ийм дэмжлэг хүлээхийн гол баталгаа нь шилжилтийн үйл явцыг маш эрчимтэй хийсэн Монголын улс төрийн намууд, Засгийн газар нь өөрсдөө байсан юм. Тухайлбал, АНУ-ын стратегичид Монголыг ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих тал дээр Ази тивийн бусад коммунист орнуудад үлгэр жишээ болохуйц “шилдэг сурагч” хэмээн үнэлсэн билээ.
Хандивлагчдын тусламж эдийн засгийн зогсолтын уршгийг зарим талаар сааруулсан хэдий ч ард түмнийг хүнд бэрх сорилт туулахаас зайлуулж чадсангүй. Тус орны үйлдвэрүүд дараа дараагаар дампуурсан ба харин мал сүргийг хувьчилсны үрээр нүүдлийн мал аж ахуй нь тогтворжиж эхэлсэн боловч малын гаралтай түүхий эд хямд үнээр Хятад руу урсан гарах болжээ. Аж үйлдвэрийн бүтэц дотроо давамгайлж байсан хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд төлбөрийн чадваргүйгээс түүхий эд худалдан авч чадахаа больж үй олноороо дампуурсан байна. Хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэх шаардлага улам бүр нэмэгдсэн тул монголчууд олноороо ганзагын наймаачин болж “гахай” гэж нэрлэгддэг том том цүнх чирэн Хятад, Өмнөд Солонгос, Оросыг зорьдог боллоо.
Хэдийгээр ийм хүндрэл бэрхшээлүүд байсан боловч хөгжлийн шинэ замыг нийгэмдаяараа нэгэн дуугаар хүлээн авсан билээ. Энэ хүнд үед Ерөнхийлөгч П. Очирбат өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ, Монгол Улс ойрын хугацаанд “Азийн бар”-уудын нэг болно хэмээн тунхагласан нь эх орон нэгтнүүдийнхээ хүсэл мөрөөдөл, сэтгэлийн хатыг бүрнээ илэрхийлсэн хэрэг байв.
Олон Улсын мэргэжилтнүүдийн зүгээс дэлхийн хамгийн шилдэг хуулиудын нэг болсон гэж үнэлэгддэг Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд баталснаар тус орны цаашдын хөгжлийн эрхзүйн орчныг үндсэн хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн юм. Монгол Улс өв уламжлалаа хадгалахаа Үндсэн хуулиндаа тов тод илэрхийллээ. Уг хуулийн оршил хэсэгт Монголын ард түмэн төрт ёс, түүх, соёлын уламжлалаа хүндэтгэн сахиж, нандигнан өвлүүлэх тухай өгүүлсэн байдаг. Тэгээд ч Үндсэн хуулинд төрийн бэлгэ тэмдгийн талаар заалт оруулахдаа хуучин уламжлалаа баримталжээ. Тухайлбал Үндсэн хуулийн 1-р бүлгийн 12-р зүйлийн 4-т заахдаа, “Монголын нэгдсэн тулгар төрийн (1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсыг хэлж байна. Зохиогч) уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсынтөрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”5 гэсэн байна.
Үндсэн хуулинд бас шашны эрхийг сэргээх зорилгоор “1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ”6 гэсэн заалт оруулжээ. “Шашин” гэдэг үгийг ганц тоон дээр хэрэглэсэн нь миний бодлоор зөвхөн монголчуудын уламжлалт шашин болох шарын шашныг хэлсэн нь эргэлзээгүй.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын цэрэг байрлуулах буюу өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхийг хориглоно гэж Үндсэн хуулинд заасан нь ерөнхийдөө түүхэнтуршлагад суурилсан төдийгүй 3.485 км урт Монгол-Оросын хил, 4.676 км урт Монгол-Хятадын хилийн тухайд Орос, Хятад хоёр хөршдөө аюулгүй байдлын чухал баталгаа гаргаж өгсөн хэрэг болжээ.
Эдийн засаг сүйрлийн байдалд ороод байсан ч юуны өмнө Орос, Хятадтай харилцах харилцаа тухайн шатан дахь Монгол төрийн зангилаа асуудал болж байв. Үүнд уг харилцааг зохицуулах суурь гэрээ хэлэлцээрүүдийг нэн яаралтай байгуулах шаардлага тавигдлаа. Ялангуяа Оросын Ерөнхийлөгч Ельциний урьдаас тооцоолохын аргагүй туйлбаргүй бодлого Монголын талыг тун ихээр шаналгах болсон юм. Энэ хүнд бэрх нөхцөлд Монгол Улс хуучин Зөвлөлтийн үеэс улбаатай 9,5 тэрбум орчим шилжих рублийн өртэй гэдгийг Орос байн байн сануулдаг байв. Тухайлбал, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц. Гомбосүрэнг 1992 оны 10-р сард Москвад айлчлах үеэр Оросын Ерөнхийлөгч Б. Н. Ельцин өрийг гуравдагч этгээдэд шилжүүлж болдог олон улсын нэгэнт тогтсон жишиг байдаг тухай дурдсан нь тэр даруйдаа Улаанбаатарт Орос Улс дээрх өрийг Хятадад шилжүүлэх гэж байна гэсэн бодол төрүүлэхэд хүргэсэн билээ.
Оростой харилцах харилцааг зохицуулах шинэ гэрээ амин чухал мэт санагдах болсон ба тэгээд ч тэр нь 1993 оны 1-р сарын 20, 21-ний өдрүүдэд болсонхоёр орны Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан юм. Гэвч “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тухай” гэрээнд хоёр улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө Оросын тал хамтарсан мэдэгдэл гаргах болзол тулгажээ. Түүнд “Хуучин ЗСБНХУ, БНМАУ-д 30-40-өөд онд гэм буруугүй олон хүмүүсийн амь насыг бүрэлгэн, хоёр орны ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол учруулж, үй олноор нь хомроглон хэлмэгдүүлж байсанд хоёр улсын Ерөнхийлөгч нар гүнээ харамсаж байна. БНМАУ-д энэхүү хэлмэгдүүлэлт нь тэр үеийн Зөвлөлтийн удирдагчид, Коминтерны шууд даралт шахалтаар эхэлж, түүнд Зөвлөлтийн сургагч, зөвлөхүүд оролцож байсныг баримт хэрэглэгдэхүүн гэрчилж байна. Үүний улмаас Монголын ард түмэн туйлын хүнд хохирол үзсэн бөгөөд ялангуяа сэхээтний давхарга онцгой зүдгүүр эдэлж, санваартан нар нийгмийн нэг хэсгийнхээ хувьд хэрэг дээрээ устгагджээ. Монгол Улсын олон иргэн ЗСБНХУ-д хэлмэгдэн цаазлагдсан юм. Үүний хариуцлага өнөөгийн Орос Улсад холбогдолгүй юм.”7 гэсэн нь бий. Энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурснаар ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагч Орос Улс маш чухал нэг зүйлийг амжуулсан юм. Юу гэвэл, хуучин ЗСБНХУ-ын зүгээс Монголд үйлдсэн ялт хэргүүдийн төлөө хүлээх бүхий л түүхэн хариуцлагаас өөрөө эвтэйхэн мултарч, харин Зөвлөлтийн үед тавигдсан Монголын өр хэвээр үлджээ.
Монгол-Оросын гэрээг Бээжинд ихэд анхааралтай судаллаа. Уг гэрээг 1921 оны 1-р сарын 21-нд байгуулсан Монгол-Оросын найрамдлын гэрээтэй уялдуулж, тэр бүү хэл оршил хэсэгтээ түүнийг “... хоёр орны хооронд сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн оруулсан нь Бээжингийн эгдүүг бас ч чамгүй хөдөлгөсөн биз.8 Тэд Монгол Улс байгуулагдсан явдлыг өмнөх түүхтэй нь холбогдуулан тийм ч таатай зүйл гэж үздэггүй билээ. Гэвч дээрх гэрээний талаар албан ёсны ямар нэг үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Тэгээд ч яг тэр үеэр 1993 онд нэгэн эвгүй явдал тохиосон нь Хятадын хэсэг түүхчдийн бичсэн “Гадаад Монголын тусгаар тогтнолыг тойрсон асуудлууд” (Ваймэнггү дүли нэймү, Бээжин, 1993 он) гэдэг нэг сэдэвт бүтээл Бээжинд хэвлэгдсэнтэй холбоотой. Монголын тал түүний бичлэгийн өнгө аясыг эрс эсэргүүцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын Гадаад хэргийн сайдад хүчтэй шахалт үзүүлснээр уг номыг Бээжингийн номын худалдаанаас татан авчээ. Ийм нөхцөлд хятадууд түүх ярихгүй байх нь дээр гэж үзсэний учир нь цаагуураа тэдэнд дээрх гэрээтэй холбоотой өөр нэгэн асуудал байсных аж. Орос, Монгол хоёр орон ардчилал, зах зээлийн эдийн засагт чиглэсэн хөгжлийн шинэ замд орсноор global mainstreams (дэлхийн ерөнхий чиг урсгал)-ын нөгөө эрэгт хамтдаа зогссон хэрэг байв. Мөн Орос Улс Монголтой гэрээ байгуулсныг өөрийн come-back (хуучнаа сэргээх) -ийг бэлтгэж байна гэж үзэж ч болох мэт. Ер нь л аятай боломж бүрдэж байх шиг санагджээ. Шилжилтийн үед Монголд бий болоод байсан Оросын эсрэг үзэл хэдийнэ намжиж, Оростой байгуулсан гэрээ хийгээд түүний дагалдах бичиг баримтууд тус улсад өргөн хүрээтэй хамтын ажиллагааны боломж олгоод байлаа. Монголын тухайд нэлээд стратегийн шинжтэй үзэл баримталдаг Хятадын удирдах бүлгийнхний хувьд цаашдаа цаг алдаж боломгүй санагджээ.
Ийнхүү БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэн 1994 оны 4-р сарын 28-нд Улаанбаатарт ирж Монгол Улстай мөн л “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд хоёр талын харилцааг “...тусгаар тогтгол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх”9-ийн үндсэн дээр хөгжүүлэхээр заасан нь Монгол Улсын тухайд асар их ач холбогдолтой юм.
Орос болон Хятадтай байгуулсан гэрээнүүдэд аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг ч тусгажээ. Үүнд “... бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн аливаа эвсэлд оролцохгүй” байх, “нөгөө Талын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын эрх ашигт харшилсан ямар нэгэн гэрээ, хэлэлцээрийг гуравдагч орнуудтай байгуулахгүй” байх, нөгөө этгээдийнхээ бүрэн эрхт байдалд гуравдагч этгээдийн зүгээс хохирол учруулах зорилгод газар нутгаа ашиглуулахгүй байх үүргийг талууд гэрээгээр тус тус хүлээсэн байна. Ингэснээр аюулгүй байдлын нэгэн хамтын тогтолцоо үүсч, Монгол Улс өөрөө тэрхүү тогтолцооны хамгийн чухал холбоос болсон нь “Шанхайн тав” (Орос, Хятад, Казахстан, Киргиз, Таджик) 1996 оноос эхлэн тус улсыг өөрсдийн бүрэлдэхүүнд татан оруулахыг эрмэлзэх үндэс болжээ.10
Орос, Хятад Улсуудтай харилцах харилцааны урт хугацааны хэтийн төлөвийг баталгаажуулсан дээрх гэрээнүүд Монгол Улс 1994 онд гадаад бодлогын болон аюулгүй байдлын концепцоо боловсруулах боломж олгосон бөгөөд тэдгээрийн тулгуур зарчмууд өнөө хүртэл мөрдөгдөж байна.
“Гадаад бодлогын үзэл баримтлал”-д тус орны гадаад харилцааны үндсэн чиг шугамуудыг тов тодорхой заажээ. Монгол Улсын газарзүйн байрлалаас шалтгаалан Орос, Хятадтай харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгсөн боловч бас чМонголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн туршлагыг бодолцож тодорхой хэмжээний хязгаарлалт оруулсан байна. Тухайлбал “... аль нэгийг нь өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана.”11 гэжээ.
“АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүд”, Ази-Номхон далайн, нэн ялангуяа Зүүн ХойдАзи-Төв Азийн бүс нутгийн улсууд, тэрчлэн “Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүү-эдийн засгийн байгууллагатай”-тай тогтоосон харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тулгуур багана болж байна.12
“Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого”-ын салбарын тухайд “монгол туургатны соёл иргэншлийг хамгаалах... зэрэгт соёлын хамтын ажиллагааг чиглүүлэх”, түүнчлэн “хилийн чанадад орших монгол үндэстнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлж” явдлыг “гадаад харилцааныхаа гол зорилго” гэж тодорхойлсон нь аль алиных нь Монголтой хил залгаа нутгуудад монгол угсааны цөөнх амьдран суудаг Орос, Хятад хоёрын хоёулангийнх нь чихийг сэртхийлгэсэн юм. Оросын “Начало” сэтгүүл үүнийг тайлбарлахдаа, “Гэхдээ Орост салан тусгаарлах хандлага байгаа бол Монголд харин тэс өмнөө, Нармай Монголын үзэл сэргэж ирж байна. Энэ үзлийн нэг элемент нь Хятадын ч, Оросын ч бүрэн бүтэн нутаг дэвсгэрийг задлан хуваах оролдлого мөн. Нармай Монголын үзэл энэ утгаараа бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах ноцтой хүчин зүйл болж болно.”13 гэсэн байв.
Дээр дурдсан “Гадаад бодлогын үзэл баримтлал” нь олон тулгуурт бодлогын үндсийг тавьсан билээ. Гадаад харилцааны сайд асан Ц. Гомбосүрэн үүнтэй холбогдуулан, “Тулгуур гэж томъёолсны цаана гадаад бодлогын чиглэл бүхэн суурьтай буюу бодит хэмжүүртэй байх ёстой, тэдгээрийн нийлэх уулзвар нь Монгол Улсын үндэсний эрх ашиг байх ёстой гэсэн санаа буй.”14 хэмээн бичиж байв. Энэ нь гадаад бодлогын концепцод тэргүүн зэрэгт тавигдсан зүйлсийн жагсаалт бол хөдөлшгүй зүйл биш, түүнд агуулагдсан ямар нэг хэмжээний, өдөр тутмын бодлогодоо ч баримтлах уян хатан чанар нэг чухал үндсэн элемент нь болж орсныг тодорхой харуулж байна.
Монголын парламентаас гадаад бодлогын концепцитай цаг хугацааны хувьд нэгэн зэрэг батлан гаргасан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” тухайн цаг үеийн байдлыг задлан шинжлэх үндэс суурь төдийгүй Монголын ард түмэн, төр оршин тогтнох үндсийг баталгаажуулах стратегийн баримт бичиг болсон юм. Энэ концепцид “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал”-ыг анх удаа үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болгон тодорхойлсон байдаг. Энэ бол санамсаргүй зүйл биш. Улс орныг нээлттэй болгож, зах зээлийн эдийн засагт шилжихийн хэрээр Монголын шинжээчдийн нүдээр харахад энэхүү жижиг үндэстэн цаашид оршин тогтнох эсэхэд зүй ёсоор санаа зовниход хүргэсэн зүйлүүд ч бий болсон билээ.
Ард түмэн материаллаг байдал, эдийн засгийн хувьд асар ихээр ядуурч, энэ нь айл өрх бүрт тодоор мэдрэгдсэн юм. Төвлөрсөн суурин газруудад ажилгүйдэл нэмэгдсэн нь архидалт, гэмт хэргийг гааруулж, урьд өмнө байгаагүй хэмжээгээр өсөхөд хүргэв. Нийгмийн дэг журам алдагдаж эхлэхийн хэрээр төрийн хүч суларч ирлээ. Барууны жишээг дуурайн шинээр гарч ирсэн шар хэвлэл (Yellow Press) улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин, Монголын нийгмийн уламжлалт үнэт зүйлсийн аль алинд үл тохирох амьдралын хэв маягийг сурталдах болжээ. Мөн үзэл бодлын туйлшрал газар авсан байна. Нэг хэсэг нь үндэсний уламжлалыг хэт дэвэргэн үнэлж, үндэсний үзэл (эх оронч үзэл)-ийг эерэг утгаар нь хүчтэй гаргаж ирэх тухай ярьж байхад, нөгөө хэсэг нь бусад улс үндэстний соёл, амьдралын хэвшлийг илүүд үзэн тэднийг хуулбарлахын төлөө байх жишээтэй. Тэгээд ч улс төрийн олон нам Монголын нийгмийн онцлогийг өчүүхэн төдий ч бодолцохгүйгээр өрнөдийн хэв загварыг баримталж байна.
Хэдийгээр “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” (1993 он)-д “шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно”15 гэж заасан боловч Загалмайтны шашны, түүний дотор хэт улайрагч зарим фанатик урсгалыг нь төлөөлсөн маш олон номлогч нар (ихэвчлэн АНУ-аас ирсэн) монголчуудын дунд шашин номлож, заримдаа ихээхэн маргаан шуугиан дэгдээсэн үйл ажиллагаа явуулдаг болжээ. Тэдгээр номлогч нар Үндсэн хуулийн нэг тулгуур үзэл санаа болгож тунхагласан шашин шүтэх эрх чөлөөг, эсвэл шашны олон ургальч зарчмыг өмнөө барьдаг. Ялангуяа сүүлд дурдсан зарчмын талаар маргаан өрнүүлэх гэхээр Монголын албаны хүмүүс зарим хандивлагч орны дургүйг хүргэх осолтой зүйл хэмээн болгоомжлоод тэр даруй дуугаа хураахад хүрдэг байна. Гэтэл Герман Улсын католик шашны кардинал К. Лейманны нэгэн удаа туйлын зөв хэлсэнчлэн, шашны олон ургальч үзлийг дэлгэрүүлэх урьдчилсан нөхцөл нь “олон янзын шашныг хүлээн зөвшөөрөх, тэдгээрийг сайшаан хүлээж авах явдал” гэдэг бол Монголд ч мөн хамаатай билээ. Стратеги Судлалын Хүрээлэнгийн мэргэжилтнүүд тухайн үедээ бий болсон нөхцөл байдлыг судлан үзээд, шашны олон ургальч үзэл “Монголын ард түмний эв нэгдлийг хангах”, “түүх, соёлын уламжлалаа нандигнах” гэсэн Үндсэн хуулийн зарчимд харшилж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.16
Ард түмэн бас оюуны хоосролд автаж эхэлжээ. Боловсролын тогтолцоо эмгэнэлт байдалд орж, улсын мөнгө санхүү наад захын зайлшгүй хэрэгцээт зүйлд л арай ядан хүрч байна. Хэвлэх үйлдвэр, номын худалдаа гэж байхгүй болж байсан үе бий. Олон хүн ердөө элдэв хов жив, эрээн мярааныг л уншиж болж, телевизэд хүчирхийллийг дөвийлгөн харуулсан кинонууд түрэн орж ирэв. Хамгийн анхаарууштай нь гэвэл, юуны өмнө залуу үеийнхэн аливаа шинэ зүйлийг соргогоор, ямар ч бодож санах юмгүйгээр хүлээн авч буй явдал мөн. Монголын хүн амын насны ангиллыг харуулсан пирамидыг авч үзвээс энэ асуудал бүр ч ойлгомжтой болно. 1997 оны тоо баримтаас харахад (түүнээс өмнөх үеийн статистикийн судалгаа тун хангалтгүй явагдаж байсан тул гаргасан тоо нь үнэмшил муутай) 10-35 насныхан гэхэд л хүн амын 51 хувийг эзэлж байсан ба 1-35 насныхан нь бүр 67 хувьд хүрч байв.17 Тиймээс Монголын Засгийн газрын хувьд үндэстнийхээ дотоод нэгдэл, цаашид оршин тогтнох тодорхой асуудлуудаар санаа зовних үндэс цөөнгүй байдаг нь аргагүй юм.
Байдал ийм байгаа тул аюулгүй байдлын үзэл баримтлалыг зохиогчид энэхүү үйл явцыг сааруулахад чиглэсэн бодлого баримталжээ. Чингэхдээ тэд “... Монгол төрт ёс, эдийн болон оюуны соёл, зан заншлынхаа үнэ цэнэтэй, дэвшилттэй бүхнийг өвлөн авах ...”-ыг сахин хамгаалж, баяжуулах, идэвхтэй сурталчлахын зэрэгцээ “... нийт хүн төрөлхтний соёлын дээжистэй зүй зохистойгоор хослуулан хөгжүүлэх ..." үндсэн дээр ард түмний эв нэгдлийг баталгаажуулах бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг урьтал болгосон байдаг. Тэд мөн “... уйгаржин болон кирилл монгол бичгээ уламжлан эзэмших замаар монгол хэл бичгээ зүй тогтлын нь дагуу төгөлдөржүүлэх, ... соён гэгээрүүлэх монгол уламжлал, хүн төрөлхтний орчин цагийн жишигт нийцсэн боловсролын тогтолцоог бүрдүүлж, үндэснийхээ оюуны чадавхийг хамгаалан бэхжүүлэх” болон ”... эх орноороо бахархах ... сэтгэлийг хүн бүрд, ялангуяа залуу үедээ төлөвшүүлэх” зэргээр энэ чиглэлийн арга замуудыг тодорхойлсон юм.
Ийм маягийн концепци эхэн үедээ, ялангуяа улсын халаас хоосон байхад хий тунхаг төдий зүйл болдгийг энд ярих шаардлагагүй биз. Гэвч монголчуудын, ямартаа ч тэдний ахмад үеийнхний сэтгэл зүрхэнд гүн бат шингэсэн үндэсний бахархал, эх оронч үзэл иймэрхүү асуудалд дайчин, эерэг нөлөө үзүүлж чадахыг үгүйсгэх аргагүй. Харин өнөөгийн германчууд бид үүнийг мэдрэхээ больчихоод байгаа билээ.
Гэлээ ч гэсэн хууль тогтоогчид дээрхтэй холбогдуулан мөн ондоо багтааж буюу 1994 оны 5-р сарын 20-нд монгол төрийн бэлгэдлийн уламжлалт ёсыг илэрхийлсэн “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”, 1994 оны 9-р сарын 1-нд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийг тус тус гаргалаа.18 Сүүлд дурдагдсан хууль хэд хэдэн шалтгаанаар тухайн цаг үедээ ихээхэн ач холбогдолтой зүйл болсон юм. Үүнд нэг талаас соёлын үнэ цэнтэй зүйлс хуучны эд юмсын олон улсын худалдаанд гадагшаа урсан гарах нь улам ихэссэн, нөгөө талаас энэ хуулийн үндсэн дээр соёл үнэт дурсгалуудын үндэсний бүртгэл (катастер)-ийг бий болгож, тэдээрийг нээн илрүүлэх, судлах, музейн зорилгоор ашиглахыг баталгаажуулах, мөн хэмжээ далайцаараа ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байгаа археологийн судалгааг эрхзүйн зохих үндэстэй болгох, Монголын үндэсний соёлын дурсгалуудыг хамгаалах механизмыг бүрдүүлэх зорилт тавьсан байна.
Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Монголын соёл, иргэншлийг” баталгаатай болгох хууль тогтоомжийн хажуугаар нийгмийн амьдралд ч бас “Монголын ард түмний эв нэгдлийг хангах” Үндсэн хуулийн тулгуур үзэл санааны дагуу үндэсний онцлогийг илтгэсэн чухал үйл явцууд өрнөсөн билээ. Үүнд, Монгол дахь шашны амьдралаар жишээ татаж болох юм. Өнөөгийн байдлаар нийт улс орны хэмжээнд шарын шашны 154 сүм хийд ажиллаж байна. Үндэсний ариун шүтээн болох Мэгжид Жанрайсэгийг засварлах ажлыг 1996 онд дуусгажээ. Уг ажлыг улсын татаас, сүсэгтнүүд хийгээд Японы Буддийн шашны нэгэн байгууллагын хандив тусламжаар хийж гүйцэтгэсэн байна. Шүтээнийг 1996 оны 10-р сарын 25-26-нд шилжих шөнө аравнайлсан бөгөөд дараа өдөр нь явагдсан Төрийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын орлогч дарга нар оролцжээ. Харин Монгол-Хятадын харилцааг харгалзан үзэх үүднээс Далай ламыг урьж оролцуулсангүй. Гэвч Далай лам уг шүтээний дотор хийх шүншгийн нандин эд агуурс ирүүлсний дотор Бурхан багшийн чандар, өмнөх бүх үеийн Далай лам нарын толгойн үс, мөн өмнөх үеийн бүх Ванчин лам нараас авч үлдсэн эд агуурс, тэрчлэн Шарын шашны шинэчлэгч Зонховын чандар зэргийг агуулсан долоон ширхэг боодолтой зүйлс байжээ. Ингэснээрээ уг монгол шүтээн онцгой статустай болж, дараахнаас нь Тува, Буриадын (Оросын Холбооны Улс) төдийгүй Өвөр Монголын (Бүгд Найрамдах Хятад Ард Улс) Шарын шашны мөргөлчид наашаа цувах болсноор Улаанбаатар мөргөлийн хот болон хувирсан юм. Шашин шүтлэгийн асуудлаар Монгол Улсын нэр хүнд Орос, Хятад дахь монгол үндэстэн ястнуудынхаа дунд эрс өсч эхэллээ. Үүнтэй холбоотойгоор хөрш хоёр орны хилээр ойр зуур нааш цааш зорчих явдал ихэссэн учир хил орчмын нутгуудын сүм хийдийн тоог их хэмжээгээр нэмэгдүүлэх явдал нэлээд чухал болж ирэв. 1997 оны тоо баримтаас үзэхэд Оростой хил залгаа нутгууд 43, Өвөр Монголын хил болон Монголын төмөр замын дагуух нутгууд дор хаяж 55 сүм хийдтэй болоод байлаа. Гандан хийдэд байрладаг Монголын Бурхны Шашинтны Төв тус орон дахь шашин шүтлэг хийгээд Шарын шашны түүхийн сэдвээр тогтмол ном, сэтгүүл гаргадаг. Дашрамд дурдахад, өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр тухайн үедээ “Бурхан багшийн сургаал” номыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлж байжээ.
Энэ завсар 1995-1996 оны үеэс Монголын эдийн засаг эрүүлжих анхны хандлагууд ажиглагдаж эхлэв. Эдийн засгийн уналт зогсож, эмзэг ч гэлээ бага сага өсөлт гарч байна уу даа гэмээр болж ирлээ. Гэвч нөхцөл байдал урьдын адил туйлын төвөгтэй хэвээр байсан юм.. Улсын Их Хурлын 1996 оны сонгуулиар Ардчилсан Холбоо (АХ) хэмээх сөрөг намуудын эвсэл ялалт байгуулав. АХ эвслийн анхны Засгийн газар суурь үнийг чөлөөлсөн нь үнийн өсөлтийг хөөрөгдөхөд хүргэж, хүн амын үлэмж хэсгийг ядууруулжээ. Ингээд Эвслийн Засгийн газар богино хугацаанд огцорлоо. Түүний араас 2000 оны сонгуулийг хүртэл түрүүчийнхээсээ илүү аз муутай гурван ч Засгийн газар гарч ирсэн бөгөөд бага зэрэг хорон үгээр хэлэхэд тэдний байгуулсан хамгийн том гавьяа нь гэвэл улс орны зах зээл, эдийн засгийг бужигнуулж амжилгүй тайван байлгасанд л байгаа болов уу. Тэр нь ч эдийн засгийн цаашдын хөгжилд үнэндээ сайн юм болсон билээ.
Хандивлагч орнуудын тусламж өсөн нэмэгдсээр байсан чОрос, Хятадтай харилцах харилцаа Монгол орны цаашдын хөгжлийн зангилаа асуудал хэвээр байв. Хандивлагчид 1991-1996 он хүртэл Монголд 1,4841 тэрбум америк долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгохоор амалснаас Монгол Улс 1,1101 тэрбум-ийг нь авчээ. Гэвч санхүүгийн энэ тусламж эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс олборлолт, харилцаа холбоо зэрэг улс ардын аж ахуйн амин чухал салбаруудыг авч үлдэх, түүнчилэн бүтцийн өөрчлөлтийг дэмжихэд зориулагдсан аж.
1990-ээд оны хоёрдугаар хагасын эхэн гэхэд Монгол Улсаас Орос, Хятадтай харилцах улс төрийн харилцаа хэвийн хөгжиж ирсэн авч бас сонирхол татахуйц юм ч гарсангүй. Тэр ч байтугай Орос-Монголын харилцаа нэлээд зогсонги байдалд орсон удаатай. Хоёр орны улс төрийн дотоод байдал эрс муудсан, эдийн засгийн боломж хомс зэрэг нь хоорондын харилцааг хөгжүүлэхэд бодитой саад учруулж байлаа. Монголд өргөн дэлгэрээд байсан ганзагын наймаа тэртэй тэргүй Хятад, Өмнөд Солонгосыг түших болж, Оросын зах зээлийг огт сонирхохоо байсан юм.
ГэтэлАНУ дээрх хугацаанд Монголыг геостратегийн хувьд ач холбогдолтой гэдэг талаас нь байн байн авч үзсээр Улаанбаатартай цэргийн хамтын ажиллагаагаа нэлээд эрчимжүүлэв. Монгол Улс ийнхүү Дорнод Ази-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын аюулгүй байдлын стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг боллоо. Орос, Хятад хоёр энэ бүхнийг ихээхэн анхаарал болгоомжтой ажиглаж байна. Уг хамтын ажиллагааг тэд АНУ-ын Их гүрний хүчээр түрээ барих бодлогын нэг хэсэг гэж дүгнэдэг бөгөөд, тэгээд ч Монголд явуулж буй үйл ажиллагаа нь Орос, Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхлыг онцгой хөндөж байгаа юм шиг санагддаг бололтой. Тухайлбал, Орос, Хятадын хил орчмын нутгуудад амьдардаг монгол үндэстнүүдийг Москвад ч, Бээжинд ч өөр өөрийн орны хил дээрх эрсдэл, хямрал гарч болох нөөц, потенциал гэж үздэг. Монгол Улс хэдий ороойтсон ч 1991 оноос эхлэн тэдэнтэй нэлээд эрчимтэй харилцаж байгаа бөгөөд Монголын радионууд “Voice of America” зэрэг хөтөлбөрүүдийг нэвтрүүлж байв.
АНУ-ын явуулж буй бодлогыг харгалзан үзсэний үндсэн дээр Орос, Хятад хоёр 1994 оноос эхлэн ”шинэ хэлбэрийн, бүтээлч түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна. Анх 1994 онд “үр ашигтай түншлэл”-ийн тухай ярьдаг байсан бол 1996 онд “Шанхайн тав”-аар дамжуулан “Хилийн бүсэд цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсныхаа дараа түүнийгээ бүр 1997 онд”XXI зууны стратегийн харилцан ажиллагаанд чиглэсэн эрх тэгш, итгэлцсэн түншлэл” хэмээн нэрийдэх болжээ.19 Энэхүү хамтын ажиллагааны гол цөм нь тухайн үедээ бараг тэр чигээрээ аюулгүй байдлын асуудалд төвлөрч байсан агаад түүнд нь Монгол-Америкийн хамтын ажиллагаа нэлээд хамаарч байна уу даа гэж санагдахаар байв. Оросын Гадаад Хэргийн сайд Э. М. Примаков 1996 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятад, Орос хоёртой “гурвалсан хамтын ажиллагааны төсөл”-д анхаарлаа илүүтэй хандуулахыг Монголын талд зөвлөсөн байдаг.
Монголын гадаад бодлогынхон энэ зөвлөмжид нь найрсаг атлаа хүлээзнэсэн аядуу байр сууринаас хандсан юм. Тэгээд ч үүнээ хэрэгжүүлэхтэй холбогдох хөрөнгө санхүүгийн талаар яригдсангүй. Дээрх зөвлөмжийг хүлээж аваад гадаад бодлогынхны санааг илүү их зовоосон зүйл гэвэл “Quo vadis, Mongolia?” (“Монгол орон хаашаа явж байна вэ?”) гэдэг асуулт юм. Монгол Улс аль талд байна вэ? Тус орон хуучин Азитай, одоо шинээр Европтой тогтоосон барилдлага, мөн Европ, Азитай холбогдсон төмөр зам дээрээ суурилаад дунд нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чаддаг болов уу? Улс орноо Төв Азийнх гэж тодорхойлох уу, Зүүн Хойд Азийнх гэх үү?
Монголын улс төрийн элитүүд тухайн цаг үед дээрх асуултуудад нэг мөр хариулж чаддаггүй, үндсэндээ хоёр “жигүүр”-т хуваагдаад байсан юм. Нэг нь Европтой тогтоосон хэлхээ холбоогоо үргэлжлүүлэхийг дэмжиж, чингэхдээ Орос, Герман хоёрыг хараандаа аваад байхад, нөгөө нэг нь Азиийн интеграцид нэгдэж, Япон, Өмнөд Солонгосыг илүү ихээр түших саналтай байв. Хоёр “жигүүр”-ийг бүрдүүлэгчид үнэт зүйлсийн тухай нэг л төсөөллөөр хүмүүжин өсөж бойжсоныг (энэхүү өгүүлэл доторх хүн амын суурин хэсгийг европжуулсантай холбогдох хэсгийг үз) харгалзан үзвэл нэг зүйлийг төсөөлж болно.
Монгол хүн язгуурын мэдрэмжээрээ Европ (Америк)-ыг гэдэг (гэхдээ нөгөө хоёр нь Монголын онцлогыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд шүү) боловч эдийн засаг, прагматик үүднээс нь авч үзвэл ид хүчээ аван хөгжиж буй, газар зүйн хувьд ойр дөт Зүүн Хойд Ази орчмын орнуудыг илүүд үздэг. Тэгээд ч Япон Улс 1997 оноос Монголд “иж бүрэн түншлэл”-ийг санал болгоод байгаа билээ. Хэрвээ эдийн засгийн лут өсөлттэй Хятад гэж нэг улс байгаагүйсэн бол доо! Улаанбаатарт суугаа монгол хүн өмнөдийн БНУлсад байгаа өвөр монголчуудынхаа хувь заяаны талаар бодохлоор Монгол орон өөр замаар замнах нь ч дээр юм уу гэх бодол шууд л орж ирнэ. Орос Улсын Өмнөд Сибирь, Байгаль нуурын орчимд ирж суурьшсан үй олон хятадуудыг аваад харахаар бараг л тэдэнд бүслэгдсэн мэт сэтгэгдэл төрж, өөрсдийгөө хамгаалах ямар нэг хүчирхэг орны талаар бодоход хүрнэ. Гэвч аль ч талаас нь бодсон монголчуудын яаж ч чаддаггүй юм бол Оросын хямрал бөгөөд тэр нь өнөөгийн Монгол орныг ацан шалаанд оруулсан гол зүйл байсан, одоо ч тийм байна.
Японы монгол судлаач нэгэн эмэгтэй энэ үед монголчуудын талаар хөшигний араар далдуур яригддаг зүйлсийг хэвлэлд ил гарган харуулахыг зорьж билээ. Хатагтай Аяако Кимура Монголын өдөр тутмын нэг сонинд, “Ази, Европын дундын саармаг шинжтэй болсон орон Азийн орон болъё гэвэл Азийн гүн ухаан, сэтгэлийн ертөнцийн гол цөмийг юуны түрүүнд олж авч, өөрийн болгох шаардлагатай нь мэдээж. Европын замаар алхана гэж шийдлээ ч ялгаагүй, Европын гүн ухаан, сэтгэлийн ертөнцийн шимийг авч байж л цааш явна. Монголчууд хэл сурах авъяастай, аливаа хэлийг хурдан сурдаг боловч тэр хэлний цаана байгаа гүн ухаан, сэтгэхүйн онцлогт үл нэвтрэн, нүдэнд харагдах өнгөц гүехэн ухааныг шүүрэн авч, даган мөрдөх нь олонтаа. Өнөөгийн Монголын нийгэмд хүний сэтгэлийн ертөнц эвдрэн алдагдсан шинж тод харагдаж байна. Тэгвэл сэтгэлийн ертөнц Монголын цаашдын хувь заяанд хамгийн шийдвэрлэх нөлөөтэй гэж бодож байна.”20 гэж бичсэн юм.
Хатагтай Аяако Кимурагийнх шиг иймэрхүү санаа бодлын илэрхийлэл Монголын хэвлэлд нэг үе нэлээд элбэг тааралддаг байв. Тэдгээрийн ихэнх нь япончуудын бичсэн зүйлс байдаг ба харин Өмнөд Солонгосынхон болохоор хүлээн авалтан дээр үг хэлэх боломжийг ашиглан Нармай Азийн үзлийн талаар чамгүй ярих нь арай л элбэгшээд байна уу даа. Тийм маягийн санаа бодлыг би энд дайрч довтлох гэсэн юм биш, гэвч зарим нэг зүйл нь өнгөцхөн харахад соёлын сэдвээр ярьж бичигдсэн мэт боловч цаад санаа нь өөр байх нь олонтаа. Дорвитой хийсэн экспертизийн судалгаагаар Монгол Улс дэлхийн арав дахь том ашигт малтмал, түүхий эдийн нөөцтэй орон болоод байгаа бөгөөд Дорнод Азийн зарим зөвлөхүүд Монголыг Азийн сүлжээнд хэрхэн буцааж интеграцчилах талаар тархиа гашилгахдаа дотроо чухам энэ тухай л боддог билээ.
Гэвч Монгол Улс үнэхээр түүхэн цар хүрээтэй, нарийн төвөгтэй нөхцөлд байна. Тэд эртний хоёр том суурин соёлын дунд амьдарч, умард талаараа Загалмайтны (Христосын), өрнөд талаараа Лалын (Лалын шашинт казахууд эх оронд нь мөн байдаг), өмнөд болон дорнод талаараа Күнзийн ертөнцтэй хиллэдэг. Монголын нийгэм саявтархан, түүхэн богино хугацааны өмнө нүүдэлчний нийгэм байсан ба шарын шашинд автсанаараа тэд хөрш зэргэлдээ нүүдэлчин улс үндэстнүүдээсээ эрс ялгарч байв. Хотшил, суурьшил явагдахын хирээр “бусдыгаа манлайлагч” нийгмийн суурин хэсэг ямар нэг хэмжээгээр Европын оюуны ертөнцөд өсөн бойжиж байна. Гэвч 1990-ээд онд чухамхүү энэ хэсгийнхэн үндэсний онцлогийн асуудлыг хөндөж тавихдаа гол нь өөрийн өв уламжлалыг сэргээх, өөрийн өвөрмөц онцлогийг хамгаалан бэхжүүлэх тухай ярьж байсан юм. Болсон болоогүй нармай Азийн үзэл, Күнзийн сургаал мэтийн зайлшгүй хэрэгцээ шаардлага Монголд хэзээ ч байгаагүй. Хоёр хөршөө бодсон ч, улс төр, цэрэг, эдийн засаг, иргэний ашиг сонирхлуудын зааг дээр оршдогоо бодсон ч өөрийн үндэсний онцлогийг хүчтэй гаргаж тавих нь Монголын хувьд ихээхэн ач холбогдолтой зүйл билээ.
Монгол Улсын байр сууриа тодорхойлох гэсэн оролдлого Орос, Хятад хоёрын хараанаас ангид байсангүй. Монголыг Зүүн Хойд Азийн эдийн засгийн бүсэд интеграцчилах нь тэр хоёрт хүндрэлтэй асуудал биш. Газарзүйн байрлалынхаа хувьд тус орон тэртэй тэргүй үүний хажуугаар өнгөрөх арга байхгүй юм. Гэвч Москва, Бээжин хоёрын санааг зовоодог зүйлс нь Хандивлагч орнуудын бага хурал байнгын ажиллагаатай байгаа, Өрнөдийн орнууд хийгээд олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг өсөн нэмэгдсэн, ялангуяа АНУ-ын үйл ажиллагаа идэвхжиж буй явдал мөн. Энэ нь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхдээ зарим үед Хүйтэн дайны үеийн аюулгүй байдлын тухай хийрхлээ одоо ч тавьдаггүй хөрш хоёр орны нийслэлд Монгол Улс бараг л Орос, Хятад хоёрын эсрэг “хуйвалдаад” байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдөг биз ээ.
Тэгэхээр Хятад, Орос хоёр 1990-ээд оны сүүлчээр Монголтой харилцах харилцаагаа гэнэт маш ихээр эрчимжүүлсэн нь санамсаргүй тохиолдол бишээр үл барам бүр өөр хоорондоо тохирсон байх магадлал тун өндөр юм. Монголын төрд нүүрлэсэн хямрал үргэлжилж, 2000 онд шинэ сонгууль болох гэж буйг мэдсээр байж Хятадын Төрийн тэргүүн Зянь Зэминь яагаад заавал 1999 онд Монголд айлчилсан нь ч бас үүгээр тайлбарлагдана. Тэрээр хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх дохио өгөхийг л хүссэн хэрэг. Айлчлах цаг хугацаа чухал биш, гол нь хурдан амжуулах л хэрэгтэй. Айлчлалын өмнө тэрээр өөрийнхөө санаа бодлыг тов тодорхой илэрхийлж, “Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь харилцан нөхөх чанартай. Монгол Улс байгалийн арвин баялагтай. Түүний дотор зэс, төмөр, нүүрс, нефть бий. Хятадад Монголын байдалд зохицсон техник, бүтээгдэхүүн байна.”21 гэж хэлсэн байлаа.
Зянь Зэминь болоод түүнийг дагалдагсад яриа хэлцэл хийхдээ өөрсдийгөө дорой буурай харагдуулж, түншлэгч талынхаа айдсыг арилгах гэсэн юм шиг Хятадыг байн байн “хөгжиж буй орон” хэмээн нэрлэж, юуны өмнө геологи хайгуулын ажлыг хамтран хийх, Хятадаас Монголд хөрөнгө оруулах тухай асуудлыг хөндөөд оронд нь Монголын талаас зохих орчныг нь бүрдүүлж өгөхийг хүссэн байна. 1990 оноос хойш Хятад Улс Монголд 60,0 сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн нь 1999 оны орчим ямартай ч гадаадын нийт хөрөнгө оруулалтын 25 хувийг эзэлж байв.
Орос Улс энэ зуур Батлан хамгаалахын сайдууд болон Үндэсний Аюулгүйн Зөвлөлүүдийн түвшинд “бүс нутгийн аюулгүй байдлын цогц асуудлууд”-аар эрчимтэй яриа хэлцэл явуулж ирлээ. Орос-Монголын хилийн Тувагийн зурваст байнга гарч байдаг сөргөлдөөний асуудал үүнд мөн хамаарна. Цэргийн талаар хамтран ажиллах санал тавих гэсэн Оросын аюулгүй байдал, цэргийн салбарын өндөр албаны зочид гийчдийн хөл Улаанбаатарт тасрахгүй байна.
Тэгэхдээ тэд сав л хийвэл цэргийн салбарт хамтран ажиллаж асан хуучин уламжлалаа дурсдаг юм. Элч төлөөлөгчөөрөө дамжуулан явуулах Оросын дипломат бодлогын ноён оргил нь яваандаа 2000 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд хийсэн Оросын Ерөнхийлөгч В. В. Путиний төрийн айлчлал боллоо. Уг айлчлалын үеэр “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зуржээ. Түүнд хоёр талын хийгээд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд онцгой байр суурь эзэлсэн бөгөөд энэ үүднээсээ нэлээд хөтөлбөрчилсөн шинжтэй болсон байв. Ерөнхийлөгч В. В. Путинийг бас Буриад болон Тувагийн Ерөнхийлөгчид, мөн Эрхүү мужийн Амбан захирагч нар дагалдсан нь Москва Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд байдаг хил дагуух улсуудтайгаа Монгол Улс шууд харилцах явдлыг илүү хүчтэй болгох гэж байгааг харуулав. Монголыг ямар нэг юмтай холбох, интеграцлах санаатай байгаа нь андашгүй байв. Тунхагийн 23-р зүйлд нэгэн онцгой заалт бий. Түүнд “Оросын тал олон улсын өргөн хамтын ажиллагааны нээлттэй байгууллага болох Шанхайн Чуулга Уулзалтын зорилго, зорилт, үйл ажиллагааны тухай Монголын талд мэдээлэв. Монголын тал Чуулга Уулзалтын үйл ажиллагааг сонирхон, ямар нэгэн хэлбэрээр түүнд оролцох боломжийг судалж үзэхээ мэдэгдэв.”22 гэсэн байдаг. Энэхүү тунхаглал “Энэхүү тунхаглал аливаа улсад улс буюу бүлэг улс, тэдгээрийн эрхийн эсрэг чиглээгүйг хоёр тал нотолж байна.”23 гэж төгсгөл хэсэгт нь яагаад ийнхүү онцлон дурдав гэдэг санаанд төдийлөн бууж өгөхгүй байна.
Монгол Улсыг Шанхайн бүлэглэлд оруулах зорилготойгоо Хятад, Орос хоёр нуухгүй байгаа бололтой. Хятадын Гадаад хэргийн сайд 2001 оны 7-р сард Монголд айлчлахдаа Оросын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж “Хятад Улс Шанхайн гэрээний байгууллагад Монгол Улс нэгдэн ороход татгалзах зүйлгүй. Монгол Улс энэ байгууллагад нэгдсэнээр бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэж бодож байна.”24 гэсэн юм.
Хоёр хөршийнх нь саймшран дотносох нэмэгдэх тусам Монголын гадаад бодлогын стратегчдийг “гурав дахь хүч” буюу “гуравдагч түнш”-ийн асуудлын талаар эрэгцүүлж, түүнээчангахан дуугаар илэрхийлэхэд хүргэлээ. Монголын Гадаад хэргийн яаманд энэ нэр томъёоны талаарх ойлголтыг нэг мөр болгон “Гурав дахь хөрш гэдэг ойлголт нь аль нэг тодорхой гуравдагч орныг хэлж байгаа хэрэг биш, харин Монгол Улс зөвхөн хоёр хөршийн хамаарал дор байх ёсгүй, энэ хоёрын нөлөөллийн зохих тэнцвэрийг хадгалахад гурав дахь хүч буюу ”гурав дахь хөрш”-ийн нөлөөлөл байх ёстой гэсэн үзэл бодлоос үүдэлтэй юм.”25 гэж томъёолсон байдаг.
Дотооддоо бол “дэлхийн улс төрийн бодлогод жин дарж, хүчтэй нөлөө үзүүлдэг өндөр хөгжилтэй ардчилсан орнуудын бүлэг” тэрхүү “гурав дахь хүч” байна гэдэг дээр санал нийлдэг. Үүндээ, тулгын гурван чулуутай зүйрлэн “хоёр хөрш дээр + гуравдагч хөрш” хэмээсэн маш гоёмсог томъёолол хэрэглэжээ. Энэхүү номнолд хоёрхон дутагдал байсан. Нэгдүгээрт, үүнийгээ хэрэгжүүлье гэвэл дээр өгүүлсэн орнуудад Монгол руу хандах зохих хэмжээний сонирхол төрүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, тэдгээр орон мэдэгдэхүйц үйл ажиллагаа Монголд явуулахгүй юм бол уг баримт бичиг утга учраа алдах байлаа. Хоёрдугаарт, түүхэнд анх удаа эдийн засгийн хувьд сул дорой Орос орон эдийн засаг нь хүчээ авч буй Хятадыг сөрөн зогсож байв. Энэ нь хоёр түнш нэг зиндаанд үйл ажиллагаа явуулж чадахаа байсан гэсэн үг юм. Монгол Улс тэгэхээр дээр дурдсан бодлогоо хэрэгжүүлэхдээ туйлын болгоомж, мэдрэмжтэй ажиллах ёстой агаад хөршүүдтэйгээ харилцаагаа муутгана гэдэг бол хүсүүштэй эд биш. Бас тэр талын дохио сануулга ч хэрэгтэй байв.
Ерөнхий сайд Н. Энхбаяр бол 2001 оны 9-р сарын 11-нд Дэлхийн Худалдааны Төвд террорист халдлага үйлдэгдсэний дараа АНУ-д айлчилсан анхны арван Засгийн газрын тэргүүний нэг юм. Тэрээр энэ боломжийг ашиглаж өөрийн орны АНУ-тай тогтоосон харилцааг “Монгол Улсын ирээдүй, хөгжил цэцэглэлтэд болоод тусгаар тогтнолоо хамгаалахад хувь нэмэртэй” гэж нэрлэсэн билээ.26 Хожим нь Монгол Улс АНУ-ыг дэмжигч улсынхаа хувьд хэд хэдэн цэргийн ангиа Ирак руу илгээв.
Хятад Улс энэ хугацаанд Монгол Улсад буюу Монгол Улстай явуулж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэв. Монголын гадаад худалдаанд Хятадын эзлэх хувь 1999 он гэхэд 32,80 хувьд хүрчээ. Энэ тоо 2000 онд 37,02 хувь болж өссөнөө 2001 онд эргээд 35,51 болж буурсан нь Монгол-Америкийн гадаад худалдааны харилцаа мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбоотой байв.
Ерөнхий сайд Н. Энхбаярыг 2002 онд Хятадын албан тушаал нэгтэн Жо Рунжитай Бээжин хотноо уулзах үеэр тус хоёр орны хоёр талын харилцааны шинжийг Жо Рунжи түүхэн талаас нь бага зэрэг егөөдсөн давхар утгатайгаар “холын саднаас ойрын хөрш рүү чиглэсэн” харилцаа хэмээн тодорхойлсон байдаг юм. Хятадын Ерөнхий сайдын хувьд уулзалт эерэг үр дүнтэй боллоо. Хоёр тал тэгэхэд өөрсдийн харилцаанд гарсан “шинэлэг уур амьсгал”-ын тухай ярьдаг болоод байсан ба Монголд “байгалийн баялгийг нээн ашиглах”-д чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэх Монгол талын саналыг Хятадын тал судалж үзэхэд бэлэн байна хэмээн дуртайяа хүлээн авав. Хятад Улс мөн ондоо Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн болжээ. Монгол Улс энэ алхмыг аль 1997 онд хийчихээд байв. Хоёр тал одоо эдийн засаг-худалдааны хамтын ажиллагаагаа ДХБ-ын мөрддөг тэр хэм хэмжээг үндэслэн явуулж байхаар тогтлоо. Ерөнхий сайд Н. Энхбаяр Хятадын албан тушаал нэгтэнтэйгээ ярилцах зуураа Хятадын тал яагаад гэв гэнэт Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гээд байгаагийн учир шалтгааны талаар ойлголт авч чадсан байна. Хятадын эдийн засаг асар их өсч буй нь түүний түүхий эдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн ба Хятад Улс тэдгээрийг юуны өмнө өөртөө ойр болон хөрш зэргэлдээ орнуудтай зохих ёсны харилцаа тогтоох замаар олж авах, түүний төлөө өөрсдөө ч хөрөнгө оруулах сонирхолтой аж. Иймэрхүү концепцийн хүрээнд арвин баялаг түүхий эд бүхий Монгол Улсад онцгой ач холбогдол ногдож буй нь мэдээжийн зүйл байсан бөгөөд энэ нь хоёр орны харилцааны чанарт ч нөлөөлөх учиртай байжээ.
Яагаад Хятадын Төрийн тэргүүн Ху Жинтао 2003 онд гадаадын хэд хэдэн оронд анхны айлчлал хийх замдаа эхлээд Улаанбаатарт түр саатсаны жинхэнэ шалтгаан энэ байсан болов уу. Үнэхээр ч уг айлчлал хоёр орны харилцааг сайн хөршийн, харилцан итгэлцсэн түншлэлийн түвшинд гаргаж ирэх, уул уурхай, боловсруулах үйлдвэр болон дэд бүтцийн салбаруудад хамтран ажиллахад голлон анхаарахад зориулагдсан байна. Ху Жинтао Монголд 300,0 сая америк долларын зээл амлахаар болов. Энэ бол шинэлэг зүйл байсан гэхийн учир гэвэл Хятад Улс дээрх зээлийг олгосноор шууд л Монголын хамгийн том хандивлагчдын тоонд орохоор байв. Гэвч тэр зээлийг одоохондоо олгоно л гэчихээд байгаа бөгөөд Хятад Улс эхлээд Монголд эдийн засгийн байр сууриа улам бэхжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж буй. 2000 онд Монголд 110,0 сая америк долларын хөрөнгө оруулалттай Хятадын 512 аж ахуйн нэгж ажиллаж байсан бол 2003 оны 8-р сар гэхэд тэдгээрийн тоо 319,0 америк долларын хөрөнгө оруулалттай 1.059 аж ахуйн нэгж болж өсчээ.
Орос Улс тэгвэл дээрх хугацаанд Монголтой тогтоосон харилцаагаа юуны өмнө улс төр, цэрэг, аюулгүй байдлын салбарт хөгжүүлэхэд голлон анхаарав. Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх боломж нь түүнд хомс байсан, гэвч тус улс ханцуй дотроо нуусан нэгэн хөзөртэй байсныгаа одоо тоглолтонд оруулж эхэллээ. Орос Улс 11,6 тэрбум америк долларынх нь хуучин өрийн 98 хувийг цуцлахаар Монголтой тохирсон ч, Монгол Улс нийт өрийн 2 хувийг (= 250,0 сая ам. доллар) Орост шууд төлөх үүрэг хүлээхээр болжээ. Гэвч хятадуудын 300,0 сая америк доллар, оросуудын өр цуцалсан хоёр Монголыг Шанхайн гэрээний байгууллагын ажиллагаанд илүү эрчимтэй оролцуулах нэг л болзолтой холбоотой мэт. Оросын Гадаад Хэргийн сайд И. С. Иванов, түүний Монгол талын албан тушаал нэгтэн Л. Эрдэнэчулуун нар 2004 оны 1-р сарын 13-нд Улаанбаатар хотноо хуучин өрийг цуцлах тухай баримт бичигт гарын үсэг зурснаасаа хойш хэдхэн цагийн дараа хоёулаа Шанхайн гэрээний байгууллагын уулзалтанд оролцохоор Бээжин рүү нисчээ. Монгол Улс энэ уулзалтанд анх удаа, тэгэхдээ ажиглагчийн статустайгаар оролцсон юм.
Тэгээд ч зогссонгүй Орос, Хятад хоёр өөрсдийн тавьсан саналыг “чихэртэй талх ба ташуурын бодлого”-оор хачирлалаа. Нэлээд хэдэн жилийн өмнө хоёр тал Оросын Ковыхтинскоос Хятад руу газрын хий дамжуулах хоолой барихаар тохиролцсон юм санжээ. Орос Улсын Гадаад хэргийн сайд И. С. Иванов 1999 онд Монгол Улсын Их хуралд үг хэлэхдээ “хуучин анд нөхөр залуу найзаас илүү” (Орос-Монголын олон жилийн уламжлалт харилцааг хэлжээ) гээд хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан тавихыг дэмжихээ амалж байхад Хятад Улс үүнийг аюулгүй байдлын талаас нь анхаарах ёстой гэдэг шалтгаанаар татгалзсан байлаа. Хятадын албаны хүмүүс Монголын төлөөлөгчидтэй ярилцахдаа аюулгүй байдлын талаас нь анхаарах гэдэг нь Монголд Америкийн нөлөө нэмэгдэж байгаатай холбоотой гэж ойлгуулсан байдаг юм.27
Энэ хугацаанд Монголд өөрийн гэсэн ашиг сонирхлоо тодорхойлон хэрэгжүүлж буй АНУ Монголын Засгийн газарт хандан тодорхой хэдэн үг хэлэх цаг болсон гэж үзсэн бололтой. Тус улс Монголыг Шанхайн гэрээний байгууллагат элсэн орох асуудалд таагүйхэн ханддаг билээ. Өр цуцалсан баримт бичигт дөнгөж саяхан гарын үсэг зурсан үзэгний бэх хатаагүй байхад 1-р сарын 13-нд АНУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын дарга нарын хорооны дарга, генерал Р. Б. Майерс АНУ-ын Зэвсэгт хүчний Төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х. Норфыг дагалдуулан цөөн цагийн хугацаатайгаар Монголд ирлээ. Майерс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, мөн Монголын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай уулзан ярилцжээ. Харин “цаг давчуу гэдэг үндэслэлээр” хэвлэл мэдээллийнхнийг эдгээр уулзалтанд оролцохыг зөвшөөрсөнгүй.
2004 оны 1-р сарын 31-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Армитаж мөн Улаанбаатарыг зорьжээ. Түүний айлчлалын үеэр аюулгүй байдлын асуудлууд мөн л голлох үүрэгтэйгээр яригдсан байна. АНУ гэхдээ Монголтой чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Millennium Challenge Account-ын хүрээнд багагүй тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Аюулгүй байдлын бодлогын салбарт Монголтой хамтран ажиллах АНУ-ын сонирхол цаашдаа нэлээд ач холбогдолтой болж ирэв. Дэлхийн Худалдааны Төвд халдсан террорист халдлагын дараах жилүүдэд АНУ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан Төв Азийн зарим улсуудад өөрийн цэргийг байрлуулж дөнгөсөн юм. Олон улсын терроризмын эсрэг тэмцэж байна гэдгээр үүнийг зөвтгөж болох мэт боловч энэ нь Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлыг бас хөндөж буй хэрэг билээ. Гэвч шинээр олж авсан стратегийн байр суурь нь одоо алдагдах аюулд ороод байна. 2001 онд байгуулагдсан Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нар 2005 оны 7-р сарын 5-нд Казахстаны нийслэл Астанад болсон Дээд хэмжээний уулзалт дээр Афганистанд одоо “дотоод улс төрийн байдал нь тогтворжиж, нааштай өөрчлөлтүүд гарч байгаа” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. “Шанхайн байгуулгын гишүүн орнууд нь алан хядах үйлдэлийн эсрэг эвсэлд нэгдэн оролцогчид нь дэд бүтцийн дурдсан байгууламжийг түр ашиглах болон Шанхайн байгуулгын гэрээний гишүүн улс орны нутаг дэвсгэрт хязгаартай тоо бүхий цэрэг байлгах сүүлчийн хугацаагаар тодорхойлогдох нь зайлшгүй чухал гэж үзэж байна.”28Энэ нь гадаадын цэргийг байрлуулах эцсийн хугацаагааг товлон тогтоохыг сануулсан хэрэг байлаа. Энэ хооронд мөн Энэтхэг, Иран, Пакистан, Монгол зэрэг улсууд Шанхайн байгууллагын дээд хэмжээний уулзалтанд ажиглагчаар оролцсон, тэрчилэн Орос, Хятад хоёр энэхүү эвслийг эдийн засгийн талаас нь интеграцчилах гэж нэлээд чармайж эхэлсэн нь ирээдүйд Дорнод Азид хагарал үүсгэж болох учраас Вашингтон эдгээр үйл явцыг санаа зовнингуй ажиглаж байв. Орос, Хятад хоёртой ихээхэн газар нутгаар хиллэдэг Монгол Улс ийм эвслийн дотор стратегийн хувьд асар их ач холбогдолтой болох нь ойлгомжтой.
Ингээд АНУ довтолгоонд орлоо. 2005 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Д. Рамсфельд, 11-р сарын 21-нд Ерөнхийлөгч Ж. В. Буш нар Монголд тус тус айчлав. Урьд нь нам гүм байдаг Улаанбаатарын тэнгэрт Америкийн байлдааны нисдэг тэргүүд эргэлдэж байх зуур Ерөнхийлөгч Ж. В. Буш телевизийн шууд нэвтрүүлгээр Монголын ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Монголын Нууц Товчоо”-ны зарим нэг сургамжаас иш татсан юм. Америкийн Монгол судлалын мэргэжилтнүүдээс сайтар зөвлөгөө авсан Ж. В. Буш тэрхүү дурсгалт бичгийн доторх домгоос жишээ авч Монгол-Америкийн харилцаатай холбогдуулан хэлэхдээ, “Өнөөдөр Монгол, Америк хоёр эрх чөлөөний үйл хэрэгт ахан дүүс шиг хамтдаа зогсч байна”29 гэж мэдэгдсэн билээ. Энэ нь АНУ, Монгол хоёр ирээдүйд аюулгүй байдлын бодлогын салбарт цаашид ч дотно ажиллах нь гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа болохоор дээрх үгс Москва, Бээжин хоёрт чухам л харанга дэлдэх шиг сонсдоо биз. Гэвч АНУ үүнийгээ түргэхэн шиг эдийн засгийн зохих тусламж дэмжлэгтэй холбохгүй юм бол эдийн засгийн хувьд сул дорой Монгол Улс хамтран ажиллах боломжоор маруухан байх болно. Тэгэхдээ АНУ үзүүлэхээр амалсан тусламж дэмжлэгээ Монгол дахь авилгын эсрэг тэмцлийн тухай яриа өрнүүлэхтэй холбох гэж оролдсоноос санаачлагыг алдаж мэдэх аюул тун ойрхон байгааг 2005 оны 11, 12-р сард болсон Монгол-Хятадын Дээд хэмжээний уулзалт харуулсан юм. Монголын хэвлэл үүнийг Монгол, Хятад хоёр “Хамтдаа хөгжье” (Вашингтонд хандсан байж ч болох) гэсэн малгай гарчигтайгаар мэдээлсэн билээ.
Монголын хувьд айлчлалыг айлчлалаар хариулах явдал чухал болж ирлээ. Рамсфельдийн айлчилснаас 2 хоногийн дараа 2005 оны 10-р сарын 26-нд Ерөнхий сайд Ц. Элбэгдорж Москвад болсон Шанхайн байгууллагын хуралдаанд оролцжээ. Монгол Улсын Гадаад хэргийн яам өмнө нь “ШХАБ-д манай улс жинхэнэ гишүүнээр элсэх тухай яриа гарахад хараахан эрт байгаа... Манайх шиг ажиглагчийн статустай улс орон ШХАБ-ын үйл ажиллагаанд бүрэн оролцдоггүй, тиймээс хариуцлага хүлээдэггүй аж. Гэхдээ өөрийн ашиг сонирхолд нийцсэн салбарт ШХАБ-ын гишүүдтэй хамтран ажиллах боломжтой юм байна.”30 гэж мэдэгдсэн байв.
Ерөнхийлөгч Н. Энхбаяр 2005 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 3 хүртэлх хугацаанд, өөрөөр хэлбэл Бушийн айлчлалаас 6 хоногийн дараа Хятадад төрийн айлчлал хийжээ. Хоёр тал хамтран гаргасан мэдэгдэлдээ “Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан итгэсэн, хамтаар хөгжих мөнхийн сайн хөрш, сайн анд, сайн түнш” байхаар бие биедээ илтгэсэн байна. Уг мэдэгдэлд бас “3. Хоёр тал бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэриийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг, улс төрийн эвсэлд нэгдэхгүй, бие биеийн эрх ашиг, ашиг сонирхлыг хөндсөн ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулахгүй гэдгээ дахин нотлов.”31 гэсэн нь бий.
Айлчлалын хариуг айлчлалаар барихын хажуугаар бас айлчлалд саад тотгор учрах гэж бий. Тухайлбал Хятад Улс олон жилийн тэртээгээс Далай ламын Монголд хийх айлчлалд саад хийсээр байна. Далай ламыг хамгийн сүүлд Улаанбаатарт ирэх үеэр Бээжин хил нэвтрэх Эрээний төмөр замын гарцыг хаалгаж байсан юм. Үүнийгээ “техникийн хүндрэл”-ээс боллоо гэж тайлбарласан ч үйл явдлын давхцал илт өөр зүйлийг өгүүлж байлаа. Хятадын Элчин сайд хожим нь Монголын хэвлэлд “Далай лам Монгол Улсад айлчлах нь Хятад, Монголын найрсаг харилцаанд муу нөлөө үзүүлж, Хятадын ард түмний, үндэстнүүдийн санаа сэтгэлд хохирол учруулдаг учраас бид эсэргүүцдэг.”32 гэж мэдэгдсэн юм. Хилийн гарцыг хаасан явдал Улаанбаатарын хүнсний хангамжид шууд л нөлөөлсөн нь Монголын жижиг зах зээл энэ хооронд Хятадаас хичнээн их хамааралтай болсныг харуулаад авлаа. Монголын гадаад худалдаанд Хятадын эзлэх хувийн жин одоогоор 35,49 хувьтай байгаагийн зэрэгцээ Монголын экспорт болон импортод эзлэх хувь харгалзан 47,59 ба 25,18 хувьтай байна. Хятад Улс Монголд оруулсан нийт хөрөнгө оруулалтын 38 хувийг оруулснаараа гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч болсон төдийгүй энэ нь цаашдаа өсөх хандлагатай байгаа юм. Монголд, тэр тусмаа Улаанбаатар хотод Хятадын жижиг пүүс, компаниуд үй олноороо ажиллаж, тэдний тоо байнга өсөн нэмэгдэж байгаа нь цаашдаа Монголд суурьших хятадуудын тоо улам өснө гэсэн үг билээ. БНХАУ-тай эдийн засгийн талаар хамтран ажиллах явдал Монгол Улсын хувьд амин чухал гэдэгт эргэлзэх юм алга. Гагцхүү Монголтой тогтоосон эдийн засгийн харилцаанд Хятад Улс хүчтэй давамгайлж эхэлж байгаа нь л бодууштай зүйл мөн. Энэ давамгайлал юутай ч Монголын “гадаад бодлогын үзэл баримтлал”, мөн олон тулгуурт бодлогын үндсэн зарчим хэрэгжих эсэхэд эргэлзээ төрүүлдэг юм.
Тэгээд ч гадаад бодлогын асуудлаар сайтар мэргэшсэн Монголын судлаач Д. Баярхүү “Гэхдээ жирийн хятадууд Монголыг өөрийн түүхэн хамжлага, Хятадын түүхэн эзэнт гүрний хэсэг гэж үзэж сурчихсан, энэ нь төрийн бодлогод очиж нөлөөлөх эсэх нь ирээдүй цагийн асуудал юм. Бүс нутагт БНХАУ-ын байр суурь хүчтэй болсон нөхцөлд Монголд Хятадын сюзеренитетийг ямар нэгэн хэлбэрээр сэргээн тогтоох боломж бүрдэж болох талтай. Монгол Улс хэтдээ Хятадын геополитикийн тойрогт орж ирэх нь Орост шууд аюул болох …”33 гэж бичсэнийг буруутгах арга алга. Энэ нь Орос Улсыг өөрийн эрхгүй улс төрийн хувьд АНУ, Японтой ойртохыг хичээхэд хүргэнэ. Уг нь Орос орон хэзээнээсээ монголчуудын түншлэхийг хүсдэг Европын их гүрэн мөн юм. Үүнийг олны дунд нэр хүнд бүхий “Сант Марал” сангийн санал асуулга байнга нотолдог боловч Монгол Улс чухамдаа Орос, Хятад хоёрын дунд биш, АНУ, Хятад хоёрын дунд байгаа нь Оросын өөрийнх нь эдийн засаг доройгоос болоод буйг Москва анзаарсан биз.
Жижигхэн Монголын ард түмэн өнөөдөр ч гэсэн өчигдрийнхөө нэгэн адил дэлхийн улс төрийн бодлогын тээрмийн чулуудын дунд сууж байна. Гэвч улс төрчид нь тээрмийн ийм чулуудын дундуур чамгүй амжилттайгаар бодлого явуулж сурчээ. Олон тулгуурт бодлого эерэг нөлөөгөө үзүүлж эхлээд байна. Дэлхийн томчууд Монгол хэмээх нэгэн нэрийг аль хэдийнэ мэддэг болжээ. Гэвч хөгжил дэвшилд хүрэхийн жинхэнэ баталгаа нь үндэсний эв нэгдэл, үндэсний онцлогоо хадгалах явдал мөн гэдгийг монголчууд өөрсдөө ухамсарладаг. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н. Багабанди “үндэсний үзэл бахархлыг өдөөж, үндэсний гэх аливаа бүхнийг шинэ цагийн шаардлага, дэлхийн соёлын хэмнэлд нийцүүлэн сэргээж, эвдэрснийг эвлүүлэн, тасарсныг залгуулж, даяаршлын эринд дангааршин орших үндэсний онцлогоо хамгаалан хөгжүүлэх бодлогыг эцгийн голомтыг бадраах хүүгийн сэтгэлээр, эртний түүхт төр улсын Ерөнхийлөгчийн бодлогоор явуулж ирлээ.”34 гээд үргэлжлүүлэхийг уриалж байсан билээ. 2005 оны 11-р сарын сүүлчээр Монголын хэвлэлд нийтлэгдсэн “Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”35 мөн үүнд чиглэгдэж байгаа болно.
1. Ц. Гомбосүрэн, Миний орчлонгийн орчил, Goodal, 2005 оны тусгай дугаар, 53-р тал.
2. О. Машбат, Өнөөгийн Монголын соёлын зарим асуудал: Гадаад хийгээд дотоод талд, Стратегийн Судлал 1-2(2000), 82-89-р тал.
3. В. И. Ситников,Зөвлөлт, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хэтийн төлөв, Үнэн, 1990.02.26.
4. Г. Каспаровын тухай дахин ярьсан нь, Үнэн, 1990.01.05.
5. Монгол Улсын Үндсэн хууль, Улаанбаатар 1992, 6-р тал.
6. Мөн тэнд, 5, 7, 9-р тал.
7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэл, Ардын Эрх, 1993.01.22.
8. Монгол-Оросын гэрээ хэлэлцээрийн эмхтгэл (1990-2001), Улаанбаатар 2001, 30-р тал.
9. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Ардын Эрх, 1994.04.30.
10. U. B. Barkmann, Die Beziehungen zwischen der Mongolei und der VR China (1952-1996) - Versuch einer Anamnese, = Mitteilungen des Institutes fűr Asienkunde Hamburg 338, Hamburg 2001, 128-р тал.
11. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Ардын эрх, 1994.07.27.
12. Мөн тэнд.
13. Дорно дахин тун амаргүй, Начало 33(1992), монгол орчуулга нь Ил товчоо -нд, 1993.02.01-10.
14. Олон тулгуурт бодлого- Үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл, Зууны Мэдээ, 2001.12.15.
15. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Улаанбаатар 1993, (тусдаа хэвлэгдсэн).
16. Д. Батхаан, Шашны шинэ урсгалуудын нөлөө, Монголын тогтвортой байдал, Стратеги Судлал 1(1995).
17. Монгол Улсын Статистикийн эмхтгэл 1997, Улаанбаатар 1998, 29-р тал.
18. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын хуулиуд, Улаанбаатар 1995, 77-88, 101-112-р тал.
19. Орос-Хятадын гэрээ, хэлэлцээрүүдийн эмхтгэл, Хоёрдугаар хэсэг (1949-2003), Улаанбаатар 2003, 183, 164-р тал.
20. Аяако Кимура, Хүйтэн тамаас халуун там руу зүтгэхийн хэрэг юун, Засгийн Газрын Мэдээ, 1996.12.17.
21. БНХАУ-ын дарга Зянь Зэминь Монголын хэвлэлд ярилцлага өглөө, Өдрийн Сонин, 1999.07.14.
22. Улаанбаатарын тунхаглал, Өнөөдөр, 2000.11.15.
23. Мөн тэнд.
24. Тан Зяасюань, Монгол Улсыг Шанхайн гэрээний байгууллагад нэгдэн ороход нь Хятад Улс дэмжинэ, Зууны мэдээ, 2001.07.04.
25. Б. Батзаяа, Глобалчлал ба Монгол Улсын гадаад бодлого, Олон Улс Судлал, 3 (2003), 37-38-р тал.
26. Монгол Улсыг АНУ-д аль хэдийнээ таньжээ, Үнэн, 2001.11.23.
27. М. Батчимэг, Монгол-Хятадын харилцаа ба гурвалжны доторх Монгол-Америкийн харилцаа, Стратеги Судлал, 1 (2005), 75-р тал.
28. Декларация глав государств-членов Шанхайской организации сотрудничества, www.sectsco.org-аас авав.
29. Төв Азийн цээжинд чөлөөт нийгэм байгуулсан монголчуудтай Америкийн ард түмэн хамт байна, Үнэн, 2005.11.23
30. “Шанхайн” Ерөнхий сайдууд Москвад уулзана, Өнөөдөр, 2005.10.21.
31. Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл, Үнэн, 2005.11.30.
32. Хуан Жакүй: Далай ламын тухай бид өөр ойлголттой, Зууны Мэдээ, 2003.10.09.
33. Д. Баярхүү, Орос ба Хятад: Тэнцвэргүй түншлэлээс стратегийн зорилт руу, Олон улс судлал, 2(2005), 97-р тал.
34. Ард түмнийхээ, бас ардчилал, шудрага ёсны талд зогсохыг хичээж ирлээ, Өнөөдөр, 2005.06.23.
35. Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр, Өнөөдөр, 2005.11.23.
Удо Б.Баркманн /baabar.mn/