- Ардын хувьсгалын 100 жилийн ойд -
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн өдөр хөндөе гэсэн сэдвээ уншигчиддаа өргөн барья. Хүлцэн, эвлэрэн, сэтгэн, эргэцүүлэн хүлээн авна уу!
Үндэсний эв нэгдэл, нэгдэл нягтрал, нийтлэг үнэт зүйлс гэдгийг хамгийн өндөрт, магнайдаа залах учиртай тэрхүү түүхт, чухал ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Аюулын харанга нэгэнтээ дэлдчихсэн учраас баярын энэ өдөр монголчууддаа хандаж уриалан бичиж байна. Бас сануулж байна. Улс төрчдийн сонорт хүргэж байна.
“Аюулын харанга” гэж юуг хэлнэв? Англи хэлний National Identity буюу үндэсний (эсвэл үндэстний) ижилсэлээ төлөвшүүлж чадахгүй явсаар XXI зууны даяаршил, мэдээлшлийн аянгад ниргүүлэхийн босгон дээр тулж ирлээ гэдгийг би хэлж байна.
Үндэсний хэмжээнд National Identityбуюу үндэсний ижилсэл нь төлөвшиж чадаагүйгээс (эсвэл маш сул төлөвшсөн) эдүгээ Монгол нь хамгийн ихээр хуваагдсан(эсвэл хуваагдалтай) улс болсон байна.
Хуваагдал Монголын нийгмийн амьдралын бүх салаа салбарт оршиж байна. Улс төрийн намуудаараа, нам нь дотроо фракцаараа, хүн ард нь аймаг аймгаараа, сум сумаараа, хот хөдөөгөөрөө, баян хоосноороо, сэхээтэн, барлагаараа, цол хэргэмээрээ, шашнаараа (ноцтой хэмжээнд арай ч очоогүй?), мэргэжлийн ба салбарын явцуурлаараа, хөгшин залуугаараа...бүр эрүүл өвчтэйгөөрөө хуваагдана.
Монголын хүн амыг, адаглаад нийслэлийн 1.5 сая хүн ардыг хуваагдал хэрэн бүчжээ. Улаанбаатараар дүүрэн нутгархах өвчин. Аймаг сумдын нутгийн зөвлөл (ТББ) хэдэн зуугаараа ярайна. Хөдөөд ч ялгаагүй. Өчүүхэн жижиг сумын төв гэхэд л нам намаараа хуваагдаад тангараг тасарчихсан. Сумын төвд улс төрийн томилгоо яйлж өгнө. Дунд сургуулийн галч хүртэл улс төрийн томилгоотой.
Наадам ба Цагаан сараар хуваагдлыг жинхэнээсээ харж болно. Улс төрийн намын туг намируулсан гэрүүд Хүй долоон худагт ярайна. Тэр нь бас нийслэлийн тийм дүүргийн тийм намын гэр гэсэн тусдаа хаягтай. Нутгийн зөвлөлийн гэрүүд бүр тоймоо алдсан.
Үндсэрхэх нутгархах өвчний гайгаар 90 жилийн түүхтэй зарим сум 2000 жилийн түүхтэй болж түүхээ шинээр зохиолгосон. Түүх зохиолгох, зохиох их аянд мордсон. Зохиогоод өгчих, уран сайхандаад гоё болгочих, уншууртай болгочих, үзүүштэй болгочих хэвлэл, утга зохиол, сэтгүүл зүй, кино телевиз нь ханшаа дагаад ярайтлаа байж байна. Үндсэрхэх нутгархах, баярхах өвчнийг дагасан хэдхэн салбартай. Элдэв төрлийн монгол дээл, малгай бүс, хантааз, гутал, элдэв төрлийн гоёл чимэглэл, наалт зүүлт, хаяг шошго, архи дарс ёоз ёозоороо. Гурван сая хүндээ огтоос хүртээлгүй үйлдвэрлэл–урлал. Цагаан сар, Наадмаар энэ салбарт бөөн уралдаан, мөнгөний эргэлт. Баяр дууслаа маргааш нь улсаараа паг.Улс нь хуваагдлынхаа тамыг туулсаар үлдэнэ.
Нэг л зүйл нүднээ ил байна. Улс эх орон маань нийтээрээ, бултаараа хөгжиж чаддаггүй. Нэг байрандаа дэвхцээд, нэг хэмийн уйтгарт эдийн засаг нь (уул уурхайн түүхий эдийн экспорт) үлгэн салган байгаад байдаг. Хүн ардын үлэмж хэсэг нь ядуурсан буюу ядуурахад бэлхэн.
Сошиал ялгарал гэдэг дээ. Баян хоосны ялгааг. Нийгмийг жинхэнээс нь хувааж талцуулж, атаа жөтөө, мөчөөрхөл, хорлолыг төрүүлж байдаг үзэгдэл.
Улс төрийн намын тогтолцоо нь улс орныг (хүн ардыг) улс төрийн хувьд танай манай, танай нам, манай нам болгож хуваасан бол эдийн засаг-нийгмийн хувьд баян ядуугийн туйлд хуваажээ.
Энэ бүхний гол шалтгаан нь шударга ёс алдагдсанд гэж захын монгол хүн хэлнэ. Ганц тэр биш, гарчигт өгүүлсэн нийтлэг үнэт зүйлс бидэнд үгүйлэгдэж байгаад л байгаа юм. Нийтлэг үнэт зүйлстэй байж гэмээнэ үндэсний ижилсэл дээрээ нэгдэж нягтрах ёстой юм.
Үндэсний ижилсэлийг чинь нийтлэг үнэт зүйлс л бий болгоно. Гэтэл нийтлэг үнэт зүйлсээ олж тогтоох гэж будилж мэтгэлцсээр өнөө хүрсэн. Эрдэмтдийн ба сэхээтнүүдийн үзэл бодлын хуваагдал үүн дээр тод тусдаг.
Хэл бичиг–уран зохиолын нэртэй эрдэмтэд нь өөрийнхөө чаддаг мэддэг, тодордог шинжлэх ухаанаа өмнөө гаргаад тавьчихна. Хэвлэлийн хурал, зурагтын нэвтрүүлгээр амьдралаас тасархай үүлэн дунд хөвөх юм ярина. Сонсоход сайхан, ардууд нь хэрэгжүүлнэ гэж даан ч байхгүй. Явж явж нөгөөх нь гавьяат, ардын цолны төлөө, Чингисийн одонгийн төлөө хувийн реклам болж хувирна.
Урлаг–уран сайхан, сэтгүүл зүйн баахан нөхөд монгол бөх, эрийн гурван наадмаа үнэт зүйлд тооцуулахаар улайрна.Бас л хэвлэлийн хурал, зурагтын нэвтрүүлгээр ам уралдан ярьж сурталчилна. Тулгана. Ард түмэн санал нэгтэйгээр нөгөөхийг нь хүлээн авдаггүй. Цагаан сар, Наадмаар үзэж зугаацаад мартчихна.
“Нүүдлийн соёл иргэншил” гэх бас нэг лут үнэт зүйлс бидний толгойг мөн ч их эргүүлнэ. Нүүдлийн мал аж ахуй (маллагаа л юм даа), айраг цагаагаа хийдэг дадал, монгол гэр, малч ардууд, тэдний ахуй амьдрал, соёлын элементүүд орчин цагийн техник технологитой холилдоод нэг том үнэт зүйлс гэж ойлгуулдаг. Энэ талаар эрдмийн зэрэгтэй бүтээлтэй баахан эрдэмтэд ярьж барахгүй. Бас “нүүдлийн соёл иргэншил”-ээ тоохгүй байна хэмээн хотын сэхээтэн залууст, залуу балчир үедээ гомдолтой.
Бурханы шашны шарын урсгалаар үнэт зүйлсээ хийлгэх гэсэн сүсэгтэн олны чармайлтыг хүндэтгэн үзэх учиртай. Гэвч өнөөгийн Монгол маань XIX зууны Монгол биш болсон. Шарын шашинд сүсэглэх нь өнгөн талын үзэмж (дүр эсгэдэг, эсвэл реклам болгодог), эсвэл мухар сүсгийн хэлбэртэй, бас нийгмийн үлэмж хэсэг нь огтоос шүтдэггүй, иймд үндэсний, төрийн шашин гэж авгайлахад учир дутагдалтай.
Ингээд явж явж үндэсний нийтлэг үнэт зүйлс дээрээ монголчууд олон хуваагдсан байдалтай байна. Түүнийгээ ч юман чинээнд боддоггүй.
Зовж бүтээж босгосон үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн байдал дээрээ хатуу нэгдэж нягтарсан, түүнийгээ монгол хүн бүр бахдаж дээдэлдэг, түүнийхээ төлөө бас шаналж энэлж явдаг, чухам энэ л үндэсний нийтлэг эрх ашиг, нийтлэг үнэт зүйлс маань мөнөөсөө мөн л дөө. Үүн дээр монголчууд гуйвж дайвсан, эргэж хургасан байдал байхгүй ч, хайрлаж хамгаалах, зовж шаналах гэдэг дээр дэндүү хэнэггүй (мөнхөд байсан юм шигээр) байна. Үүнд эмзэглэдэг хүний хувьд би хэргээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн түүхт өдрөөр тэгж бичиж сануулж байна.
Социалист нийгмийн байгууллыг халж гарч ирсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн зах зээлийн харилцаа бүхий нийгмийн шинэ байгуулал маань яалт ч үгүй нийтлэг үнэт зүйлс маань болох учиртай. Түүний төлөө нэгдсэн хуу хоолой, нэгдэл нягтралтайгаар тэмцэх учиртай боловч үнэт зүйлс болгох тал дээр монголчууд ёстой нэг туйлширч явсаар 30 жилийг ардаа хийжээ. Нийгмийн байгууллынхаа үнэт зүйлсийг ойлгохгүй будилж, төөрч, залхаж явсаар өнөө хүргэжээ. Ардчиллаас залхаагүй ч түүнийг ахуй амьдрал дээрээ хэрэглэж ид шидийг нь үзэхгүй яваагаас болж ардчиллынхаа нэр хүндийг унагачихсан. Нийгэмд баян хоосны хэт ялгаа гараад ирснээс болоод зах зээлийн эдийн засгаа буруугаар төсөөлөөд зарим нь үзэн ядчихсан, ийм л дүр зураг буухаар байна.
Улс үндэстнийг эвлэрүүлдэг, талцуулдаггүй, хуваадаггүй мэргэн түргэн аргыг бодож олохгүй бол оройтлоо. Олон намын тогтолцоо, улс төрийн ба төрийн тогтолцоо 30 жил ийм замаар яваад иржээ. Улс үндэстнээ эв нэгдэлтэй, нэгдсэн зорилготой, зангидсан гар шиг авч явж чадсангүй. Улс гэр, хүн ард маань босч тэнхэрч, цэгцэрч, хөгжиж, хөлжиж баяжиж чадсангүй. Иймд хоёр танхимтай парламент бүхий, засаг захиргааны цоо шинэ хуваарь бүхий шинэ БНУ-ыг цогцлоох дараагийн шинэ Үндсэн хуулиа бодолцвол ямар вэ? Түүндээ л National Identity буюу үндэстний ижилсэлээ хатуу хуульчилж өгье!Өөр хувилбар байна уу?
Жич: National Identity гэдгийг онож буулгачих монгол үгсийг эрээд эрээд олсонгүй. Улс үндэстний маань онцлох чанар, дэлхийдонцгойрох тэрхүү үнэлэмжийг нэрлэх гээд барсангүй. Ижилсэл гэдэг нь оновчтой үг хараахан биш ч өөрөөр нэрлэх мэргэн үгсийг эрдэмтэд мэргэд минь олж хэлэгтүн!
О.Баярхүү /baabar.mn/