УИХ 2021 оны төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан өчигдөр УИХ дахь цөөнх болох АН-ын бүлгээс мэдэгдэл УИХ, Засгийн газарт шаардага хүргүүлжээ. Шаардлагын гол утга нь төсвийн тодотголыг дахин хийх, хөрөнгө оруулалт дээр тавьсан зардлуудаа танах, түүнээс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах явдал.
Учир нь сая баталсан тодотголоор төсвийн нийт алдагдлыг 1,5 их наядаар нэмэгдүүлж, 3,7 их наяд төгрөгт хүргэсэн байна. Өнгөрсөн оны төгсгөлд14 их наядаар батлагдсан 2021 оны төсвийн зарлага сая хийсэн тодотголын дараа 16 их наяд болж өсчээ. Төсвийн зарлагыг хоёр их наядаар нэмэгдүүлсэний 10 гаруйхан хувь буюу 230 тэрбум төгрөгийг ковидтой тэмцэх эрүүл мэндийн салбарын шууд зардлаар баталсан байна. Харин зардлын бусад өсөлт нь сонгуультай холбоотой байсныг цөөнхийн бүлгээс мэдээллээ.
Тухайлбал, сонгуулийн өмнө малчин өрхөд тараасан 100 мянган төгрөгийг сая баталсан төсвийн тодотгол дээр нэмж суулгасан байна. 2021 оны нэгүгээр сард улсын хэмжээнд 242 мянган малчин өрх тоологдсон гэж үзвэл хамгийн багадаа 24,2 тэрбум төгрөгийг эрх баригч нам төсвийн хуулиас гадуур малчдад тараасан гэсэн үг.
Мөн 2020 оны эцэст баталсан төсвийн тухай хуулиар энэ оны төсөвт 3,8 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт тавсны 1,6 тэрбумыг нь ондоо багтаж санхүүжүүхээр төлөвлөсөн байсан ч сая хийсэн тодотголоор хөрөнгө оруулалтын зардлаа дахин нэмэгдүүлсэнийг АН-ын бүлгээс зарлалаа.
Жишээлэхэд, Хэнтий аймгийн сум болгонд соёлын ордон барьж, Батноров сумын Хөгжпийн ерөнхий төлөвлөгөөг 200 сая төгрөгөөр хийхээр төсөвт суулгасан байна. Норовлин суманд барьж байгаа "Шихихутаг нууц товчоо" цогцолборын тохижилтод нэг тэрбум төгрөг, Биндэр суманд "Их хуралдай" цогцолборт 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бэрх тосгон, Баян- Овоо, Баян-Адрага суманд тус бүр 1.4 тэрбум /нийт 4,2 тэрбум/ төгрөгөөр Иргэдэд үйлчлэх төв барихаар болсон байна. Бэрх тосгонд байгуулах далд уурхайн музейд мөн 3.7 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэтчилэн...
2020 онд Хэнтий аймагт улсын чанартай хөрөнгө оруулалтаас гадна 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь хамгийн их буюу арван аймгийн хөрөнгө оруулалттай тэнцэж байв. Хөрөнгө оруулалтын хэмжээг хүн амтай нь харьцуулбал нэг хүнд ногдох хэмжээгээр хамгийн бага /197,4 мянган төгрөг/ нь Орхон аймаг байв. Харин Хэнтий аймагт нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ 1.8 сая төгрөг буюу хамгийн их нь. БОАЖ-ын сайдын нийт төсвийн 31.9 хувь, УУХҮ-ийн сайдын төсвийн 77.8, Зам тээврийн сайдын 31.5 хувь нь Хэнтий аймагт ногдож байжээ. Зөвхөн Хэнтий аймагт хуваарилсан хөрөнгө оруулалт дангаараа 10 аймгийнхтай тэнцэж байгаа тухай шүүмжилж байв.
Гэвч УИХ, Засгийн газар үүнийг чихний хажуугаар өнгөрөөгөөд зогсохгүй хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм байна. Шалтгаан нь мэдээж тус аймгаас УИХ-д сонгогдсон хоёр эрхэмтэй холбоотой. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Ерөнхийлөгч болж дэвшсэн, эрх баригч намын тамгыг ээлж дараалан атгаж байгаа энэ хоёр хүнд тал засахад төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө тэр чигээрээ зориулагдаж байна гэсэн үг. УИХ, Засгийн газар нь бүхэлдээ иргэдийнхээ төлөө ч биш, энэ хоёр хүний гутлыг уралдаж үнсэхийн төлөө л оршин тогтнож байна.
Хоёр өдрийн өмнө Хөшигтийн хөндийд нээлтээ хийсэн, Япон улсын 100 хувийн хөрөнгөөр барьж байгуулсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гол танхимд байрлуулсан хөшөөн дээр Чингис хааны биш, У.Хүрэлсүхийн нэрийг сийлсэн байдаг юм. Монгол Улсын газрын зураг дээр өөрийн нэрийг сийлсэн өөр Ерөнхий сайд МАН-ын 100 жилийн түүхэнд ч гараагүй байх...
Б.ЗАЯА