Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санасандаа хүрч, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадлаа. Харин ямар хэмжээнд гаргасан бэ гэдгийг уг сайтад тавигдсан өөр нэг зурагтай жишиж үзүүлэв.
* * *
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол “нижгэр” болж өнгөрлөө. Цэргийн парадтай, ёслолын буудлагатай, цагдаа, онцгойгийн хамгаалалттай, бас дээр нь баривчлагаатай. Ковидоос шалтгаалж ёслолын парадыг хэрэндээ л цомхон хийсэн боловч үйл явц, дуулиан шуугиан нь өмнөх бүх Ерөнхийлөгч нарыг давлаа.
Тангараг өргөх ёслол зарлагдсанаас хойш олон нийтийн сүлжээгээр “Ёслолын парадаа болиулаач ээ, наадмаа цуцлаач ээ” гэдэг эсэргүүцэл хэдэн долоо хоног үргэлжилсэн ч 100 жилийн ойгоо тэмдэглэж буй эрх баригч МАН иргэдийн энэ шаардлагыг нохой хуцсан чинээ үл тоов. ААН, үйлчилгээний газруудын хориог сунгасан УОК-ийн шийдвэрийг эсэргүүцсэн залуус “Тэвчээр ТАСАРЛАА” хөдөлгөөн өрнүүлж, эрх баригчдад үгээ хэлэхээр хотын төв талбайд очсон нь баривчилгаагаар дууслаа.
Гэтэл тэрнээс ч илүү үзүүштэй нэг зүйл болсон нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүндэтгэл үзүүлсэн цэргийн парад буюу түүн доторх нэг "жижигхээн" зураглал... Парадад оролцсон хөгжмийн салааны цэргүүдийн амны хаалтыг цоолсон явдал нь манай улсын ковидоос хамгаалсан цоо шинэ нээлт болж дэлхийд бүртгэгдэв. Тангараг өргөх ёслолын "оргил хэсэг" болсон энэ зураглал дэлхийн хамгийн алиа марзан, этгээд хачин зүйлийг нийтэлдэг 9GAG.com сайтад өдөртөө тавигдсан байдаг юм. Тийм болохоор У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ямар ч байсан санасандаа хүрч, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, түүхэнд нэрээ мөнхөлж чадлаа.
Саяхан Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов Ерөнхийлөгчийн сонгуульд найман хүнтэй өрсөлдөн 98 хувиар ялалт байгуулж өөрийн өмнөх рекордыг нэг хувиар давуулсан тухай дэлхийн чихийг дэлдийлгэсэн. Түүн лугаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн биднийхээ итгэлийг алдалгүй, тангараг өргөх ёслолын үеэр үзүүлсэн “амжилтын буухиа”-гаа таслалгүй үргэлжлүүлнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаа шүү, ард түмэн чинь. Удаан хүлээх ч хэрэггүй, удахгүй болох наадмаар заавал нэгийг дуулгана даа.
Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй энэ жилийн "цахим" наадамд 1024 бөх барилдана. Энэ жил түүхэнд анх удаа 2000 сур харваачийг өрсөлдүүлэхээр бүртгэл нь эхэлчихсэн, 3000 шахаад явж байгаа мэдээ ч байна. Дээр нь наадмын нээлтэд оролцох урлаг соёлынхон, цэргийнхэн гээд тэр олон мянган хүний халдвар хамгааллыг хэрхэн яаж сахиулах, УОК-оос ямар шаардлага тавихыг бурхан байгаад ч таашгүй.
Цэргийнхэн бол учраа олчихсон, бид харсан. Харваачид, урлагийнхан ч гэсэн уруултай, уруулгүй, соруултай, соруулгүй маскаа зүүгээд гарах байх. Гэтэл хоёр хүн барилдахын тулд заавал нэг нь нөгөөдөө хүрэлцэж байж барилдсанд тооцох ёстой. Масктай байгаад нэмэргүй. Тийм болохоор дахиад ямар шинэ нээлт, ШБОС гаргаж ирэхыг наадмын өглөө харцгаая.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)