x

Шударга ёсны донтолт

SNS дээрх элдэв хэрүүлийн сэдвүүд, олны танил хүмүүсийг балбах уралдаан, сүүлийн үед гэвэл коронагийн хямралаар тодорсон “сайн дурын энхийг сариулагчид”. Нийгмийг гүйлгэн харвал “Гарцаагүй миний зөв” гэх өвч хандлагаар бусдыг ширүүн дайрч доромжлох үг үйлдэл дан ялангуяа сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч байх шиг. Өөрийгөө аанай л шударга ёсны ариун хамгаалагч мэтээр бодон автаж, өөр бодол саналыг яагаад ч ойлгож зөвшөөрч чадахгүйгээс болж тэвчишгүй мэдрэмж тээж орхидог “Шударга ёсны донтолт” гэх үзэгдэл. Тархи судлаачид үүнийг тархинд байгалиас суугдсан механизм, хүн л бол хэн бүхэн өртөх эрсдэлтэй өвчин хэмээж байна.

Энэхүү “Тэвчишгүй” бачуурлаас мултран гарах эхний алхам бол танд тэгж мэдрүүлээд байгаа тархины механизмыг таньж мэдэх явдал юм. Хэний ч хувьд падгүй асуудал гэж хэлэхээргүй тэр эмоцыг хөндлөнгөөс ажиглан засаж, бага ч болов сэтгэлээ тогтоож авснаар илүү олон ургалч үзэл бодлыг зөвшөөрөх тэнхээтэй өөрийгөө, мөнхүү нийгмийг ч бүтээж чадах учиртай.

Түлхүүр 1: Сүргээс гадуурхыг балбаснаар тархинд таашаалын бодис ялгардаг

Хүн гэдэг амьтан өөрийн сул доройг нөхөх тактик болгож сүрэглэх хэлбэрээр хувьсаж ирсэн. Аюулгүй байдал хийгээд амьдралын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр сүрэг буюу бүлгийн тогтвортой байдал бол зайлшгүй шаардлагатай нөхцөл. Тиймээс хүн байгалийн инстинкт талаасаа өөрийн харьяалагдах сүргээс гадуурхыг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсэргүүцэн дайрдаг байхаар бүтээгджээ. Өөрсдийн шударга ёсны хэмжүүрт нийцэхгүй хүнийг “муу хүн” гэж үзэн балбаснаар тархинд таашаалын бодис болох допамин ялгарч, тааламжтай мэдрэмж төрдөг гэнэ. Тиймээс балбах тусам дотор онгойж, түүнээсээ салахгүй давтан давтах үзэгдэл өрнөнө. Бас хүн бүхэн өөрийн харьяалагдах бүлгийн гишүүдийг бусад хүмүүсээс сайн гэж мэдрэх “In-group bias” (дотор бүлгийн хэлбийлт) гээч хандлагыг тээж явдаг гэнэ. Сайтар анхаарахгүй л бол тархи залхуурч, өөрийн группээс гаднах хүмүүсийг нэг бүрчлэн нямбайлан шүүлгүйгээр “Нөгөөдүүл чинь” гэсэн нэг шошгонд базаж чихээд цэгцэлчихдэг аж.

Түлхүүр 2: Хэнийг хэрхэн үл тэвчих нь нийгмийн шинж чанараас ч хамаарна

Шударга ёсны донтолт хэнд ч тохиож болох боловч ямар хүнийг дайрах вэ гэдэг суурь хэмжүүр нь улс орон хийгээд соёл, нийгмийн төлөвшил зэргээс хамааран янз бүр байдаг бололтой. Нэгдмэл нэг үндэстэн, нийтлэг зовлон ихтэй боловч нийгмийн төлөвшил сул монголчуудын хувьд бусдыг өөр шигээ үзэх нь түгээмэл, нийтлэг бус нөхцөл байдлыг ойлгож бодолцох чадвар сул, өөрөөр хэлбэл нийгмийн цөөнхийг орхигдуулах хандлага хүчтэй гэж харагддаг. Наад захын бэлэн жишээ гэвэл бидний бүтээсэн хүрээлэн буй орчин маань нийгмийн цөөнх болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд даанч ээлгүй, тэгсэн хэрнээ тэр нь олонх хүний хувьд төдийлөн асуудал биш байх жишээтэй. Иймэрхүү баригдмал стереотип өргөн түгсэн нийгэмд ялгаатай үзэл бодлын хооронд мөн чанарлаг бүтээлч мэтгэлцээн өрнөх нь ховор, сав л хийвэл эсрэг талын персоналити (хувь шинж) рүү халдах гээд байдаг гэмтэй.

Түлхүүр 3: SNS-ээс болж дайралцаан улам ширүүссэн

Хэн нэгнийг “тэвчихгүй” гэх энэ эмоц хүмүүсийн нийгэм бүтээж ирсэн түүхийн туршид байж ирсэн зүйл. Гэхдээ энэ эмоцоо бодитоор тухайн хүндээ гаргаж цацах явдал хэн бүхэн оролцох боломжтой SNS гэх хэрэгсэлийн нөлөөгөөр сүүлийн үед улам эрчимжиж байна. Мөн SNS дээр үзэл бодлоор төстэй хүмүүс хоорондоо холбогдох хандлага байдаг тул интернэтэд өөрөө ч анзаараагүй байтал өөрийн таалалд нийцсэн мэдээлэл л илүүтэй танд хүрдэг болно. Чингүүт “Гарцаагүй миний зөв, түүний буруу” гэх бодон төөрөгдөл улам батжин чангарахад нөлөөлдөг байна.

Түлхүүр 4: Тархи хөгшрөхийн хэрээр консерватив болдог

Ямар ч хүнийг хүнийх нь хувьд хүндлэх, хүлээн зөвшөөрөх гэдэг тархины функц нь үнэндээ маш дээд түвшний зүйл юм. Тэр функцыг тархины урд дэлбээний OFC хэмээх хэсэгт хариуцдаг боловч харамсалтай нь тэр хэсэг 25 ~ 30 насанд хүрч байж арай чүү бүрэн хөгжиж, дээрээс нь буцаад доройтохдоо хурдан гэнэ. Өөрөөр хэлбэл нас ахихын хэрээр тархи хөгширч, өөрийн суурь үзэл бодол хатууран хөшиж, түүнээс бусдыг улам бүр хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог аж.

Түлхүүр 5: Бусдыг “Зөвшөөрөх” тархийг шинэ туршлагаар тэжээж болно

Шударга ёсны донтолтонд автаж, бусдыг балбаснаар таашаал авдаг хүмүүс зэрэгцээд өөрсдийгөө ч бас үзэн ядах эмоцийг тээж явдаг. Бусдыг зөвшөөрч амгалан тайван амьдрахын тулд юуны өмнө уурын мэдрэмж төрөх бүртээ “Яг одоо донтолтын шинж тэмдэг хүчтэй илэрч байна” хэмээн өөрийгөө хөндлөнгийн байр суурьнаас ажиглаж сурах нь чухал. Мөн тархи хөгшрөхийн хажуугаар дадал зуршил хийгээд туршлагаар дамжуулан хөгжих ч боломжтой байдаг. Үргэлж явдагаасаа өөр замаар харих, үргэлж ордог дэлгүүрээ сольж үзэх зэргээр зориуд шинэ туршлага хуримтлуулах, эсвэл хангалттай нойр авах зэргээр бие сэтгэлээ тэнийлгэж авах нь уян хатан бөгөөд уужуу тайван тархинд хүрэхэд нэмэр болдог гэнэ шүү.

 

Жич:

Үүгээр дамжуулж шударга бус хүмүүсийг хаацайлахыг зорьсонгүй. Саяын сонгуулиар яснууд нь ярайтал цухуйсан төлбөртэй инфү нарыг ч аврах гэсэнгүй. Шударга ёсны эрэлхийллийг буруу гэсэн юм ч биш. Хэн нэгнийг шүүмжлэх, буруу зөрүүг дүгнэх нь аль ч эрүүл нийгэмд байдаг үзэгдэл, байх ч ёстой зүйл. Гагцхүү хувь хүн та өөрийгөө шударга ёсны алтан луужин гэж бат итгэхдээ болгоомжтой байхыг л сануулахыг зорилоо. Хүн бүрийн тоогоор шударга ёс оршдог. Харин нийгэм тэдний хоорондох эрүүл мэтгэлцээний үр дүнд урагшилдаг билээ.

Томё Бодё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top