x

Москва дахь Элчин сайдын яам: ТҮҮХ, ОНЦЛОГ

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд

Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудаас хамгийн анхны бөгөөд урт удаан түүхтэй нь Москва дахь Элчин сайдын яам. Москва хот нөлөө бүхий их гүрний нийслэл тул тэнд дэлхийн ихэнх орны буюу 150-иад улсын элчин сайдын яамд байдаг. Эдгээрээс манай Элчин сайдын яам шиг нэгэн зууны нүүр үзэж байгаа нь тун цөөхөн. 

1. Монгол-Оросын хооронд Найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газрын хооронд 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр тал Бүрэн эрхт дипломат төлөөлөгчөө харилцан суулгахаар тохирсон байдаг. 

Ардын Засгийн газар Зөвлөлийн Засагт Орос Улсад суух Бүрэн эрхт төлөөлөгчөөр анхандаа Ерөнхий сайд асан Б.Бодоог томилох шийдвэр гаргасан ч тэрээр бие өвчтэй хэмээн эрс татгалзсан учир Цэргийн явдлын яамны орлогч сайд Хатанбаатар Магсаржавыг тохоон томилжээ. Гэтэл Магсаржав мөн л бие өвчтэй хэмээн уг албанаас чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан байна. Дэлхий нийтээрээ ороо бусгаа байсан тэр үед алс хол газар удаан хугацаагаар ажиллаж амьдарна гэдэг хэцүү. Хэл соёлын ялгаа, дасаагүй орчин, харилцаа холбоо муу, таних хүн байхгүй гээд бэрхшээл олон байсан учраас тэд ийнхүү татгалзаж байсан биз. Тэгэхээр нь Москвад зөвлөх түшмэлээр томилогдоод байсан Н.Жадамбааг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилох шийдвэр гаргасан ч тухайн үед Зөвлөлт Орос Улсаас манайд сууж байсан төлөөлөгч А.Л.Охтин түүнийг “нас хэтэрхий бага учир томилогдсон албанд тохирохгүй” гэж дургүйцжээ. Ардын Засгийн газар энэ байдлыг дахин хэлэлцээд Гадаад явдлын яамны түшмэл Ж.Давааг “шалтгаан зааж чөлөө мэдүүлж хэрхэвч үл болно” гэсэн заалт бүхий шийдвэр гарган томилжээ. Албан ёсны харилцаатай цорын ганц оронд суух Бүрэн эрхт төлөөлөгчийнхөө нэр хүнд, зэрэг зиндааг нь өргөх зорилгоор түүнд явахынх нь өмнө “Улсын түшээ гүн” цол олгосон байдаг. 

Ардын Эрхт Монгол Улсын анхны элчин, түшээ гүн Жамсрангийн Даваа 1922 оны 6 дугаар сарын 2-нд ЗСБНХОросУ-ын Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Гэтэл тухайн оны 12 дугаар сарын 30-нд ЗСБНХУ /СССР/ байгуулагдсан учир 1924 оны 1 дүгээр сарын 11-нд ЗСБНХУ-ын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининд дахин итгэмжлэх жуух бичгээ барьснаар Ж.Даваа мөн ЗСБНХУ-д суух анхны Элчин сайд болсон юм. Ж.Даваа ийнхүү нэг хүнд хоёр удаа итгэмжлэх жуух бичгээ барьсан нь бас сонин тохиолдол. Тэрээр 1924 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгөн эх орондоо буцаж иржээ. 

Москва дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг 1922-1941 онд Бүрэн эрх төлөөлөгч, 1941-1950 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, 1950 оноос Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэж нэрлэж ирсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрыг Элчин төлөөлөгчийн газар, Элчин яам, Элчин сайдын яам гэх зэргээр тухай бүр уялдуулан өөрчилж байв. 

Москва дахь манай дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр өнөөдрийг хүртэл 28 хүн томилогдон ажилласан байдаг. Эдгээр хүмүүсийн нэрсийг жагсааваас: 

  1. Ж.Даваа1922-1924
  2. Б.Данзан1924-1925
  3. Б.Буянчуулган1925-1928
  4. Ц.Гүрсэд1928-1929
  5. Д.Гомбожав1929-1930
  6. Д.Цэенрэгзэн1930-1931
  7. Г.Самбуу1931-1934
  8. Л.Дарьзав1934-1936
  9. Ж.Дэндэв1936-1937
  10. Ж.Самбуу1937-1946
  11. Н.Ядамжав1946-1953
  12. Д.Адилбиш1953-1956
  13. С.Батаа1956-1959
  14. Б.Жамбалдорж1959-1960
  15. С.Лувсан1960-1963
  16. Н.Лувсанчүлтэм1964-1973
  17. Х.Банзрагч1973-1979
  18. Д.Готов1979-1984
  19. Ц.Гүрбадам1984-1990
  20. Н.Мишигдорж1990-1994
  21. Н.Бавуу1994-1996
  22. Ц.Цолмон1996-2000
  23. С.Баяр2001-2005
  24. Л.Хангай2005-2009
  25. Д.Идэвхтэн2009-2013
  26. Ш.Алтангэрэл2013-2015
  27. Б.Дэлгэрмаа2015-2019 онуудад ажиллаж байжээ.

2019 оноос Д.Даваа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна. 

Хамгийн олон жил буюу 1937-1946 онд ажилласан хүн бол хожим нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга (нэг ёсондоо төрийн тэргүүн)-р ажиллаж байсан Ж.Самбуу гуай юм. Мэргэжлийн дипломатч биш, харин төр, засгийн хариуцлагатай ажил хийж байсан хүмүүсийг энэ албан тушаалд томилж ирсэн нь хоёр орны харилцаанд манай талаас онцгой ач холбогдол өгдгийн илрэл гэж болно. 

2. Москва дахь Элчин сайдын яам бусад оронд байгаа манай улсын дипломат төлөөлөгчдийн газруудаас ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал:

- хилийн чанад дахь манай улсын анхны дипломат төлөөлөгчийн газар. Дараачийн дипломат төлөөлөгчийн газар нь бараг 30-аад жилийн дараа байгуулагдсан байдаг. Түүх сөхөж үзвээс 1946 онд Чан Кайши тэргүүтэй Гоминьдан нам эрх барьж байсан Дундад Иргэн Улстай дипломат төлөөлөгчдийг харилцан солилцох тухай хэлэлцээ хийн тохирсон хэдий ч Байтаг Богдын үйл явдлаас болоод Элчин сайдын яамдаа байгуулаагүй юм билээ. Харин БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоож 1950 оны 6 дугаар сард Пхеньян хотноо, БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож 1950 оны 7 дугаар сард Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа нээсэн байдаг. 1950-д онд ах дүү бусад социалист орнуудад Элчин сайдын яамдаа нээн ажиллуулжээ. Сонирхуулан дурьдваас 1926 онд БНТагна-Тува Улстай байгуулсан найрсаг харилцааны гэрээний дагуу хоёр тал Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч харилцан суулгахаар болж манай талаас Самба (Цамба?) гэдэг хүнийг анх 1928 онд томилон явуулсан байна. Ардын намын анхны долоогийн нэг Д.Догсом мөн 1933-1934 онд энэ албанд томилогдон ажиллаж байжээ;

- тус дипломат төлөөлөгчийн газарт хамгийн олон хүн ажилласан байдаг. Орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан ахмад дипломатч Л.Удвал, Р.Янжмаа нарын 2011 онд гаргасан “Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд” номонд Москвад 2011 он хүртэл дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нараас гадна дипломат албанд ажиллаж байсан 338 хүний нэр бүхий жагсаалт байна. Өнөөдөр энэ тоо мэдээж хэдэн арваар нэмэгдээ биз;

- бусад оронд байдаг дипломат төлөөлөгчийн газруудтай харьцуулахад Москва дахь Элчин сайдын яаманд хамгийн олон хүн дипломат албанд зүтгэж байна. Өнөөдөр тэнд дипломат болон бусад ажилтантайгаа нийлээд бараг 50 орчим хүн ажилладаг;

- ОХУ бол манайтай олон жилийн түүхэн харилцаатай хөрш учраас Москва дахь Элчин сайдын яам ихээхэн ачаалалтай ажиллаж ирсэн, одоо ч ачаалалтай байдаг. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн бүхий л асуудал Москвад шийдэгддэг үе байсныг ч дурьдах нь зүйтэй байх. Манай бараг бүх яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд Оросын ижил төстэй байгууллагуудтай олон жилийн шууд харилцаатай. Аж ахуйн байгууллагууд ч мөн адил. Москвад өнөөдөр “УБТЗ” ХНН, “Эрдэнэт” УБҮ, “МИАТ” компани зэрэг манай томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчийн газрууд байдаг. Социализмын үед буюу 1990-д оноос өмнө манай томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдөөс бүрдсэн Худалдааны төлөөлөгчийн газар Элчин сайдын яамны дэргэд ажилладаг байв. Үүнээс гадна өнөөдөр Москвад манай олон зуун оюутан, аспирант, сонсогчид суралцаж байна.

Москва дахь Элчин сайдын яам энэ гэх мэт олон онцлогтой манай улсын хилийн чанад дахь хамгийн анхны бөгөөд хамгийн том дипломат төлөөлөгчийн газар юм. 

3. Манай улс хоёр хөрштэйгөө улс төрийн, хилийн болон бусад асуудлаар ямарваа нэгэн маргаан байхгүй. Хүмүүнлэгийн болоод хил орчмын харилцаа сайтай. Харин хойд хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Нэгэн үе манай гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь хойд хөршид оногддог байсан бол өнөөдөр ОХУ-тай хийдэг гадаад худалдааны эргэлт болон тэдний манай улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөд хөрш БНХАУ-ынхаас олон арав дахин бага байна. Үүнд манайхаас шалтгаалах болон үл шалтгаалах олон хүчин зүйл нөлөөж байгаа нь ойлгомжтой. Хойд хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн нэмэгдүүлэхэд Москва дахь Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Иймээс орос хэлийг төгс эзэмшсэн, тухайн улсын дотоод амьдрал, хууль, соёл заншил, хоёр орны харилцааг сайн мэддэг, өөрийн санаа бодлоо зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг хүмүүсийг Элчин сайдын яаманд томилон ажиллуулах нь чухал. Ийм хүмүүсийг сонгон явуулж чадаж байгаа гэдэгт найдаж байна.

Эцэст нь нэгэн зүйлийг нэмж хэлмээр байна. Москва дахь Элчин сайдын яаманд хэдэн жил ажилласны хувьд Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан тус Элчин сайдын яамны тухай ном гаргах бодолтой байгаа тул хамтрах, энэ талаар сонирхолтой материалтай хүмүүс байвал уулзаж ярилцахад бэлэн байна. 


Ашигласан эх сурвалжууд:

  1. Монгол Улсын гадаад харилцаа (нэвтэрхий толь), Улаанбаатар, 2011.
  2. Д.Баярхүү “Дипломат алба: Элчин яамны харилцаа”, baabar.mn, 2010.06.21. 
  3. Л.Удвал, Р.Янжмаа “Монгол Улсаас хилийн чанад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд” , Улаанбаатар, 2011. 
  4. Л.К.Хертек “Тувинско-монгольские связи и отношения в период Тувинской Народной Республики”, Кызыл, 2016.

Л.Хангай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 4 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 18 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 28 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top