Лхагва гаригт хуралдсан УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс эхлэн бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 10 хоног зогсоов. Мөн бүх төрлийн ресторан, баар, кофе шопуудыг заалаар үйлчлэхийг хориглосон өмнөх шийдвэрээ дахин 10 хоногоор сунгасан билээ.
Энэ шийдвэрийг эсэргүүцэн "Takesan Miso Ramen" ресторан мэдэгдэл хийж, заалаар үйлчилж эхэлснээ олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Рестораны зүгээс гаргасан мэдэгдэлд “Халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг ихэсгэсэн нь төр засаг. Төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна” гэсэн билээ. Олон сараар үйл ажиллагаа нь зогссон ААН-үүд ажилчдыхаа цалинг тавьж чадахгүй, ард нь байгаа гэр бүлийн гишүүд ажил, орлогогүй болж, амьжиргаанаасаа салаад байгаа нь гол шалтгаан болов.
Гэвч тус рестораныг үйл ажиллагаагаа нээсэн даруйд цагдаагийнхан давхиж очоод менежерийг баривчлан авч одов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “үйл ажиллагааг нь хаана” хэмээн мэдэгдлээ. Төрийн байгууллагуудаас явуулж буй энэ дарангуйллыг эсэргүүцэж, өнгөрсөн хугацаанд ажил, орлогогүй зогссон хувийн хэвшлийнхэн ч нэгдэж эхэллээ.
Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр орой Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга УОК-оос ресторан, зоогийн газруудад тавьсан дээрх хязгаарлалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “ААН-үүдтэй хариуцлагын гэрээг байгуулан үйл ажиллагааг нь нээнэ. Мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөж ажиллана” гэв. Энэ асуудлаар маргааш буюу 26-ны өдөр ААН-үүдтэй уулзаж, хариуцлагын гэрээ байгуулах гэнэ.
ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан УОК-ийн энэ удаагийн шийдвэртэй холбоотойгоор улсын наадмыг цахимаар хийх Засгийн газрын шийдвэр дахин эсэргүүцэлтэй тулж ирлээ. Иргэдээ хорьж, цагдчихаад эрх мэдэлтнүүд нийлж суугаад наадам хийхийг монголчууд тэвчихгүй шүү л гэж байна.
Гэсэн ч өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Улсын наадмыг цахимаар хийнэ, Засгийн газар өчигдөр орой эцсийн шийдвэрээ гаргасан” гэж мэдэгдлээ. Ёстой нөгөө “намайг хэн хэлж, нохойг хэн саах юм” л гэж байна. Цахим наадам гэдэг нь чааваас, үзэгчгүй наадам хийж, дарга нар нь наадмын асарт суугаад, иргэд түүнийг нь зурагтаар харахыг хэлж байгаа юм. Түүнээс биш бөх, морь, сур гурав цахимаар уралдаж, барилдаж, харвалцана гэж юу байх вэ дээ.
Саяхан болтол монголчууд “наадам хийнэ, хийхгүй” гэдэг дээр хоёр талцчихаад байв. Талцах болсон шалтгаан нь наадмын төсөвт баталсан 10 тэрбум төгрөгтэй холбоотой. Нэг хэсэг нь “энэ мөнгөөрөө ковидоо эмчил, наадмаа боль” гэж, нөгөө хэсэг нь “ковидынхоо төсвийг ч гаргаад, наадмаа ч хийх ёстой” гэсэн байр суурьтай байв. Гэвч УОК-оос сүүлд гаргасан шийдвэр наадмыг дэмжиж байсан хүмүүсийн ч гэсэн бухимдлыг төрүүлэв. Дарга нарт зориулж Төв цэнгэлдэхэд 512 /тэгш ой учраас 1024 ч гарч магадгүй/ бөх барилдах, хэдэн зуун хүн цуглаж, наадмын нээлтийн тоглолт тавихад тэнд УОК-ийн хориглоод байгаа хүний бөөгнөрөл үүсэхгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдахгүй гэж үү?
Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй, гадагшаа хил нь хаалттай байхад “улсын наадмын морины хүүхдүүдэд маск зүйлгэж уралдуулна” гэж элийрч байсан нөхөд өнөөдөр халдварын тоо хоногтоо 2000 давж, 3000 дөхөж, ковидоос шалтгаалсан үхэл өдөртөө арваас буухгүй байхад “Цахимаар наадна” гэж хуурч суугааг “цагаандаа гарлаа” гэх үү?
Б.ЗАЯА