Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн 2263 тохиолдол илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 78,347 болж байна. Шинээр илэрсэн 2263 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 1650, орон нутагт 613 бүртгэгдлээ.
Улаанбаатарт бүртгэгдсэн халдваруудын 26.3 хувь 0-17 насны хүүхэд байгаа бол 18-59 насны иргэд 66 хувийг, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байна.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 57,025 боллоо.
Халдварын улмаас 9323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 156 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-86 насны найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.