Оршил үг
Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгодог, ардчилал нь нийгмийн баялаг-баталгаа болчихсон, хүний эрх эрх чөлөөг дээдээлдэг орон билээ. Ийм түүхэн замналаар даруй 31 дэх жилдээ замнаж байна.
Монгол Улс бол нээлттэй улс төрийн тогтолцоо, эрх зүйт төр, хариуцлагатай засаглалыг эрхэмлэдэг, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн гарцыг эрэлхийлдэг, эдийн засагтаа олон тулгуурт бүтэц буй болгох, дэд бүтцэээ хөгжүүлэх, тэгснээрээ ард түмнээ амар жимэр, баялаг хангалуун амьдруулахад хүчин чармайлт тавьж ирсэн улс юм.
Монгол бол мөнхийн хоёр хөрштэйгээ эвсэг найрсаг хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн, тэр байр суурь бодлогодоо үнэнч байдаг, бас олон тулгуурт гадаад бодлого хэр чинээндээ явуулдаг, тэр хүрээнд гуравдагч хөршүүдийг ямагт эрэлхийлж, хамтран ажиллахыг зорьж ирсэн улс билээ.
Ийм дэвсгэр дээр Монгол Төрийн тэргүүний гадаад бодлогыг үнэлж дүгнэх ёстой юм. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн гадаад бодлого ямар зам туулж, ямар амжилтад хүрсэн, түүнийг баяжуулж, төгөлдөршүүлж, гадаад харилцааны асар их боломжийг дотоодынхоо хөгжил дэвшилд оновчтой ашиглах нь 5 дахь Ерөнхийлөгчийн гадаад бодлого байх ёстой байсан болов уу.
Тав дахь Ерөнхийлөгч бол 2016 онд УИХ-ын сонгуульд ялагдсан, УИХ-ын гадна (хэрэг дээрээ улс төрийн тогооны гадна) байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан анхны тохиолдлын Ерөнхийлөгч юм. Тэр утгаар ажил хэргээс холдсон байх болов уу гэтэл сонгогдсон тэр мөчөөсөө гадаад бодлого, гадаад харилцаандаа түүртэлгүй орсон.
Монгол хүний хувийн араншин, сэтгэхүй нь ажил алба, бодлогод ямагт тусгалаа олж ирсэн нийтлэг (Монгол бүх улс төрчид тохиолддог нийтлэг үзэгдэл) дутагдлаас 5 дахь Ерөнхийлөгч тойрч гараагүй нь мэдээж боловч өмнөх 4 дэх Ерөнхийлөгчийн 8 жилийн гадаад бодлогын ололтуудыг шат ахиулсан, олон талтай болгосон, өвөрмөц арга барил гадаад бодлогод хэрэгжүүлэхийг зорьсон алхмууд хийснийг тэмдэглэх нь зөв биз ээ.
Дэлхий дахины цар тахлын эрсдлийн амаргүй жил хагасыг оруулж тооцоод 5 дахь Ерөнхийлөгч нь чамлахааргүй ажлыг гадаад харилцааны салбарт амжуулжээ. 2017-2021 онд 5 дахь Ерөнхийлөгчийн өнгөн дээр гадаадад хийх айлчлал, гадаадаас хүлээж авах дээд өндөр хэмжээний төлөөлөгчдийн тоо харьцангуй бага гарч байна. Тэрээр гадаадад айлчилсан байдал нь ингэж жагсана. Үүнд 2017 онд Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Унгар, Будапешт), Дорнын эдийн засгийн III чуулга уулзалт (Владивосток); 2018 онд ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хуралдаан (Циндао, БНХАУ), Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт (Владивосток), Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Азербайжан, Баку), АСЕМ-ын дээд хэмжээний ХII уулзалт (Брюссель), Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт (Женев); 2019 онд БНХАУ-д айлчлaл, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын II уулзалт (Бээжин), Киргизстан-д айлчлaл, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралдаан (Бишкек, Киргизстан), АНУ-д айлчлал, Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт (Владивосток), БНЭУ-д айлчлал; 2020 онд Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 50 дугаар чуулга уулзалт, Норвегийн Xaант Улсад айлчлал, БНХАУ-д айлчлaл (коронавирүсийн эсрэг “Гучин мянган хонины дипломат” санаачилга) гэсэн жагсаалт гарч байна. Хариуд нь гадаадаас урьж айлчлуулсан нь ганцхан буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг 2019 онд урьж айлчлуулсан дүнтэй байна.
Анхлан АСЕМ-ын дээд хэмжээний ХI уулзалтад (Улаанбаатар, 2016 он) айхтар шүүмжлэлтэй хандаж, түүний санхүүгийн гарлага зарлагыг тооцуулж, Монголын ядууралд ямар нэмэртэй юм гэсэн байдлаар хандаж, Улаанбаатарын уулзалтыг үгүйсгэх хандлагатай байснаа дараагийн ХII уулзалтад (Брюссель) биечлэн очиж оролцсон нь логик талаасаа ойлгомжгүй гэж гадаадынханд төсөөлөгдсөн байж болно. Харин нэг том дэвшил бол ардын дипломатын (жүдо бөх, “Гучин мянган хонь” гэх мэт) аргыг Төрийн гадаад бодлогод овжин хэрэглэж, хоёр хөрш орны удирдагчидтай хэл амаа амархан ойлголцож, Владивостокийн эдийн засгийн форумд гурван жил дараалан оролцож, тэнд олон талт дипломатын бодлого явуулж чадсан явдал юм.
Нэг. Технократ гадаад бодлого
Тав дахь Ерөнхийлөгч хэн байв, ер нь хэн бэ гэдэгт энэ дэд гарчиг онох болов уу. Үүнд олон тайлбар хэрэггүй. Юу гэвэл өнөөдөр Монголд хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж байна. Харин 5 дахь Ерөнхийлөгч бол бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганзагын худалдаачнаас үйлдвэрийн захирал хүртлэх зам туулах явцдаа Орос, Хятадын бизнес эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллаж байсан туршлагатай, бас УИХ-д 3 удаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт 2 удаа сайдаар томилогдон ажилласан хүн гэдгээс “технократ” гэх тодотгол хийгдэнэ.
Боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр том зах зээл рүүгээ экспорт хийнэ гэсэн хатуу бодолтойгоор тэрээр иржээ. Гадаад харилцааны асар их боломж эдийн засагт тусгалаа олохгүй, ажилгүйдэл ядууралд нэмэр болохгүй байна, Монголын эдийн засаг үхээнц байна гэдэг хатуу шүүмжлэлтэй нөхөр өнгөрсөн 4 жилд Төр тэргүүлснийг нийтээрээ мэднэ.Эдийн засгийн ямар л гарц, боломж байна, түүнийг хайж ажилласан, гадаад бодлогоос үзэл суртлыг (ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх мэт) түр холдуулсан тийм бодлогыг явуулжээ.
Эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмууд хийхээр бодлогоо төвлөрүүлсэн. Жишээ нь гааль, худалдааны тариф дээр гадагшаа хандуулж ахиц дэвшил авчрах зорилго тавьсан. Эдийн засгийн бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих байр сууриа сулруулаагүй. Манай улсын татварын хувь хэмжээ Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага түвшинтэйд тооцогддог, тухайлбал гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн шатлалтайгаар мөрдөгддөг, харин түүний давуу талыг муу ашиглаж байгааг гадаад эдийн засгийн хамтын ажиллагаандаа засч залуурна хэмээн тэрээр ярьсаар ирсэн.
Түүний анхны ярилцлага мэдэгдлүүдэд ийм санаа туссан байв. Юу гэвэл 1990 он хүртэл манай урд хил хаалттай, зөвхөн хойшоо харж хойд хөрштэйгөө харилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн 27 жилийн (2017 оны байдлаар) хугацаанд хойд хөрштэйгээ бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийчихсэн байна. Үүнийг засч залруулна. Гэхдээ тэнцвэртэй харилцаа тогтоох гэж байна гээд Хятадтай харилцаагаа хязгаарлаад, Оросоо дэмжээд явна гэсэн үг биш. Мэдээж Хятадтай тогтоосон харилцаагаа цаашид ч өргөжүүлнэ. Харин Оростой тогтоосон харилцааг тэр хэмжээнд хүртэл хурдтай авчрах зорилт тавина. Ерөнхийлөгч бивээр бизнесийн салбараас гаралтай хүн болохоор аливаа арилжаа наймаа нэг талдаа ашигтай биш, хоёр талдаа харилцан ашигтай байснаар илүү урт хугацаанд тогтвортой хөгжинө гэсэн байр суурьтай гэх мэт.
Ерөнхийлөгчийн анхаарсан хамгийн гол асуудал бол манай экспортын бүтээгдэхүүний асуудал юм. Хуучин Сибирийн зах зээл Монголынх байсан. Гэтэл өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс ширээ гаргаж чадахгүй байна. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-тай нухацтай ярилцахыг зорьсон. Тэгснээрээ Монгол-Оросын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Тэр нь ч Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлно гэж үзсэн. Чухам хэр амжилтад хүрсэн эсэхийг монголчууд нийтээрээ мэдэх тул энд дүгнэлт өгөхгүй. Гэхдээ хөдөлгөсөн, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоолгож чадсан.
Технократ гадаад бодлогынх нь сонгодог жишээ нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэх “Гуравдагч хөршийн худалдааны хууль” байлаа. Хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Ерөнхийлөгч дараахи хэвлэлийн мэдээг түгээсэн. Үүнд АНУ-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүлгийн дарга Дайна Тайтус, Дон Яанг нарт талархал илэрхийлж байна. Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг нээж өгөх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг олгох тал дээр дэмжлэг хүссэн билээ.
Ийнхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 115 дугаар Конгресст 2018 онд, 116 дугаар Конгресст 2019 онд өргөн барьжээ. Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр бүхий л түвшинд хэлэлцсэн онцлох сэдвүүдийн нэг байв. Хуулийн төсөл батлагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, иргэдийн тогтвортой орлогын баталгаа хангагдах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт эхний ээлжинд 30 мянга гаруй ажлын байрыг шууд бий болгоно гэсэн тооцоо, судалгаа гарсан. Түүнчлэн уг хуулийн төсөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бэхжүүлэх, Монгол Улс-АНУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгахад онцгой ач холбогдолтой билээ гэжээ.
-Үргэлжлэл бий
Д.Баярхүү /baabar.mn/
Сэтгэгдэл (1)