x

Богд уулаа Чойбалсан уул гэж нэрлэв

Зөвлөлтөд ардын дайсан байгаа юм Монголд байж л таарна. Дайснаа ах нар хайр найргүй буудлаа. Бид ч бас буудав. Буудаад байлаа. Лам нараа бол яйлаад өгөв. Зөвлөлтөд тариачдын газрыг булааж хамтрал байгуулахад манайд малчдын малыг хурааж нэгдэлжлээ. Тэнд коммунист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөхөд энд социалист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөв. Биднийг хамтарч түлээгээ хөрөөддөг, хамтарч хогоо цэвэрлэдэг, хамтарч хоолоо хийдэг, нийтийн халуун усанд хамт ордог, хамтарч ном уншдаг болгох гэж нам засаг их гүрийсэн. Манай танай миний чиний гэх ялгаагүй коммунизмд ороход бэлдэж буй санаа нь тэр. Болохгүй юм явдаггүй юм билээ. Харин хамтарч архидаж сурсныг нуугаад яахав. Би юмны учир бага сага гадарлах 20-иод настай байлаа. 

Эдүгээ “Ардчилал чөлөөт зах зээлд орж аль муугаа үзэж явна. Социализм жаргал байжээ” гэх халаглал улам л дэврээд байх шиг. Дэвэрсэн бухимдлыг дөрөөлөгчид хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг нийлүүлээд атгачихлаа. Сталиныг тахин шүтэх зөвлөлтийн тэргүүн туршлагаар манайх Маршалыгаа тахин шүтсэн юм гэнэ лээ. Лениний, Сталины оргил гэснийг дуурайж Богд уулаа Чойбалсан уул гэж нэрлэв. Тэгтэл Зөвлөлтийн бодлого гэнэт эргэж Сталиныг алан хядагчаар цололмогц манайх тэр даруй Маршалыг алан хядагч гэж яллаад Чойбалсан уулаа Богд уул гэж хуучнаар нь болголоо. 

Сталин Чойбалсан хоёрыг тахин шүтэхийг гарамгай удирдан дэвэргэж, өөрөө бас тахин шүтүүлж эхэлсэн Ю.Цэдэнбал их яргалалд гараа лав дүрсэн тул цустай мутраа нуух гэж бажигдлаа. Яргалал арай буурсан 1940 онд хоёр дахь удирдагчаар тодорсон Цэдэнбалын намтарт их баривчилгаа-дайчилгааны эсрэг тэмцсэн баримт байсан бол Хрущевын зөөлрөлийн далиманд Ю.Цэдэнпил томоор хожих байв. Чойбалсантай дөрөө харшуулаад түүний хэлмэгдүүлж явсан нүгэл нүдээрээ гарах аюул Хрущевын салхинд сөхөгдлөө.

Сталины яргаллыг орвонгоор нь уудлах Н.С.Хрущевын омог хил даван хальж, түм буман гэмгүй монгол хилсээр хөнөөсөн геноцитыг МАХН-ын ТХ-ны бүгд хурлаар хэлэлцэж, буруутныг зарлах заавар Кремлээс ирж сандаргав. ЗХУ-д аймшигт яргалал үйлдсэн гэмтнүүдийг хатуу цээрлүүлж эхэлсэн тул Монголд бас хатуу цээрлүүлэх номтой. Алуурчдын залгамжлагчаар цоллуулах ял Цэдэнбалд нүүрлэв. Цэдэнбалын гараа цустсан гэмт хэргүүдийн гэрч Д.Дамба Кремлийн шууд даалгавраар МАХН-ын ТХ-ны бүгд хуралд илтгэл тавих эгзэгтэй тавилан нөмөрлөө. Төв Хорооны бүгд хурлын гишүүд дотор хэлмэгдлийн гай гамшиг, үхэл хагацал амссан хохирогч цөөнгүй. Тэдний шахалтаар Д.Дамбын илтгэлээс үнэн илэрнэ гэж учир мэдэх хүрээнийхэн горьдож догдлов. Хилс гүтгэлгийг хүлээхгүй яс заасан улс төрийн хэрэгтнүүдийг зодож тамлах, эрүүдэн шүүхийг ДЯЯ-нд зөвшөөрсөн МАХН-ын нууц тогтоолд Цэдэнбалын гарын үсэг дурайж байдаг. “Порт-Артурын хэрэг” гэгчээр 100 гаруй хүнийг баривчилж, 40 гаруйг буудаж хөнөөсөн аллагыг Цэдэнбал гардан удирджээ. Эвлэлийн дарга Ё.Магсарыг баривчлах ажлыг зохион байгуулж, цаад залуу нь эрүү шүүлт даалгүй шоронд үхсэн гэх мэт баримт цөөнгүй. Түүний ялт хэргүүд түүхэн эргэлтэд сөхөгдөх ээлж ирэв. Ю.Цэдэнбал нойрон дундаа “Би хүн алаагүй” гэж орилдог болжээ. 

Гэтэл Д.Дамбын илтгэл хэлмэгдлээр үхэл хагацал амсагчдын горьдлогыг унтраав. Тахин шүтэх завхарлыг сөхсөн Н.Хрущевын хурц бодлогыг Д.Дамба цаагуураа зөөлрүүлж, Цэдэнбалыг аврах сэтгэл гаргажээ. Хэлмэгдэлд өртсөн, угаас хэлмэгдлийг үзэн яддаг ТХ-ны бүгд хурлын гишүүд Д.Дамбын илтгэл хэлмэгдлийн хор уршгийг тодорхой буруутгасангүй, бөөрөнхийллөө гэж ширүүн шүүмжилсэн авч хариуцлага хатуурхан тооцож сураагүй Дамбынхаа ууч хэнэггүй халх зангийн ачаар Цэдэнбал арай чуу мэнд мултрав. Дамбадаа баярласан авч Дамбын нэр нөлөө Төв Хороо, Засгийн газрын хэмжээнд, тэр ч байтугай, Кремльд өөрийнхөөс нь илүүрхэх хандлага илэрсэнд Бал дахин шаналлаа. Бас дээр нь Төв Хороо хавиар “Их яргалалд гараа цустсан Цэдэнбал зүгээр өнгөрлөө” гэж өширхсөн шүд зуулт олон хүнд үлдсэнийг төрөлхийн хартай тэр бээр тантав. 

1930-аас 50 оны хядлагын баримтыг дэлгэсэн “Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилд гарч байсан алдаа завхралыг шалгасан шалгалтын дүнгийн тухай” Т.Гэндэнгийн 1962 оны тусгай илтгэлийг одоо хүртэл буюу 60-аад жил олон нийт олж уншсангүй. Энэ илтгэлд Ю.Цэдэнбалын удирдсан “бага” хэлмэгдүүлэлт ямар нэг хэмжээгээр сөхөгдсөн гэдэг юм. Дамбын ууч сэтгэл зөв ч байсан байж магад. 1940 байтугай 1990-ээд онд ОХУ-ын улс төрийн хэлмэгсдийг цагаатгах комиссын дарга ЗХУКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан А.Н.Яковлев “МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд КГБ-ийн туршуулууд байсныг итгэлтэй хэлж чадна” гэж сэтгүүлч нарт мэдэгдэж байлаа. Тиймээс Чойбалсан Цэдэнбал нарыг шууд адлахдаа бус тэд бүгд аргагүйн эрхэнд КГБ-ийн уяаны ноход явжээ гэдгийг “авах гээх” ухаанаар хандах одоо ч аминд өлзийтэй. Гарцгүй тулгалт эдүгээ арилсан юм уу.

Хорвоо бусгамтгай. Сталин багшийг алан хядагч гэж онгирсон Хрущев гэнэт онхолдлоо. Лоохууз нар Кремлийн энэ тэргүүн туршлагыг шүүрэн авч Цэдэнбалыг Хрущевийн замаар тонилгохоор шүүмжлээд цөлөгдөв. “Хрущевыг авч хаясан Зөвлөлт ахын туршлагаар Балыг яагаад авч хаясангүйв. Ах нарын жишээг хэн дур мэдэн зөрчив” гэж онголзсон олон хүн Лоохууз нарын араас цөлөгдөж зарим нь шоронд үхэв. “Японы тагнуулыг бууд” хэмээх заавар Н.С.Хрущевын дулаарлаар уятсан тул Цэдэнбал “Хятадын талыг баримтлагч” хэмээн буудах зааваргүйдаж мухардсанаас цөлж эхэлжээ. Зуумтгай Цэдэнбал өөрт аятай эргэсэн улс төрийн салхийг ашиглан Дамбыгаа Хөвсгөлд цөлж, бүр хожим хамтран зүтгэгч багын анд Б.Ширэндэвийгээ гадаадад “Хангай уулын хүү” ном хэвлүүлж өөрөөсөө илүүрхэх гэлээ гэх мэтээр өөнтөглөж, дахин сэхэхгүй болтол үхэхийн нь өмнө балбаж санаа амарчээ. Ингэснээр түүний ганцаараа дарангуйлах зам шулуудав. Эрх баригчдын нулилцаан ганц ардчилалд бус коммунизмд ч байсан аж.

Лоохууз Нямбуу нарыг намнасан Балыг Москвад 1965 онд ЗХУ, БНМАУ-ын түүхэнд тохиож байгаагүй хүндэтгэл үзүүлэн зочлууллаа. Тэр үе-Орос Хятадын харилцаа дээд цэгтээ тултал хямарсан цаг. Лоохууз Нямбуу нарыг Хятадын талыг баримтлагчид гэж ялалснаас үүдэж, ерөөс монголчууд Хятадыг дагах санаатай байж магадгүй гэж оросууд хардаад Балыг тэгж өндөр зочны хэмжээнд хүндэтгэж, “найрамдал-дружба”-гаа цуурайтуулсан юм билээ. Үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайв. Цэдэнбал маш их хөөрчихсөн явсан зайлуул. Арга ч үгүй, түүнийг байн байн Москвад хадамсаж очиход сайндаа ЗХУКН-ын ТХ-ны манайхыг хариуцсан зааварлагч угтаж авбал дээдийн заяа болдог байв. Лоохууз Нямбуу нарын ачаар Цэдэнбал бүрэн эрхэт бие даасан тусгай улсын удирдагч шиг хүндлүүллээ гэж жиг жуг хийцгээв. Одоо ч өрөвдмөөр ийм хэр хэмжээтэй улс гэдгээ хойч үе мэдэж явахад илүүдэхгүй. “Өчүүхэн минь үнэн юм чинь” ичих, ялангуяа гомдох илүү зан. Хөгшид бид үхнэ. Та нарт буруу ойлгуулсан түүх зөндөөн үлдэнэ. Бурууг хойч үедээ залруулж байж үхэх уг нь дээдсийн баримталж ирсэн жудаг сан.

Онц хүндэтгэлтэй тэр айлчлалын үеэс “хятадын аюул” гэх суртал шуурч, хятад барилгачидтай манайхан зодолдоод хөөж явуулав. Оросуудын заавраар дээрээс томилсон хэсэг өдөөн хатгагч зодооныг үүсгэсэн гэдэг юм. Хятадуудаар барьж буй зам барилгыг дуусгуулаад гаргая гэсэн хүн бурууддаг боллоо. Оросууд өөрсдийгөө хятадаас давуугаа энэ агшинд харуулахаар ХII микро район барихдаа Сэлбийн зүүн гүвээг эксковатороор сэт татаж, уул сэтлэхийг үзээгүй малчин-нийлэлчүүд “Орос ах нар мөн мундгаа” хэмээн толгой сэгсэрч бахархав. Муусайн хятадуудыг бодвол ах нар ийм хүчтэй, бидэнд ийм үнэнч гээд уйлсан монгол цөөнгүй. Гэтэл хэдэн монгол сайд дарга нарыг эс тооцвол барьсан байшиндаа оросууд өөрсдөө ороод тухалчихав.

Урьд баярын хурал байн байн болно. Хөгжим, марш, алга ташилт. Оргил нь Брежнев даргын айчлал өндөрлөхөд болсон баярын хурал байх. АИХ-ын танхимд Брежнев Цэдэнбал хоёр атгалцсан гараа өндөрт өргөж, “найрамдал-дружба” гэж өндөр дуугаар давтахад ажлаараа шалгарч ордонд уригдсан яруу алдарт таван жилийн гавшгайч нар дуу нийлүүлж, “найрамдал-дружба, найрамдал-дружба” гэж түрэн цовхчиж, коммунист ухамсраа харуулсан билээ. 

Энэ хийрхэл таалагдаж, сүүлдээ бүр гаарч аймаг сум САА-н дарга нар зөвлөлтөд үнэнчээ Бал даргын маягаар харуулбал сэнтийнээсээ хусуулахгүй гэсэндээ хурал дуусмагц дэргэдээ хүндэтгэлтэй залсан зөвлөлтийн мэргэжилтэн хэмээгч барилгачин, тракторч, комбайнч, токарч, слесарь хэн ч бай гараас нь шүүрч аваад босон харайж, яг Брежнев Цэдэнбал хоёрын маягаар “найрамдал-дружба” гэж уриалдаг бөгөөд хуралд суусан ажилчин малчид “найрамдал-дружба” гэж түрдэг хэнээрхэл улсорны өнцөг булан бүрт дорхноо тарав. 

Найрамдал-дружба гэх үгийг модон жорлон дээрээ томоор бичдэг болсон гээч. Энэ тэнэглэлээ коммунизмд ойртож буй ухамсар гэж хөөрцөглөнө. Хэнээрхэл цааш хөгжөөд “найрамдал-дружба, дружба-найрамдал” гэж солбиулан их бага хоёр улс эн тэнцүү харилцдаг гэсэн утга нь улс төрийн “ардчилсан” тэргүүн туршлагаар дэлгэрлээ. Зөвлөлт зочинтой хурал ингэж өндөрлөх ах дүү хоёр орны ган бат найрамдалд ард түмнээ бүрэн итгүүлж чадсаны баталгаа гэж манай удирдагч нар биеэ магтав.

Энэ хоёр үгийг Оросын ард түмэн Монголын ард түмэн шиг тэгж бишрэн шүтэж дампуураагүйг би жаран хэдэн онд Москвад суралцаж байхдаа анзаарлаа. Оросууд монголчуудтай Москвад албан ёсны баярын хурал зохиохдоо харанхуй бүдүүлэг бидний аяыг дагаж арга буюу нэрлэхэн байж “найрамдал-дружба” гэж чангаар лоозогнодог болох нь танигдав. Энэ хоёр үгэнд оросууд биднээс арай л ухаалаг хандаж буй нь надад харин орос ахын тэргүүн туршлага болж наалдсан билээ. Тэгээд би энэ хоёр үгэнд хэтэрхий улаан хувьсгалч маягаар хандвал орос ах нар дотроо нууцаар дооглох юм байна гэдгийг ухаарлаа. Оросуудын зөв гэж би олзуурхаж тэднийг жинхэнээсээ хүндэлж эхэлсэн гээч. Төрсөн нутаг-Хашаатын маань ах дүү малчид энэ хоёр үгийг бас тоодоггүй, хэлбэр төдий өнгөн дээрээ хуурамч лоозогнодог далд санаагаа нутгийн хүү-надаас юу гэж нуухав. Москвичууд ба манай голынхны ухамсар нэг түвшинд байна гэдэг бахархал. Ган бат найрамдлыг илэрхийлэгч энэ сүржин хувьсгалч хийрхэл зөвхөн Монголд дэвэрсэн нь бидний ухамсар дэндүү доройг илтгэж, бусад орны оюутнуудаас их ичдэг сэн. Брежнев нутагтаа тэгдэггүй, европын социалист орнуудад бол бүр ч үгүй. 

Хожим хойно “найрамдал-дружба”-г энд яагаад дурсав гэвэл дэндүү долдой хуурамч хиймэл сэтгэхүй хоцрогджээ гэх гэсийм би. Феодализмээс капитализмыг алгасан социализмд дэвшиж болохыг хүн төрөлхтөнд нотолсон зөвлөлт загвар бол БНМАУ гэж орос коммунистууд биднийг магтсан өнгөөр өөрсдийгөө дөвийлгөж байв. Сөнөж асан үндэстэн-монголчуудыг авраад зогссонгүй бүр капитализмыг харайлгаж хэн хөгжүүлсэн билээ? “Оросууд” гэж ах нар өөрсдийгөө ХХ зууны турш магтсан. Зөвлөлтийг дагавал ямар ч хоцрогдсон улс Монгол шиг дүүлнэ гэж оросууд онолдсон болохоос муу нэрт монголчууд-бид тэгж онгироогүй. Капитализмээс социализмын давуу талыг үзүүлсэн Монгол гэж биднийг дэлхий даяар сурталдаж шараа болгосон билээ.

Болъщевик улаан Орос өөрийгөө магтахыг өнгөрөгч зуунд үзүүлээд өгсөн. Юу гэж баадуурсан гээч. Түүхэнд Орос шиг зөв зам сонгосон улс төрөөгүй бөгөөд төрөх ч үгүй гэж. Хүн төрөлхтөн гагцхүү коммунист-Оросыг дуурайвал хөгжлийн манлайд хүрч аз жаргалаар бялхана гэж өчүүхэн ч нэрэлхэлгүй онгирсон. Ямар ч суут онол цаг хугацааны урт урсгалд элэгдэх жамтай ч ленинизм бол мөнх гэж баруун зүүнгүй сурталдсан. Энэ сурталд хэн итгэсэн бэ? Монголчууд! Гэхдээ 40-50 мянгыгаа алуулаад айсандаа аман дээрээ “итгэлээ” гэж нохойтсон юм. Үнэнээсээ итгэсэн монгол бий юү гэвэл бий. Азаар цөөн. Ю.Цэдэнпил, төмөр замчин Р.Рааш,дипломатч Л.Эрдэнэчулуун гээд. Газрын мухарт мэдээлэлгүйгээс гэгээрээгүй хэдэн харанхуй малчин нэмэгдэж магад. Гэвч тэд үнэнийг сонсвол шууд ухаарах тархитай төрсөн хүмүүс.

Орос оюун Сталинизмыг орхиогүй бол монголчууд бид өдгөө Богд уулаа Чойбалсан уул гээд дүнхүүтэж явахдаа сийхгүй толгойнууд шүү. Худлаа гэвэл хуучин руугаа хургагчдыг хар. Найрамдал-дружба дээд зиндаандаа албан ёсны сүржин төрхтэй ч хүн амын дундахь оросын КВН-ын хошигнолоос хуваалцъя: 

* Монголд туялзуур жадны хоёр дахь тэмцээн болов. Эхний тэмцээнд амь үрэгдсэн шүүгчийн гэгээн дурсгалд уг тэмцээнийг зориулжээ.

* Монголын хөл бөмбөгийн шигшээ баг тэмцээнд 7-уулаа оров. Учир нь тоо тоолж чаддаг дасгалжуулагч нь өвджээ.

* -Хоёулаа онгоцонд суух уу? 

-Больж үхье. Нэг мал нь Монгол руу аваад нисчихвэл яах юм бэ. 

* Монголын зэвсэггт хүчний удирдлага алиманд төмөр агуулагддагийг мэдэж аваад алимаар танк үйлдвэрлэхээр шийдэв.

* Москвад кондуктороор ажилладаг монгол одоо болтол оросуудаас татвараа хурааж байна гэж итгэдэг гэнэ.

* Монголд эмч нарын цалин дөрөв дахин нэмэгдэв. Ингээд тэд дөрвөн хувин хоол идэх боломжтой болжээ.

* “Евровидение” уралдаанд Монголоос оролцох дуучин шалгаруулжээ. “Нэг номерын дуучныг явуулъя” гэж нэг нь хэлжээ. “Яагаад заавал түүнийг гэж?” гэхэд “Энэ нөхөр тэмээтэй юм. Бусад нь тэмээгүй. Тэгэхээр энэ дуучин л холын Евровт хүрч чадна” гэжээ. Та нар харж байна уу? Монголчууд хүртэл логиктой сэтгэж буйг.

* Аав ээж хоёр намайг энэ зун гадаад явах уу, машин авахуулах уу гэсэн. Яадаг юм билээ. Монголд явах уу, “москвич”-тай болох уу.

* Монголд өчигдөр агаарын хүчнийх нь цаасан шувуу сүйрэв. Ингээд Монгол агаарын цэрэггүй болжээ. Дараа нь Батлан хамгаалахын сайд нь өөрийгөө буудав. Ингээд Монгол сумгүй болов оо.

Жич: Муу онигоонд уурлавал бүдүүлгээ харуулна. Хужаа нар биш орос ах нар минь биднийг доромжилж буй юм чинь яадгиймбэ гэх монгол цөөнгүйд итгэ. Давстай ч ортой л шог байна. Ер нь хэтрүүлэггүй шог гэж байдаггүй. Хэтрүүлэг онох онохгүйн тухайд авъяас золиг нөлөөлнө. Удирдагчдын “найрамдал-дружба”-гийн цаана хүн амынх нь гүнд албан бусаар өрнөж байдаг онигооноос өөрсдийн сул талаа анзаараад авахад гэмгүй. Биеэ сонжиж, сүүдрээ хардаг болно. Шоолж л байг. Дургүйцээд ялдаггүй юм. Шооллоо гэж ууралбал шившиг улам нэмэгдэнэ. Харин доторх эмзэглэл хөндүүрлэж, шаналаавал өөрийгөө хянах сэрэл арвижиж хөгжинө. Шоолуулах бус хүндлүүлдэг монголчууд болох эсэх өөрсдөөс чинь шалтгаална залуус минь. Ядмагаа дарлаж сүр хүчээ гайхуулах уг нь олигтой зан биш. Оросууд барууныханд шоолуулчихаад чукчаг доромжилж кайф авдаг байсан. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр. Өдгөө чукча хуучраад бидэнд сайрхдаг болжээ. Үүний хор гэж юу байхав. Харин сургамж ав. Хоосон магтаалаас муу муухайг сануулах маниуст наалдацтай.

Зуун жилийн өмнөх Монголын гэнэн цагаахан ард олныг ноёд лам нар болон хятад худалдаачдаас салгаж, өөртөө урвуулах гэсэн болъщевик санаа гайхам амжилтаар биелснээс хойш өдгөө 100 жил өнгөрчээ. Монголчууд хятадаас ондоо харь хүний бараа хараагүй бөгөөд гадаад хүнийг дайснаа гэж үздэг бөглүү жалга довын зожиг ардууд байжээ. Да хүрээний пааргар хужаа, бээвгэр луухаануудаар Хятадыг төсөөлнө. Эртний соёл, гүн ухаан, сайн муутай нь ер танилцаагүй атлаа дээрэлхэж ирсэн маань цагаан мангар монгол авир юм биш үү. 

Монголчуудын хоцрогдол улаан оросуудад сул олз байв. Үе дамжсан язгууртан ноёд ван гүн тайж хутагт хуврагуудыг хүйс тэмтрэхгүй аваас Монгол мөхнө гэж харц ардуудад ухуулсны дараа геноцитээ гүйцэтгэхээр улаан оросууд тооцсон. Тооцсоноо ч түвэггүй гүйцэтгэв. Гэхдээ монголчуудыг ухамсарлуулж байж өөртөө татаагүй, сүнсийг нь зайлтал яргалж байж сөхрүүлсэн юм. Түм буман язгууртан сэхээтэн хувраг багш нараа яргалуулж байхдаа дээдэс минь хүчинд автсандаа нааш харж, “Бидний аюулт дайсныг орос ах нар минь дарж өглөө” гэж хүлцээд, цааш харж уйлаад л амь мултарсан. Зүүгээр хатгахад цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй гэгч. Далайн өршөөлгүй хар салхи мэт коммунист улаан цунами ийнхүү монголчуудыг сорчлон хамжээ. Хамгийн эмгэнэлтэй нь өөрийгөө бурхан мэт магтсан улаан оросын болхи ухуулга өдгөө ХХI зуунд ховстсон хэвээр удам дамжиж, өөдлөх төсөл бүхнийг чөдөрлөх дарангуйлагчаа бид өдгөө ч хүсэж буйд гутарнам. Бусдыг муулснаар гэмээ дундлах гэсэнгүй. Алдаж асгасан гэм сайн ч хэллээ, муу ч хэллээ байдаг хэмжээндээ л оршино. Гагцхүү бодит үнэнийг зөв тогтоож чадвал ухаарал үүснэ.

Тархинд цус мэт харвасан үзлийн шавхрууг арилгах гэж би бээр оролддог. “Муу муухайгаа томруулдаг шилээр харж жигшиг” гэсэндээ ёжилдог. Мөхөлд хүргэх аюулт вирусээ томруулж харлаа гээд хор болохгүй, харин ариусах хүсэл өрнөнө. Тиймээс өвгөн надад нүгэлгүй. Гэмээ олж хараад засвал буян. Дэлхийн шилдэг боловсролыг шамдан эзэмшвэл улаан оросын ухуулга тархинаас чинь аяндаа ул мөргүй арилсан байх вий. Тэгсэн цагт хүчирхэг ард түмэн болно. (Өнгөрсөн үеэ гутааж нэрд гарах гэсэнгүй би, гагцхүү хойч үед сургамж болж юу магад хэмээв). 

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 18 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top