Коронавирусын улмаас гадаад нислэгүүд цуцлагдсанаас хойш сардаа нэг хоёрхон удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээс бусдаар хэл ам татлахгүй, нам жимхэн байсан МИАТ компанийг тус компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч хэрцгий нөхөр дахин олны анхааралд орууллаа. Өнгөрсөн хоёр хоногт нийгмийн сүлжээгээр цацагдсан бейсболын цохиураар ажилтнаа зодож, хажууд байсан охид, бусгүйчүүдийн уйлалдаж буй бичлэгээс болж компанийн удирдлага С.Батсүхийг ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлснээ мэдэгджээ.
Гэвч С.Батсүх даргын ажилтандаа үзүүлсэн яргалал ганц удаагийнх биш болохыг гэрчүүд нотолж байна. Энэ хүчирхийлэл С.Батсүхийг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсоноос хойш буюу 2017 оны арванхоёрдугаар сараас эхэлжээ. Мөн түүнийг бэйсболын төмөр цохиур барьж авахад ямар ч шалтгаан хэрэггүй, шалтгаан гарахгүй бол нөхөр өөрөө шалтгааныг үүсгээд зоддог байсан тухай түүний гарт өртсөн МИАТ компанийн ажилчид ярьж байна.
Машин биш хүн юм болохоор хааяа нэг нь ажлаасаа ганц нэг минутаар хоцрох үе гарна. Эсвэл зорчигчдийн ачаа тээш солигдох, зөрөх тохиолдол гарна. Эсвэл бүр ямар ч асуудал гараагүй байхад орж ирээд ямар нэг аргаар өөнтөглөж зодно. Уг нь бол ажлын хариуцлага, сахилгын асуудлыг албан шугамаар, дүрэм журмын хүрээнд шийдэх ёстой байтал бейсболын цохиур үүрээд явж байдаг хаанаас ирсэн дээрэмчин бэ, тэр?
Түүний энэ дарамт, хүчирхийллээс болж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн хүмүүс ч цөөнгүй аж. С.Батсүхийг ажлаас нь чөлөөлөх удирдлагын шийдвэр гарч, хуулийн байгууллагад шилжүүлсний дараа хэлтсийнх нь ажилтнууд нэг нэгээрээ цагдаад дуудагдан мэдүүлэг өгч эхэлсэн. Гэвч үүнээсээ болоод давхар дарамтанд өртсөн тухай МИАТ-ын ажилчид ярьж байна. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн ажилчдыг "Би зайлсан ч ганцаараа зайлахгүй шүү. Та нарыг чирээд зайлна" хэмээн дарамтлах болжээ.
Түүний зодуур нүдүүр, доромжлолыг тэвчилгүй халагдах өргөдлөө өгсөнхуучин ажилчид ч бас тухайн үед компанийн удирдлагуудад гаргасан өргөдлөө баримт болгоод хуулийн байгууллагад хандана гэлцэж байна. Учир нь тухайн үед ажлаас халагдах өргөдлөө өгсөн шалтгаан нь С.Батсүхийн дарамт шахалт, зодуур нүдүүрээс болсон гэдгийг өргөдөлдөө бичиж байсан боловч компанийн удирдлагууд өргөдөлд бичсэн үндэслэлийг огтхонч хайхарч үзээгүй байна. Тэгж үл тоосон шалтгаан нь С.Батсүхийг энэ ажилд томилуулсан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн холбоо сүлбээнээс айсантай холбоотой.
2016 оны сонгуулийн дараа есдүгээр сард ИНЕГ-ын даргаар томилогдсон нь У.Хүрэлсүхийн шахаас байсан бөгөөд хамаатныхаа ахын /Л.Бямбасүрэн/ танил тал, нэр нөлөөнд дулдуйдаж ажилд орсон С.Батсүх ч гэсэн түүнээс дутуугүй эрх дархтай, эрээ цээргүй нэгэн болж МИАТ-ад дархлагджээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын ажилтай танилцахдаа Зам тээврийн хөгжлийн сайдад нь зориуд хаяглаж, Л.Бямбасүрэнгийн талаар "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлдэггүй том толгойтой нөхрийг ажлаас чөлөөлөх хэрэгтэй. Урьд өмнийн олон асуудал сонсогдоод байгаа шүү" хэмээн анхааруулсан боловч салбарын сайд нь Ерөнхий сайдтайгаа нийлээд суудлаас нь буулгаж чадахгүй байна гэхээр түүнээс давсан том эрх мэдлийн хамгаалалтад байж таарна. Түүнийг ивээж байгаа том эрх мэдэл нь мэдээж МАН-ын дарга У.Хүрэлсүх. Одоо тэгээд тэжээсэн бяруу нь тэргээ эвдээд ах, дүүсээрээ нийлээд МИАТ-ыг самраад, шившиглээд байж байна. Ямар хар зах дээр мөрийтэй тоглодог дээрэмчин биш дээ.
Бичлэгт гарсан бейсболын төмөр цохиураар ууцан дундуураа татуулж буй залуу Зорчигч, үйлчилгээний хэлтэс ачигч хийдэг юм байна. Нисэх буудлын хоёрдугаарт давхарт бүртгэлийн ажилтнуудын амрах өрөө байдаг бөгөөд С.Батсүх дуртай цагтаа, уйдсан үедээ энэ өрөөнд орж ирж гарынхаа чилээг гаргадаг аж. МИАТ компанийн нислэгээр зорчиж буй иргэдийн бүртгэл, ачаа тээшийг хариуцдаг энэ хэлтэс 70 гаруй ажилтантай /нэг ээлжиндээ 20 орчим хүн ажилладаг/, тэд бүгд өдөр тутамдаа С.Батсүхийн гарын шүүсийг амсдаг гээд бодохоор С.Батсүхийн эсрэг гомдол гаргах хохирогчдын цуваа дуусахгүй бололтой.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (4)