x

Торонтогийн салхи

Канадын Хайгуулчид ба Олборлогчдын Холбооны (PDAC) жилийн чуулган 3-р сарын эхээр Торонто хотод болдог. 2018 оны ээлжит чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд 125 орны 26 мянган хүн оролцов. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд, компанийн захирлууд, хайгуулчид, орон нутгийн иргэд, төр засаг, орон нутгийн засаг захиргааны албаны хүмүүс цуглаж хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэгээ солилцож, хамтран ажиллахаа тохирдог энэ үйл ажиллагаа бол дэлхийн хайгуул, уул уурхайн зах зээлийн бодит байдлыг тольдон тусгадаг, олон улсын тэргүүлэх чуулга уулзалт юм.

Чуулганы долоо хоногт Торонто хотын бүх зочид буудал дүүрч, хоол зуушны болон тээвэр, үйлчилгээний бүх газрууд хүч чадлаа сорьдог бөгөөд энэ үйл ажиллагаа хотын эдийн засагт 17 сая доллар оруулж, 1000-аад ажлын байр нэмсэн гэж PDAC-ын ерөнхийлөгч Глен Муллан чуулганы албан ёсны нээлтийн үгэндээ дурдав. Үнэхээр эрдсийн ашигт малтмал, уул уурхайн олон бизнес эндээс эхэлдэг гэлтэй.

Торонтогийн гудамжаар Онтарио нуурын зэврүүн хүйтэн салхи хавирга нэвт үлээж байсан ч үзэсгэлэн худалдаа, хурлын танхимуудаар уул уурхайн зах зээлийн дулаан салхи эрч хүч өдөөх мэт зөөлөн үлээж байв. 

Хэдэн жилийн турш сөрж үлээсэн зах зээлийн энэ салхи өнөөдөр бүтэн эргэж, уул уурхайн бүх бизнесийг дэмжин, араас нь түрэн үлээж эхэлснийг чуулганд оролцогсод онцлон ярьж байлаа. Торонтод уул уурхайн салхи “зөв” үлээж эхэлжээ.

Монголын уул уурхайн салбар ба хөрөнгө оруулалт

Уул уурхайн олон улсын зах зээлд оройхон ороод, ширүүхэн дайрч, овог нэрээ сайн муугаар дуудуулж яваа Монгол улсын төр засаг 3-р сарын 4-нд гадаадын хөрөнгө оруулагчдын уламжлалт хурлаа Торонто Интерконтинентал зочид буудлын хурлын танхимд хийлээ. Хоёр зуун далаад буюу ноднингоос хоёр дахин олон хүн оролцов.  

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ хурлыг нээж үг хэлэв. Монгол, Канадын хооронд хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах хэлэлцээр байгуулсан, Канадын Засгийн газар Монгол улсын байгалийн баялгийн салбарын эрхзүйн орчныг сайжруулах, институцийг бэхжүүлэхэд тусалж байгаа мөн Монгол нь олборлох салбарын ил тод байдлын стандартыг хангасан дэлхийн 2 дахь улс болсон тухай тус тус онцлов. Төр засгаас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ажиллаж байгааг дурдав. Канадын талаас Олон улсын худалдааны сайдын парлементын нарийн бичгийн дарга хатагтай Памела Гоулдсмит Жонс мэндчилгээ дэвшүүлэв. Энэ хуралд Их Хурлын хоёр гишүүн, төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй төлөөлөгчид монголоос ирж оролцов.

Монголд хөрөнгө оруулчихсан, үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын удирдлагууд оролцож ажлын явцаа танилцуулж, бизнесийн бодит байдал ямар байгаа, юуг сайжруулах тухай тодорхой ярьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал монголд хорь орчим жил ажиллаж буй Erdene Resources Development Corp., арваад жил болсон Xanadu Mines Ltd., болон Aspire Mining LLC мөн саяхан байгуулагдсан ч Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарахад бэлэн болсон Steppе Gold зэрэг компаниудын гүйцэтгэх захирлууд үг хэлж, хөрөнгө оруулагчдын асуултад хариулав. Нийтдээ монголд үйл ажиллагаа явуулж буй 11 компани Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ажээ.

Дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох Рио Тинтогийн хэрэгжүүлж буй Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хуваарийн дагуу амжилттай хэрэгжиж, Рио Монголыг хариуцсан захирал томилсон, бие даасан нэгж байгуулж хайгуулын ажлаа шинээр эхлүүлж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа ажээ.

Гэхдээ монголын уул уурхайн салбар дахь бодлого, хууль журам үргэлж өөрчлөгддөг, орон нутагт ашигт малтмал ашигласны төлбөр нь очдоггүйгээс ард иргэд уул уурхайд сөрөг хандах болсон, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохоо больсон, төрийн компаниуд гадаадын хөрөнгө яаж татах нь ойлгомжгүй, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдээ хэзээ яаж эхлүүлэх, хэн хэрэгжүүлэх нь тодорхой биш асуудлыг энэ үйл ажиллагааны үеэр гадаадын хөрөнгө оруулагчид тодруулахыг хүсч байлаа. 

Энэ мэтийн зохион байгуулалтын асуудлаас болж Монгол улс PDAC-аас хөрөнгө оруулах тал дээр Перу, Эквадор, Чили улсуудтай өрсөлдөж чадахгүй байна.

Олон улсын уул уурхайн зах зээл ба зэс

Дэлхийн уул уурхайн нийтэд хувьцаагаа гаргасан компаниудын хагас нь Торонтогийн хөрөнгийн зах зээлтэй холбоотой гэж ТМХ групп мэдэгджээ. Торонтогийн хөрөнгийн бирж (TSX) болон Venture бирж (TSXV) дээр хувьцаагаа шинээр гаргасан компанийн тоо 73 хувиар, уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ (market capitalization) 12 хувиар өнгөрсөн жилд өсчээ. Энэ хоёр бирж дээр уул уурхайн 1211 компани бүртгэлтэй бөгөөд тэдний зах зээлийн нийт үнэлгээ нь 2018 оны 1-р сарын эцсээр 310 тэрбум долларт хүрчээ.

Монголын хувьд амин чухал эрдэс болох зэсийн үнэ олон улсын зах зээл дээр сэргэж тонн нь 7000 доллар болсон нь хоёр жилийн өмнөх 4300 доллартай харьцуулахад огцом өсөөд байна. Цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний салбарт улам ихээр шаардагдах болсон зэсийн хэрэгцээ дэлхий даяар нэмэгдэж байхад, хамгийн их зэс үйлдвэрлэгч Чилид олборлолтын зардал нь огцом нэмэгдэж, нөөц нь буурч байгааг салбарын судлаачид онцолж байлаа. Энэ улсад зэсийн олборлолт нь хүн ам ихээр суурьшсан газрын ойролцоо учир боловсруулахад ашигладаг, байгальд сөрөг нөлөөтэй арсеник (хүнцэл) хэрэглэхээ багасгаж байгаа ажээ. Мөн Чилийн уурхайчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах болсноор үйлдвэрлэлийн нийт зардал өсөхөд бас нөлөөлж байна.

Иймэрхүү хүчин зүйлүүдээс болоод хөрөнгө оруулагчид Монгол шиг зэсийг нь ялгахад харьцангуй хялбар, хямд (porphyry) бүтэцтэй орд газруудыг илүү сонирхож байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтойгоо Чилийн төрийн өмчит компанийн захирал Нелсон Пизарро өөрөө миний “Дефакто” ярилцлагаар орохдоо ноднин хэлж байлаа. Тэгээд ч Монгол дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улсын дэргэд байгааг хөрөнгө оруулагчид үргэлж тооцдог. Мөн Оюу толгойн зэс шиг, чулууг нялж исэлдэн тархсан хүдрүүд ганцхан газар биш, маш өргөн тархсан байдгийг геологичид онцолдог ажээ. Товчоор бол ганц ОТ биш олон том орд газар байгаа гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Тийм ч учраас жишээ нь ОТ-оос холгүй байршилд алт зэсний илэрцтэй Их Хишигтэйн хайгуулын лицензийг худалдан авсан Wood Рartners компанийн захирал Стив Дизартай уулзахад энэ хавраас олон сая долларын өрмийн ажил эхлүүлнэ гэв.

Монголчуудын дараагийн алхам

Монгол улс эрдсийн бүр их нөөцтэй байх магадлалтай байхад уул уурхайн хөрөнгө оруулагчид цэрвэх болсон шалтгааныг Риогоос гадна дэлхийн хамгийн том хоёр компанийн нэг BHP компанийн гүйцэтгэх захирал Андрю Макензи маш тод хэлжээ. Ройтерсийн иш татсанаар тэрээр “Монгол бол эрдсийн нөөц, боломжийн хувьд маш ирээдүйтэй, гэхдээ аюулгүй байдал, геополитикийн сорилтууд байхгүй орон биш” гэжээ.

Том хөрөнгө оруулагчид монголын хууль журам тогтвортой биш, оруулсан мөнгөнд нь ч халдаж мэднэ гэж яагаад үзэх болсныг бид сайтар тунгааж, ухаалаг хандах шаардлагатай байна. Нэгэнт л уул уурхайгаас өөр гадаад валют олох боломж өнөөдөртөө байхгүй учир энэ салбартаа гадаадын хөрөнгийг татан оруулж, эрсдлийг нь өөрсдөд нь үүрүүлээд, ямар нэг эрдэс баялаг олбол өөрсдөөр нь олборлуулаад зардлаа нөхтөл нь арай зөөлөн, зардлаа нөхсөнөөс нь хойш арай чанга нөхцлөөр ажиллуулах учиртай. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад хөрөнгө мөнгөнөөс гадна, технологийн болон менежментийн know-how орж ирдгийг чадмаг эзэмшиж, уул уурхайн дэлхий даяарх ложистикт оролцох боломжтой.

Ганцхан төр засгийн удирдлагад байгаа хүмүүс шуналаа хязгаарлаж, өөрсдөө хариуцсан салбарынхаа бизнесээс хол байх, авлига ил далдаар авдаггүй, улс орны эрх ашиг алсын хараанд нийцсэн зөв шийдвэр гаргаад явахад болчих юм л даа.

Нэг үеэ бодвол хэл устай, мэдлэг чадвартай үндэсний мэргэжилтэн залуустай боллоо, дарга цэрэггүй хорвоо дэлхийгээр явлаа, юм үзлээ, сурлаа. Одоо зүгээр л Гүрж улс шиг авлигыг таслан зогсоож, нийтийн хөрөнгө завшсан этгээдүүдээс нөхөн төлбөр аваад л энэ салбараа зөв хөгжүүлэх, орлогоороо бусад салбараа хөгжих нөхцлийг хангах шаардлагатай байна.

Орон нутагт ашигт малтмал ашигласны төлбөрийг хуулийн дагуу олгох, зарцуулахад иргэдийг оролцуулах, засаг захиргааны бүх шатны үйл ажиллагааг ил тод, тайлагнадаг, иргэд нь хянаж, засдаг болгоход уг нь тийм хэцүү биш юм. Нийтийн засаглалаа шат бүрт нь ил тод болгоод сайжруулахад бидэнд хэн саад болж байна вэ? Иргэд бидний хүсэл зориг, идэвх зүтгэл дутаж байна.

2018.03.15

 

Д.Жаргалсайхан /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 18 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 28 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 20 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 29 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 52 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 37 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top