АН-ын голлох лидерүүд болох Э.Бат-Үүл, Баабар, Ц.Элбэгдорж нар өнгөрөгч даваа гаригийн орой клаб хауст зочилж, С.Зоригийн хэргийн талаар хэлэлцсэн тухай бид өмнө мэдээлсэн. Хэлэлцүүлгийн сэдэв С.Зоригийн хэрэг боловч бай нь Ц.Нямдорж болов. Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүн аминий хэргийн сэжигтэнг батлан даалтаар сулладаг шүүхийн практик байхгүй. Хорьж шалгадаг юм шүү” гэдгийг хэлсэн нь энэ оройн ганц тод мессеж байлаа. Шүүхийн шийдвэр зөв үү, буруу юу?
Харин манай лидерүүд энэ хэргийг ухраасан, буцаасан Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гэж хэн бэ? гэдэг дээр л гол ач холбогдол өгчээ. Хятадын тусгай албанд ашиглагдсан, гаднын гар хөл болсон гэх мэтээр. Ц.Элбэгдорж гэдэг хүн бүр “Ц.Нямдорж бол ЗГХЭГ-ын дарга биш, С.Зоригийн хэргийн хэрэг эрхлэх газрын дарга юм” гэж ирээд цэцэрхсэн байдаг. Харамсалтай...
Ц.Нямдорж гэдэг хүн 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа эргүүлж авсанаас хойш бүтэн гурван жил энэ хэргийг эргүүлж задлахын, захиалагчийн хэргийг зогсоохын төлөө гүйсэн байхад, “дуусгаагүй ганц ажлаа дуусгана” гэж шүд зуугаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орсон, хэргийн гүйцэтгэгч нарыг суллуулахын тулд бүтэн гурван сар хэвлэл мэдээлэл, телевиз, соошлаар манипуляци хийж байхад юу ч дуугараагүй манай нөхөд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа гэнэт ухаан орж гэнэ.
Тэр тусмаа хэргийг мөрдөн шалгасан, ажил үүргээ гүйцэтгэсэн хуулийн байгууллагын ажилтнууд эрүүгийн гэмт хэрэгтэн болоод шүүхээс ял аваад шорон луу ачигдахад нэг ч үг дуугараагүй хүмүүс өнөөдөр гэнэт сэрсэн мэт “Ц.Нямдорж гэж хэн бэ” хэмээн ярих нь нэгд, орсон борооны араас цув нөмөрсөн гоншигонол. Хоёрт, огтхон ч шударга ёсны эрэл хайгуул шиг харагдахгүй байна.
Ядаж л телевизийн камерийн өмнө эртхэн суугаад "Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг тэдэн удаа тараасан. Тэдэн хүнийг нь оон нутаг руу цөлсөн. Хуулийн байгууллагын хорин жилийн ажлын үр дүнг энэ хүн ганцаараа нурааж гэж байна" гээд ярьсан бол үйл явцыг өөрчилж чаддаггүй юм гэхэд өөрчлөх гэж оролдсон мэтээр харагдах байлаа. Одоо ирж нийгмийн сүлжээний нэг платформ дотор суугаад өөр хоорондоо хөөрөлдөх нь хэнд, ямар ашигтай юм. Зүгээр л “Ц.Нямдорж гэж ийм хүн юм шүү“ гэдгийг цаг хугацааны шалгуурт үлдээх гэсэн хэрэг үү? Улс төрийн лидер гэгддэг хүмүүс үүний төлөө амьдардаг уу? Одоо С.Зоригийн хэргийг бүхэлд нь буцаагаад “Энэ гурван хүн С.Зоригийг алаагүй юм байна аа” гээд шүүхээр цагаатгасан ч гэсэн “Өө тийм байна уу” гээд сууж байх уу?
Хэрэв тэгвэл энэ хэргийг бүтэн гурван жил шалгасан, энэ хэрэг дээр ажилласан хуулийн байгууллагын бүх хүмүүс, хэргийн шүүн тасалсан гурван шатны шүүгч нар бүгд гэмт хэрэгтэн болно. Монголын төр /Ц.Нямдорж биш/ жинхэнээсээ алуурчдаас уучлал гуйж, эд материалын болон сэтгэл санааны нөхөн төлбөр өгөх хэрэгтэй болно. Үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрөх үү?
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлыг Дээд шүүх хэлэлцэхийн өмнө Ц.Нямдорж “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Хонгил үүссэн түүх буюу Яргын хэрэг” нийтлэлдээ “Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ хэргийг зохиосон. Зохиолоо хэрэг болгохын тулд Б.Хурцыг Германаас авчирсан” гэж бичсэн. Ядаж тэрэнд нь няцаалт болох ганц ч болтугай баримт гаргаж ярих эрх Ерөнхийлөгч асанд бий дээ. Тэрийгээ Ц.Нямдоржтой телевизийн камерийн өмнө шууд мэтгэлцэх хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй хаалттай хаалганы цаана сууучихаад “Аа, Нямдоржийн зохиол л байна лээ” гээд хов базаад суух нь улстөрч хүний мөн чанар биш. Ийм нэг ялархал ч шиг, гомдол ч шиг юмыг нь хуваалцахын тулд ард түмэн энэ хүнийг найман жил орой дээрээ залаагүй.
Эцсийн эцэст Б.Хурц гэж юу юм, Г.Эрдэнэбат гэж хэн юм. Тэдний удирдлаганд ажиллаж байсан тагнуулын гүйцэтгэх ажилтнууд хэний, юуны төлөө ажилласан юм. Хэрэгтэй үедээ ашиглаад хэрэггүй болохоор нь хаядаг хугацаа нь дууссан бараа, хог новш юм уу? Хийгээгүй хэргийнх нь төлөө ял өгч болдог байлаа гэхэд хийсэн ажлыг яагаад үгүйсгэж, баллуурдаж, юу ч биш болгох ёстой юм.
Чин үнэнийг хэлэхэд Ц.Нямдоржийн, МАН-ын энэ галзуурал ганц энэ хүнээс, ганц энэ намаас ч болсон юм биш. Ардчилал, шударга ёс, хуулийн засаглалын тухай хамгийн их ярьдаг АН-ын лидерүүд өөрсдөө түүнийхээ талд зогсож чадаагүйн гай.
Яг үнэндээ жирийн иргэдэд Э.Бат-Үүл С.Зориг агсны гэрт малгайгаа мартсан эсэх, түүнийг нь тухайн үеийн цагдаагийн дарга баталсан эсэх түй ч хамаагүй. Ганцхан энэ улсад хууль, шүүхийн систем нь үнэний талд зогсч чадаж байна уу, үгүй юу? Эсвэл хэн нэг эрх мэдэлтэн, улстөрийн нам хүчинд ашиглагдаад байна уу? гэдгийг л мэдэхийг хүсч байна. Хариулт нь гэвч хаана вэ?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (3)