Eрөнхийлөгчийн сонгууль
Eрөнхийлөгч П. Очирбат 1990 онд албан тушаалаа хүлээж авсны дараа холбогдох хуулийн дагуу 1991 оны сүүлчээс намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой болсон. Гэвч 1991 оны 1-р сард баталсан „Eрөнхийлөгчийн тухай хууль“-иар алба хаших хугацааг 5 жил болгосонтул 1992 оны эхээр ардчилсан үндсэн хуулийг баталсны дараа ерөнхийлөгчийг ч бас шинээр сонгох шаардлагатай болсон байна. Энэ завсар П. Очирбат улс төрийн хувьд төвийг сахисан, бусдыг өөртөө татаж чаддаг бие хүн болон төлөвшиж, урьдын намын гишүүнчлэлээсээ чөлөөлөгдөж чадсан байв. Гэхдээ тэр завсар ерөнхий сайд асан Д. Бямбасүрэнгийн элсээд байсан Монголын Сэргэн Мандлын Намд түүнийг талтай байсан тухай тэр үеийн зарим баримт материалаас олж уншиж болно гэх нь бий. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших хүсэлтийг түүнд сөрөг хүчний зүгээс тавихад хүргэсэн байна. Очирбат зөвшөөрч, МҮДН, МСДН-ууд түүний нэрийг дэвшүүлжээ. Очирбат сонгуульд ялах нь тодорхой байсан. Тэрээр өөртэйгээ өрсөлдөж байсан ямар ч нэр дэвшигчээс туршлагаар хол давуу байв. Дээр нь бас олон сонгогч түүний ажилд сэтгэл ханамжтай байлаа.
Очирбат сонгогчдын 57.8 хувийн саналыг авч сонгуульд ялав. Сөрөг хүчний намууд түүний нэрийг дэвшүүлэхээр шийдсэнээрээ нөхцөл байдлыг улс төрийн хувьд зөв дүгнэж, зөв зүйтэй арга хэмжээ авч, зохистой үр дүнд хүрч сурснаа нотолсон юм. Eрөнхийлөгч П. Очирбат МҮДН-ын улс төрч M. Энхсайханыг Eрөнхийлөгчийн Тамгын газрын дарга болгосон агаад энэ нь ч бас цаг хичнээн их өөрчлөгдсөний нэг багаахан нотолгоо байлаа.
Eрөнхийлөгч сөрөг хүчний улс төрийн тоглолтод илт ашигтай болсон. Тэрээр ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн зэрэг албан тушаалынхаа хажуугаар хууль санаачлах, парламентын хуулийн төсөлд санал өгөх, батлагдсан хуульд хориг тавих эрхийг ч мөн эдэлж байв. Энэ нь парламент доторх улс төрийн тоглолтод барих хөзөр нь байсан юм.
Хүн ард эрчтэй шаргуу таван жилийг туулж өнгөрүүллээ. Тэд 1990-ээд оны эхээр урьд хожид эдэлж үзээгүй эрх чөлөөг мэдрэн, эх оронч хүсэл мөрөөдөлдөө умбаж, улс үндэс, соёлынхоо сэргэн мандалтад ахиц дэвшил гаргалаа. Хэдэн жилийн хойно ерөнхий сайд асан С. Баяр 1992 оныг хүртэлх цаг үеийг „улс төрийн оргилуун дэврүүн үе“ хэмээн нэрлэжээ. Тэр үед намууд улс төрийн өрсөлдөөндөө үнэхээрийн чигч шудрага, ил тод, найдвартай байхыг хичээдэг байсан, үүнийг хэн ч өнөөдөр ядахнаа төсөөлж ч чадахгүй. Тэгтэл дараа нь МАХН-ын дангаараа удирдан явуулсан өмч хувьчлал, тус намын ажилтнуудын дунд хурдан газар авсан авлига тэрхүү „улс төрийн оргилуун дэврүүн“ байдлыг нь аажмаар мохоосон билээ. Цаг хугацааны хувьд бараг нэг зэрэг улс даяар эдийн засгийн уналт эхэлж, эцэст нь „чөлөөт уналт“-ын хурдаар уруудсан. Цөхрөнгөө барж хувь заяатайгаа эвлэрэх хандлага бий болов. Гэхдээ энэ нь хүмүүст тэр үед төрөөд байсан ер бусын гуйвалтгүй урам зориг өөдрөг үзлийг үгүй хийж чадаагүй юм. Хүмүүсийн нэлээд хэсэг нь юуны өмнө ардчилсан сөрөг хүчинд итгэсэн хэвээр байв. Хүмүүс төрийн бус байгууллагууд (ТББ)-ад идэвхийлэн ажиллаж эхлэв. Тэр үед бий болсон иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан сэтгэхүй, ухамсрыг хөгжүүлэхэд чамлахааргүй хувь нэмэр оруулсан.
1996 оны 6-р сарын 30-ны өдөр болох парламентын сонгуульд томоохон нам, эвслүүд янз бүрийн байдлаар бэлтгэж байлаа. МАХН айвуу тайвуу байдалтай байв. 1994 оноос улсын хэмжээнд эдийн засаг мэдэгдэхүйц тогтворжих хандлагатай болсон байна. Тиймээс сонгогчид эдийн засгийн бодлогын ололт амжилтыг үнэлнэ гэдэгт МАХН-ын удирдлага итгэлтэй байх шиг байв. Тэгвэл МҮАН, МСДН-ын сонгуулийн эвсэл, „Ардчилсан Холбоо Эвсэл“ (АХЭ) юуг ч зөнд нь орхисонгүй. Сөрөг хүчин эцсийн мөчийг хүртэл бүхий л нөөц бололцоогоо дайчлан сонгогч олны дунд ажиллав. Түүнд нь Германы Конрад Аденауэрын сан зэрэг улс төрийн сангууд зөвлөлгөө өгч идэвхтэй дэмжлэг үзүүлсэн юм.
1996 оны парламентын сонгууль: Шинэ тоглоом уу, шинэ аз уу?
Сонгуулийн дүн сонгогчдын дунд улс төрийн дуулиан шуугиан тарьж, МАХН-ын хувьд нэн гутамшигт явдал болов. Цагтаа улс орныхоо цорын ганц нам байсан МАХН юутай ч 1990 оноос хойш үүссэн ардчилсан намуудад эрх мэдлээ тэр чигт нь өгөх болжээ. Илт давуу ялагдсанаа хүлээх ёстой болов. Тус намын хамгийн дээд хүрээнд л улс төрийн тасархай ялагдлын цаадах геоулс төрийн учир шалтгааныг ойлгож байсан. „Ардчилсан Холбоо Эвсэл“ парламентын50 мандатыг авчээ. Тэгвэл МАХН парламентын дөнгөж 25 мандатыг авсан, гэхдээ хориг тавих эрхтэй цөөнх болсон юм. Энэ нь хожим „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн парламентын янз бүрийншийдвэрт хориг тавих боломжийг түүнд олгосон. Сонгогчдын барагцаагаар 60 хувь нь уг сонгуулиар МАХН-д саналаа өгсөнгүй. Гэхдээ энэ 60 хувь эдийн засгийн сүйрлийн байдлын улмаас „ардчилагчдад“ өгсөн саналынхаа хэрээр „Ардчилсан Холбоо Эвсэл“ -ийн Засгийн газраас маш их зүйлийг хүсэн хүлээж байсан юм.
„Ардчилсан Холбоо Эвсэл“ гүйцэтгэх засаглалын дээд түвшинд МАХН-ын боловсон хүчнийг өөрийн хүмүүсээр тууштай сольж байсан ч МАХН-аас „Ардчилсан Холбоо Эвсэл“-д эрх мэдэл шилжүүлэх үйл явц өнгөн дээрээ тайван, бараг ажил хэргийн шинжтэй явагдав. Харин энэ сонгуулийн явцыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер зэрэг олон улсын ажиглагчид маш анхааралтай ажиглаж байв. Монголынпарламентын сонгуулийн ач холбогдолнэмэгдсэн нь Орос, Хятадын харилцаан дахь зарим үйл явдлын өрнөлтэй ч бас холбоотой. Монголын зарим улс төрчид зүгээр ч нэг Монгол дахь улс төрийн үйл явцыг дэлхий дахиныг хамарсан үйл явцын нэг хэсэг хэмээн үзэж, дотоод, гадаад бодлогод зохих ёсоор үзүүлэх үр нөлөөг ньдүгнэж цэгнэж эхлээгүй юм.[1]
Гүйцэтгэх засаглалын дээд түвшинд „хуучин боловсон хүчин“-ийг босоо, хэвтээ чиглэлд „шинэ ардчилагчид“-аар сольсон нь „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн зүгээс юун түрүүнд онцгой идэвх зүтгэл гаргасан улс төрийн хамтран зүтгэгчдээ „албан тушаалаар шагнах“ шаардлагатай болсныхбайв. „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн удирдлага үүний шанд гүйцэтгэх засаглалын түвшинд ажил хариуцах чадвар алдагдахыг ч тэвчихэд бэлэн байсан. Гэхдээ ач тусаа үл анзаарагдам өгсөн нэг зүйл нь Монгол Улс энэ маягаар олон хуучин, зарим талаар хариас залж залуурдаж байсан сүлжээнээсээ салсан явдал болно. Монголын нийгэм энэ маягаар тусгаар тогтнолоо „дотроосоо“ бэхжүүлж, ардчиллыг цааш нь хөгжүүлэх баталгааг бүрдүүлсэн билээ. 1996 оны парламентын сонгууль бас МАХН болон „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн намуудын хооронд улс төрийн тэнцвэр маягийн юмыг бий болгосон агаад 1996 оноос өмнөх намуудын харьцааг их сайндаа л тэгш бус өрөөсгөл гэж хэлж болохоор байсныг анзаарахгүй байж болохгүй. Тийнхүү улс төрийн хүчнүүдийн аль аль нь сонгуулийн аль нэг хэлбэрийг ашиглан энэ тэнцвэрийг шинээр өөртөө ашигтайгаар тохируулж байх боломжтой болсон юм. Тиймээс МАХН болон „Ардчилсан Холбоо Эвсэл“ 1996 оны 10-р сарын6-нд болох орон нутгийн сонгууль, дараа нь 1997 онд болох ерөнхийлөгчийн сонгуульдул суурьтай бэлтгэж эхэлжээ.
Ардчилагчид хөдөөд хөлөө олсон нь
„Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн намууд удахгүй болох орон нутгийн сонгуулиар олигтой амжилт гаргана гэж бодохгүй байв. Харин засаг захиргааны аппаратын хөдөөгийн бүтцүүдэд боловсон хүчнээрээ дамжуулан бат бэх тулгууртай болсон МАХН-д орон нутгийн сонгуульд нөлөө үзүүлэх янз янзын боломж байсан. Улс төрийн зүтгэлтнүүд болон намуудын анхан шатны байгууллагын бүтэц, үйл ажиллагаа газар дээрээ сонгуулийн амжилтад нөлөөлдөг байв. Гэсэн ч сонгуулийн үр дүн анхаарал татав. МАХН 12 аймаг болон нийслэлд ялалт байгуулсан бол „Ардчилсан Холбоо Эвсэл“ юутай ч 6 аймагт ялалт байгуулсан байна. „Ардчилсан Холбоо Эвсэл“ парламентын сонгуульд томоохон ялалт байгуулснаараа орон нутагт, тэрчлэн хөдөөгийн хүн амын дунд итгэл хүлээх болсон нь илт. Бодит байдлыг үнэлж дүгнэхдээ ардчилсан хөдөлгөөн анхнаасаа төвлөрсөн хот суурин газруудад л өрнөснийг харгалзан үзвэл зохино. Одоо харин хөдөө орон нутагт ч бас хөлөө олжээ.
Сонгуулийн ялагдал хийгээд түүний үр дагавар МАХН-ынханд хүнд туссан нь мэдээж. Гэхдээ намыг шинэчлэх хүчтэй шахаанд оруулсан юм. Үнэхээр ч бодлогынхоо шинэ талбарыг тодорхойлох нь тус намд тийм ч хэцүү байсангүй. Даан их удалгүй үнэ чөлөөлөх шийдвэр гаргасан зэрэг „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хүн амын амьдралыг эрс доройтоход хүргэв. Олон нийтийн санаа бодол өөрчлөгдлөө. Олон түмэн „Ардчилсан Холбоо Эвсэл“-ээс харьцангуй түргэн нүүр буруулж, юутай ч „зүүний чиглэл“-ийг барьж, нийгэмд зохистой бодлого явуулна гэдгээ илэрхийлэх болсон МАХН руу хошуурах болов. Үнэхээр ч МАХН ямар нэг хэмжээгээр зориглон өөрийгөө шинэчилсэн, харин өөр нөхцөлд бол сайн дураараа тэгж хэзээ ч чадахгүй байх байсан биз ээ. Тус нам намын нэг их хурлаараа тэр үеийг хүртэл баримталж ирсэн төв үзлийн номлолоосоо салж, зүүний намын хувьд„ардчилсан социализм“-ыг чиг баримжаа болгосноо зарлав. Намын ардчилсан шинэ удирдах байгууллага болох Удирдах зөвлөлийн гишүүд нь дунджаар 43.8 насны хүмүүс байв. Перестройкагийн нөлөөн дор төлөвшсөн үеийнхэнд хамаарах хүмүүс намын толгойд гарчээ. Тэдний улс төрийн үзэл бодол тэртээ тэргүй „ардчилсан социализм“-ын үзэл санаанд үлэмж нийцэж байсан. Тиймээс тэр нөхцөлд олон нийтэд туйлын итгэлтэй нөлөө үзүүлж байв. Мөн үүгээрээ нам өөрөө Социалист Интернационалд илүү ойртсон байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчээ үзсэн нь
1997 оны ерөнхийлөгчийн сонгууль ойртож байв. 1996 оны сонгуульд ялагдсаныхаа дараа Монголын сонгогчдын итгэлийг илт харагдаж үзэгдэхүйц хэмжээгээр эргүүлж олж авах нь МАХН-д дээд зэргийн ач холбогдолтой байв. Тус намын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд зөв хүнээ олж нэр дэвшүүлэх нь чухал байсан. „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн удирдлага албан үүргээ хашиж байсан ерөнхийлөгч П. Очирбатыг сонгуульд дахин нэр дэвшүүллээ. Гэвч тэр завсар олон түмэн түүнийг дэндүү „зөөлөн“, түргэддэг, байн байн буулт хийдэг гэж үзэх болсон байв. Хүн амын эдийн засгийн гачлант байдлын улмаас „хүчтэй ерөнхийлөгч“-ийг хүсэмжилсэн дуу хоолой гарах болсныг сонсохгүй байхын аргагүй байсан. МАХН намынхаа дарга Н. Багабандийн нэрийг дэвшүүлэв. „Багабандийг шийдвэрээ хашир хянуур бодож байж гарган, тууштай хэрэгжүүлдэг хэмээдэг байсан нь ‚хүчтэй гар‘-ын талаарх ойлголтод нэлээд дөхөж очсон хэрэг.“[2] Тэрээр сонгогчдын 60.8 хувийн саналыг авч ялалт байгуулсан бол Очирбат илт ялагдал хүлээж 29.8 хувь дээр буужээ. Тэгснээр улс төрийн тоглоомонд МАХН хамаагүй таатай байр суурийг эзлэх болсон юм. Тус намын парламентын фракц хориг тавих эрхтэй цөөнхийг бүрдүүлээд байсан тул „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн үйл ажиллагаанд өөрсдийн дураар хориг тавих буюу саад хийж чадаж байсан. МАХН-ын дарга Н. Энхбаяр өөрийнх нь өмнө МАХН-ын даргын албыг хашиж байсан ерөнхийлөгчийн боломж арга хэрэгсэлд бас найдлага тавьж байв. Гэвч ерөнхийлөгчН. Багабанди хуулийн дагуу алба хашиж байх хугацаандаа намын гишүүнчлэлээс түдгэлзэж, намчирхахгүй байх ёстой байлаа. Тиймээс тэр өөрийнхөө намаас ч бас зай барьж байсан юм. МАХН-ын дарга Н. Энхбаярыг парламентын гишүүн нь сайдын албыг, намын дарга нь ерөнхий сайдын албыг хаших асуудлыг хэлэлцүүлж, үүнтэй холбогдуулан үндсэн хуульд нэмэлт оруулах шаардлага тавихад Н. Багабанди эрс татгалзав. Түүний улс төрийн зөн совин нь эрх мэдэл хэт төвлөрөхөөс сэрэмжлүүлсэн хэрэг. Тэгсэн атлаа жишээ нь ерөнхий сайдын албан тушаалд „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн шинэ нэр дэвшигчдээс сонгож авах болоход Багабанди хориг тавих эрхээ харамгүй эдэлж байсныг анзаарахгүй байхын аргагүй. Зарим үед зөвхөн улс төрийн тоглоомын эрх ашиг төдийгүй амин хувийн сүлжээний тодорхой ашиг тус чухалд тавигдаж байсан юм.
„Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн намууд ямар сул дорой байсныг цаг хугацаа дараа нь харуулсан. Улс төрийн хувьд жигдрээгүй, мөрийн хөтөлбөр нь нарийн тодорхой бус, удирдагчдынх нь засаг захиргаа, удирдлагын ажил хариуцах чадвар сул, анхан шатандаа зохион байгуулалт, сахилга бат муутай, мөн хувьчлалаар гадуурхагдаж хохирсноо нөхөхийг шаардан гомдоллох болсон зарим төлөөлөгчдийнх нь дэвэрсэн шунал зэрэг нь „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийг ихэд доройтуулан сульдуулжээ. Парламентын фракц нь сул ажиллаж байв. МАХН-ын фракц парламентад „нэг хүн шиг“ ажиллаж байхад „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн парламентын гишүүд намынхаа доторхи янз бүрийн эрх мэдлийн туйлуудыг тойрон эргэлдэж, сайтар бодож боловсруулсан нэгдмэл шийдэлд тэр бүр шуурхай хүч чадахгүй байв. Ерөнхий сайд М. Энхсайханы тэргүүлсэн АХ-ны анхны кабинетыг огцорсноос хойш АХ-ны гурван ч ерөнхий сайд кабинеттайгаа хөлөө олж бараг чадаагүй. МАХН „Ардчилсан Холбоо Эвсэл“-д огцрох шаардлага тавьж нэг их төвөг удаагүй. Тэд ч2000 он хүртэл цагийг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөх гэсэн юм шиг байв. „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн засгийн эрхэнд байсан өдөр бүр нь үнэндээ хүн ард МАХН-ыг улам ойшоон дэмжих болсны тусгал болж байсан юм. Төрийн ёс журам улам бүр алдагдаж, хүн ам эрс ядуурсан нь бодлогод үр дүнтэй засвар өөрчлөлтийг түргэн шуурхай хийхийг шаардаж байв. 1989-1990 оны эрс өөрчлөлтийн үед сөрөг хүчний жинхэнэ авъяаслаг удирдагч байсан „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн дэд бүтцийн сайд С. Зоригийн амь насыг 1998 оны 10-р сарын 2-ны өдөр зэрлэгээр бүрэлгэсэн нь нийгмийг гүн цочролд оруулав. Олон нийт уг үйлдлийг улс төрийн сэдэлттэй, гэмт этгээд буюу гэмт этгээдүүд нь С. Зоригийн ойр тойрны хүмүүс байсан гэж таамаглаж байсан. (Мөрдөн байцаах ажиллагаа өнөөг хүртэл улсын нууцад хамаарч байгаа нь улс төрийн маш ноцтой учир битүүлэг хэрэг болохыг нь харуулна.) Гэлээ ч гэсэн „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн Засгийн газруудын гадаад дүр төрх, хэвлэл, мэдээлэлд улс төрийн үзэл бодол хэр тусгалаа олж байсан, хүн амын улс төрийн үзэл бодол жинхэнэ бодит байдалд ямар байсныг хооронд нь ялгаж салгаж авч үзэх ёстой байсныг эцсийн дүндээ 2000 оны парламентын сонгууль тодорхой болгох учиртай байлаа.
МАХН төрийн эрхэнд эргэж гарсан нь
2000 оны 7-р сарын 2-ны өдөр болох парламентын сонгуульд МАХН ялна гэдэгт эргэлзээд байх юм угтаа алга байв. МАХН ч сонгуулийн дүн өөрт нь гойд ашигтай гарна гэсэн хүлээлттэй байсан. Гэвч гайхалтай нь тус нам сонгогчдын саналын дөнгөж 51.7 хувийг авсан юм. „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн Засгийн газруудын үед хүндрэл бэрхшээлтэй асуудлууд хичнээн ч гарч байсан гэсэн сонгогчдын 48.3 хувь нь МАХН-ыг сонгоогүй. Өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуулиар МАХН-ыг сонгогчдын тоо 1992-1996 оны парламентын сонгуулиудын үеийнхээс буурчээ. Гэхдээ сонгогчдын нэг хэсэг нь „Ардчилсан Холбоо Эвсэл“-д бус сөрөг хүчний бусад жижиг намд саналаа өгсөн тул сонгогчдын санал хуваагдахад хүрсэн байна. Тиймээс МАХН сонгуулийн мажоритар тогтолцооны дагуу парламентын 76 мандатын 72-ыг нь авч чадсан юм. Байдал тус намд туйлын ашигтай болов. Парламентад давамгайлах болж, Засгийн газраа дангаараа бүрдүүлэв. Хуучин намынх нь дарга Н. Багабанди улсын ерөнхийлөгч болсон байлаа. Үнэндээ ажиллах чадвартай сөрөг хүчин байна уу, үгүй юү, ер нь улс оронд аль нэг хэлбэрээр улс төрийн эрх мэдлийн тэнцвэр бий болсон уу үгүй юү гэдэг ч эргэлзээтэй болсон юм.?!
Сонгогчдын 17.6 хувь нь сонгуульд оролцоогүйг бодолцвол МАХН-д саналаа өгөөгүй сонгогчид харин ч нэмэгдсэн, санаснаас ч илүү их нэмэгдсэн байж мэдэхээр байв. Гэсэн ч „Ардчилсан Холбоо Эвсэл“-ийн Засгийн газрууд үндсэндээ ажиллах чадвараа алдсаны дараа ч гэсэн ирээдүйгээ зөвхөн ардчилсан нийгэмд л буй гэж харж байсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байсан. Сайн дураараа иргэний нийгмийн бүтцүүдэд орж идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүмүүс олширсноор энэ хандлага өдөр тутмын амьдралд ч мөн батлагдсан. 1990 оноос хойш хямарсан эдийн засгийн хөгжлийг бодвол энэ хандлага харин ч итгэл найдвар буйг харуулж байв. Тэгвэл сөрөг хүчний намуудын дотоод байдал бодит амьдралтай зөрчилдөх болсныг тайлбарлахад бэрх байсан агаад тэр нь тэдний дотоод тогтолцоо, түүний шалтгаантай холбоотой асуудлуудыг гаргаж тавьсан нь мэдээж.
МАХН Засгийн газраа байгуулаад намын дарга нь ерөнхий сайдын албыг хаших зарчимд шилжив. Юмны арга эвийг олохдоо гаргууд, улс төрийн тоглолт хийж туршлагажсан гэгдэх болсон 42 настай Н. Энхбаяр үүнд гойд тохирох хүн байв. Тийм болохоор парламентын гишүүн хүн сайдын албан тушаалыг хашиж болох өөрчлөлтийг үндсэн хуульд оруулж, түүнийгээ 2000 оны эцсээр парламентаар эцэслэн[3] батлуулсныг нь гайхах юмгүй. Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл холилдсон нь хожим нэлээд сөрөг үр дагавар авчирсан. 2003 онд Социалист Интернационал МАХН-ыг гишүүнээрээ элсүүлэв. Ерөнхий сайд Н. Энхбаяр эдийн засаг, санхүүгийн бодлогыг Засгийн газрынхаа үйл ажиллагааны гол чиглэл болгов. 2002 онд баталсан хуулиуд санхүүгийн системийг ихээхэн төвлөрүүллээ. Улсын Их Хурал 2002 онд сөрөг хүчний эрс эсэргүүцлийн дор „Газрын тухай хууль“-ийг батлан гаргав. МАХН-ын Засгийн газрын үед явагдаж эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн арилжаа нэн ашигтай бизнес төдийгүй авлигын хүчтэй эх ундрага болов. МАХН дангаараа засаглаж байсан нь юуны өмнө тус нам, түүний гишүүд, албан тушаалтнуудыг тэрхүү эргүүлэгт татагдан ороход хүргэсэн юм.
Үндсэндээ парламентын үйл ажиллагаа явуулах бүхий л боломжоо алдсан сөрөг хүчин сонгуулийн ялагдлаасаа цорын ганц зөв дүгнэлтийг гаргав. Хүрээллийнх нь хэд хэдэн нам МҮАН болон МСДН-ын удирдлагын дор 2000 оны 12-р сарын 6-ны өдөр нэгдэж, Ардчилсан Нам (АН)-ыг байгуулав. Тэдгээр намын улс төр-үзэл суртлын мөрийн хөтөлбөр нь дэндүү ялгаатай байсан ч сонгогчдод харагдаж үзэгдэхүйц, МАХН-ыг сөрөн зогсохтомоохон улс төрийн хүчин болох эрмэлзэл нь тэднийг нэгтгэжээ. АН анхнаасаа ихээхэн эрээвэр хураавар, янз бүрийн шалтгаанаар, магад ч үгүй зориудын шалтгаанаар сул дорой байсан. Ердөө л МАХН-ыг сөрөн зогсох гэсэн нь ноцтой алдаа байсан нь лав, гэхдээ тэр нь ч бас санамсаргүй хэрэг биш байсан болов уу. Тэр байтугай оршин тогтносон эхний гурван жилд нь тус намыг олон нийт төдийлөн анзаараагүй юм. М. Энхсайханыг намын даргын хувьд 2003 оны 3-р сараас намаа удирдаж эхэлснээс хойш л нам нь үзэгдэж харагдахтайгаа болж эхэлсэн билээ. М. Энхсайхан эрх мэдлийн зөн совинтой ч бусдыг өөртөө татахдаа тааруу, харин намаа хатуу чанд атган удирдаж байсан юм.
Парламентын 2004 оны сонгууль уу эсвэл "эрх мэдлийн хуваарилалт" уу?
МАХН 2004 оны сонгуулийн жил эдийн засаг, гадаад бодлогодоо үзүүлэх харуулах юм ихтэй байлаа. 2004 онд ДНБ болон гадаад худалдаа 1999 онтой харьцуулахад 100 орчим хувийн өсөлттэй гарчээ. Хятад, Орос улсууд Монголд эдийн засгийн оролцоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байх шиг байв. Хятад Улс 2003 онд Монголд 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл санал болгосон бол Орос улс Зөвлөлтийн үеийн хуучин өрийг нь хүчингүй болгосон юм. Тэр байтугай ОУВС хуучин өрнөөсөө чөлөөлөгдсөнийг нь „Урт удаан хугацаанд үр дүнгээ үзүүлэх түүхэн ололт.“[4] хэмээн үнэлсэн байдаг. Орос Улс Монгол Улсын хуучин өрийг хүчингүй болгох асуудлыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-д ажиглагчаар элсэх „урилга“-тай холбож тавьсан нь тийм ч эмгэнэлтэйбус, харин ч гадаад бодлогын ололт амжилт хэмээн дотоод бодлогодоо гайгүй үнэ хүргэж болж байв. Тэр бүү хэл зарим хүн Орос Улс ажиглагчийн статусыг тусгайлан Монголд зориулан бий болгож, өөрсдөд нь тал зассан мэтээр ойлгож байсан.
Ер нь „дэлхий ертөнц“ парламентын сонгуулийн өмнө гэнэтхэн Монголыг сүрхий анзаарах шиг болов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга Р. Л. Армитэйж 2004 оны эхээр Улаанбаатарт айлчилж ирээд байхдаа Мянганы Сорилтын Корпораци Монгол Улсыг тусламжийн хөтөлбөртөө багтаасан агаад тус улс уг хөтөлбөрт багтсан эхний орнуудын нэг болсныг мэдэгдэв. Хятадын амласан зээлд дөхөж очих хэмжээний мөнгөн дүнгийн тухай хөшигний ард яригджээ. АНУ-ын Элчин сайдын яамны эдлэнд сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзан ярилцаж байхдаа Армитэйж ирэх парламентын сонгууль шудрага болж чадахгүй байж мэднэ гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Шанхайн байгууллагад Монгол Улс ажиглагчийн статустай орох асуудал Армитэйжийн ярилцлагуудад цаагуураа тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь ямар ч атугай уг айлчлалыг геополитик талаас нь онцолж үзэхэд хүргэсэн.[5]
Тус намын засагласан хугацааны эцсийн үр дүн сайн байлаа. Тиймээс сонгогчид үүнийг нь зохих ёсоор үнэлнэ гэдэгт МАХН итгэж байв. Энэ дүгнэлт нь 1996 оны парламентын сонгуулийн өмнөх үеийн байдлыг бага зэрэг санагдуулж байсан. Гэлээ ч гэсэн тус нам стратегийн алсын хараатайгаар, мөн арга ухаан сийлэн парламентын сонгуульд бэлтгэж, юуг ч зөнд нь орхисонгүй. Тийнхүү жишээ нь улс төрийн бүх намыг шинэчлэн бүртгэх г.м. асуудлыг тусгасан нэгэн шинээр баталсан хуулийг хэрэгжүүлснээр тухайн үед байсан улс төрийн намуудын тэн хагас нь хасагдсан байдаг.
Гол цөм нь АН болсон „Эх орон-Ардчилал“ эвсэлтэй сөрөг хүчин хамтран парламентын сонгуульд оров. Парламентын сонгууль 2004 оны 7-р сарын 27-нд болжээ. Сонгогчдын81.8 хувь нь сонгуульд оролцож, 48.9 хувь нь МАХН-д, 44.9 хувь нь „Эх орон-Ардчилал“ эвсэлд саналаа өгчээ. Ингээд МАХН парламентад 37, „Эх орон-Ардчилал“ эвсэл 35 суудал авсан байна. Хоёр талын аль аль нь энэ удаа сонгуулийн мажоритар тогтолцооны ашиг тусыг адилхан хүртжээ. Сөрөг хүчний хувьд намууд нэгдэж, АН болон сонгуулийн эвслийг байгуулсан нь зөв алхам болсон нь харагдсан.
Парламентын бизнес эрхлэгчид
Шинэ парламентын гишүүдийн нэлээд нь үнэндээ намын карьер хөөсөндөө биш, харин магадгүй зохих хандив тусламжийг намууддаа өргөсний ачаар мандат авсан бизнес эрхлэгчид байсан нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын нэг шинэлэг тал байсан нь эргэлзээгүй. Анх харахад парламентын бизнес эрхлэгчид юуны өмнө „Эх орон-Ардчилал“ эвслийнх байсан ч парламент дахь МАХН-ын гишүүдийн цаана ийм учир шалтгаан байгаагүй гэсэн үг биш юм. Юутай ч их, бага хувьчлал, мөн газрын хувьчлал МАХН-ын Засгийн газруудын үед явагдсан байдаг. Өөрөөр хэлбэл МАХН-ын улс төрийн сүлжээ аль ч цаг үед өмч, хөрөнгө бий болох нийгмийн үйл явцтай нягт уялдаа холбоотой байсан. Тэгвэл сөрөг хүчин зөвхөн 1996-2000 онуудад л хувьчлалын үйл явцад хязгаартай оролцох боломжтой байв. Ингээд зөвхөн сөрөг хүчинд ойр бизнес эрхлэгчдийг л бизнес эрхлэгч гэж харах болсон нь МАХН-ын улс төрчид өөрсдийн аж ахуйн нэгж, эсвэл түүнд эзэмшдэг хувиа гэр бүлийнхэндээ шилжүүлж байсантай холбоотой. Ийм дүр эсгэх нь ердөө л „зүүний“ намын имижид нь илүү сайн нийцэж байсан хэрэг.
Тэгвэл яагаад олон жил улс төрд огт санаа тавьж байгаагүй бизнес эрхлэгчид гэнэт улс төр рүү зүтгэх болов? Хариу нь дорхноо олдоно. Эдийн засгийн хувийн хэвшлийн хувьд олон жил албадлагаас чөлөөтэй хөгжих нь чухал байсан. Тэгвэл дотоод зах зээл, дотоод, гадаад зах зээлийн харилцан холбоо, гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлууд, олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ зэрэгт эрх зүйн хүрээ тогтоож өгөх шаардлагатай хөгжлийн түвшинд эдийн засаг нэгэнт хүрсэн байна. Өөрийнхөө зах зээлийг хамгаалах нь ч гэсэн эмзэг асуудал болсон ажээ. Энэ бүх асуудал аж ахуйн нэгжүүдийн амин чухал эрх ашгийг хөндөж байв. Тиймээс бизнес эрхлэгчид бодлого тодорхойлоход өөрсдөө оролцох сонирхолтой болжээ. Хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг байсан нь лав, гэхдээ янз бүрийн нийтлэг эрх ашиг ч байсан. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд тодорхой хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын хэрэгсэл болсон байна. Бизнес эрхлэгчид өөрсдөө парламентад сууж эхэлснээрээ Барууны парламентуудаас ялгаатай. Ингээд ер нь байдаг байсан бол, өнгөндөө үзүүлж харуулж байхад нь хэрэгтэй гэж намуудын „шинэ“ удирдлагын үзсэн тэр хэмжээгээр янз бүрийн мөрийн хөтөлбөр сүр дуулиантай үргэлжлэн гарах болсон. Харин яаж ч зохион байгуулагдсан ялгаагүй парламентын жинхэнэ сөрөг хүчнийг л „парламентын шинэ гишүүд“ огтхон ч сонирхохгүйбайв.
Анхны "стандарт бус" эвсэл асар хурдан задарсан нь
Парламентад хүч тэнцсэний улмаас МАХН болон „Эх орон-Ардчилал“ эвсэл хамтран ажиллахаас өөр аргагүй болов. Ц. Элбэгдорж (Эх орон-Ардчилал эвсэл/АН) ерөнхий сайдын албан тушаалыг хаших болж „Их эвслийн Засгийн газар“-ыг байгуулав. Ц. Элбэгдоржийг ерөнхий сайд болгохоор шийдсэн нь МАХН-ын дарга Н. Энхбаярын хувьд басамжилсан хэрэг болсон. Тэрээр энэ шийдвэрийг гаргахад МАХН-ын доторхи „Ерөнхийлөгчийн жигүүр“ (Ерөнхийлөгч Н. Багабанди)-ийг нөлөөлсөн гэж үзэж байв. Хууль тогтоох засаглалын ач холбогдол нэмэгдсэнээс парламентын даргын албан тушаал ч бас ихээхэн сонирхол татах болжээ. Н. Энхбаяр уг албыг хаших болсон, гэхдээ намын даргын албан тушаалаа МАХН-ын босоо сүлжээг илүүтэй өөртөө хандуулж, хэвтээ сүлжээг өргөтгөн, бэхжүүлэхэд ашиглав. Гэхдээ Энхбаярбас эрх мэдлээ хадгалах бодлогын үүднээс „Эх орон-Ардчилал“ эвсэл, түүний гол цөм болсон АН-ыг тогтворгүйжүүлж, хүчийг нь сулруулахад нөлөө үзүүлж эхэлсэн. Үүндээ тэр АН-ын эрээвэр хураавар байдлыг ч, улс төрийн нөгөө лагер дахь Алтан гадас фракц мэтийн МАХН-ын трояны морьдын заримыг нь ч чадварлагаар ашигласан юм. 2004 оны сүүлчээр „ордны үймээн“ маягийн юм болж, М. Энхсайханыг АН-ын даргын албан тушаалаас буулгав. Ингээд дэд ерөнхийлөгч асан Р. Гончигдорж энэ албыг хаших болжээ. Тэгээд дараа нь асар их хурдтайгаар чухам юу болсныг АН-ын сонгогчдод ойлгуулж тайлбарлахад бэрх байв. „Эх орон-Ардчилал“ эвсэл тарав. Ингээд гишүүд нь парламентад фракцын статусгүй болжээ. Татан буугдсан эвслийн гишүүдийн дийлэнх нь АН-ын доторхи социал демократуудын шахалтаар 2005 оны 1-р сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт элсэв. Гончигдорж өөрөө МАХН-ын фракцын дэд дарга болов. Ингээд парламент ямар ч сөрөг хүчингүйболсон юм. Ер нь Р. Гончигдорж хэний төлөө улс төр хийсэн юм бэ, ямар шалтгаан юмуу албан шахалтаар тэр тэгэх болов хэмээн зарим хүн тэр үед асууж байж билээ?!
Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн нь
Гэвч МАХН энэ завсар нэгэн бүхэл цул байхаа нэгэнт больжээ. Энхбаярын бүлэглэл, „Ерөнхийлөгчийн фракц“, „Уламжлал, шинэчлэл, ардчилал, шудрага ёс“ зэргийн хоорондох эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл нь хүчээ авч байх шиг байв. Дээр нь бас хотын төвд орших Сүхбаатарын талбайд „иргэний хөдөлгөөнүүд“-ийн захиалгат цуглаанууд хийгдэх болов. Намын их хурлуудын завсраар удирдах хамгийн дээд байгууллага болох МАХН-ын бага хурал 2005 оны 3-р сарын сүүлчээр ерөнхийлөгчийн албан тушаалд цорын ганц нэр дэвшигч болох Н. Энхбаярын нэрийг 100 хувийн саналаар дэвшүүлэв. Энэ нь „Ерөнхийлөгчийн фракц“ болон намын доторхи жигүүрүүд ч Н. Энхбаярт саналаа өгсөн гэсэн үг юм. Энхбаяр ч уг дохиог ойлгожээ. Ерөнхийлөгч хүн хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой байсан. Өөрийн хамгийн ойрын хамтран зүтгэгчдийн нэгийг намын даргын албан тушаалд дэмжин тавьж чадах л юм бол нам дахь нөлөөгөөхадгалж чадна гэдгийг Энхбаяр ойлгосон. Ингээд эцэст нь тэр МАХН-ын дараачийн XXIV Их хурлаар М. Энхболдыг МАХН-ын даргаар сонгуулж чадсан юм. Хэвлэлээр „зохион байгуулалттай хуйвалдаан“-ы тухай яригдаж байв. М. Энхболд гэж хэн байв? Тэр үеийг хүртэл Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байсан Энхболд „хотын фракц“ гэгч, тодруулж хэлбэл нийслэлийн бизнесийн бүлэглэлийн төлөөлөгч гэгддэг байсан. Намын даргын сонгуулиар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С. Баяр түүнтэй өрсөлдөх болсон нь амаргүй даваа байлаа. Баяр нь „Ерөнхийлөгчийн фракц“-ын нөлөө бүхий төлөөлөгч байсан бөгөөд улс төрийн тоглоомонд овжин зальтай, далд явуулга хийж гаршсан тактикч гэгддэг байсан. Баяр МАХН өөрөө ардчилагдсан нөхцөлд л нийгэм ардчилагдаж чадна гэж байн байн хэлдэг байв. Тиймээс намыг ардчилах тал дээр ажиллах нь намын хамгийн гол зорилго гэдэг байсан. Үнэхээр тэр нөхцөлд Монголын хамгийн хүчтэй нам болох МАХН-аас дахин бүх зүйл шалтгаалах болсон мэт санагдаж байв. Харин АН дахиад л сулрал доройтлынхоо үе шатыг туулж байлаа. Зарим удирдах ажилтан нь АН-аас гарч, өөр өөрсдийн намыг байгуулжээ. Санал асуулгаар АН болон түүнд ойр намууд рейтингээрээ МАХН-аас аль эрт хоцрох болж, зарим талаар бүр хол хоцрон гэлдрэх болов. Ер нь МАХН-ын хүчтэй/сул тал, АН-ын хүчтэй/сул тал хоорондоо диалектик холбоотой гэж зарим ажиглагчхэлдэг байсан юм.
Энхбаяр 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 54.1 хувийн саналыг авч ялалт байгууллаа. Өрсөлдөгчидтэй нь харьцуулахад энэ нь жирийн л нэг ялалт байсан. АН дөнгөж албан тушаалаасаа буугаад байсан М. Энхсайханы нэрийг дэвшүүлсэн бөгөөд түүнийг АН-ын дарга Р. Гончигдорж бүрэн сэтгэл гаргаж дэмжээгүй нь мэдээж. Бусад нэр дэвшигчид нь чадварлагаар санал хуваан Н. Энхбаярт илүү боломж олгосон мэт. Өдрийн сонин „Зууны мэдээ“ 2005 оны сүүлчээр „МАХН хоёр жигүүртэй, түүний нэг нь АН“ гэсэн салаа утгатай гарчиг бүхий нэгэн сонирхолтой өгүүллийг нийтэлж байв.
2006 оны 1-р сард МАХН-ын сайдууд гэнэтхэн гарч „Их эвслийн Засгийн газар“-ыг унагав. Ингээд МАХН-ын удирдлага ерөнхий сайдын албан тушаалыг авах гэсэн нь гайхал төрүүлсэнгүй. Стратегийн асуудлууд шийдлээ хүлээж байсан юм. Ашигт малтмалын салбарын гэнэтийн ашгийн татварын дүнд улсын төсөв 1990 оноос хойш анх удаагаа 2005 оноос эхлэн илүүдэлтэй гарах болов. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг нээж ашиглах дөхсөн ч гадаадын хөрөнгө оруулагчдын тусламжгүйгээр тэгнэ гэж санахын ч гарз байв. Хүлээгдэж байсан бизнесийн цар хэмжээ нь МАХН-ын ар тал дахь бизнесийн холбоотнуудын сонирхлыг асар их өдөөв. Тиймээс МАХН-ын дарга М. Энхболд өөрөө ерөнхий сайдын албан тушаалыг хаших болж, нэг хэсэг нааш цааш болсны эцэст „Үндэсний эв нэгдлийн засгийн газар“-ыг байгууллаа.
Засгийн газар 2006 онд солигдсон нь олон түмэнд удаан хугацаанд таагүй санагдсаар байсан билээ. МАХН-ын рейтинг тал хувиар унажээ. Тэр цагаас хойш МАХН, АН-ын рейтинг жишээ нь нэрхүндтэй „Сант Марал сан“-гийн санал асуулгаар бараг ижил түвшинд байх болсон. Монголын нийгэмд ардчиллын оргилуун дэврүүн, хөөрлийн, асар их хөөрлийн үе өнгөрсний дараа хүмүүсийн хий хоосон мөрөөдлөөсөө ангижирч, бодит байдалд эргэн орох үе харьцангуй хурдан эхлэв. Үнэн хэрэгтээ тэр үеийг хүртэл монголчуудын дунд ерөнхийдөө зонхилж байсан өөдрөг үзэл санаа тэр цагаас хойш эргэлт буцалтгүй арилж алга болсон юм. Итгэл алдарсан нь юуны өмнө улс төрийн анги чадавхигүй болж, авлига газар авснаас болсон агаад түүний эх ундрага нь МАХН, АН гэж үзэх хүмүүс олширч эхэлсэн.
Балмагдан цочирдсон нийгэм
Гэсэн ч С. Баярыг 2007 оны 10-р сард МАХН-ын XXV их хурлаас намын даргаар, арай хожуу парламентаас ерөнхий сайдаар томилоход нийгэмд дахиад ирээдүйгээ арай өөдрөгөөр харах хандлага бий болов. Баяр газрын баялагийг ашиглах, нийгмийн баялагийг шудрага хуваарилах, нийтийн албыг сайжруулах асуудлуудыг намынхаа зорилго болгон дэвшүүлэв. Энэ зорилтыг нь олон нийт нааштай хүлээж авсан юм.Улсын Их Хурал 2008 оны 5-р сард улс төрийнхөөс бусад бүх төрийн алба хаагчдыг „аливаа нам, хөдөлгөөнд ажиллах“-ыг хориглосон хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргалаа. Уг арга хэмжээ авлигатай тууштай тэмцэх нь гэсэн ойлголтыг төрүүлэв. Хандлага нь зөв юм шиг байсан ч эхэндээ МАХН-ын рейтингэд ямар ч өөрчлөлт орсонгүй. Хүмүүс ихэд итгэл алдарсан байсан, дээр нь бас алба хаагчид өнгөн дээрээ гэнэтхэн намын гишүүн байхаа болисон ч авлига багасаагүй л байв. Түүнээс гадна дөнгөж „намаас хасагдсан“ алба хаагчдыг намаас гадуурх байгуулагуудаар дамжуулан өөрсөдтэйгээ дахин холбох ажлыг МАХН, АН-ууд хийж байгааг хэвлэлээр анхааруулж байв.
2008 оны 6-р сарын 28-нд болсон парламентын сонгууль гүн гүнзгий эргэлтийг авчирсан юм.МАХН сонгууль дууссаны дараахан урьчилсан дүн гарахыг хүлээлгүйгээр ялалтаа зарлав. Тэгэнгүүт АН-ын дарга Ц. Элбэгдорж МАХН-ыг сонгууль луйвардсан хэмээн буруутгав. Тэгтэл ч удалгүй хотын төвд МАХН-ын мэдэгдлийг эсэргүүцсэн АН-ыг дэмжигчдийн жагсаал боллоо. Тэгээд үймээн бужигнаан болж байх үеэр жагсагчдын зарим нь МАХН-ын төв байр руу дайрч, байрыг галдан шатаасан юм. Ерөнхийлөгч Н. Энхбаяр монгол төрийн түүхэнд анх удаа онц байдал тогтоохоос өөр аргагүй болсон байна.
Нийгэм цочирдон балмагдсан байдалд оров. Тэр зуур сонгуулийн дүн ч гарчээ. Сонгогчдын76.5 хувь нь сонгуульд оролцож, 43.13 хувь нь МАХН-д,39.27 хувь нь АН-д саналаа өгсөн байв. МАХН парламентын 45, АН 28 суудлыг авчээ (хожим: 47:26 болгохоор шийдвэрлэсэн). Парламентад шинээр сонгогдсон АН-ын гишүүд тангараг өргөхөөс татгалзсан тул Монголд de-facto ерөнхийлөгчийн засаглал тогтох нь гэж зарим хүнд санагдсан. 2008 оны 8-р сарын 28-нд л шинэ гишүүдийн дийлэнх нь парламентын тангаргаа өргөсөн билээ. 9-р сарын эхээр МАХН-ын бага хурал С. Баярт ерөнхий сайдын албан тушаалыг дахин хариуцуулахаар шийдвэрлэж, харин тэрээр АН-тай Эвслийн засгийн газар байгуулахаар шийдсэн байна. Энэ шийдвэрт хүрэхэд цаагуур нь перестройкагийн үеийн „эдийн засгийн фракц“-ын хуучин гишүүд ерөнхий сайд асан Д. Содном, Ш. Гунгаадорж болон ерөнхийлөгч асан Н. Багабанди нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ шийдвэрийнхээ үндэслэлийг Баяр хожим тайлбарлахдаа, нийгэмд хагарал гарахаас сэргийлж хоёр намыг нэг дээвэр дор оруулсан гэсэн буй. Гэлээ ч гэсэн тэр уг шийдвэрээ байн байн „стандарт бус“ гэдэг байсан нь үндсэндээ хуульд үнэхээрийн эс нийцсэн шийдвэрээ чаминаар өөрчлөн нэрлэсэн л хэрэг юм.
Геоэдийн засгийн нөлөө хийгээд улс төрийн тоглолт
Эвслийн шинэ Засгийн газар стратегийн ордуудыг гадаадын хөрөнгө оруулагчдын тусламжтай нээж ашиглах зорилт тавилаа. Төслүүдийн цар хэмжээ нь нийгэмд „алтны халуурал“ маягийн уур амьсгалыг бий болгож, улс төрийн бусад үйл явдлыг анхаарлаас холдуулав.
2009 оны 5-р сарын 24-нд болсон дараачийн ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч Ц. Элбэгдорж ялав. Уг албыг хашиж байсан Н. Энхбаяр өөрийг нь өрсөлдөхөд нам нь шалихгүй бага дэмжлэг үзүүлсэнд гүнээ харуусан гомдолтой байгаагаа сонгуулийн дараа илэрхийлэв. Улс төрийнх нь нөлөө ямар хурдан алдагдахыг тэр, мөн намынх нь үзэл бодол нэгт нөхөд даруй биеэр амсжээ. Энхбаярыг 2009 оны 9-р сард нөхөн сонгуулиар парламентад дахин орох оролдлого хийхэд Н. Багабандийн хуучин „Ерөнхийлөгчийн фракц“ болон МАХН-ын дарга С. Баяр нэрийг нь дэвшүүлэхэд саад хийж болиулсан байна. Rio Tinto-той Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө түүнийг болон намынх нь үзэл бодол нэгт нөхдийг улс төрийн нөлөө үзүүлэх аргагүй болгох зорилготой байсан. Оюу толгой дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг, туйлын их унацтай бизнест тооцогдож байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараахан Авлигатай тэмцэх газар Н. Энхбаярын эсрэг мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
МАХН-ын дарга С. Баяр Эвслийн засгийн газар байгуулахаа илэрхийлсэн нь дан ганц түүний шийдвэр байсангүй. Уг шийдвэрийг гаргахдаа улс төрийн тодорхой нөхцөл байдлыг тооцон үзжээ. МАХН, АН-ууд байх нь байсан, гэхдээ энэ завсар хоёуланг цаанаас нь эдийн засгийн нэг ижил „нам дамнасан бүлэглэлүүд“ удирдан чиглүүлэх болсон байв. Юм мэддэг хүмүүс энэ талаар: „Эд бол одоо анхных нь хүч, парламент хүртэл эдний дохио зангааг сонсдог юм.“ гэсэн буй. Энэ загвар зүгээр ч нэг Оросын Единая Россия-г бага зэрэг санагдуулж байгаагүй, харин монгол загвар нь тэр үедээ Барууныг илүүтэй баримжаалж байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Ардын Нам (МАН) гэсэн анхны нэрээ буцааж авсан МАХН „зүүнийх“ хэмээн мэдэгдэж байснаа „үндэсний ардчилсан“ нам болон хувирч, албан ёсоор бол „зүүн төв“-ийн нам гэгдэх хүсэлтэй болсон байна. Социалист Интернационал МАН-ын энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ Монголын намуудын орчинд улс төрийн гурав дахь хүчин улс төрийн тоглоомонд оролцох хангалттай орон зай байгааг нөхцөл байдал тодорхой харуулсан юм. Юутай ч МАХН-ын гишүүдийн 20 орчим хувь нь „Монгол Ардын Нам“ (өмнө нь „Монгол Ардын Хувьсгалт Нам“/МАХН гэж байсан) гэх намын шинэ нэрийг ч, шинэ мөрийн хөтөлбөрийн чиг хандлагыг ч зөвшөөрөөгүй бололтой. Н. Энхбаяр энэ 20 хувийг идэвхжүүлж, „МАХН“ нэрийг хадгалан тэднээр өөрийн шинэ намыг бүрдүүллээ. Монголын улс төрчдийн чансаагаар урьдын адил рейтинг өндөртэй явсан болохоороо тэр тэгж чадсан. МАХН, МҮАН-ын улс төрийн эвсэл байгуулах гэрээнд 2012 оны 1-р сард хоёр намын дарга Н. Энхбаяр, М. Энхсайхан нар гарын үсэг зурав. Уг гэрээндээ тэд олигархийн системийг устгаж, авлига, „төрд дайсагнасан МАНАН-байгууллага“ (МАНАН=МАН+АН)-тай тэмцэж, байгалийн баялагийг Монголын ард түмэнд эзэмшүүлэн, нийгмийн баялагийг шудрага хуваарилахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Шулуухан хэлэхэд энэ нь МАН, АН-ын цаанаас нь залж жолоодож байсан олигархиуд болон эдийн засгийн бүлэглэлүүдтэй тэмцэхээр боллоо гэсэн үг байв.Мөн тэр үед АН-ын сайдууд хамтарсан Засгийн газраас гарав. МАХН сайдуудын албан тушаалд өөрийнхөө хүмүүсийг тавихаас өөр аргагүй болжээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын албан тушаалыг хавсран хашиж ирснийг болиулах оролдлого хийсэн ч тэр нь бүтэлтэй болсонгүй.
2012 оны парламентын сонгуулиар АН ялалт байгуулав. Сонгогчдын 67.3 хувь нь сонгуульд оролцож, АН 34 мандат, МАХН 26 мандат авчээ. Ийнхүү АН-д анх удаа парламентад (үнэмлэхүй биш ч) олонхи суудал авч, Засгийн газраа байгуулах таатай боломж бүрдлээ. Ингээд төрийн гурван өндөрлөг болох ерөнхийлөгч, парламентын дарга, ерөнхий сайдын албыг АН-ын төлөөлөгчид хаших боллоо. Улаанбаатар хотын засаг даргын албан тушаалыг хүртэл АН гартаа авав. Тийнхүү тус нам үнэндээ анх удаа ерөнхийлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хооронд өөрөө буюу дангаараа улс төрийн тоглолт хийж, юу чаддагаа Монголын ард түмэнд нотлон харуулах боломжтой болсон юм. АН „МАХН/МҮАН-ын Шудрага ёс эвсэл“-тэй хамтран „Шинэчлэлийн засгийн газар“-ыг байгуулав. „Шудрага ёс эвсэл“-ийн төлөөлөл харьцангуй хүчтэй байсан нь Н. Энхбаярын удирдсан МАХН, М. Энхсайханы удирдсан МҮАН үнэхээр хүчтэй гурав дахь хүчин боллоо гэсэн ойлголтыг төрүүлж байсан. Гэвч „Шинэчлэлийн Засгийн газар“ боломжоо тун хурдан барсны дээр АН сонгуульд ялсныхаа дараа гүйцэтгэх засаглалын олон салбарт дахиад л боловсон хүчний халаа сэлгээ хийсэн байв. Эдийн засаг гүн хямарсан, нэлээд хэсэг нь өөрийнх нь буруугаар ч бас хямарсан цаг үед засаг захиргааны ажил хариуцах чадвар сул байсан нь Засгийн газрын чадваргүй болсон олон шалтгааны зөвхөн нэг нь байв. 2016 оны парламентын сонгуулиар МАН парламентын 76 суудлын 65-ыг нь авчээ. Тус нам дахиад парламентад үнэмлэхүй олонхи болж, Засгийн газраа дангаар байгууллаа. МАХН, МҮАН-ууд улс төрийн нөлөөгөө алхам алхмаар алдав. Дараа нь 2017 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын 60.67 хувь сонгуульд оролцож, АН-ын нэр дэвшигч Х. Баттулга 50.61 хувийн санал авч ерөнхийлөгчийн албыг хаших болов.
Quo vadis Mongolia?
Улс төрийн бүтэц болон инститүцүүдээр нь авч үзэх юм бол Монгол Улсад үндсэн хуульт парламентын ардчилал төлөвшсөн болох нь 1990-2018 оны улс төрийн үйл явцаас тодорхой харагдсан. Перестройкагийн он жилүүдэд дээрээсээ ардчилагдах үе шатыг туулан өнгөрүүлснийхээ дараа МАХН 1990-ээд оны эхээр улс төрийн шилжилтийг нягт нямбай, үнэхээр улс төрийн мэдрэмжтэй удирдан жолоодсон юм. Улс төрийн тоглолтыг өнгөн дээрээ улс төрийн хоёр том нам тодорхойлж байсан ч анхнаасаа МАХН(хожмын МАН) ямагт анхдагч нь байсан агаад арай өөрөөр ойлгогддог байсан байж мэдэх ч энэ байдал нийт хугацааны туршид огтхон ч өөрчлөгдөөгүй. Хожим хоёр нам эдийн засгийн бүлэглэлүүдийн нам дамнасан ашиг сонирхлын улмаас ихээхэн адилшиж ирсэн, энэ нь харин сонгуулиудаар эрх мэдэл шилжүүлэх явцыг ихэд хялбарчилсан. Энэ нь бодит улс төрд хоёр намын өөр өөрсдийнх нь онцлог болсон улс төрийн дүр төрхбүрмөсөн алдагдахад хүргэсэн юм. Ер нь намууд, юуны өмнө МАХН/МАН болон АН-ыг авлигын жинхэнэ эх уурхай гэж хүмүүс ойлгох болсон байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зарим албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болсноор үндсэн хуулийн байгууллагуудаар дамжуулан бие биедээ хяналт тавихаас зарим үед зайлсхийдэг болж. Тиймээс эрх мэдлийн хуваарилалт ердөө л хагас хугасхэрэгжих болсон. Олон салбарт эрх зүйт төрт ёс баталгаажаагүй буюу бараг баталгаажаагүй байна. 1992 онд ардчилсан үндсэн хуулийг баталснаас хойш Монгол Улсад 15 ерөнхий сайд(1990 оноос хойш 16 ерөнхий сайд) засгийн эрх барьснаас П. Жасрай, Н. Энхбаяр хоёр л бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн байдаг. Тиймээс Монгол Улсын талаарх дүгнэлтүүдэд тус улсыг гол төлөв „гэм согог буюу доголдолтой ардчилал“ бүхий орон хэмээн үзэх болж.
Монголд ямар улс төрийн тогтолцоо хамгийн тохиромжтой вэ? гэсэн асуултыг олон нийтийн санаа бодол судалдаг Сант Марал сан 2018 оны 3-р сард судалгаанд оролцогчдод тавьжээ. Тэдний 24.3 хувь нь „ардчилсан тогтолцоо“ „сайн“, 41.6 хувь нь „нэлээд сайн“ гэсэн байна. Тэгвэл 39.2 хувь нь „хүчтэй удирдагч“ байвал „сайн“, 37.0 хувь нь „нэлээд сайн“ гэсэн ажээ. Харин 2020 онд мөн л Сант маралын санал асуулгад оролцогсдын 56.8 хувь нь „хүчтэй ерөнхийлөгч“-ийг илүүд үзнэ гэжээ. Олон жил бага багаар даамжирсан уруудаж доройтох үйл явц ямар үр дүнд хүргэснийг эдгээр тоо илтгэн харуулна. Ардчилсан тогтолцоо амжилтгүй болсон гэхээсээ илүүтэй төрийг эдийн засгийн эрх ашгийнхаа талбар болгож ашиглахын тулд улс төрийн намуудыг өмчлөн авч, авлигад идэгдсэн элитүүдийн чадваргүй болсныг чухам энэ үйл явц тодорхой харуулж байна.
Post Scriptum
Николло Махиавелли "Засаг ноён" хэмээх алдарт бүтээлдээ ийн бичжээ: “Ийнхүү төр улс байгуулагдсан бол түүнийг урт удаан тогтнуулахын тулд олны халамж анхааралд найдаж өгөх хэрэгтэй. Ганц хүн ийм төр улсыг байгуулан, эмх цэгцтэй зохион байгуулж чадах байлаа ч гэсэн төрийг төр хэвээр нь байлгахад олны ашиг сонирхол, нэгдмэл хүсэл зориг шаардлагатай.““Хэрэв бүгд найрамдах улсад үнэхээр уналтын хандлага бий болж, улмаар төрийн онц байдал тогтволухаалаг, эрч хүчтэй төрийн хүн юмуу зохих хэсэг бүлэг хүмүүсийн цаг хугацааны хязгаартай, үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөндарангуйллын үе шатыг туулах нь тухайн төр улсад шаардлагатай үндсэн шинэчлэлтийг хийх цорын ганц боломж гэж Махиавелли үзэж байсан. Дээрхийн тухайд гэхэд Ромын Бүгд найрамдах улсынхны ойлгож байсан шиг дарангуйллын үзэл санаа ийн бичихэд хүргэсэн нь тодорхой байна.”[6]
[1] МАХН-ын дарга Н. Энхбаяр: „Монгол дахь улс төрийн үйл явц даяарчлалын үйл явцын нэг хэсэг болох нь.“,Н. Энхбаяр, МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан зорилтууд, Үнэн, 1997 оны 02-р сарын 22.
[2] Удо Б. Баркманн, Орчин Цагийн Монголын Тухай Өгүүллүүд, Улаанбаатар 2008, 283 дахь тал.
[3] „Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль“ 1999 оны 12-р сарын 24-нд батлагдсан. Хууль 2000 оны 7-р сарын 15-наас хүчин төгөлдөр болох ёстой байв. Ерөнхийлөгч уг хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Улсын Их Хурал 2000 оны 1-р сарын 6-ны өдрийн тогтоолдоо ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэжээ. (хоёулаа 11/374) Парламент 2000 оны 7-р сарын 26-ны өдрийн тогтоолдоо үндсэн хуулийн 66-р зүйлийн 4 дэх заалтад тайлбар хийсэн байна. (Үндсэн хуульд хийсэн өөрчлөлттэй холбоотой бололтой.) Эцэст нь Улсын Их Хурал 2000 оны 12-р сарын 22-ны тогтоолоороо ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
[4] Н. Энхбаяр: Монгол Улсын Эдийн Засаг, Нийгэм Сэргэлтийн Замдаа Орсон, Зууны Мэдээ, 2004 оны 03-р сарын 05.
[5] Р. Армитэйж: Би гурван даалгавартай Монголд ирсэн, Зууны Мэдээ, 2004 оны 02-р сарын 02. Р. Армитэйж: “Сонгууль ойртож байхад хуульд өөрчлөлт оруулах нь зохимжгүй” гэв, Өдрийн Сонин, 2004 оны 02-р сарын 03.
[6] Niccoló Machiavelli, Der Fürst, =Reclam 502, Leipzig 1987, 21-22.
Удо Б.Баркманн /baabar.mn/