Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцлана гэх юм, худлаа байгаа даа!
Сүүлийн үед УИХ, Засгийн газар маань Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлана гэж сүр жавхлантай мэдэгдэх боллоо. Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагч тал зөвшөөрч байгаа гэнэ. Тэгсэн атлаа Оюу толгойн төслийг үргэлжлүүлээд хамтран ажиллах тал дээр Засгийн газар, хөрөнгө оруулагчтайгаа нэгдмэл байр суурьтай байгаа юм байх. Тэгвэл гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлаад Оюу толгойн төсөл үргэлжлэх боломжтой гэж үү?
Товчхондоо аливаа гэрээ хэлцлийг цуцлана гэдэг нь өгсөн авсанаа буцаалцаж, хоёр яс салж, тус тусын зам мөрөө хөөхийг хэлдэг. Нэгэнт ухсан нүхээ буцаан булж, авсан зээлээ төлөөд салахгүйгээс хойш гүний уурхайн төлөвлөгөөг цуцлах боломжгүй.
Дубайн төлөвлөгөө нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн, хэрэгжээд дуусч байгаа, өөрөө хэлбэл нэгэнт биелчихсэн төсөл тул түүнийг нөхөж цуцлана гэсэн ойлголт байхгүй. Гүний уурхайн төслийн талаар тайлбарлахдаа хөрөнгө оруулагч тал 80 давхар байшингийн 78 давхар нь баригдсан одоо 2 давхар үлдсэн гэх тайлбарыг өгсөн бол Засгийн газрын зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай байгаа гэх тайлбараас хэрэгжээд дуусч байгааг төвөггүй ойлгож болно. Арай энгийнээр жишээ татья, гэрлэлтээ цуцлуулсан хосууд хоёр тийш болж таарна, харин үргэлжлүүлэн хамт амьдарч байгаа бол цуцлалт гэх марзан тайлбар зохихгүй. Гэтэл манай засаг гүний уурхайн төлөвлөгөөг цуцлана гэх атлаа цааш үргэлжлүүлээд гүний уурхайн төсөлдөө хөрөнгө оруулагчтайгаа хамтарч ажиллана гэх боллоо. Нэгэнт хэрүүлтэй ч цаашдаа хөтлөлцөөд явах нь үнэн бол гүний уурхайн төслөө цуцалж байна гэж ярих утгагүй. Тэгэхээр Дубайн төлөвлөгөөг цуцлана гэж мэдэгдэх нь мэдлэггүйгээ гайхуулж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр иргэддээ муу төслөөс салж байгаа мэт өнгөн дээрээ дүр үзүүлсэн улс төржилт давхар яваад байна.
Оросын большевикууд Цагаан хааныхаа төмөр замаар зорчихгүй гэж хуулж нэг үзээд, буцаагаад барьж нэг үзсэн үзэл сурталжсан хөгтэй түүхийг санагдуулаад байгаа юм. Одоо Оюу толгой төслийг гүний уурхайгаас салгаж ойлгох аргагүй болсон.
Саяхан нэг эрхэм гишүүн Дубайн төлөвлөгөөг цуцлаад зээлийн өргүй болно гэж ярилаа. Мань хүний логикоор бол иргэд банкин дээр очиж оочёрлоод зээлийн гэрээгээ цуцлаад өргүй болох боломжтой юм байх. Авсан зээлээ төлөхгүйн тулд гэрээгээ цуцлаад сална гэдэг сайхан мөрөөдөл шүү.
Харин Засгийн газрын зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зардал, хугацаа хэтрүүлсэний хариуцлагыг хөрөнгө оруулагч талаас шаардаж байгаа нь бол эрүүл үзэгдэл. Цуцлана гэж дэмий цуурч байхаар Дубайн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулаад магадгүй Улаанбаатарын төлөвлөгөө болгож сайжруулж болох юм. Дубайн төлөвлөгөөг цуцалчихаад ямар эрх зүйн баримтад үндэслэн далд уурхайн бүтээн байгуулалт 22 сараар хугацаа хэтэрсэнийг, түүнчлэн зардал 30 хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар хэтрүүлсэн хариуцлагыг хөрөнгө оруулагчаас шаардах гэж байгааг бүү мэд.
Оюу толгойн гүний уурхай бол газрын гадаргаас 1300 метрийн гүнд дэлхийд хуруу дарам цөөн корпорацийн эзэмшдэг технологоор баригдсан бүтээн байгуулалт. Зүйрлэвээс 500 давхар барилга, эсхүл олон нийтийн телевизийн цамхгийг 7 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний гүнд далайн түвшинээс ч доор өндөр даралттай, агаар салхигүй, харанхуй хүнд нөхцөлд хийгдсэн аварга бүтээн байгуулалт.
Дубайн төлөвлөгөө батлагдаж гүний уурхайн бүтээн байгуулалт хийгдээгүй бол зэсийн үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн алтан боломжийг бид ашиглаж чадах байсан гэж үү. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хийгдэхгүйгээр 2012-2015 оны хооронд төслийг 3 жил гацаасан хэрүүл өнөөдрийг хүртэл үргэлжилсэн бол уул уурхайн алдагдсан боломжийн өртөг хэдэн тэрбум доллараар хэмжигдэх байсан. Чухам үүнд л Дубайн төлөвлөгөөний түүхэн гавьяа оршино.
Уул уурхайн эдийн засгийн алдагдсан боломж гэж юу вэ?
Чулуу дууссан шалтгаанаар чулуун зэвсгийн үе дуусаагүй гэдгийг санаарай. Чухамдаа тухайн үеийн технологийн ололт амжилт чулууг тэтгэвэрт нь гаргаж, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн эрин үе эхэлсэн байдаг. Яг түүн шиг нүүрс дуусах яагаа ч үгүй байхад нүүрсний оргил алтан үе шувтарч байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлыг зогсоох Парисын хэлэлцээр, түүний өмнөх Киотогийн протоколын дагуу жил бүр нүүрсний хэрэглээг бууруулсаар 2050 онд бүрмөсөн эцэс болгох олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд нүүрсний эрин үе шувтарч байна. Нүүрс үнс болох цаг бодитой айсуй. Нүүрсний өнөөдөр тогтоогдсон нөөц хэдэн мянган жилээр хэмжигдэж байгаа ч харин хэрэглээ нь хэдхэн арван жилээр хэмжигдэж эхэллээ. Манай улс төмөр замаа барьж чадахгүй талцан муудалцаж машинаар алдаг оног зөөсөөр 10 жилийн хугацаанд нүүрсний алтан үеийг өнгөрөөж байх шиг байна. Зарим улс төрчид хүрздээд хувингаар зөөвөл илүү олон ажлын байр бий болно гэж байсан санагдана. Чухамдаа төмөр зам бариагүйн төлөөх алдагдсан боломж 10 тэрбум ам.доллар буюу Оюу толгой төслийн өнөөдрийг хүртэлх хугацааны нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц байгаа талаар бид ярьдаг, дүгнэдэг болсон нь сайн хэрэг.
Оюу толгой төсөл 2012-2015 онд үндсэндээ гацаж зогсонги байдалд ороход 3 тэрбум ам.долларын алдагдсан боломж үүссэн учраас Дубайн төлөвлөгөөг баталж төслийг хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Монголчууд бид алдагдсан боломжийн төлөө хариуцлага нэхдэггүй нь чухамдаа ажил хийсэн нэгнээсээ алдааг нэхэж, амаа хий хөдөлгөн завьжидсанаа талархан дэмжиж, алсуураа өөрсдийгөө хохироож байдаг үндэсний сэтгэхүйгээс нэвт хамаардаг. Дубайн төлөвлөгөө 6 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэж зэсийн үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшин болох 1 тонн нь 10,000 ам.доллар гарсан өнөө үед Оюу толгойн гүний уурхай ашиглалтанд орох боломж бүрдлээ. Хэрэв бид хэрүүлээ үргэлжлүүлсээр байсан бол далд уурхайгаа эхлүүлж чадаагүйн улмаас өнөөдрийн зэсийн үнийн өсөлтийг шогширч, төслөө гацаасандаа амаа барьж гасалж суух байв. Дубайн төлөвлөгөөг батлахгүйгээр хариуцлагаас зайлсхийж хар амиа хоохойлсон 2012-2014 оны Засгийн газруудын адил элгээ тэврээд ажил хийхгүй хэрүүл үргэлжилсэн бол юу ч өөрчлөгдөхгүй нь үнэн. УИХ тухайн үед арга барахдаа 2014, 2015 онд эдийн засгаа сэргээх, хүндрэлээс гаргах тогтоолууд баталж Засгийн газраа түлхсэн атлаа өнөөдөр зангаа хувиргаад цэвэрхэн нуугдчихлаа. Оюу толгой төслийг гацаанаас гаргасан 2 тогтоолоо 2019 онд хүчингүй болгочихсон. Ийм олон нүүртэй, зүсээ хувилгасан залгамж халаагүйн зэрэгцээ эдийн засгийн хүнд үеийг үүрч гарсан төслийн хүчинд хөл дээрээ босчихоод хожим өөрийн гаргасан өмнөх шийдвэрүүдээ нулимдаг УИХ-тай улс шүү бид.
Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын мега төсөл өнөөдрийн Таван толгойн цахилгаан станц, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, эсхүл нүүрс боловсруулах, зэс хайлуулах, ган боловсруулах үйлдвэрүүдийн төсөл шиг цаасан дээр үлдэж болох хувь заяа байсан.
Таван толгойн цахилгаан станц цаасан дээр амилаад 10 жил гацлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3 удаа шав тавих нэрээр тууз хайчилж, цай булсанаас бодитой хэрэгжих боломжтой байсан 2 дахь тууз хайчлагчийг хорлон сүйтгэгч гэж буруутган шоронд хийсэн байх жишээтэй. Ахиад л ажил хийсэн нь буруудна, бүр байтлаа ажил хийх оролдого гаргасны төлөө бурууддаг болж. Оюу толгойд төсөлд шаардлагатай эрчим хүчээр хангах цахилгаан станцын төслийг хөрөнгө оруулагч нар өөрсдөө хэрэгжүүлэх саналаас Монголын Засгийн газар татгалзсан. Засгийн газар маань өөрсдөө Таван толгойн цахилгаан станцыг барьж Оюу толгойг эрчим хүчээр хангах үүрэг хүлээсний 10 жилийн ой өнгөрлөө, цахилгаан станц мэдээж байхгүй. Үр дүнд нь Оюу толгой жил бүр 200 сая ам.долларын эрчим хүчийг урд хөршөөсөө импортоор авч байгаа нь хэдэн ч цахилгаан станц барих мөнгө үргүй урссан гэсэн үг, энэ нь төслийн санхүүжилтийн зардал хэтрэх үндсэн шалтгааны нэг болсон.
Таван толгойн ордын коксжсон нүүрсийг Ашигт малтмалын хууль зөрчин сорчлон олборлож машинаар зөөж байгаа. Үлдэх илчлэг багатай эрчим хүчний нүүрсийг түшиглэн цахилгаан станцаа бариагүй л байна. Нүүрс угаах үйлдвэрийг 912 сая ам.доллараар барьж 7 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх ээлжит шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар гаргалаа. Шийдвэрүүд гарч л байдаг нь хэдэн арван жилээр үргэлжилдэг давтамжтай, тавилттай ээлжит зуршил л даа. Өнгөрсөн долоо хоногт V цахилгаан станцыг барих шийдвэр гаргасны 12 жилийн ойгоор тендерээ цуцалж, төслийг зогсоож байгааг салбар хариуцсан сайд нь мэдэгдсэн. Дахиад хэдэн тэрбум төгрөгийн үргүй зардал гарч, цаг хугацаа үнэгүй урслаа.
Монголчуудыг мега төсөлтэй болохыг үзэж чаддаггүй гадаад хөршүүд ч байна, дотоод улс төрчид ч байна. Дотоод улс төрчид чухам Монгол Улсад ашиггүйг нь гайхах замаар гацаадаг мэхтэй. Харин зориглоод ажил хэрэг болгосон сэхээтнүүд нь шоронд ордог хувь заяатай. Чухамдаа төсөл нь хэрэгжиж байгаа учраас бид бүхэн өнөөдөр Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулах талаар ярихтайгаа байгаа юм. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх сайжруулах бол бизнест эрүүл үзэгдэл.
Ямартай ч хэдэн нөхөд зориглон төслөө үргэлжлүүлээд шоронд суусны төлөөсөнд зэсийн үнэ өссөн оргил үед Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч олборлолт эхлэх гэж байгаа нь чухамдаа халхын заяа гэлтэй. Ажил хийсэн гавьяатнууд дээлээ нөмөрч суугааг одоо яалтай ч билээ, гэхдээ ямар хулгай хийсэн биш дээ.
Харсаар, ярьсаар суух уу?
Монголчууд бид зориглоод хэрэгжүүлсэн томоохон төслөөс юу алдаж, юу онов гэдгээ өнөөдөр тунгаах цаг. Оюу толгой төслийн 12 жилийн алдаа, онооноосоо сургамж, ухаарал, туршлага, мэдлэг олж авсан.
Харин хэрэгжээгүй хэдэн арван төслөөс юу ч хожоогүй. Ашигт малтмалыг нөөцийг олборлож боловсруулан дотооддоо нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ган боловсруулах, нүүрс угаах-боловсруулах, нефть боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүд болон эрчим хүчний хараат бус, тусгаар байдлаа хангах зорилготой Таван толгой цахилгаан станц, V цахилгаан станц, Эгийн голыг усан цахилгаан станц гээд цаасан дээр хэдэн арван жилээр домог болсон төслүүдийг цааш нь ярих юм уу, яах юм?
Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө түүхэн үүргээ гүйцэтгэж ирэх 2022 онд ашиглалтанд орж, олборлолт эхлэхээр болж байна. Өөр ингэж хэрэгжсэн мега төсөл Монгол улсад байвал нэгийг нэрлэж хайрла. Иргэд барааг нь харах түмэн хүслэн болж байна.
Дубай төлөвлөгөө түүхэн үүргээ биелүүлсэн, хангалттай сайн төслийн үе шат болсон тул өөрчлөх цуцлах шаардлага байхгүй. Харин анхны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах талаар яригдаж байгаа нь сайшаалтай. Дубайн төлөвлөгөөгөөр Монголын тал хэд хэд барьцаа ахиулсаныг мартаж болохгүй. Юуны өмнө хамгийн их хэл амтай менежментийн зардлыг 6 хувиас 3 хувь болгож 50 хувиар бууруулсан, ашигт малтмалын нөөц ашигласны суурийг томсгосноор тэр хэмжээгээр төсөвт орох орлого нэмэгдсэн, Монгол талын ажилтнууд болон бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ ханган нийлүүлэгч дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог 90 хувиас багагүй тохиролцсон, мөнгөн хөрөнгийн шууд өгөөж 53:47 байхаар анх удаа бичгээр тохирсон гэх мэт. Бид гэрээний үүргийн биелэлтийг хөрөнгө оруулагч талаас шахаж шаардах байтал хэрэгжихгүй байна гэж гомдоллох нь олон болж. Монголын тал төслийн 80 хувийн нөөцийг агуулсан гүний уурхайн ашиглалтын өмнө үндсэн гэрээгээ сайжруулах нь зүйн хэрэг, энэ бол олон олдохгүй түүхэн боломж. Гэхдээ 10-12 жилийн өмнөх эдийн засгийн хямралд орсон Монголчууд гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалт, мега төсөл, олон улсын бизнесийн дүрэм зэрэг харьцангуй шинэ зүйлтэй нүүр тулсан ч зориглоод хөдөлсөн гэдгийг анхаарч аль болох өмнөхөө бага муулж, харин өнөөдөр ахиу ажиллах нь зүйтэй. Өнгөрсөнийг шүүмжилж муулах мэргэн түргэнүүд борооны дараах мөөг шиг олширсон цаг л даа.
Хөрөнгө оруулагч Рио дээрэнгүй хандаж байна гэх тунирхлаа орхиод тэдэнтэй дэлхийн хэлээр ярилцаж, олон улсын дүрмээр тоглох цаг болсон, ийм чадвар ч Монголчуудад суусан. Бид хүссэн ч эс хүссэн ч эдийн засгийн үндсэн хөдөлгүүрийнхээ нэгийг зогсоож болохгүй учраас төслийг дахин гацаах учиргүй, нөгөө талд хөрөнгө оруулагч Рио ч хувьцаа эзэмшигчдийн өмнө болон гэрээгээр хүлээсэн үүрэгтээ шахагдаж байгаа тул цаашдаа Оюу толгойн гүний уурхайг үргэлжлүүлэх замаар харилцан ашигтай хамтран ажиллаад явахаас өөр сонголтгүй.
Оюу толгой төслийн нийт нөөцийн 80 хувийг агуулсан гүний уурхайг нээх бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Дубайн төлөвлөгөө чинь 100 жилийн уурхайн үүцэд нэвтрэх үүдийг нээх алтан түлхүүр юм шүү дээ. Юуны чинь цуцлах? Үүдээ цэлийтэл нээ, цаана чинь зэсийн эрин эхэлж байна!
Б.Баяраа