АН-ын дотоод зөрчил оргилдоо хүрч, хоёр тал аль аль нь нурж унахад ойрхон байна. Сонгуулийн ерөнхий хороо хоёр талын алиных нь нэр дэвшигчийг бүртгэж авна, тэр нь ялагч болно.
Бямба гаригт болсон нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа өмнөх удаа болсон намын даргын сунгааны жишгээр хоёр тусдаа явагдаж, хоёр нэр дэвшигчийг гаргалаа. Ц.Тувааны тал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг, С.Эрдэнийн талаас АН-ын дарга С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр намын олонхи дэмжсэн байна. Хоёр талын маргааныг хагалах ёстой газар нь СЕХ болов. АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “СЕХ бүртгэж авсан нэр дэвшигчийг нэр дэвшигч гэнэ” гэж хэлсэн. Тэгвэл СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэх бол?
Нэгдүгээрт, өмнөх удаа явуулсан АН-ын даргыг тодруулах сунгааны үр дүнг УДШ албажуулаагүй буюу намын шинэ даргыг цахим бүртгэлд оруулаагүй учир 2017 онд цахим бүртгэлд бүртгүүлсэн С.Эрдэнийн нэр хууль зүйн хувьд хүчинтэй гэж тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт, нэг намын парламенттай ийм үед парламентаас томилогддог СЕХ эрх баригч намын дарга буюу У.Хүрэлсүхийн захиалсан нэр дэвшигчийг л бүртгэж таарна. Энэ үүднээс харвал Ц.Тувааны буюу одоогийн Ерөнхийлөгчийн талаас нэр дэвшигчийг сонгуульд оруулахгүй байх нь СЕХ-ны бараг шахуу үүрэг. Ялангуяа Цэцийн шийдвэрээр Х.Баттулгын нэр дэвших эрхийг хассанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын дайсагнал туйлдаа хүрч, Х.Баттулга нь МАН-ыг тараах захирамж хүртэл гаргаж үзсэн. Энэ удаагийн сонгуулиар У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа дарж авахыг хүснэ.
Нөгөө талаас С.Эрдэнэ ямар ч үнээр хамаагүй АН доторх Х.Баттулгын гар хөлийг тайрч хаяхыг хүсч байгаа. Ялангуяа АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч АН-ыг хувьдаа авахын тулд прокурорын эрх мэдлээр далайлган С.Эрдэнэ дээр нэг бус удаа эрүүгийн хэрэг нээж, хааж, шоронд хүртэл хийхээр сүрдүүлсний /Намын даргын сунгааны үеэр С.Эрдэнэ өөрөө баримтуудыг олон нийтэд дэлгэсэн/ дараа энэ хоёр хүний дунд ч гэсэн амархан гатлах боломжгүй ангал үүссэн билээ. Тэгэхээр энэ удаад Х.Баттулга гэдэг хүнээс ангижрахын тулд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр нь нэг талдаа гарсан байх магадлалтай. Тиймээс хамгийн боломжит хувилбар нь СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэх. Х.Баттулга нь дахиад дундуур нь гүйчихгүй л бол.
Харин АН-ын жирийн гишүүдийн хувьд “ялсан нам манай нам” гэдэг зарчим үйлчлэх байх. СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэнэ, тэр нэр дэвшигчийг дэмжинэ. Намын олонхийн хувьд Н.Алтанхуяг байна уу, С.Эрдэнэ байх нь ялгаагүй. АН сонгуульд ялалт байгуулах нь чухал. Сая санал өгсөн байдлаас нь харсан ч тэр, аль аль нь илүү хүчтэй гэснээ л дэмжсэн байна. Ийм үед одоо хоёр тал болж тоглож байгаа намын дарга нар ч гэсэн дотоод зөрчлөө хойш тавиад, бүх нөөцөө шавхаад нэгдмэл нэг намын дүрмээр тогловол, сонгогчидтойгоо нэг тал байж чадвал эрх баригч намтай өрсөлдөх боломж бий. Эсрэгээрээ энэ хэвээрээ зодолдоод, намаа хуваагаад сонгуульд орвол АН тэр чигээрээ улс төрийн тавцангаас арчигдах аюултай. Энэ удаагийн сонгуульд АН дахиад ялагдвал эргээд улс төрийн тавцанд хүчтэй том тоглогч болж гарч ирэх хүртэл хэдэн сонгуулийн хугацаа туулахыг таамарлахад бэрх.
Б.ЗАЯА