-Ингэхэд тэр өөрийн ухаантай байна уу?-
Цэндийн Нямдорж сандарчээ. ЗГХЭГ-ын даргын нэрийн өмнөөс “Хонгил үүссэн түүх ба Яргын хэрэг” гэх аймшигтай гарчигтай хоёр нүүр нийтлэлийг “Өдрийн сонин”-д нийтэлжээ. Төрийн сайдын гараас “Яргын хэрэг” гэдэг “зохиол” бичигдэхийг хардаг азгүй юм даа, би.
Тэр өнгөрсөн 30-аад жилийн түүхэнд хууль “зохиож” буюу өөрийнх нь ярьдгаар “хууль идэж” амьдарсан. Энэ хугацаандаа хүссэнээ хуулиас хамгаалж хаацайлан, хүссэн үедээ хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж түүнийгээ “хуулийг орондоо ч, онгоцонд ч засна” хэмээн аархаж явлаа. Бүхний мэдэх түүний түүхийг хойш тавьж өнөөдрийн асуудлыг сонирхъё.
Ц.Нямдорж яагаад өөрөө ил гарч нийтлэл бичих болов? Түүний хамаарагдан ажиллаж буй Засгийн газрын 2021 оны 82 дугаар тогтоолд цагаан дээр хараар бичсэн “хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгох” гэсэн тогтоолын хэрэгжилтээс айв уу? Эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хүссэн үр дүндээ хүрэхийн тулд “Хурцын зохиол” гэгчээ Б.Хурцтай нь хамт шоронд хорьж байгаад өөрийн зохиолыг өргөн барив уу?
Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол батлагдаад арав гаруй хоногийн дараа буюу энэ сарын16-нд нийтэд ил болсон ч Эрхэм сайд нарын зарласан “Ил болгосон” зүйл алга. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж сайдын олон жил “хүссэн” Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “хэрэгт холбогдолгүй” гэдгийг ч нотлоход ч ТЕГ-ын дарга асан Б.Хурцын ар гэрийнхний хүсэж, шаардаад байгаачлан “эрүүдэн шүүсэн” хэрэгт Б.Хурц хилсээр шийтгэгдсэн эсэхийг нотлоход ч Хэргийг бүхэлд нь ил болгож, хүссэн иргэн үзэж болдог болох нь хамгийн чухал ач холбогдолтой.
Ингээд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдын нийтлэлийг уншлаа. Дандаа тэр намайг унших биш, энэ удаа би түүнийг унших сонирхолтой байв. Юуны өмнө цаг хугацааны фактор анхаарал татав. Нийтлэл эхлэхдээ л “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад бүх шатны шүүх шийдвэрээ гаргасан гэсэн үг” гэжээ. Харин нийтлэлийн Дүгнэлт хэсэгт “Хуулийн байгууллага энэ хэргийн “захиалагч” нь Э.Бат-Үүл, “хамтрагч нь А.Ганхуяг, “хамжигч” нь Б.Булган, гүйцэтгэгч нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар гэж үзэн/Ц.Амгаланбаатарын мэдүүлэг гэгчийг үндэслэн /цөмөөрөнг нь яллагдагчаар татаж дийлэнх хүмүүсийг урт хугацаанд цагдан хорьж шалгасан атлаа хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд “захиалагч”, “хамжигч”, “хамтрагч” гэх хүмүүсийн хэргийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа “гүйцэтгэгч” гэх иргэдийг “захиалгаар хүн алсан” гэж ял төлөвлөж шүүх энэ саналыг ёсоор болгосон” гэжээ. Найруулга муутай боловч сайдын бичсэнийг эш татахдаа би найруулгыг зөвтгөж засварлавал бас “хэрэгт унана”. Агуулгын хувьд гүйцэтгэгчдийг шийтгэх юм бол “захиалагчийг ч шийтгэ” гэж дэнсэн дээр тавьж буй бололтой юм. Гэтэл “захиалагч”-тай холбоотой хэсэг нь “маш нууц” зэрэглэлд 23жил хав дарагдчихаад шийдэж чадахгүй байгааг тэр хамгийн сайн мэднэ. Магадгүй хав дарахад нь оролцсон гол дүрүүдийн нэг ч гэж хардаж яагаад болохгүй гэж? Харин одоо олон нийтийн шахалт, улс төрийн буюу сонгуулийн нөлөөгөөр түүний Засгийн газар ҮАБЗ зэрэг байгууллагаас үл хамааран “хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгох” гэсэн гавьяатай бөгөөд маш хүчтэй тогтоол гаргалаа шүү дээ.
Одоо Засгийн газрын тогтоол хэрэгжих цаг тоолол эхэллээ. Энэ удаад Ц.Нямдоржийн өмнөөс дуугарч, төрийн болон албаны нууцыг ч, эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар ч хамаагүй “хашхирч өгдөг” Ж.Батзандан, Л.Болд нар алга. Нутгийн “МАНАН” Н.Алтанхуяг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг үеийг хэдийнэ мэдэрчихсэн ажилдаа орчихсон учраас ийм юманд орооцолдохыг хүсэхгүй. Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав дуугарвал гай болохоосоо лай болох биз. Ингээд Ц.Нямдорж өөрөө гарч ирлээ. Өөрийн гараар “Б.Хурц ордонд тааралдахад нь “захиалгаар хүн алсан” гэж шүүхэд шилжүүлж байгаа юм бол захиалагчийг нь зарлаач, эсвэл шүүхэд шилжүүлээч гэхэд сонгуульд танай намд ашиггүй гэсэн. Тэр ямар хамаа байна, манайх байсан ч зарлаач” гэж тулгахад 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа зарлана гэсэн. Сонгуулийн дараа дахиад асуухад бултаад алга болсон” гэж бичлээ. Уг нь Б.Хурц шоронд орсон болохоос шороонд ороогүй. Хилсдүүлсэн ч байж магадгүй хэргээр хорьчихоод ямар нэг баримт үзүүлэхгүйгээр ингэж цуурч зохиол бичдэг ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн салбарыг таван удаа удирдсан Сайд байж болох уу?
Ингэхэд тэр өөрийн ухаантай байна уу? Тийм дээ, тэр одоо УИХ-ын гишүүн биш. ЗГХЭГ-ын дарга, төрийн сайд байхдаа л амжиж дуугарах шалтгаан байсан биз. Үндсэн хуульд “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй адил хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү хууль тогтоох дээд байгууллага-парламент л хэрэгжүүлдэг. Парламент Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байхад хажуунаас нь Засгийн газар “Наад бүрэн эрхийг чинь бид авлаа. Бид хууль тогтооно” гэж болохгүй. Энэ талаарх онолыг аль 17 дугаар зуунд дэлхийн агуу сэтгэгчид болох Ж.Локк үндэслээд, Ш.Монтескье төгөлдөржүүлээд ардчилсан, эрх зүйт төртэй улс болгон хэрэгжүүлж байна. Гэтэл манай улсад болохоор гүйцэтгэх эрх мэдэлд багтдаг Засгийн газрын гишүүн, хууль зүйн салбарт удаа дараа сайдаар ажилласан хүн нь олон нийтийн өмнө гарч ирснээ “Би энэ хэргийг ингэж шийднэ.” гэж амлаж байгаа нь шүүх эрх мэдэл рүү халдаад зогсохгүй, нөгөө “Төр бол би” гэдэг шиг “Шүүх эрх мэдэл бол би” гэж байгаатай адил сонсогдож байгаа юм. Ийм байж хэрхэвч болохгүй шүү дээ. Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой асуудал мөн.
“Энэ хэрэг төрийн маш нууц зэрэглэлтэй. Өмгөөлөгчдөөс нууцын баталгаа авчихсан. Зөрчвөл эрүүгийн хуульд заасан ял оногдуулна. Бид 16 мянга орчим хуудас хавтаст хэрэгтэй 2-7 хоногт багтаан танилцаад, тэмдэглэл бичсэн дэвтрээ шүүх дээр үлдээсэн. Маш нууц хэрэг учраас тэмдэглэлийн дэвтрээ ч авч явж болохгүй, шүүх хуралдаан дээр ирж хальт харсан болоод тэд дэх хавтасны тэд дэх хуудас гээд компьютер шиг цээжээр ярих хэрэгтэй болсон” хэмээн Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн ярьж байсан. Гэтэл Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарын улстөрчид болохоор хэргийн талаар мэдээд байдаг. Түүнийгээ хэвлэлийн хурал зарлан байж олон нийтэд тараагаад байдаг. Хуулиараа тэд мэдэх эрхгүй, боломж ч байхгүй. Мэдлээ гэхэд задруулах эрх бүр байхгүй. Гэтэл яаж мэдээд байна вэ, яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ?
Та бүхэн санаж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны 3 сарын 14-ний бямба гарагт СУИС-ийн урд байрладаг Modern Nomads уушийн газарт УИХ-ын хоёр гишүүн, мөн Иргэний хөдөлгөөний хоёр эрхэмтэй уулзахдаа "Коронавирусыг шүүх сайхан далимдуулж байна. Шүүхэд очсон хэргүүд бүгд явахаа болилоо. Албаар хугацаа аваад байна...Дээд шүүхийн гадаа өлсгөлөн зарлаад хэвтчихвэл шүүхэд нөлөөллөө гэх байх даа” гэж ярьсан тухай мэдээллийн сайтууд бичсэн байсан. Дараахан нь “Нэхүүл” гэх хөдөлгөөнийхөн дээд шүүхийн гадаа болон талбай дээр 60 тэрбумын хэрэг, Б.Хурцын хэргийг шийд гэсэн лоозон барьчихсан өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Үүнийг “Шүүгчдэд нөлөөлж байна”гэж үзэж болно. Ийм л Засгийн газар шүүхэд нөлөөлж байна гэж үзсэн учраас Ерөнхийлөгч аргаа барахдаа өчигдөр “Хуулийн дагуу ажилла шүүгчид ээ, Би хамгаална” гэсэн“хачин” мэдэгдлийг хийсэн биз ээ.
Уучлаарай, Ц.Нямдорж сайд аа! Бүү сандар. Энэ удаад та хуулийг бус боловч хууль таныг олно. “Хүн нь байвал хууль нь олдоно” гэдэг Сталины үеийн арга барил танай намын лозунг болон хэрэгжсээр нэгэн зууныг туулж байна. Өнөөдөр Монгол Ардын Намыг татан буулгах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхэд хүргүүлчихээд байгаа билээ. Магадлал багатай боловч Монгол Ардын Намын 100 жилийн түүх цоо шинэ цаг тоолол эхлүүлэх ч юм билүү, бид мэдэхгүй. Харин Ц.Нямдорж гэдэг хүн Монголын улс төрийн түүхэнд, Хуулийн салбарт, цаашилбал “С.Зоригийг хөнөөсөн хэрэг”-т холбогдох архивын баримтад ямар мөр үлдээхийг шүүх цаг тун удахгүй! Магадгүй, Засгийн газрын 82 дугаар тогтоол хэрэгжиж, түүний хэрэгжилтэд хяналт тавих мөчид “захиалагч” тодрох биз ээ. Үүнтэй ч, үнэнтэй ч дахин уралдах хэрэг байна уу? Таны нийтлэлийн төгсгөлд бичигдсэн “Ямар ч байсан “Яргын хэрэг” нэг туулай үнэнд гүйцэгдэж байна” гэдэг сайхан үг байна. Тэр туулай хэн юм бол?
Үргэлжлэл бий...
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (1)