x

Ковидын дараах шинэ эхлэл

Оршил

Он солигдох мөчид төрийн гурван өндөрлөг ээлжлэн үг хэлдэг уламжлалтай. Дөрвөн сар гаруйхны өмнө хэлсэн үгийг нь тоймлон ЭНД бичиж байв. Уул уурхайн баялгийн хараал, ерөөлийн тухай ам уралдан ярьснаас бус Ковидын дараах шинэ эхлэлийн тухай хэн нь ч яриагүй. Харин Цагаан сараар хэлсэн ЭНЭ үгэндээ төрийн гурван өндөрлөг (яг үнэндээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр) анх удаа иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 ихнаядын хөтөлбөр гэдэг үгсийг дурдсан билээ. 

Дараа биш одоо

Асуудалтай тулж чаддаггүй, тойрч зугтдаг хүмүүс ирээдүйн тухай ярихад үнэмшилгүй санагдаж, өрөвдөлтэй харагддаг. Цар тахал бидний амьдралд шинэ соёл тогтоож буй ч хандлагыг маань өөрчилж чадахгүй байна. Иймээс ялангуяа улс төрийн түвшинд сул талаа хүлээн зөвшөөрч сурах нь дараа биш яг одоо хийх даалгавар болжээ. Хуулийн тунгалаг засаглал, улс төрийн нээлттэй өрсөлдөөн, ёс зүйт үйлдэлгүйгээр ковидын дараа ямар ч шинэ эхлэл байх боломжгүй. Ковидыг “хамрын ханиад”, вакциныг “хор” гэж бичдэг хүмүүс, эс бөгөөс тэгж ярьж ойлгуулдаг хүмүүс нэжгээд байсаар буй нь харамсалтайгаас илүү эмгэнэлтэй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ цаг дор вакцины улс төр болон хувирч, цаашилбал парламентын биш “фэйсбүүкийн засаглалтай” улс болохоо шахаж буй гунигтай жишээг бид өдөр тутам харж байна.

Ковидгүй нийгэм яг хэзээ эхлэхийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байна. Шийдвэр гаргах ёстой бүлэг нь шийдлээ гаргахгүй удах, эсвэл буруу шийдвэр гаргахаар нийгэм хэрхэн бухимдаж, төрийн шийдлийг дэмжихээс илүүтэйгээр эсэргүүцэж байна. Асуудал шийддэггүй зөвхөн “томъёолж тодорхойлж” шүүмжилдэг, “цаг нь болохоор” ажлаа хийдэг, дараа биш одоо оноо авах гэж улайрдаг хүмүүсээр нийгэм үерлэжээ. Өнөө үеэ улс төрийн барьцаанд тавьдаг, зөвхөн өөрт ашигтай болмогц шийдвэр гаргадаг, ирээдүйн төлөө өнгөрснийгөө золиосолж үл чадах, хариуцлага хүлээх зориггүй, бие биенээ үзэл бодол, үнэ цэн, ялгаатай байдлаар нь ялгаварлан гадуурхдаг хүмүүс цар тахлын дараах ертөнцийг хэзээ ч цогцлоож чадахгүй. Төр хариуцлагаараа үлгэрлэж байж нийгмээс хариуцлага нэхэх моралийн эрхтэй болдог.

Шинэ биш хуучин

Хэдэн мянган жилийн өмнөөс философичид, сэтгэгчид, нийгмийн түүчээ судлаачид, эдийн засгийн онолчид, хувьсгалчид, нийгмийн эсэргүү бүлгийнхэн, шашны янз бүрийн урсгал, төлөөллүүд бүгд хэрхэн хүн төрөлхтөн аз жаргалтай бөгөөд сэтгэл хангалуун амьдрах вэ, үүний тулд хүмүүс өөрсдөө ямар үйлдэл хийх ёстой вэ гэдэг асуултанд хариулахыг зорьж ирсэн. Энэ нь явж явж тоогоор амархан хэмжигддэгээр нь эдийн засагчдын үндсэн сорилт болжээ. Харамсалтай нь орчин цагийн эдийн засагчид өнөөдрийг хүртэл энэхүү асуултанд хариу олоогүй бололтой. 

Цар тахал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хохирлыг даяар эдийн засагт үзүүлж буйг Маккинсэй институти дурджээ. Үл үзэгдэгч гар нийгмийн нөөц, баялгийг хамгийн үр дүнтэй хуваарилж зохицуулна гэдэг ойлголт туйлын зөв гэдэг нь олон санхүүгийн хямралын үед, ялангуяа цар тахлын энэ нөхцөлд батлагдсангүй. Эдийн засгийн харилцаа яг вирус мэт салбараас салбарт нөлөө үзүүлэн тархаж, сөрөг нөлөөг нь дарахын тулд гаргасан төрийн вакцинд хүртэл автахгүй мутацид орж, супер вирус болон хувирсаар байна. Эд баялаг, мэдлэг мэдээллийн тэгш бус байдал даамжирсаар боломжийн шударга бус хуваарилалтын асар том пирамидын суурь болж, тэс өөр нийгмийн хоёр бүлэг нэг ертөнцөд зэрэгцэн орших болсон нь аймшигтай. 

Хүмүүс ухаалаг буюу рационал шийдвэр гаргаж чаддаг, ийм зорилгоор эдийн засгийн харилцаанд оролцдог гэдэг ойлголт худлаа гэдгийг олон кэйс батлав. Харин ч хүмүүс эдийн засаг, мөнгөний харилцаанд орохдоо рационал гэхээс илүү эмоци дээр суурилж шийдвэр гаргадаг ба яах гээд байгаа ааш нь мэдэгдэхгүй амьтан шиг бодгал ажээ. Сайн анзаарвал сүүлийн хэдэн жилүүдэд эдийн засгийн салбарт Нобелийн шагналт хүртсэн бараг ихэнх эдийн засагчид "Behavioral economics"-ийн мэргэжилтнүүд буй. Учир нь эдийн засаг гэдэг бол тоо биш энэ бол сэтгэл хөдлөл ажээ. Эдийн засгийн өртөг зардал, ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдлийн талаар цөөн биш хүмүүс гадарладаг ч цагаа тулахаараа сүүлийн бараг 30 жил популист улстөрчдийг толгой дээрээ залан чөлөөт сонголтоо хийсээр л байна. Энэ хэрээр санхүүгийн хямралтай тэмцэхийн тулд төрийн үүрэг оролцоо эдийн засгийн харилцаанд улам бүр гүнзгий орж ирж байна. 

Төр ба хувийн хэвшлийн зохистой түншлэл бүрдээгүй цагт тоогоор хэмжигддэг эдийн засагт эмоци хүчтэй оршсоор байх болно. Ганцаараа агуйд бясалгал хийх, шоронд насаараа хоригдоогүй л бол хүн эдийн засгийн харилцаанд орж хүнд юмаа зарж, хэнээс хэрэгцээтэй зүйлээ худалдан авч таараа. Хэрэгцээтэй бөгөөд хүссэн зүйлсээ ямар ч өртгөөр хамаагүй өөрсдөө заавал үйлдвэрлэх үү, эсвэл хэрэгцээтэй бөгөөд хүссэн бараагаа хэнээс ч, хэзээ ч, хэдээр ч хамаагүй худалдаж авах чадвартай болох уу гэдгээс улсын эдийн засгийн дархлаа бүрэлддэг мэт. Даяаршил, дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын институтуудыг үгүйсгэх нь шинэ зүйл биш. Ковид хэдийнэ биднийг нэгдмэл дэлхийн нэг улс байсан, үргэлж байх болно гэдгийг батлаад өглөө. Харилцан ашигтай хамтын ажиллагаа буюу институт хоорондын хариуцлага гэдэг зүйлийг бид өмнө байгаагүйгээрээ арьсан дээрээ мэдэрч байна. Өөрийн улсаа хайрлахаас гадна бусад улсыг хүндлэх олон шалтгаан бас байдаг. Өөрсдийгөө болон бусдыг хайрлахын төгс зохицлыг бид олох, бий болгох ёстой болчихлоо. Тариан түрүү болох тусмаа бөхийдөг гэх хуучны айхтар үг бий. 

Эхлэл биш үргэлжлэл

Уламжлал үгүй шинэчлэл гэж байдаггүйтэй адил төгсгөл үгүй эхлэл гэж байхгүй гэдэгт би итгэдэг. Ковидын хамгийн хүчтэй дархлаа Монголын нийгмийн үнэт зүйл, монгол хүний үнэ цэн баймаар. Гэтэл тэр нь байна уу, ер нь яг юу билээ? Өнөөгийн Монголын нийгэмд үүсээд байгаа их талцал, мэдлэг, мэдээллийн зөрүү, сошиал медиагийн галзуурал, популизм, аархал хэрээс хэтэрч хувь хүн хүртэл стрессгүй, тухтай ажиллаж амьдрахад амар биш болоод удаж байгаатай та бүхэн маргахгүй байх. Үнэхээр манай нийгэм боловсрол, мэдлэг, чанартай мэдээллийн өлсгөлөнд орсон байна. Хувь хүний хариуцлагын суурь нь иргэн бүрийн нийгмийн оролцоо билээ. Би өөрөө хамгийн анхны карантинд жил гараны өмнө орж “туршилтын туулай” болж байсаны хувьд хүний эрх, бизнесийн эрх, хөгжих эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хуулийн засаглалын төлөө дуугарах, тэмцэх иргэн хүний идэвх, оролцоо ямар чухал гэдгийг биеэрээ мэдэрч байв. 

Эрүүл мэндийн салбарын реформ, боловсролын салбарын шинэчлэл бол Ковидын дараах шинэ эхлэл бус Ковидгүй байх үеэс бугшсан асуудлын хэзээ ч үл тасрах үргэлжлэл юм. 1990 онд Алвин Тоффлер “Power Shift” буюу “Эрх Мэдлийн Шилжилт” номоо гаргав. Уг номонд эрх мэдэл гэдэг зүйл хүчирхийлэл, эд баялаг, мэдлэг гэсэн 3 зүйлсээр дамжин хүмүүс хооронд шилждэг гэжээ. Мэдээж хүй нэгдлийн үеэс эхлүүлээд саяхныг хүртэл хүмүүс булчин шөрмөс, буу зэвсэг дээрээ дулдуйдан эрх мэдлийг бусдаас хүчээр булаан авдаг байв. Хүйтэн дайны оршил ба одоог хүртэл том гүрнүүд цөмийн зэвсгээр хөөцөлдөж буй нь нэгийг хэлнэ. “Мөнгөөр асуудлыг шийдэж болж байвал тэр бол асуудал биш” гэсэн Еврэй хэлц хүртэл байдаг. Мөнгөтэй, эд баялагтай хүмүүс өөрийнхөө нийгэм ба дэлхийн бодлогыг тодорхойлоход шууд болон шууд бусаар оролцдог. Харин саяхныг хүртэл мэдлэг эрх мэдлийн шилжилтийн гол цөм гэгдэж байсан боловч ёс зүй гэдэг шинэ хэмжээс рүү улам бүр дөхсөөр байна. УИХ-ын дарга “Япон лугаа хөгжье” хэмээн саяхан тунхагласантай зэрэгцээд 20 гаруй жилийн өмнө Кимүра Аяакогийн бичсэн “Тархины тураал” нийтлэл санаанд орсон. Бид өөрсдийгөө өөрчлөөгүй цагт яагаад ч бусдад өөр харагдаж, мэдрэгдэж, бас үнэлэгдэж чадахгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлээс гадна технологийн хөгжлийн энэ эринд төр, иргэний нийгмийн түншлэл өнгөрсний одоотой, одоог ирээдүйтэй холбох гол дэд бүтэц болжээ.

Сургамж

Ковид манай нийгмийг итгэлцлийн хямралд орж, хариуцлагын зуданд өртөж, ёс зүйн ганд нэрвэгдсэн болохыг илчилсэн. Гэхдээ аливаа хямрал нэгэн хөгжлийн эхлэл байх нь түгээмэл байдаг. Ёс зүйгүй хувь хүнээс институтын түвшинд тунгалаг засаглал нэхэх нь утгагүй. Тунгалаг засаглалгүй байгууллагуудын олонлогоос хуулийн засаглал бүхий төрийн жудаг асуух нь бүр утгагүй хэрэг билээ. 

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал яагаад ийм амжилттай, хурдтай яваад буйн нэг нууц нь дэлхийн улс орнууд бие биенээ нөхцөлдөн хөгжиж буйд оршино. Генетикийн нээлт, технологийн хөгжлүүд, хиймэл оюун ухаан, робот, нано технологи, 3D хэвлэгч, био технологи гэх мэт нь бүгд бие биенээ нөхөж, хил хязгаар, шашин шүтлэг, газар зүй, орон зай, цаг хугацааны ялгааг үл харгалзан бие биенээ түшин хөгжиж байна. Энэ том боломжийн урд мөн том хэмжээний сорилтууд цар тахлын энэ үед байсаар л байна. Жишээ нь, зарим судлаачид “Solow Paradox”-ийг нэрлэж байна. Энэ нь хүмүүс хэдий их хэмжээний хөрөнгө оруулах тусмаа зөвхөн мэдээллийн технологид л найдан хувь хүн, хамт олныг бүтээмжгүй болох парадоксийг хэлдэг аж. Түүнчлэн зарим хүмүүс цахим хувьсгал нь нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн балансжуулахад асар их нэмэртэй гэж байхад бүр зарим нь харин ч эсрэгээрээ цар тахлын үед нийгмийн ялгааг улам ихэсгэж, монополиудыг үүсгэн, соёл, нийгэм, эдийн засгийн эрх мэдэл, хүчийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж байна гэж хүчтэй мэтгэлцсээр байна. Технологи хөгжлийн хөдөлгүүр байж болох ч залуур биш гэдгийн жишээ энэ буюу. 

Шийдэл

Ковид бол мөсөн уулын дөнгөн данган цухуйх орой бөгөөд хувь хүний ёс зүй, институт хоорондын итгэлцэл ба хамтын ажиллагаа, хуулийн засаглалтай төрт улсын муу муухай бугширч хуримтлагдсан хүнд жинг нь задлан боловсруулж мөсөн уулыг далайн төвшнөөс дээш өргөн гарган ирж буй хүчтэй агаар нэгэн мэт. Ковид дэлхийг өөрчлөөд байгаа юм биш, харин ковид та бидний мөн чанарыг ил гарган, нүүрний багийг хуу татаж байна. Дараах дөрвөн зүйлийг шийдэл хэмээн хэлэлцүүлэхээр санал болгож байна.

  1. Хувь хүний үнэ цэн, үндэстний ижилслийг дахин тодорхойлох, нийгмийн консенсусыг бий болгох
  2. Хуулийн засаглалыг дотооддоо болон олон улсад баталгаажуулан дахин тунхаглах 
  3. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг бий болгон, төр ба иргэний нийгмийн шинэ дэд бүтцийг хөгжүүлэх
  4. Хувь хүний хариуцлага ба оролцоог эрхэмлэн таниулж, эрх мэдлийн бодит шилжилтийг ухуулан таниулах

Ковидын үеийн яг өнөөдрийн нөхцөл байдал бидний ХИЙЖ ЧАДАХ болон ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛСИЙГ нь маш тодорхой гаргаж чиглүүлж өгч байна. Энэ сорилтын хүч болон эрсдэл хэрхэн биднийг, эдийн засаг ба төрийг өөрчилж буйг, өөрчлөх боломжтойг бид мэдэрч байна. Иймээс бид энэхүү боломжийг ХАМТДАА зөв зүгт нь залах машид чухал байна. 

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top