Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байгаад харуулын даргынхаа аминд хүрээд зугтсан хоёр байлдагчийг цагдаагийн байгууллага баривчлан саатуулжээ. Тэднийг баривчлахын тулд Ховд аймгийн Чандмань суманд амьдарч байсан байлдагч Х-ийн эцэг эхийг оролцуулсан юм байна.
Байлдагч Х нь харуулын даргынхаа аминд хүрсний дараа түүний гар утсаар ээж хүүгээ залгасан ч утас нь холбогдохгүй байсан тул /энэ үед аав, ээж нь аль хэдийн Алтай сум руу хөдөлсөн байж/ ээжийнхээ ах руу залгаж, "Ах аа, би тэсэхээ байгаад хүн буудчихлаа. Бид хоёрын бууны амнаас долоон сум гарсан” гэж хэлээд уйлсан байна. Яагаад ийм аймшигтай зүйл хийчих вэ? гэж асуухад “Дарга миний духанд буу тулгаж байгаад зоддог. Байнга ална гэж дарамталдаг байсан” хэмээн уйлж, өөрсдийгөө буудна гэхэд нь "Ахын хоёр дүү битгий тэгээрэй. Амьд л байгаарай. Одоо утсаа унтраагаад цэнэгээ гамна. Хэнтэй ч битгий яриарай. Уулнаасаа буу. Гэрийнхэн чинь чиний байгаа газар руу явж байгаа. Миний дүү наад уулнаасаа буугаад аав, ээждээ оч. Битгий буун дуу гаргаарай. Хүн амины хэрэг хийсэн нь үнэн учраас бууж өг. Чи өвөөгийнхөө машиныг мэдэх учраас буугаад очоорой" гэж гуйжээ. Түүний бүх яриаг Эрүүгийн цагдаагийнхан хуулж, бичиж авсан байна.
Хэрэг гардаг өдрийн 04:00 цагт харуулын ээлж солилцох ёстой байсан Х нь маань хамт хэрэг хийсэн байлдагчтай хамт хил рүү алхаад, 05:00 цагийн үед очиход харуулын дарга нь уурлаж, цээж рүү нь бууны бөгсөөр цохиж, зодсон байна. Харуулын дарга нь явахдаа “Та хоёрыг орой бууж ирэхээр чинь цааш нь харуулна аа” гэж хэлсэн юм байна. Гэвч орой нь юу болсныг бид мэднэ. Харин Х-ийн аав "Хүүгээ баригдах үед нэг ч үг сольж амжаагүй, анх хараад хүүгээ таниагүй. Миний хүүгээс чих, хамар хоёр л үлдсэн байна лээ. Өмнө ангид нь элдэв дарамт шахалт байна уу? гэж асуухаар "цэргийн нууц" гээд юу ч хэлдэггүй байсан" гэжээ.
Цагдаагийнхан хоёр байлдагчийг уулнаас бууж ирмэгц нь баривчилсны дараа эцэг эхтэй нь уулзуулалгүй, тэднийг ууланд хаяад шууд явсан байна. Эцэг, эх нь хүүхдийнхээ араас Алтай сум рүү орж ирсэн ч "хөл хорио тогтоосон" гэдгээр шалтаглан аймгийн төв рүү оруулаагүй учир аргагүйн эрхэнд гэр лүүгээ буцсан байна. Одоо байлдагч нараас байцаалт аваад бүтэн гурав хоног өнгөрч байна. Хэдий гэмт хэрэг үйлдсэн нь үнэн ч тэдэнд ч гэсэн эрх бий. Тэр нь өөрийгөө өмгөөлөх /өмгөөлөгч авах/ болон шударгаар шүүлгэх эрх.
Сануулахад хэрэг гарсны маргааш өглөө ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав "Амиа алдсан ахлагч /харуулын дарга/ бол хилийн застав дээр гэр бүлээрээ ажиллаж амьдардаг, олон жил ажилласан туршлагатай хүмүүжүүлэгч, Хугацаат цэргийн алба хаагчдыг айлгаж дарамтлахаар сэтгэл зүйтэй хүн биш" гэж хэлсэн. Харин байлдагч Х-ийн ар гэрийнхний яриагаар тэр нь тийм ч баталгаатай мэдээлэл биш байсан бололтой.
Ялангуяа ийм тохиолдолд хэргийн яаруу сандруу өгсөн нэг талын мэдээлэл нь хэргийг хааш нь хөтлөх гээд байна вэ гэдэг хардлагыг төрүүлэх нь мэдээж. Тэр тусмаа цэргийн дэглэлттэй холбоотой асуудал өндрөө авч, албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудал яригдаж буй энэ үед бүр ч анхаарал татах ёстой асуудал мөн.
Нэг талаас хэрэг гарсан Хилийн цэргийн алба нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаардаг. Нөгөө төлөөс хэргийг шалгаж буй этгээд нь мөн сайдад харьяалагддаг цагдаагийн байгууллага. Тийм учраас энэ хэргийн мөрдлөгийг хуулийн дагуу явуулах, шүүх хурлын явцыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах нь шударга ёсны хамгийн гол шалгуур болоод байна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (3)