x

Тамгат халтар

Донров хүүгийн нойр 17-хон насандаа хулждаг гэнэ. “Муу шүдгүй банхаан шүдлэн бух” гэж үглээд унтахаа болив. Ашгүй үүр гэгээрэв. Нойрмог Донров уурандаа хул үрээнийхээ хар хурдаар давхимаар. Эмээлээ тэврээд гарах гэтэл нэг юм шуугьж байна. Юу вэ? Хөхүүртэй айраг! Шуугин исч буй юмсанж. Үнэр гэж янзын. Цүндгэр хул шар хөхүүрийнхээ гэдэс рүү Донров урт модон утгуур гударч хамар сэтэлчихмээр сэнгэнэн хөөсрөгч айргаа утгуураас шууд уух гэснээ цээрлэж, хоймроос хул авч өчигдөр оройн айрагчдын шавхаж бараагүйг үүдээ сөхөж Таван сахьяадаа өргөж залбирлаа. Тэгээд шинэ айргаар хулаа бялхуулаад ховх сорчихов. Уур нь гардаггүй. Муу шүдгүй банхаан шүдлэн бух.

Цагаан хяруу дарайсан намрын мөнгөн өглөө жиндүү салхи сөрж хурдаллаа. Тал дүүрэн хөглөрсөн бут бут харгана дээгүүр туулай шиг дэгдэн харайх хул үрээний илчинд чихүүцсэндээ чичирч асан хүүгийн бие дорхноо халуу дүүгэж сая уусан шинэхэн айраг ходоодонд оргилж хамар шархиртал сэнгэнэх юутай сайхан. Бие бүлээцэж нойр сэргэв. Налгар их тал үүрийн алтан туяанд том тогоотой өрөм шиг шаргалтаж, тэнгис мэт цэлэлзэх хязгааргүй цэнгэг агаарт Донров хүү эрчээрээ сэллээ. Донров төрсөн нутагтаа жаргаж яваагаа улам мэдэрч арай ч эрт адуундаа явдаг байж хэмээн харамсав. Яагаад гэвэл урд саахалтын Бүжмаа охины нөхөр болж буй саяхан цэргээс ирсэн банхаан Доржийн морь тэдний гадаа алга. “Тэр новш надаас өрсөөд адуундаа арилж. Муу шүдгүй банхаан шүдлэн бух” гэснээ “Муу Бүжмаа нь надаас хоёр эгч хөгшин авгай юм чинь” гэж залуурхав. Гэхдээ л хөөрхөн Бүжмаа Донровт нэг л хайран. Айлын бэр болох гэж буй хүүхэн арван долоотой хүүг ингэж зовоох нь хачин. Яг үнэндээ Донров 17-той бус 16-тай хүүхэд. Өөрөө л том эр гэгдэхийн тулд хий насаа оруулаад 17-той гэж ханхалзаад яваа жаал.

Бага хар азарганыхаа адуунд Донров дөхөж очтол бага хар адуугаа тас хураачихаад дэл сүүлээ шаширлан сүргээ тойрон сааглаж байх нь тэр. “Чоно” гэх сэжиг зурасхийж Донров морио гуядсаар хүрвэл бага харын сүрэг рүү нэг сагсуу гэхэд дэндүү морь биш азарга гэмээр их дэлтэй атар тарган халтар адуу дайрлаад сүйд хийх янзтай. Бага хараас сүргийг булаана гэвэл том зодоон үүсэх байлгүй. Тийм тэнэг адуу ертөнцөд баймгүй яа. Тэр адуу ханхай цээжиндээ уурганы үзүүр чирчихэж. Чирж яваа үзүүр гоёмсог гурамсан хуйвтайг хараад хүү шунажээ. Зэрлэг халтрын сайхныг бол яриад ч яахав. 

Тас хураасан бага харын адууг нөгөө халтар тойрч хурдална. Тэр бээр бага харын сүрэгт нийлэх гэсэн адуу болж таарав. Хар азарга юу гэж түүнийг сүрэгтээ оруулахав. Хар азарга хүзүү сунган түүнийг элдэж халтрын биед хүрэх аваас өм хазаж сүргээ хамгаалах бахтай ч азарганд хазуулж өвдсөндөө эмзэглэн чарлах тэр адгуус Донровт өрөвдөлтэй санагдаж “Муу шүдгүй банхаан шүдлэн бух” гэх уур нь улам буцлав. Азарганд тэгж нүд хальтрам бариулаад буй атлаа танихгүй халтар ер хашрахгүй бага харын сүрэг рүү ижилсэн дайрлана. Өвдөхийг тоохгүй хаашаа янзын амьтан бэ? 

Тэгтэл сүрэг дундаас ахимаг халтар гүү нөгөө ижил буруу халтрын дууг аваад соотолзон хариу үүрсэхэд нөгөө халтар сүрэг рүү улайран тэмүүлж бага хард бариулж буй нь тайлагдав. Танихгүй халтар, азарга биш морь ажээ. Бага харын адууг хэд хоног бараадаж, бага хар түүнийг сүрэгтээ хавьтуулахгүй өдөр шөнөгүй элдэж хоёул бүр цуцаж өл алдаад хярвайж орхилоо. Халтар гүү сүрэг дундаас толгой сэгийлгэн үүрсэхэд өвс ногоо ганц нэг хазлаж явсан эзэнгүй халтар морь гунигтай мэлтгэр нүдэндээ чийг гялбалзуулан халтар гүүнд дөхөхөөр довтолж хар азарганд ахар сүүлээ мэрүүлнэ.

Донровын аав хэвтрийн өвгөн Минжүүр арай гэж өндийж, учрыг олохоор адууны захад амьсгаадсаар очвол хэдэн жилийн өмнө улаан Оросын агтанд өгсөн халтар гүүний нь унага-ороо халтар үрээ адуундаа гүйж ирснийг танилаа. Минжүүр хүүдээ “Ээжийг нь барьж уяад бага харын адууг том харын адууны араас гилчих” гэв. Ёсоор болготол эхийнхээ үүрсэх чимээнээр ороо халтар уяа руу мөр дээрх юм болгоноос бусгаж үргэснээ үнэрлэн тайвширсаар дөхөв. Ээж хүү хоёр бие биеийн үнэрт татагдсаар сүжрэн зөрж зогсоод эрхлэн шүдээрээ биесээ зөөлхөн маажлаа. Хангай шиг халтар зантгар толгойгоо явилхан эхийнхээ цавь руу зүтгүүлж хоёр урт мээмийг үнэрлээд лүнхийтэл санаа алдах нь хэдэн жил аль муугаа үзэж зүтгэсний хэрэг бүтэв гэх шиг. Халтрын ширүүн уруул хөхөндөө шүргэхэд эх нь харин сүүл шарван дургүйцэв.

Минжүүр эх хүү хоёрыг бүрэн тайвшрахыг хүлээсний эцэст ороо халтрын хөлд сууж зөөлхөн хайя хайя гэж аргадаж, аядуу дуугаа дасгасаар чөдөрлөж авав. Тэгээд агтанд өгсөн халтар үрээнийхээ зоог илбэж “Аль газраас яаж шүү нутгаа олж ирж чадав даа чи минь” гээд бөмбөрөх нулимсаа барьсангүй. Донров хүү ороо халтрын хүзүүнд зүүгдэж ирсэн гурамсан хуйв бургасан үзүүрт олзуурхав.

Энэ голд мэргэлдэг ганц гэлэн дайчилгаанаас үлджээ. Тэр есөн зоосоо шигшээд юу айлдахаа мэдэхгүй гацаж орхив. Бодож бодож “Оросын хил давах агшинд ороо халтар оргож балар тайга сүлжин зугтжээ. Оросууд араас нь буудсан ч орос бууны сум ороо халтрыг гүйцсэнгүй” гэж мэргэн гэлэн заллаа. “Ороо халтар оросын сумнаас мултарч нааш гүйсээр эцэх үедээ зам зуур айлын адуу бараадаж хэд хонож тэнхрүүт төрсөн нутгийн салхины үнэрт хөтлөгдөн гав ганцаар тасарч өндөр уулс өтгөн ой дундуур сүрэг сүрэг чононд үе үе хөөгдөж өргөн мөрөнд хөл алдан хөвсөөр их зовлон туулжээ. Тэгээд хэд хоногийн өмнө нутгийн захад орж ирээд нэг айлын адуунд түр саатаж жаахан тэнхэртэл эзэн нь барих гэж уургалаад айхтар зүтгэж шуурдаг түүнд уургаа зүүгээд алдсан зоос буусан байна” гээд нууц гэлэн нүдээ анин хатуу тарина шивнэв.

Сүүлчийн баривчилгаанаас нуугдаж ганцаар үлдсэн гэлэн аймхай гэж жигтэйхэн агаад “Хүүхэд минь гарч хараарай. Ногоон малгайт давхиад ирэх вий” гэснээ зоосоо дахин нэг шувтраад “Ороо халтрыг тэр хүн унаж эдлэх гээгүй зоос байна. Муу үхээр чинь алс холоос гүйж яваа эзэнгүй морь гээд тогоо тослох гэж уургалсан зоос бууж шүү. Тэгээд тэр дамшиг уургагүй болсон зоос яах аргагүй мөн байна” гэж өөрөө бус зоос нь айлдаж буйг дамжуулж хэдэн хөгшчүүдээ уйлуулаад авчээ. Хөгшчүүд зоосчинг “Харсан юм шиг яг хэллээ” гэж өөрсдөө урьд нь халтар морины буун сумнаас зугтаж хөлгүй мөрөнд хөвж сүрэг чононд хөөгдөж явааг харж үзсэн аятай, тэдний харж үзсэнийг зоосчин яг таг таасан мэт уярцгааж, ороо халтрын туулсан зовлонг улам аймаар янз янзаар дүрслэн хөөрч монгол адуугаа хүн үнэмших аргагүй магтав. 

“Шүдгүй банхаан шүдлэн бух” гэгдээд буй Дорж армид очсон дороо “Азарга” гуншинт архаг цэрэгт нэг шүдээ хуга цохиулжээ. Бага дарга “Хэнд шүдээ хугалуулснаа хэл” гэж шаардахад Дорж хэлэхгүй гүрийв. Сүрийг бадруулагч Азарга хөдөөний аймхай Доржийг буланд шахаад “Шинэ цэрэгт ганц шүд хуга цохиулах юу ч биш. Намайг дарга нарт ховловол аманд чинь нэг ч шүд үлдээхгүй шүү” гэж саагласан юмсанж. Бага дарга Доржийг зодож байгаад улайлгалаа. Азарга “сахилга”-д дэглүүлэв. Мөлхөж ордог. Орсон хойноо босож болдоггүй намхан өмгөр мүглэнд гурав хоноод суллагдсан Азаргын бүх бие суугаа янзаар эвхчихээд тэнийдэггүй. Догшин Азарга суумлаар мөлхөж бойтоглохдоо зоддог хэдэн муу шинэ цэргийнхээ тусламж асаргаанд тэнхэрчээ. Гай ганц шүдээр дууссангүй. Дарга нар бүрэг даруу Доржийг гарын дорх мэдээлэгч болгов. Дорж хов зөөгч болох маш дургүй байсан ч “үгүй” гэх том толгой цэрэг хүнд яаж байхав. “Гүйцэтгэе” л гээ биз. Хов зөөх ясны дургүй, тийм удам угсаагүй түүнийг “хэн яав?” гэж үүрэгдэж шаналаав. Дорж “ганц муу шүднээс болж хавханд орлоо” гэж гутарна. 

Матаач болсны олз гэвэл түүнд Азарга мэт нь гар хүрэх байтугай долигонож эхлэв. Матаачдын оодрох эрин зуун морилсныг сайн муу юм огт үзээгүй, гэнэн цайлган, хориод насны малчин хөвгүүн яаж анзаарах билээ. Дорж цэргийн хугацаа дуусах өдрийг хоног тоолж хүлээнэ. Матаасаар нам засагт үнэлэгдэх-танил бус муу ёр хавтгайраагүй цаг. Ашгүй халагдах болов. Бөөн баяр. Харина. Хавхнаас мултарна. Тэгтэл яасан гээч? Доржийг ногоон малгайт том дарга тусгайлан хүлээн авч сарын 50 төгрөгний нууц цалинтай дотоодыг хамгаалахын орон нутгийн тагнуул болгосноо мэдэгдээд баяр хүргэж амжилт хүслээ. Чухал даалгавар биелүүлэхгүй аваас Доржийг эсэргүүнд тооцож хаа байгаа газраас нь баривчилна гэж баяр хүргэж амжилт хүссэн нөгөө ногоон малгайт том дарга царайгаа эрс өөрчлөн айлгав. Гайны ганц шүд. Гайны хуучин цэрэг. Төлөв томоотойгоосоо болж Дорж ингэж аюулт занганд унажээ. “Шүдгүй банхаан шүдлэн бух” хоч хүртэл гайны ганц шүд гайны хуучин цэргээс үүсэлтэй. Энэ хочинд хөөрхөн Бүжмаа их дургүй.

Дорж нэг ч матаас явуулсангүй. Хэнийгээ ч матах билээ. Дүүрсэн хэрэг гээд чимээгүй гүрийчихлээ. Эцэст нь түүнийг дуудаж, “Аюулаас хамгаалахын нүд чих болсонгүй. 50 төгрөгийг чинь мэдээ явуултал олгохгүй. Мэдээ илгээхгүй, ардын дайсныг нуугаад байвал чамайг баривчлана” гэж сүрдүүлэв. 50 цаасаа хасуулах Доржид юу ч биш. Харин мэдээ илгээхгүй бол аюул тулгарсанд айж цочирдлоо. 

Дорж хэнийг матах вэ гээд нойр алдав. Дор хаяж нэг матаас илгээхгүй бол шоронгийн тав болох нь. Нутгийнхаа ах дүүсээс хэний юуг сөхөх вэ? “Хамаг сайхан ихэс дээдэс-удам судрыг минь шилээд хөнөөчихсөн” гэж улаан Оросыг аав ээжтэй нь ам нийлж зүхдэг айл саахалтын хөгшдийг ховловол тэд өчиггүй буудуулна. Хоршоонд үнэгүй өгдөг тууврын суурь суурь малаа улаан Оросын хоол гэдэг хүмүүсийг оливол ямар гай дайрах вэ. Мэдээ илгээхгүй ч гэлээ мөрөөрөө шороо хөдөлгөөд явбал яваандаа намайг тоохгүй мартчих байгаа гэж горьдоно. Бодоод бодоод чимээгүй хүлээхээс дээр зам олсонгүй.

Хойтон хавар нь ногоонд адуу бадайрч үсээ хаях үеэр ороо халтрын хаа гуянд маш болхи орос тамга тодорчээ. Сайхан морь тул хүн бүрийн нүд булаах авч өм түлсэн муухай тамга нь гутаана. Урин дулаан улирал эхэлсэн тул Донров хүү халтар мориор гоёх дуртай. Халтар моринд шинэ эмээлээ тохож, наадмаар гоёдог даалимбан тэрлэг торгон өмдөөр гангарч Бүжмаагийнд хэд хэд буусан удаатай. Донров гэгч нусгай сайхан халтар морио гайхуулан Бүжмааг бухан бяруу шиг ээрүүлдэхэд Дорж хардав. Доржийг харсаар суутал Донров Бүжмаа руу жижигхэн чулуу сэм нясалж даварлаа. Бухан бярууны чихийг Шүдлэн бух тоглоомоор тасартал мушгисан авч Бухан бяруу хаширсангүй. Дахин дахин гоё халтраараа гангарч ирээд Бүжмааг ширтэж санаа алдана. Шүдлэн бух Бухан бярууг Бүжмаад дахиж сээтэн хаяхгүй болтол яаж хашраах вэ гэж бодлоо. Юутай ч Шүдлэн бух Бухан бярууны гоё халтрыг хураалгах арга олов. Дорж хэдэн юм сараачаад “Муу бухан бяруу чи ингээд гоё халтраараа гайхуул” хэмээн инээд алдсаар анхныхаа матаасыг илгээв. Ингэж нэг сумаар хоёр туулай бууджээ. 

Орос ахын морийг нуун дарагдуулж шингээхийг завдсан айл Цагаантны цэрэгт дайчлагдаж явсны улмаас сонгох, сонгогдох эрхээ хасуулсан Минжүүрийнх байсанд ногоон малгайтны хөх инээд хүрчээ. Эсгий туурга дээвэр нь сэмэрч нар сарны гэгээ нэвт туссан цоорхой ноорхой гэрт цайз хэрмэнд довтлох мэт дайран оров. Дайчилгаа заавал сүртэй явагдаж бүгдэд сануулга өгөх заавартай. Хүн рүү огт давхидаггүй номхон нохой хотоо тойрч хуцсанаа хаяа хатавчаа гаслан ухав. Минжүүр өвгөнийг сүр бадруулан дайчлахыг харж сургамж авах учиртай айл саахалтынхан айж мэгдсэндээ гэрээсээ цухуйсангүй. Дорж хаалгаа дотроос нь түгжиж, толгой дээгүүрээ дээл нөмрөөд “Би гоё халтрыг л хураалгах гэснээс биш ийм аюул дайрна чинээ санасангүй” хэмээн мэгшив.

Цагаантны цэрэг Минжүүрийг хэвтрээс нь өндийлгөн баривчилж машин дээр шидээд аймаг руу давхитал үхлүүт өвгөн бартаатай замын донсолгоонд ханхай тэвшин дотор ойж бууж юм мөргөж шидэгдсээр газрын холд замдаа мажийжээ. Мухар сүсэгт ногоон малгайт үхдэлд цээрлээд хүрсэнгүй, тэвшнийхээ арын хашлагыг буулгаж, хүүрийг гулсуулан гүнзгий ганга руу онхолдуулав. Цогцос ганганы ёроолд унасан янзаараа үхсэн нохойн сэг мэт хаягдлаа. Амийг нь нэхэж зүрхлэх хүн гарахгүй. Нэхээд ч юу ч олж долоохгүй.

Донров хүү ааваасаа хойш намар өвлийн заагаар мал эрж явсаар шөнө болгочихож. Тас харанхуй нэлийсэн талд төөрчээ. Шуурга эхлэв. Осгож үхэх аюул нөмөрлөө. Төөрсөн хүн төөрснөө хүн амьтанд сонсгохоор хашгирдаг. Донров хүү байдаг тэнхээгээрээ хашгирсаар юу ч үл үзэгдэх цасан шуурганд зүг чиггүй тэнэв. Ээжийгээ дуудаж дуудаж, хариу чимээ анирдана. Ямар ч хариу алга. Цас нүүр нүдгүй булна. Донров “Аав аа” гэх гэснээ хоолой нь зангираад нохойгоо нэрээр нь дуудав. Нохой уг нь сонор амьтан сан гэж Донров найдна. Хариу алга. Тэгтэл унаж явсан тамгат халтар нэг тийш ам булаалдан дугтчаад эхэлж. Даарч бээрч нус нулимстайгаа хөлдсөн Донров хүү халтар мориныхоо явах гэж тэмүүлсэн зүг жолоогоо сулруулав. Халтар морь нэг зүгт уриалагхан хатирлаа. Донров нохойгоо дуудсаар. Тамгат халтар ямар нэг юмны чахираа авсан мэт шуудран жирэлзүүлнэ. Осгож эхэлсэн хүүд эцэстээ ээжийгээ дуудах дуу нь гарсангүй. 

Цасан шуурга нүүр нүдгүй шавхуурдан исгэрч намрын нойтон цасанд бүх хувцас нь нэвтэрсэн Донровын хамаг бие дагжин чичирнэ. Тэгтэл ёлтгор бүдэгхэн цог хязгааргүй түнэр харанхуйн гүнд сүүмэлзэх шиг болов. Тамгат халтар тэр зүг цогиуллаа. Цог улалзан тодорч байх шиг. Донров “тэснэ шүү” гэж шүд зуугаад дөрөөн дээрээ өндийлөө. Тэгснээ чөтгөр галаараа намайг дуудаад байна уу гэх айдас төрөв. Тамгат халтар цасан шуурга зүсэж эрчлэн довтолно. Улалзах цогны дэргэд тулж ирлээ. Ээж нь галын хайчиндаа том аргалын цог хавьчаад тас харанхуйд толгой дээрээ улалзуулан дохио өгч, хүүгээ дуудсаар гаднаа зогсож байв. Өндөрт өргөсөн цогноос ширүүн шуурганд оч бутран хийсэх нь тодхон. Хүйтэн шуурганд цавиндаа хошуугаа шаасан нохой сая өндийж эрхлэв. Хоточ банхар гэрийн эзнээ баригдаад явснаас хойш сүгээр үхжээ. Тамгат халтар шөнийн тас харанхуй шуурганд эзнээ гэрт нь ийнхүү хүргэж, Оросоос гүйж, унаган нутгаа олж ирсэн гайхам сортоогоо үзүүлэв. 

Монгол хүн холоос гүйж ирсэн хүлгээ онцгой өрөвддөг ч орос тамгатай зөвлөлт агт учраас осолтой. Минжүүр өвгөний толгойг залгисан. Яасан ч дүүрсэн хэрэг гээд тамгат халтрыг нядалж, дотуур байрны сурагчдын хоолонд өгч буян үйлдэв. Хэн тэгж шийдсэнийг бөглүү хөдөөгийн бүдүүлэг малчид хэлэхгүй. Тамгат халтрыг нугасалсан сургуулийн галч зөндөөн уйлсан юм гэдэг. (товчлов) 

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top