x

Өндөр дошин дээр гараагүй хөөрхийс

ХӨӨРХИЙС...

Дээрэлхүүлдгээ нуудаг хөөрхийс. “Танк их буу” онигоо 10 жил манай руу урсах олон тэрбум долларыг хааж дөнгөсөн. Гиннест бичигдэхээр үнэтэй онигоо. Өмнөд хил рүүгээ 267 км уурхайн экспортын төмөр зам тавивал Монгол тусгаар тогтнолоо алдах байв. Хятадууд танк их буугаа вагонд ачаад орж ирэхэд л муу Монгол конец. Ийм тэнэг онигоо Төрийн бодлого болоод биднийг дөрлөн хөтөлсөнд ичиж үхмээр. Гэхдээ энэ мангуу ярианы цаана муу нэрт монголчуудын өрөвдөм эмгэнэл оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Танк их буу ачаад орж ирнэ гэдэгт бид итгэж дөнгүүлсэн юм огт биш. Шарх хөндүүрлэсэн юм. Монголыг бяд суулгахгүй-орос геополитик хил залгаа Хятадын үсрэнгүй хөгжлөөс биднийг юм олж долоогоод сэхчих вий гэж цагддаг нь гэм биш зан. 

Төмөр зам тавиад нүүрс зэс хүдрээ тээвэрлэх-бидний шийдэх манай ажил. Олон жил гацав. Өдгөө БНХАУ, Австралийн харилцаа хүйтэрсний хударгаар ОХУ нүүрсний экспортоо нэмж буйг бид шүүмжлэх эрхгүй. Хөршийн асуудал. Гашуун сухайт руу нүүрс зөөх төмөр зам тавих манай төслийг гацаасан Оросыг хорих харин манай хэрэг байв. “Жа” хэмээн бөхөлзөж олон тэрбум доллароор эх орноо хорлож байхад дуугараагүй нийгэм өнөөдөр “Орос манайхыг нүүрсний экспортоос шахлаа” гэж гэнэт сэрсэн мэт гоншигнож, бусдын хэрэгт оролцох буруу агаад тэнэглэл гэхэд багадана. Улсын ирээдүй-олон их наядаа уже алдчихсан биз дээ.

Уг нь уурхайн мухар замыг ямар царигаар тавихыг УИХ нээлттэй үлдээсэн. Нарийн царигаар төмөр зам тавивал өдөрт зуугаад вагоны нурмаг ачаа сэлгүүлэн ачих чирэгдэлгүй, асар их мөнгө хэмнэхийг монголчууд мулгуу ч мэдэхтэйгээ. Мэддэг юм бол нарийнаа тавиач гэх биз. Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг манай нуугч хөөрхийс хав дарсан. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томроод буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах эр зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нэр нүүрийг Төр нь хөөддөг. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 гаруй жил тавьж чадсангүй” гэж биедээ бурууг тохож Орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм. Оросыг зөөлрүүлж дөнгөвөл бусад нь болно биз гэх мөхөсдөлөөр бид ХХ зууныг туулжээ. 100 дахь жилдээ бахархал, эргэлзээ, хөндүүрэл алаглаж байна, ардчилсан Монголд.

Эгийн УЦС-д БНХАУ-аас олгох нэн хөнгөлттэй урт хугацааны тэрбум долларын зээлийг Оросын эрчим хүчний магнатууд гацаасныг манай “нуугч хөөрхийс” ярьдаггүй. Сөхвөл Эгийн станцыг хоёр хөрш гацаав гэж Оросоос айхдаа бялдуучлах нь ой гутам. Айх тусам оросууд зөөлрөх бүү хэл чангардаг нь гомдмоор. Эгийн УЦС-ыг гацаах байтугай зээл олгож эхэлсэн БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын өөдөөс ОХУ-ыг хань татах-том ашиг сонирхлоо чухалчлаад өчүүхэн бидний гөрдлөгийг тоодоггүй. Багануурын цахилгаан станцыг зогсоохдоо Хятадын арми Багануурт хяналтаа тогтоож, 5000 хужаагийн тосгон байгуулж байна хэмээн “хужаа” харшилтай массаа турхирч дэмжүүлсэн. Ингэснээр орос олигархи О.Дерипаскагийн цахилгаан манай руу хэдий хүртэл урсахыг бид биш тэр шийднэ. Гэм нь дэндүү үнэтэй. Хэлбэл тусгаар тогтносны үнэ цэнээр бүхнийг өчиггүй сөгдүүлэгчид өмөөрнө. Тэд найрамдал-дружбад хир халдаадаггүй бөгөөд дэлхийн хоёр дахь социалист орон гэгдэж явснаараа онгирдог хөөрхийс.

150 орчим эх орончийг маань Москвад буудсаныг нуусаар яваад 70 гаруй жилийн дараа илэрсэнд дурамчхан царайлсан монгол цөөнгүй шүү. Эх орондоо улаан Оросын тулгалтаар 40-50 мянган ямар ч гэмгүй ах дүүсээ яргалуулсныг дурсахад 40-50 нь ч юу ч вэ 20-30 мянга гэж янзгүйрхэнэ. Үрэгдэгсдийн дунд өвөө нь, аав нь, магадгүй эмээ нь, ээж нь өртсөн ч хэлмэгдлийг хэт улстөржүүллээ гэж уурладгийг яалтай. Геноцид болтлоо даамжирсан яргаллыг өр зүрхэндээ харамсан дурсахад эсэргүүцдэг өнөө үеийн зарим монголыг ойлгохгүй юм. Зөнөг өвгөн балайрч буй бол шууд хэлээрэй. Би гомдохгүй. Зөв хариу олохын тулд үжирсэн тархиа дайчлан эргэцүүлнэ би.

Өдгөөх бидний аймхай хулчигар зан бол өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх. Одоо ч бид дээрэлхүүлдгээ дэлхий дахин, ялангуяа баруунаас маш чанд нуудаг. Ерөнхийдөө айдас арилах яагаа ч үгүй шинжтэй. Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Энэ эмгэнэлээ бид “Ам бат бол амь бат” гээд цухуйлгадаггүй. Хятад зөөлөн тэврэлт уусгах гэнэ. Эрсдэл бий юү? Бий! Урд хөршийн хаялгаас өөр өгөгдөл дэлхийн дээвэр дээрх зөдгий хэдэд хомс тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Олон улсын хууль байна. НҮБ байна. Бүрэн эрхт улс шүү юм байна-уусахгүйгээр айлсахаа тааруулах сан. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Шатахуун, эрчим хүчээ дотооддоо хангаад, нүүрс зэсийн баяжмалаа төмөр замаар хямд агаад ихээр тээвэрлэвэл “ах” араандаа зууна гэх айдас-эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүйтэй бид овсгоотож зүрхлээгүй нь-хоцрогдол. Уг нь хөрш Япон Солонгос Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх боломж 1990 оноос нээгдсэн. Хулчгартаа хөгжсөнгүй. Бид дээрэлхүүлдгээ нуугаад зогсохгүй, дээрэлхэгчээ өмөөрдөг одонд төрсөн хөөрхийс аж.

Хуучнаа өмөөрдөг хөөрхийс. Нэг намын дураараа ноёрхогч алтан үеэ битүүхэн өмөөрч шүд зуугаад буйд би эмзэглэдэг. Өшөө авах хонзон үр хүүхдэд дамжвал гай салахгүй. Залуу үеэ коммунист халдвар авчих вий гэсэндээ би бичдэг. Коммунизм дампуурсанд харамсаад бус гагцхүү ялагдсан хорсолдоо ардчилал чөлөөт зах зээлийг үзэн ядагчдын хяхуу арилахгүй цартай. Ардчиллыг эхлүүлсэн залуус (одоо хэнз өвгөд) алдаа дутагдалд өртвөл дайсан дарагдсан мэт баясна. Ардчиллыг зүхсээр хувьдаа байр, газар, малтай болсон. Хүүхдүүд нь баруунд мэргэжиж, нүд нь нээгдсэн ч эцэг эх нь коммунист удирдагчдын хожуулд мөргүүлсээр. “Одооны байж буйг хар, урьд мөн ч гоё байж” гээд шүүрс алдана. Коммунизм эргээд ирвэл гуяа алгадан баясах хөгшин залуу зөндөөн. Хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэлгүй атлаа нийгмийн өмчийн төлөө өлөн зэлмүүр шалдан нүцгэн зүтгэх ясны коммунистууд юм уу тэд. Эсвэл Монголдоо л тусгай хангамж гэхээр шальгүй давуу талаа алдсанд ардчилалд өширхөөд 30 жил хорсож явна уу.

Хуучнаа өмөөрөгч хөөрхийс ХХI зууны сэтгэлгээний тэсрэлтийг дагахгүй, хүн төрөлхтөний урсгалын эсрэг хойд Солонгос шиг сөрж чадах уу. Хугацаа нь дууссан бүхнээ-гишигсэн мөр шигээ орхи, хуучнаа өмөөрөгч анд минь. Би ардчиллыг өөгүй гэж сохроор шүтээгүй. Нэгдлийн ялтай сүрэг хариулсан эрх чөлөөгүй гишүүнээс, хэн ч үл халдах хувийн малтай, дуртай бизнесээрээ баяжих бүрэн эрхтэй малчин бололцоотой юм уу даа л гэж багцаалдаг. Би АН-ын гишүүн биш. Би ардчиллын хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр социализмээ муулдаг өөдгүй төгцөг гэж намайг зүхэгч цөөнгүй. Намайг социализм тэжээсэн юм уу, ард түмэн тэжээсэн юм уу хэлээд өгөөч. Насны эцэст хараалгаж байснаас бичихээ больдог ч юм билүү гэж эргэлзэх нь бий. Гэвч коммунизмын нурамнаас оч олж, түймэр асаах санаа өвөрлөгчдийн өдөлт ширүүсээд байвал би бичихээ болихгүй хүн шиг байна. Хүн сүрэг хөгжлийн чөдөр аж. Хүн амын дийлэнх сүрэг тул тэднийг дөрөөлөгчид дийлээд, хуучин руугаа хөтлөв. Хуучнаа өмөөрөгчдийн ялалт айсуй.

Эрх чөлөөгүй нийгмийг туулж хаширсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний захиргаадалтад үр хүүхдээ дарлууламгүй байна. Буцаад хувийн өмчгүй гуриатамгүй байна. Хуучин тогтолцоо сэргэхээр өндөлзөөд байдаг. Намайг хуучин нийгмээ мууллаа гэж давшлахын хамт-хуучнаа хүссэн өмхийрлөө зөв үү буруу юу-эргэцүүлээч. Дарангуйлагч тогтолцоог би яагаад сөрөөгүй вэ? Даргаасаа айдгаад! Хамгийн наад захын, өөрөөр хэлбэл, миний даргаас эхлээд шат шатны дарга нарын оройд Цэдэнбал, Цэдэнбалын цаана Кремль. Нэг үгээр миний дарга бол Цэдэнбал, миний дарга бол Кремль. Тэмцэх гарц байж уу? Даргаасаа айж явсны учир энэ. Тийм сүлжээнд татаастай хурган дарга дийлдэшгүй тийрэнд хувирна. Зөвлөлтөөр сүрдүүлж, Цэдэнбалаар гул барьсан дураараа дургигчдын зуунд ганц олдсон амьдрал минь таарчээ. Жагсаагүй, өлсөөгүй шалтгаан энэ.

Анд минь хуучин тогтолцоогоо ил далд хамгаалахаа чи хаячихвал миний өнгөрснөө шүүмжлэх санаа аяндаа унтарна. Ерөөсөө магтдаг, шүүмжилдэг чи бид хоёр хэрүүл тарьж талцуулаад байна. Би шүүмжлэхээ цэглэе, чи өмөөрөхөө цэглэ. Хоёул хэн нэгнээ “түрүүлж боль” гэх шударга бус тул ханиндаа зэрэг больж хойч үедээ түвэг удахаа зогсооё. Зөв үү? Хүн төрөлхтөний замналаас арай дээр нь юм уу гээд сонгосныг саатуулагч-та нарыг би бичдэг болохоос сайн ч муу ч амь зуусан нийгмээ муулахыг өмнөө барьдаггүй. Социализмээр зөнөг банхар болтлоо тэтгүүлчихээд өнгөрснөө шүүмжлэв гэж намайг загнах хүн олширч сүрхий ширүүсэв. Би нийтийн өмчөөс хүртэх ёстой хувиа бусадтай тэнцүү халбагадсаар 1990 онтой золгосон тэжээвэр гөлөг л дөө. Би “Өнгөрсөн зууны алдааг энэ зууны сургамж болгоё” гэж бичдэг өвгөн. Алдаанаасаа салъя гэж уриалсан зохиол минь гай тарина гэж үү. 

Өндөр дошин дээр гараагүй хөөрхийс. Сөнөхдөө тулсан монголчуудад улаан орос туслаагүй бол хөрөнгөтнүүд устгаад нутгийг нь эзлэсэн гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. Энэ бодиттой юу? Машин анх үзсэн монгол хүн “Хөллөгөө үхэр тэмээгүй атлаа өөрөө явдаг бас хачин аа” гэж гайхсан биз. Нисэх онгоц харсан ардууд “Оросуудад хийж чадахгүй юм алга” гэж бишрэх нь мэдээж. Үзэх нь байтугай сонсоогүй, ухаанд багтамгүй гайхамшгийг зөвхөн орос ах нар бүтээж байна гэж тэд ухаарчээ. Тэгж ухааруулжээ. “Оросын ачийг хүртэх хувьгүй Монголоос бусад хоцрогдсон үндэстнүүд мөн хөөрхийеө. Бид орчлонд тусдаа азтай төржээ” гээд бахархсан. Бүдүүлэг харанхуй дээдсийнхээ гэнэн бахархлыг хүлцэе гэхэд харамсалтай нь ХХI зуунд бид хоцрогдсон бишрэлтэйгээ зууралдаж зальдуулсаар хохирлоо. Хоцорлоо.

ХХ зууны туршид шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцөгт үлдээгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 70 жилийн манай ололт буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн, маниус шиг онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү? Шинжлэх ухааны нээлтүүд тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид дэлхийд ганцаар зөвлөлтийн тусламжаар цойлж, капитализмыг харайсан гэж хөөрцөглөж явснаа тунгаа. Тусгаар тогтнолыг минь олж өгсөн Оросын ач буяны дэргэд онгирох, нуух, өмөөрөх нүгэл бус буян гэж анд минь ятгав. Тийм ч юм уу золиг. Юутай ч талцалгүй дөрөө харшуулаад шогш. Газар амархан хорогддог юм.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 4 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 18 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 28 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top