...“Бичлэг үзсэн үү?”, “Хаана байна”, “Май, энэ...” гээд линк “шиднэ”. Уг бичлэгт хэн нэгэн цагдаа, тагнуулын ажилтны ёс зүйгүй, жигшихээс аргагүй авир гаргаж буй үйлдлийг үзүүлэх бөгөөд энэ нь олон нийтийн санаа бодолд нөлөөлж тухайн байгууллагыг нийтэд нь муу муухайгаар зүхэх л үүрэгтэй аж. 99
Хэдий болтол ийм аргаар ажиллах вэ? Сүүлийн үеийн жишээнээс дурдвал 2021оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн өдөр зарласан ҮАБЗ-ийн зарласан хуралд ч оролцохгүйгээр Үндэсний аюулгүй байдлын эсрэг, ард иргэдээ хагалан бутаргах мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч ард түмнийг турхирч, ард түмний тайван жагсаалыг улстөржүүлсэн”, “Хууль хүчний байгууллагын удирдлагыг томилохдоо урьдчилж өргөдлийг нь авдаг тийм Ерөнхийлөгчтэй байж таарахгүй” гэсэн баримт нотолгоогүй ноцтой бөгөөд хуурамч мэдээллээр Гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалаас Ерөнхийлөгчийг гүтгэв. Яагаад гэвэл ямар ч баримт үзүүлээгүй, одоогоор нотлогдоогүй.
Үүнийхээ араас “Цаашид Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн ийм төлөвлөгөөтэй байгааг нь үгүйсгэхгүй”, “Улсын эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч Ерөнхий сайд гэсэн институц хооронд янз бүрийн улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий гэдгээс болгоомжилж огцорч байна” гэснээрээ ҮАБЗ-ийн нэр хүнд, үйл ажиллагаанд харшлах мэдэгдэл хийж ард иргэдэд эргэлзээ, айдас төрүүлсэн. Энэ бүхнийхээ араас У.Хүрэлсүхийн өөрийгөө магтсантэр “дайны шугам” гэгчээсээ ганцаараа явна уу, арвуулаа явна уу, улс төрөөс зугтана уу, зүтгэнэ үү” хамаагүй. Гол нь хэлсэн үгэндээ дурдагдсан “Ёс зүйтэй төр байгаасай гэж хүсдэг учир!!!”, “Цар тахлын хүнд үед үймээн самуун гарах вий гэдгээс сэргийлж!!! би огцорч байна” гэчихээд урьд хожид байгаагүй ёс зүйгүй гүтгэлгийг төрийн өндөр албан тушаалын нэрийн өмнөөс хийчихээд огцорсон. Энэ бол гэмт хэргийн шинж чанартай гэж хэлж болохоор байгаа юм.
Үндэсний эв нэгдлийг хагалган бутаргасан “эргүү” мэдэгдэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг “цочоож” УИХ-ын чуулганы танхимд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу яаран ирж “гайхаж өгөв”. Тэрбээр “Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдэлд халтай, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна” гэсэн.
Гэхдээ өөрөө бүр ч гайхалтай үг бодож олсон нь “Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гэчихэв.“Юун гуя” гэдэг шиг гайхсан хүний тоо нэмэгдэв. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн “Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэснээр олон худал жүжиглэлийн дундах ганц үнэн илчлэгдсэнийг хэн ч анзаарсангүй. Өнөөдрийг хүртэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэчихээд байхад л Х.Баттулга, С.Батболд хоорондын “дажин” дуусахгүй байгаа биз. Шүүх! Монголын Шүүх хэнийх вэ?
Энэ маш сонин. Эндээс Монголын шүүхийг доромжлох, гүтгэх ажиллагаа эхэлсэн. Шүүгч хүн оролцсон цэнгүүн гэж нэрлэсэн нэгэн бичлэг, үүнд нь ямар нэг секс үзэгдэл гараагүй. Харин тэр бичлэгт харагдах залуу бүсгүйг “биеэ үнэлэгч гэж гүтгэн олны анхаарлыг татав. Гол мессеж нь шүүгч бол заваан, завхай гэж үзүүлэх. Тэр шүүгчийг үзсэн иргэн бүр танихгүй учраас шүүх байгууллага энэ “террор”-т өртөв. “Үзэгчид”-ийг мартахаас нь өмнө лифтэнд хийсэн бичлэг цацагдав. Бичлэгийн арга барил, зориулалтыг гүйцэтгэх ажиллагааных гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа, эхлээд ҮАБЗ-д “наах”-ын тулд тэдний орон тооны бус ажилтан, улмаар өмгөөлөгч гэх Б.Баасанцогтыг л чиглүүлсэн дуран авайны цаана мөн л гүйцэтгэх ажиллагааны нууц задруулсан гэх хуулийн заалтыг тэд өгүүлж байна.
Гэхдээ л Б.Баасанцогт “муухай”. Түүний хувийн нэр хүнд, хувийн орон зай, цаашид амьд явах эсэх баталгаа бүгд “будаа”...Гэсэн ч ҮАБЗ-ийн гэж хаяглан тарааж олон нийтийн ой санамжид үлдээх нь чухал аж. Тиймээс Төрийн ордоны зүүн жигүүрийн кофешопт “очиж очиж” Нийслэлийн орлогч прокурортой хамт сууж байгаа зураг “аялуулж” жигшээв. Хэрэв хэвлэл мэдээллийнхэн ийм зураг ашиглаад энэ хоёр хүн “ял наймаалцаж байна” гээд биччихвэл яаралтай шоронд орно. Гэтэл “тэгж болдог” хүмүүс байдаг болж...
“Зүүн жигүүр”-ийн талаарх мэдэгдэл ХЗДХ-ийн сайдаас эхлэлтэй. Тэрбээр энэ Засгийн газарт улирч ажиллахаас өмнө буюу У.Хүрэлсүхийн танхимаас чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг” гэж мэдэгдсэн. Мөн энэ “ёсыг” халахын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг хүлээж аваагүй” хэмээсэн. Тэр үүрэг даалгаврыг баримтаар харуулаагүй. Энэ тохиолдолд сэтгүүлч ингэж бичсэн бол гүтгэлэг. Сайд хэлсэн учраас яах ч үгүй. Ялгаа нь энэ. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Мартахгүй. Тиймээс “нотлох”, нотолж чадахгүй ч гэсэн итгүүлэх хэрэгтэй болсон учраас энэхүү фото зураг хууль бусаар тэнэж явдаг байх. Магадгүй мөн л Б.Баасанцогт дээр хийсэн гүйцэтгэх ажиллагааны тайлангийн “завсраас унаж” фэйсбүүкчдэд “олдсон” биз.
Төрийн дархлаанд аюул учирч, нөхцөл байдал хүндэрлээ. “ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд20сая ам.доллар ачаад ирлээ” гээд тухайн ажилтнууд болон автомашины дугаарыг дурдан мэдээ “тараалаа”. Хэзээ мэдээллийн вэб сайтуудад ҮАБЗ-ийн ажилтнуудын нэр ус, автомашины нэвтрэх хөдөлгөөний мэдээ цаг агаарын мэдээнээс амархан олддог болчихов? ҮАБЗ-ийн ажлын албаны бүртгэлтэй автомашин мөн байв, ахлах референт, референт мөн, гурав дахь нь ГХЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга гэх албан тушаалыг хашдаг аж. Хэрэв “Нотлох баримт болгоод тэдний ачиж ирсэн 20 сая ам.долларыг үзүүл дээ” гэвэл уучлаарай, хэн ч үзүүлж чадахгүй. Яагаад гэвэл байгаагүй юм. Тэр “ачаа бараа” зохих хууль журмын дагуу ГХЯ-ны тухайн ажилтанд бүртгэгдээд очих газраа очсон хадгалагдаж байгаа, шаардлага гарвал хууль хяналтынхан үзэж шалгаж болох биз. Чухам юу байсныг нийтлэлч нэр устай нь тоочиж бичих эрхгүй. Хамгийн гол нь ҮАБЗ дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсны тод жишээ болон үлдэв. Дээрх ажилтнуудыг буруутгалаа, байцаалаа гэж бодоход тэдний оронд хэн тус байгууллагад ажилд орох вэ? Төрийн нууц, дархлаа, хамгаалалт нь хаанаа байна, ҮАБЗ-өө ч эрсдэлд оруулдаг байх нь гэсэн айдас хүйдэс үлдэж байгаа биз? Мөнгө шиг амархан мөрөө үлдээдэг зүйл хаа байхав, тэнд байгаагүй 20 сая ам.долларт тэгтлээ санаа зовох хэрэггүй биз ээ.
Дараагийн хэсэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 401дүгээр ангид очиж С.Зориг агсны амт насыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдон буруутгагдаад ял эдэлж буй эмэгтэй Т.Чимгээтэй сэтгүүлчдийг уулзууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зохицсон мэдрэмжтэй үйлдэл байсан гэж магтагдсан. Үнэхээр сэтгэлийн үгээ хэвлэл мэдээлэл, олон нийтэд хүргэж эрхээ эдэлсээн, үнэн. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар ч шүүхийн шийдвэрийг буруутгаагүй, иргэн Т.Чимгээд л төрийн ивээл хайр, өмгөөлж хамгаалах боломж байдгийг мэдрүүлээд “гоё байсан”.Хөөрхий, өөрөө зовж явахдаа нялх үрээ ослоор алдсан эх, түүний настай ээж, эмэгтэй хүнийхээ хувьд маш хүнд хэцүү нөхцөлд хоригдсон бодохоос аймшигтай дурсамж гээд Т.Чимгээг өрөвдөх шалтгаан цөөнгүй,болдогсон бол суллачихаасай гэж хүссэн хүн ч олон. Хуулиараа гурван шатны шүүхээр нотлогдсон гэдгийг дагах үүрэгтэй болохоос эргэлзэх эрх бидний хэнд маань ч байсангүй.
Харин ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд “Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргана” гэж мэдэгдлээ. ҮАБЗ-ийн шийдвэрээр л нууцын зэрэглэлээс гардаг, Ерөнхий сайд ёстой энэ талаар бол хүчин мөхөстдөг юм байна гэж Ерөнхий сайд байсан С.Баяр гуай “долоон сарын1-ний” гэх хэргийн материалыг нууцаас гаргах хүсэлтийг удаа дараа тавьж аргаа барж явахдаа хэлсэн юмсан. Гэтэл тийм биш бололтой. Ерөнхий сайдын мэдэгдэл, Т.Чимгээгийн хүсэлт, гараар бичсэн өргөдөл, ингээд л нууцаас гарчих бололтой. Дашрамд сануулахад ХЗДХ-ийн сайдаар таван удаа томилогдож ажилласан, одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж ч мөн нууцаас гаргах асуудлыг удаа дараа тавьж, амлалт өгч байсныг нь олон нийт мартаагүй билээ. Хэрэв иргэн Т.Чимгээгийн хүсэлт, Засгийн газрын шийдвэрээр л шийдчих байсан бол юунд ийнхүү олон жил шоудсан юм бол?
Мөн өдөр ёстой л “төлөвлөгөөний дагуу юу” гэлтэй энэ мэдэгдлийг хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Б.Баасанцогт гэгчийн шүүгч нартай архи ууж хувийн харилцаа үүсгэсэн байж болох” асуудлыг сануулж, мөн түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн” гэж мэдэгдэв. Мэдээж дахиад л “муухайяа”. Гэхдээ!“Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар, ҮАБЗ-д тавина” гэв. Сонирхолтой нь:“Б.Баасанцогт-ҮАБЗ”гэдгийг мартуулахгүй байх ёстой аж. ҮАБЗ шалгах ёстой гэнэ үү? Б.Баасанцогтын компьютерт схем гэгч байсан бол түүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүрээнд компьютерт үзлэг хийжээ, тийм үү? Гүйцэтгэх ажиллагааны тайлан яагаад, ямар замаар Ерөнхий сайдад ирэв? Арай л хурдтай юу? Магадгүй тайлан гаргаж дуусаагүй, Тагнуулын ерөнхий газрын даргадаа ч танилцуулж амжсан эсэх нь эргэлзээтэйгээр гүйцэтгэх ажлын явцын мэдээ “ирчихэв” үү? Нөгөөтэйгүүр иргэн Б.Баасанцогт ямар ч “заваан амьтан”, “муухай үйлдэлтэй” байсан түүнд эрх бий учраас өмгөөлөгч аваад шүүхэд хандаад яваад байгаа байх. Тэндээс юу гарах бол?
Харин Ерөнхий сайдын гартаа барьчихаад “хэрэг төлөвлөсөн схем” гэж үзүүлээд байсан зүйлийг хэрэг дээр ажиллаж байгаа багийн зураг байх гэж хуульчид таамаглаж байх юм. Лавлахад “Нэг хэрэг дээр өмгөөлөгчид багаараа орлоо гэж бодоход хорих анги руу, шүүх, прокурор руу гэхчлэн ажлаа хуваарилж яваад, уулзахаараа төлөвлөгөөгөө зурж ярилцаж байдаг. Түүнийгээ компьютерт хадгалахгүй тэгээд яах юм бэ. Үүнийг хэрэг төлөвлөх схем гэж нэрлэж болно, харин ял төлөвлөсөн гэж үзвэл тэгж хэлсэн хүн буруутана шүү” гэж тачигнав. Сайдын хэлснээс бол өөр юм яриад байна.
Гэтэл үүнтэй зэрэгцэн хар тамхиар мансууруулж байж хурууны хээ авсан гэх дуулиантай хар мэдээллийг Ерөнхий сайдын амнаас сонсов?! Бүр үүнийг баталсан бичлэг цацагдав. Нэрийг нь тодорхой дурдсан амралтын газарт, эмэгтэй, эрэгтэй нүцгэндүү хүмүүс харагдах ёстой бололтой юм. Судсаар тарьсан, эсвэл уулгасан гээд байгаа хар тамхи нь мансууруулж манаруулах зуурдгүй бүсгүй үхэдхийн амьгүй мэт болж хурууны хээгээ “алдчихав”. Эмэгтэйн эрх зөрчигдсөн үү, зөрчигдсөн. Өрөвдөж байгаа. Гэхдээ хуулийн талаасаа энэ яг юу вэ? Гүйцэтгэх ажиллагааны явцад олдсон бичлэг дахиад “алдчихав” уу? Олон нийтийг айлгах үүрэгтэй зураглаач дагаж явсан уу? Яагаад хэн ч гүйцэтгэх ажиллагааны нууц задруулчихлаа гэж шүүмжлэхгүй, болох ёстой юм болдгоороо болсон мэт сууна вэ?Хэрэв “гүйцэтгэх ажиллагаа” гэдэг үгийг би энд хэт олон удаа бичсэн бол энэ нь зүгээр л хууль бусаар тагнаж чагнасан бичлэг бөгөөд шүүх хурал дээр нотлох баримт болохгүй, тийм үү?
Одоо хэнийг муухай ажиллаж байна гэж хэлэхээ мэдэхээ болилоо. Шүүх гурван шат дараалан буруу ажилласан бол Ерөнхий сайд ч, ХЗДХ-ийн сайд ч үүнийг тогтоохгүй. Хэчнээн иргэн Т.Чимгээг өрөвдөж суллачихмаар санагдаж байгаа ч бичлэг үзсэн хүмүүст суллах хүч байхгүй. Харин гүйцэтгэх ажиллагааны нууц задруулаад байгаа удаа дараагийн бичлэгүүдийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ? Шүүх, Прокурор, Тагнуул, Цагдаа, бүр ҮАБЗ хүртэл “бичлэгийн террор”-т өртөж гүйцэтгэх ажиллагааны “бай” болчихлоо. Тэр байгууллагуудад итгэх иргэдийн итгэл үнэмшил, байгууллагын нэр хүнд ч унаж хэсэг бүлэг хүмүүсийн унаснаар хүч нь суларч сульдаанд орох магадлалтай байна. Гэсэн ч өдөр бүр шүүх хурал болж, Төрийн нэрийн өмнөөс хараат бусаар хэргийг шийдвэрлэсээр байна. Ямар шүүх ажиллаад байна вэ? “Хонгилын” гэх шүүгчдийг тодорхой нэрлэж зайлуулах ажилд ямар хүч нэмэх вэ, Ерөнхий сайд аа? Хууль зүй, дотоод хэргийн сайд аа? Та нарт яаж туслах вэ? Шүүгчдийн, ҮАБЗ-ийн Ажлын албаныхны зүй бус үйлдлийг илчилсэн бичлэгийг олон түмэнд хүргэж хамтдаа Гүйцэтгэх ажиллагааны нууц задлаад хамт унах уу? Зүүн жигүүрийн “дажин” хэзээ дуусаж, зүрх булгилуулж цөс хөөргөн бухимдуулсан бичлэгийн цуврал хаана хүрч дуусах бол? Маргааш ямар бичлэг дэлгэгдэх вэ?
ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайдын мэдэлд ТЕГ, ЦЕГ, ХЗДХЯ, АТГ бүгд байна, багаа ч өөрөө бүрдүүлсээр байна. Үндэсний аюулгүй байдлыг аварна гэж итгэж болох уу? Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль гэгч нэг өдрийн уралдаанаас илүү урт настай, улс орны тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, ард иргэдийн амар тайван амьдралын төлөө юм шүү!
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (1)