x

З.Мэндсайхан: “Ковид” гэж нэрлээгүй ч энэ өвчин дорнын уламжлалт анагаах ухаанд аль хэдийн бичигдсэн

“Монг-Эм” эмнэлгийн захирал, МУ-ын Гавьяат эмч, анагаах  ухааны доктор, профессор З.Мэндсайхантай ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар ярилцлаа.  

-Саяхан Өвөр Монголын олон улсын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай “Хятад, монгол уламжлалт эмийг европ эмчилгээтэй хослуулж ковид-19-ийг эмчилсэн. Дархлаа дэмжих үзүүлэлт нь европ эмчилгээнээс илүү үр дүнтэй гарсан тухай ярьсан байсан. Одоо тархаад байгаа ковид-19” халдварыг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжтой юу?

-Үндсэндээ европ эмчилгээг дэлхийн 200 гаруй улс хийж байгаа. Харин дорно дахины эмнэлэгтэй Энэтхэг, Хятад болон Хятадын уламжлалт анагаах ухаан дэлгэрсэн Вьетнам, Тайвань, Солонгос зэрэг улсууд байна. Энэтхэг бол Аюурвадийн ухаанд суурилсан эмчилгээний уламжлалтай. Эндээс салаалсан Түвд анагаах ухаан 100О гаруй жилийн түүхтэй. Түвд тэр үед том айл байж л дээ. Олон газрын эрдэмтэд цугласан, сурч боловсорсон, одоогийн АНУ шиг.

Түвдийн анагаах ухааны үндэс болсон том судрыг бид өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Орчин үеийнхэн энэ судар дээр айхтар нэмсэн зүйл алга. Тайлбарласан, дэлгэрүүлсэн номууд бол асар олон ботиор гарсан. Энэ анагаах ухааныг манай эрдэмтэд, лам нар XVI зуунаас хойш судалж түгээж ирсэн. Тэр хүмүүсийн өв бидэнд үлдсэн, бид түүнийг нь судалж ашиглаж байна. Монгол, буриад, халимаг, тува үндэстүүдэд хожим дэлгэрсэн. Анх XIV зуунд Алтангэрэл судар Монголд орж ирэхэд Түвд эмнэлгийн онол ч бас түүгээр дамжин орж ирсэн гэдэг.

Дорно дахины анагаах ухааны уламжлалтай улс орнууд европ анагаах ухаантай холиод, аль алинд нь дэм болоод яваад байна. Ялангуяа Хятадад хийгдсэн судалгаанаас үгүйсгэхийн аргагүй үр дүн гарсан байсан. Монгол эм танг хэрэглэсэн мэдээлэл нь ч Монголд нийтлэгдсэн.

Монгол улсын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд энэ өвчний талаар судалж, гаднаас ирсэн хүмүүсээ шинжилгээнд хамруулаад, тандалт судалгаа хийлээ. Халдварыг дотооддоо алдсанаас хойш нилээн хэдэн кластер бүртгэгдээд байна. Хоёр дахь удаагаа том хөл хорио тогтоолоо. Чадахаараа ажиллаж байна гэж би хардаг.

Бид тарваган тахал, боом гээд жилийн жилд л бужигнадаг. Холер гэх мэт гоц халдваруудыг дор нь дараад авчихдаг. Энэ удаагийнх тахал илүү өргөн хүрээтэй, бүтэн жилээр үргэлжилж байгаа учраас алдах, онох зүйл байсан байх. Нөгөө талдаа бидний бас нэг хэнэггүй, тоомжиргүй байдал их нөлөөлсөн байх. Өөрийгөө хамгаалах, урьдчилсан сэргийлэх юмаа сайн хийх хэрэгтэй л дээ.

-Бусад улс орнууд энэ халдвартай тэмцэж байгаа арга барилыг та судалж үзсэн үү?

-Би Японы талын мэдээллийг гайгүй авдаг хүн. Тэнд бол хангалттай их өвчлөлтэй байна. Гэхдээ сургууль соёлоо бол хаагаагүй. Халдвар анх дэгдэсний дараа гуравхан сар хаасан. Хаасан гурван сарынхаа сургалтыг өнгөрсөн зуны амралтаар нөхөх гэж маш их ажил болсон. Манайх шиг “жижиг дунд үйлдвэрлэгчид болохоо байлаа” гэх зүйлгүй, халдвар хамгааллын горимоо бариад ажиллаж байна. Япончууд бол асар их сахилгатай, зовлон үзсэн ард түмэн. Хар салхи, газар хөдлөлт гээд элдвийн гамшиг дайрдаг. Тэр бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй, паникт ордоггүй. Удирдлагууд нь ч соёлтой, ёс суртахуунтай. Ард түмэн, удирдагчид нь ч шал өөр түвшний улс л даа.

Ер нь л улс орнууд янз янзаар үзээд байна. Швед бол “сүргийн дархлаа тогтооно” гэж яваад нилээн алдсан. Өнөөдөр шинжилгээ зүгээр гарлаа гээд маргааш тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэсэн ч өвчин хэд хоногт халддаг, халдвартай үе нь хэд хоног юм, хэдийд өвддөг юм гэдэг нь тодорхой болчихлоо. 80 орчим хувь нь хөнгөн, 20 орчим хувь нь өвчилдөг үүнээсээ хэд нь нилээн хүндэрч өвдөх бололтой Хүндэрч өвдөж байгаа нь дандаа суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байна. Манай улсад гэхэд хоёр хүн өөд боллоо. Нэг нь зүрхний архаг дутагдалтай нөгөөх нь архаг булчин сулрах өвчтэй гэсэн, Эмч нар бол чадах ядахаараа л оролдож байна. Ер нь аль ч улсад халдвартын болон цэргийн эмнэлэг тэргүүн эгнээнд явдаг. Цэргийн эмнэлэг анхнаас нь л орсон,ямар нэг хэл амгүй, цэргийнхэн бол тушаал авсан бол гүйцэтгэдэг. Манай улс ч ийм л байдалтай байна.

Би Хятадын эмнэлгүүдийн талаар сайн мэдэхгүй байна. Харин уламжлалт эмнэлгийн хувьд шууд үр дүнтэй гэж хэлж болно.

-Танай эмнэлгийн зүгээс коронавирусийн үед хүний дархлааг дэмжих тан гаргасан гэсэн. Энэ тангууд уламжлалт бусад тангуудаас юугаараа ялгаатай вэ?

-Уламжлалт монгол анагаах ухааны судруудад үндсэндээ өнөөдөр болоод цаашид хэдэн зуу, мянган жил оршин тогтнох хүн гээч амьтанд юу тохиолдохыг бүгдийг нь биччихсэн юм. Ер нь “ковид” гэж нэрийг нь л бичээгүй болохоос “цөвүүн цагийн халдварт өвчин ийм ийм байна” гээд биччихсэн юм. Хүмүүсийн ёс бус үйлээс болж хижиг халдвар гэдэг зүйл гарна. Энэ өвчин гарахдаа ийм шинж чанартай байна, хүний биед ингэж нөлөөлнө гэх мэтчилэн. Өнөөдөр бид “шинэ өвчин гарлаа” гэж байгаа ч эртний судруудад аль хэдийн байгаа зүйл. Ийм тахал хижиг хүний зан ааш, ёс суртахуун өөрчлөгдөх, атаа жөтөө, уур хорсол шунал тачаал ихсэх ер нь хүн гээ ч хүнээрээ байхаа больсон үед дэлгэрнэ гээд заачихсан юм аа. Тэгээд Өвчин гарахад эхэн үед нь ийм тан өг, хүндэрвэл тэрийг өг... гээд нэгд нэггүй шинж тэмдэгтэй нь биччихсэн юм. Гайхаад байх зүйл байхгүй шүү дээ. Бид л өнөөдөр “тархи” нь хоосроод энэ их том соёлоо хайхрахгүй болоод байгаа болохоос.

Халдварт тахлын үед “хүний дархлаа” гэж яриад байгаа зүйлийг гүнзгийрүүлээд явбал хүний бие организмын эсийн түвшинд очиж байгаа юм. Том түвшиндээ бол бие махбодийг тэгшитгэж байж хүн эрүүл байна аа л гэсэн санаа. Хөл нь бүлээцдэггүй хүний махбод тэгш биш байна аа л гэсэн үг.

Эртний судруудад энэ өвчнийг бүр нарийн хэлсэн байгаа. Амьсгалаар дамждаг, муу үнэр, агаар, битүү орчинд дамждаг. Хамрын нүх, арьсны нүхээр орно, дараа нь бие жихүүцнэ, нус гоожно... гээд хэдэн зууны өмнө нэг бүрчлэн шинж тэмдгийг нь биччихсэн байна. Манайхан жишээ нь “цагаан” танг их олон жил хэрэглэж байна. Ноёдын уудаг “норводүнтан”, маний уудаг “манашитан”, ханиадны ногоон тан, гөвдрүүний ногоон тан” гээд бүгдийг нэртэй, устай нь бичсэн. Энэ гөвдрүүний ногоон танг жишээ нь корь салхин цэцэг зэрэг тууралттай халдвартай өвчинд хэрэглэдэг. Тарваган тахалд бол ийм тан өгнө, ийм хоол иднэ, чийгтэй, чийггүй газар суулгана гээд заагаад өгчихсөн. Энэ мэтчилэн Монголын УАУ-д  хүний толгойн оройгоос хөлийн ул хүртэлхи бүхий л эмгэг өвчин нэгэд нэгэнгүй бичээд эмчлэх эм эм заслыг бүгдийг тан заслуудыг нь заагаад өгчихсийм ш дээ.

Манай “дархлаа дэмжих багц” гэдэгт байгаа энэ  хоёр, гурван тангаар энэ вирусийг “алах” гээд байгаа юм биш. Ерөөсөө л хүний махбодийг тэгшитгэх гэсэн зүйл. Хамгийн энгийн жишээ авахад хөл нь бүлээцэхгүй, хүйтэн байгаа хүн бие нь эмзэг ямар ч өвчин тусч болно оо л гэсэн үг.

Дархлааны систем нь суларсан, хямралд ороход ойрхон болчихжээ л гэсэн үг. Хүн нэгхэн өдөрт ийм болдог юм биш. Дандаа буруу хооллодог, хүйтэн нөхцөлд ажилладаг, эсвэл архи уудаг гэх мэт олон зүйлийн байнгын нөлөө. Сая жишээ нь 30 гаруй хэм хүртэл хүйтэрлээ шүү дээ. Энэ хүйтэнд хүний махбодыг яаж тэгш байлгах вэ гэдэгт л зориулагдсан тан. Түүнээс биш “энэ вирусийг энэ алнаа, тэр вирусанд сайн” гэсэн юм бол биш. Европын шинжлэх ухаанд ч тийм юм байхгүй.

Сүүлийн үед ургамлын гаралтай эмт бодисуудыг гаргаж үзэж байна. Голцуу Монгол, Хятад, Энэтхэг мэтээс бусад, өөрийн гэсэн УАУ сул хөгжсөн, олон найрлагын эм тан хийдэггүй газруудад. Тэнд тангийн найрлагад ордог ургамлыг л судалж байна. Тэгтэл нөгөө судруудад маань “эм дангаараа бол өвчин дарахдаа ноён мэт боловч ходоодны галын сөнөөнө” гэдэг. Манай гаргасан эдгээр монгол эм тангууд бол дан эм биш, уламжлалт жороор хийгдсэн олон найрлагат эм тан, олон зуун жилээр амьдрал практик дээрээс шалгаран үлдэж хоцорсон өв соёлын маань зах зух.

-Ургамлын болон ямар нэг төрлийн харшилтай хүн тан хэрэглэж болох уу?

-Ургамлын харшил гэдэг “хүн” гэдэгтэй ижил том нэр л дээ. Нэг зүйлд харшилдаг хүн байдаг, олон зүйлд харшилдаг хүн байдаг. Нэг байгаад хоёр, гурав болно гэдэг бас л дархлааны системийн гажуудал. Тэгэхээр ургамлын зүйлд харшилдаг хүмүүс болгоомжтой л уух хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан гэдэг зүйлийн нэг том онцлог нь дан эм биш. Яагаад тав, яагаад гучин найрлагатай байдаг вэ гэхээр өвчний хэр удсан, хэр архагшсан, хүнд, хөнгөнөөс хамаарч тэр олон ургамлыг найруулдаг. Жишээ нь, надтай одоо болтол цагаан танд харшилсан хүн тааралдсангүй. Цагаан танд дөрвөн ургамал бий. Мана, гажаа, лидэр, гандигар.

-Танд ордог эмийн ургамлыг танайх өөрсдөө тариалдаг уу?

-Маныг манайд тариалаад арваад жил болж байна. Манай талбайд 100 гаруй төрлийн эмт ургамал жаахан жаахан байна. Товар болох нь хоёр, гуравхан байна. Яагаад гэхээр ихэнх ургамлуудын үндсийг нь авдаг, 5-6 жил болж байж үндэс нь арай бүдүүрч хэрэглэж болох хэмжээнд болдог. Жишээ нь, чихэр өвс гэхэд 10 жил болж байж хүний том хурууны аятай болно.Цаашдаа ингэж тариалж байж л энэ уламжлалт анагаах ухааныг авч явна. Засгийнхаа дэргэд нэг 50 орчим тэрбум төгрөгтэй фонд гаргаад, энэ яам болгонд ургамал тариалах жаахан жаахан фонд байхаар, монгол орны ховордсон ургамлаас хоёр хоёр ширхэгийг 5-дээш жил тариал гээд нэг 100 аж ахуйн нэгжид 500 орчим сая төгрөг өгчихвөл таван жилийн дотор л Монголын устаж байгаа 100 ургамлын нөөцтэй болно. Дотоодын үйлдвэрүүдээ түүхий эдээр бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах нөөцтэй болно. Үүнийг хэлээд, бичээд сүүлийн 10 жил хэдэн засаг дамжуулж ярилаа ЧИМЭЭГҮЙ Л БАЙНА. Манай ажил нэг иймэрхүү л явдаг болж..

Манай Монгол оточ нарын судар номд өвчин болгонд тохирсон эмийн жорыг нь бичээд, ийм ургамал тэдэн грамм /хуучнаар лан, цэнэ, пун/ орно гээд бичээд үлдээчихсэн. Бид үүнийг хөдөлгөж болохгүй, хөдөлгөж чадах ч үгүй. Таван найрлагатай эмийн нэг нь олдсонгүй гээд дөрвөөр нь, эсвэл “үнэтэй юм” гээд хасаад хийчихвэл тэр эм биш болно. Монгол эм тан бол хэдэн зуунаар монголчуудад, ер нь хүн төрөлхтөнд туршигдчихсан эд. Уламжлалт анагаах ухаан нь хүнийг бүтэн нэг цогц гэж үзээд, нэг бүхэл цогцос систем гэдэг үүднээс эмчилгээ заслыг хийдгээрээ орчин үеийн АУ-аас өөр. Орчин үеийн  АУ-ы эрхтэн эрхтэнээр салгачихсан оношлогоо эмчилгээний тогтолцоо онолын хувьд ч, практик дээр ч гүнзгий шүүмжлэлд өртөх болсон. Энэ бол тусдаа сэдэв. Цаашдаа зөв голдиролдоо орох биз...   

-Та өөрөө уламжлалт анагаах ухааныг судлаад хэр удаж байгаа вэ?

-Гучин жилийн өмнөөс судалж эхэлсэн. Би Цэргийн төв эмнэлгийн Дотрын тасагт эмч байсан, цэргийн хүн. 1990 онд манайд түүхэн өөрчлөлт болсон шүү дээ. Тэр болтол манайд уламжлалт анагаах ухаан, шашны холбогдолтой зүйлс бүгд хаалттай байсан. Тэр үеэс л уламжлал ёс, өв соёлоо сэргээх ажлууд түрээд ороод ирсэн. Үүнтэй зэрэгцээд “уламжлалт анагаах ухаанаа сэргээе” гээд явсан хүмүүсийн нэг. “Цагаан танг хэрэглэж болох уу, яах вэ?” гэж ярихад нь “болно” гээд эхэлсэн. Тэр “хориотой” хэцүү цаг үед хамгийн өргөн хэрэглэдэг 80 гаруй уламжлалт эм танг Эрүүлийг Хамгаалахын практикт шууд нэвтрүүлэх гээд тушаал гаргачихсан хүн бол ЭМЯ-ны сайд байсан академич П.Нямдаваа, ЭМЯ-ны уламжлалт хариуцсан мэрэгжилтэн эрдэмтэн н.Батчулуун агсан нар байлаа. Ингэж л УАУ Монгол улсын эрүүлийг хамгаалахын практикт орж ирсэн дээ. Улаан гараараа л эхлүүлсэн, 30 жил энэ дунд мөлхөж байна даа. Хүмүүс ресторанд тухлаж байхад бид ууланд л явж байв. Хавар ногоо гарахаас эхлээд анхны цас ортол явдаг. Хүний юм яриад яахав. Манай эмнэлэгт жишээ нь 150 гаруй төрлийн эм танг хийж байна. Зарим нь хэдэн зуун кг ч байна, зарим нь хэдхэн зуун грамм ч байна. 2-30 гаруй найрлагатай эм тангууд.

Манай улс бол орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухааныг хослуулан авч явдаг улсын нэг. Хятад, Энэтхэг бол уламжлалт анагаах ухаанаа бүүр томоор авч яваа. Эдгээр улсад бүр УАУ-ы Яамтай гээд бод. Уламжлалт эм тан хийдэг түүхий эдийн тал шахуу хувийг гаднаас, ихэнхдээ халуун орноос авдаг. Жишээ мана, гүргэм байна. Одооноос л бид өөрсдөө тариалж эхэлж байна. Хэдэн өдрөөр явж эрж байж хэрэгцээтэй эмт ургамлаа түүх цагт нь түүж бэлтгэнэ. Их биш ээ ганц нэг шуудай. Гэтэл байгаль хамгаалагчид маань элдэв цаас нэхнэ татвар торгуул гэж зовооно. Гэтэл Улаанбаатарын орчинд гэхэд Туул голын хөндийн бүх мод хаачсийм, бүхэл бүтэн уул овоо, хэдэн арван км үргэлжилсэн газар шороог нь ухаад улаан шороо болгочихсон байна. Энд эндемически ургадаг эмт ургамал бүгд устаж дуусч байна. Дархан газрыг нь ч ухна. Ер нь энэ улсад хууль маньд л үйлчилдэг болсоор удлаа даа. Гаднаас арайхийж авчирсан жаахан эмийн түүхий эдийг маань үзнэ шалгана. Энд тэндээс элдэв бичиг цаас авчир гэж зовооно. 2012 оны үед Эмийн хуулинд уламжлалт эмийн түүхий эдийг хил гаалиар “өнчин эм” шиг шууд оруулах заалтыг н.Очирбат, н.Сэдваанчиг гэсэн эх оронч хэдэн гишүүд зүтгүүлж байж батлуулахад л бид нэг хоёр жил импортын асуудал дээр нуруу амарсан. Дараа нь төдөлгүй Эмийн хуулинаас энэ заалтыг маань аваад хаячихсан. Яаж ч хэлээд үг аваагүй. Ийм л байдлаар бидний хэдэн улс өнөө болтол ядахнаа цагаан ногоон тангийг нь тасалчихгүй юм шүү гээд авч явна даа. Уламжлалтын хэдхэн эмийн үйлдвэрүүдээ хэлж байгаа юм.

-Дархлаа сайн байвал ковид-19 өвчнийг тусах магадлал бага. Туссан ч хөнгөн хэлбэрээр тусч, хурдан эдгэрнэ гэж яриад байгаа?

-Энэ талаар дэлхийд, Азид олон л зүйл бичиж байна. Өвчнийг басч бол болохгүй. Гэхдээ Чернобильд атомын цахилгаан станц дэлбэрсний хажууд бол юу ч биш шүү дээ. Тэнд хүн, мал, амьтан, ургамал хорхой шавьж хөрс ус ялгахгүй устгана. Харин энэ өвчин бол авахыгаа авна, хүрэх нэгэндээ хүрнэ. Хэнд хүрэх вэ гэхээр бие муутай, хувийн сахилга батгүй, мораль муутай “нүгэл хилэнц” ихтэй хүнд л хүрнэ. Мораль муутай, “толгой хоосон” хүмүүс паникт амархан ордог, амархан стресддэг, сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүмүүст бас хүрнэ. Тийм учраас бодь сэтгэлийн үүсгэх ёстой гэдэг. Одоо ч манайхан байнга л хэлж байна, тайван байгаарай гэж. Хүнээс өөрөө нь их зүйл хамаарч байгаа юм л даа. Хамгийн наад зах нь амны хаалтаа зүүгээд тэнэхгүй, хоорондын зайгаа барьж сурах хэрэгтэй. Бид чинь “хүн байх”-д хэрэгтэй тун олон зүйлээ гээчихээд “мөнгө, албан тушаал, тансаг хэрэглээ” л бодоод байх болчихсон улс болж.

-Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд Засгийн газар, төрөөс ямар нэг дэмжлэг байдаг уу?

-Уламжлалт эм үйлдвэрлэдэг 7-8 үйлдвэр, цех Монголд байна. Бүгдэд нь үйлдвэрийн хэмжээний шаардлага тавьдаг. Хэрэгтэй, хэрэггүй олон ч журам бий. Дотоодын болон импортоор орж ирдэг түүхий эдийн хомсдолд байнга ордог. Заримыг дотооддоо ургуулах гээд оролдож л байна. Монголд ер нь ажил хийх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Хүнийг ажлын байртай болгох тусам, уламжлалтын дотоодын эмийн үйлдвэр тусам дарамт улам л ихсээд байх юм. Энэ чинь жинхэнэ эм, ялгаагүй үндэсний үйлдвэрлэл шүү дээ. ЭМЯ 2019 оноос Уламжлалтын нэг эм /танг/ бүртгэхэд 400000 төгрөг, бүртгэлийг сунгуулахад 250000 төгрөгийн хураамж авахаар журмалчихсан байгаа. Өнөө болтол хөөцөлдөөд л явж байна. Цагаан ногоон тан дотооддоо үйлдвэрлэлээ гэж ийм “татвар” тавьж байгааг ер ойлгохгүй байгаа. Томчуулд Өвөрмонгол Хятадын эмийн үйлдвэр оруулж ирэх гэж дотоодынхоо хэдийн амыг барьж байна гэх хардлага яваад байгааг нуух юун. Манай эмнэлэг жишээ нь сүүлийн үед ажилчдаа амраагаад, чөлөө өгөөд явуулж байна. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрт алдаа ч байна, оноо ч байна. Би жилдээ 10-20 сумаар явдаг хүн. Хүн байхгүй шахуу, хэдхэн цөөхөн айлтай сумын төв байна. Тэнд яах гэж соёлын төв барих гээп байгаа юм. Тэр төсөв мөнгөөрөө яг одоо асуудал нь хүндрээд байгаа иргэдээ, үндэсний үйлдвэрээ дэмжиж болдоггүй юм уу. Би ямар том бизнесмэн хүн биш. Гэсэн ч бас хар амиа бодоод суушгүй.

-Орчин үеийн буюу Европ анагаах ухаанаас уламжлалт анагаах ухаан руу ороход ялгаа хэр их байсан бэ?

-Тэнгэр, газар шиг ялгаатай. Би 1980 оноос одооны Улсын 1-р эмнэлгээс Цэргийн эмнэлэгт ажилласан. Дотрын тасгийн эрхлэгч, дотрын зөвлөх гээд ажилласан. 1990 оноос уламжлалт руу орсон хүн. Цэргийн госпитальд гурван тасаг хариуцаж ажилладаг байлаа. Нэг тасаг нь 45 ортой, нийлээд 150 орчим хүнийг долоо хоног бүр үзэж зөвөлгөө өгдөг ухаантай. Энэ дотор бид европ анагаах ухаанаар хүнийг сайжруулж байгаа нь ч харсан, сайжруулж чадахгүй нь ч бас олон байсан. Тэгээд л уламжлалт руу орсон. Тэр үед нууц байсан ч бидний сайжруулж чадахгүй байгааг тан барьдаг өвөгчүүд босгоод ирдэг л байсан. Гурван жилийн өмнө ДЭМБ-ын нэг илтгэл дээр “Орчин үеийн эмийн эмчилгээ 40 хувийн үр дүнтэй байна” гэж бичсэн байна лээ. Яг үнэнийг хэлэхэд надад ч тэгж санагддаг. Энэ “тан” гэдэг зүйлийг бид өнөөдөр зохиочихсон юм биш. Энэ талын асар их соёлын өвтэй гэдэг талаар өмнө цухас ярилаа. “Дархлаа дэмжих багц” гэж ерөөсөө л хамгийн энгийн хоёр, гурван тан нь байхад хүний хөл бүлээцээд байж байх юм даа гээд, тэрийг нь судлаад, бөөгнүүлээд боогоод өгчихсөн юм. Тэгэхгүй бол хүн сонгож авахад хэцүү шүү дээ.

Ер нь энэ дорнын анагаах ухаан чинь энэ ертөнцтэйгээ шүтэлцээтэй. Гадаа халуун хэр байна, бороотой байна уу, 30-40 хэм хүрч хүйтэрвэл яаж тэнцвэржүүлэх вэ гэх мэтчилэн. Яагаад 10-р сар гарахаар сургууль цэцэрлэг, шинэ цэргийн казармаар нэг, ханиад тараад байдаг юм, халуун болохоор яагаад элдэв нян үржээд байдаг гэдэс дотрын халдвартай өвчнүүд олшроод байдаг юм. Энэ бүгд шүтэлцээтэй, холбоотой, энэ болгоны утга учрыг УАУ зааж зураад яавал эрүүл байхав хэзээ юу идвэл өвдөх вэ, яавал өвдөхгүй вэ, жишээ нь сексийг хүртэл хэзээ хийвэл бие эрүүл нас уртсах вэ, яавал нас богиносох вэ гэх мэтийг чинь бүгдийг хэлээд өгчихсөн юм ш дээ. 

-Танай эмнэлэгт шинээр бүтээсэн шинэ тангууд эмнэлзүйн туршилтанд орж, эмийн бүртгэлд орсон уу?

-Бид “шинэ” нэг ч эм тан зохиодоггүй юм аа. Бүгд л судар номд байгаа тэр хэдэн зуун жилээр хэрэглээд ирсэн тэр жороор нь, орц найрлагаар нь чармайн хийхийг хичээдэг юм. ДЭМБ олон зуун жил хэрэглэсэн эдгээр эм тангуудыг эмнэл зүйн туршилтад оруулах хэрэггүй гэж зөвлөдөг юм. Харин уламжлалт эм танд ордог эмт бодисууд ашиглаад “шинэ эм” зохиовол харин бүх төрлийн судалгаа шинжилгээ,амьтан дээрхи туршилт, сүүлд нь эмнэлзүйн туршилтад оруулах журам номтой. Одоо Монголд ажиллаж байгаа долоо, найман үйлдвэр бүгд лицэнзтэй. Ерээд онд бол бид бараг гэр гэртээ л нухдаг байлаа шүү дээ. Одоо бол ДЭМБ-аас баталсан уламжлалт эмийн үйлдвэрийн стандартын дагуу гүйцэтгэдэг. Манай эмнэлгээс гаргаж байгаа бүх эм ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, бүртгэлтэй.

-Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс хэрвээ, магадгүй ковидийн халдварыг нийтийн дунд эрчимтэй тархвал гэр гэрт нь тусгаарлана гэж мэдээлж байсан. Ийм зүйл тохиолдвол манайханд их л хүнд тусах байх даа?

-Манай нэг онцлог нь гэр бүлийн халдвар ихтэй. Нөхөр нь ажилдаа яваад ирэхдээ л халдвар тээчих магадлал өндөр. Тийм учраас үүнээс сэргийлэхийн тулд хөл хорио тогтоогоод байгаа байх. Эмнэлэгт багтахгүй болбол мэдээж гэртээ л байна. Олон улсын практик, нөхцөл байдлыг харахад “өө, тусчихсан уу? одоо гэртээ 10 хоног суучих” гэсэн байр суурьтай байна. Тэгээд “өө,шинжилгээ гайгүй болчихсон уу? ажилдаа ор”, гүйцээ. Ийм л байна.

-Тэгсэн тохиолдолд хамгийн түрүүнд эмийн хүрэлцээ, хангалтын асуудал хүндрэх байх. Танайхаас жишээ нь ямар эм танг зөвлөх вэ?

-Хэрвээ нийтийн дунд тархвал, гэнэт олон кластер гарвал мэдээж бид нар газар хөдөлсөн юм шиг л паникт орох байх. Үүнээс бага ч гэсэн сэргийлэх үүднээс манай эмнэлгээс гаргасан энэ “Дархлаа дэмжих багц”-ыг бид тухайн хүний эрүүл мэндийг дэмжих махбодийг нь тэгшитгэх гэж цагаан тан, норводүнтан, тунгалаг-5 гэсэн эм тан оруулсан байгаа. Харин байдал хүндрээд ирвэл “Ковидыг гэр гэртээ уламжлалт эм тангаар эмчлэх” хэрэгтэй байж магадгүй гээд би яг ийм нэртэй жижигхэн заавар бичээд гаргасан юм. Энэ маань нүүр номоор их тархаж байх шиг. Тэгээд л “гэр гэртээ ковидыг уламжлалт аргаар эмчлэх эм тангийн багц” гэж гаргасан юм. Яахав нэг, бэлтгэл л юм. Хүмүүс өөрсдийгөө гэр бүл үр хүүхдээ хамгаалах нэг юмтай байя гээд авбал тэр л хүмүүсийн сонголт. Заавар нь дотор нь байгаа 10 гаруй эм тан орсон байгаа. Эхэнд уух, дунд үед уух, сүүл үед нь уух, хэрхэн уух гэх мэт Мэдээж хүндэрвэл эмнэлэгийн нөхцөлд эмчийн шууд заавраар эмчлэх болно. Энэ тангуудыг эхнээсээ, зааврын дагуу зөв ууж хэрэглээд явбал эхнээсээ эдгээд л эхэлнэ л дээ. Тэгж л бэлдсэн зүйл байгаа юм.

Эцэст нь нэмж хэлэхэд манай иргэд, монголчууд маань ямар ч тохиолдолд эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сайн сонсоорой гэмээр байна. Ямартай ч худлаа зүйл хэлэхгүй байх.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.186.17)
    Тиймээ эм тангаар монголын урдаа барих хүний нэг мөн
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • baaska (169.253.162.4)
    Ийм л эмч эрдэмтдийн үгээ сонсдог болоосой!Мэндсайхан эмчдээ Эрүүл энхийг хүсье! Та минь урт насалж удаан жаргаарай!
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.20.211)
    Уламжлалт мэдлэгийн тухай хууль гэж нэг батлагдаггүй хууль байнаа. Сая тэр шашин соёлын өвийн тухай хууль дэмжигдсэнгүй. Сайд нь л шийддэг юм бна
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.17.141)
    Энэ сайхан хүмүүсийнхээ зөвлөгөөг аваад хэрэгжүүлэх явчихвал сайхан байхсан
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.69.148)
    Мэндээ эмчдээ амжилт хүсье
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 31 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 41 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 6 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top