"Соёлын салбарт бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно"
Монгол Улсын Соёлын сайд, академич С.Чулуунтай ярилцлаа.
-Юуны өмнө танд шинэ оны мэнд дэвшүүлье. Та манай шинэ оны анхны дугаарын зочноор оролцож байна.
-Монголын нийт ард түмэндээ шинэ оны халуун мэнд дэвшүүлье. Энэ жил бол монгол хүн бүрийн хувьд түүхэн жил юм. Одоогоос яг зуун жилийн тэртээ хөдсөн дээлтэй монголчууд маань туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулах их үйлсийн төлөө нэгдэж Ардын хувьсгал ялж, дэлхийд Монгол Улс дахин оршин тогтнох үүдийг нээсэн байдаг. Монголчууд ямар ч боломжгүй нөхцөлийг гатлан тусгаар улс болсон юм шүү. Өнөөгийн зарим хүмүүс тусгаар тогтнол бэлэн байсан мэт санах сэрэх нь харагдаад байдаг. Эсвэл аль нэг улс төрийн хүчинд хамаатуулан ойлгох ч хандлага бий. Энэ тусгаар тогтнолын төлөөх их ялалт нь асар их үнэ цэнээр олдсон үл мартаж, үл ухарч, үл таслах үнэт зүйл юм. Тийм учраас энэ жилийг түүхт зуун жилийн ой, тусгаар тогтнолын зуун жил гэж төр засгаас тэмдэглэн өнгөрүүлэхээр олон зүйл төлөвлөж шийдвэрлээд байна.
-Соёлын яам байгуулагдаад хагас жил өнгөрчээ. Төрийн бодлого зарим талаараа дутагдаад байсан Соёлын салбар эзэнтэй боллоо гэцгээж байна. Салбарын сайдын хувьд танд ярьж хэлэх зүйл их байгаа болов уу?
-2020 онд шинээр бүрдсэн УИХ-аас шинэ Засгийн газрын бүтцэд Соёлын яамыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Соёлын яам хэдийгээр олон арван жил янз бүрийн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ч сүүлийн 24 жил дангаараа байгуулагдаагүй нэлээд удаан явжээ. Мэдээж тодорхой салбар чиглэлийн яамуудтай хамтран, аялал жуулчлал ч юмуу бусад салбартай хамт байгуулагдаж татан буугдаж байсан үе бий. Соёлын яамыг сая дахин дангаараа байгуулагдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их хурлын индэр дээрээс тодорхой хэлсэн. “Соёлын яам бол Монгол Улс оршин байгаагийн баталгаа. Соёлын яам мөнхөд оршин тогтнох ёстой. Соёл бол монголчуудын оршин байх дархлаа” болохыг тодорхой өгүүлсэн. Соёлын яамыг удирдах, монголчуудын соёлын бодлого үйл ажиллагааг цаашид авч явах хүндхэн бөгөөд хариуцлагатай үүргийг надад итгэл хүлээлгэн хариуцуулсан. Олон жил монголчуудын өв соёлын талаар судалгаа хийж, соёлын бодлоготой холбоотой судалгааны газрыг ахалж, музей, номын сан зэрэг салбартай хамтран ажилласан туршлагыг минь тооцсон болов уу гэж бодож байна. Нөгөө талаараа соёл бол монголчуудын олон мянган жилийн турш бүтээж ирсэн түүх юм. Урт удаан хугацааны турш бүтээсэн түүх өөрөө өвөрмөц соёл иргэншлийг төгөлдөршүүлж тээж ирсэн. Тэр соёл иргэншлийн шим шүүс нь урлаг юм гэж би үздэг. Тэгэхээр Монголын оршин байх суурь үндэс нь түүхээ зөв харах явдал болно.
-Шинэ яам эмхлэн байгуулахад ажил их байсан болов уу. Та ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Соёлын яамыг хүлээж авахад өөрийн гэсэн байр савгүй, боловсон хүчин гэвэл хуучин яамны тав, зургаан мэргэжилтэн, өөр юу ч байгаагүй. Суух ч өрөөгүй бид хоёр сар гаруй төрийн бус байгууллагын өрөө тасалгаагаар дамжин ажлуудаа амжуулж эхэлсэн. 30 шахам жил бие даан оршиж байгаагүй монголчуудын амин чухал салбар соёлын салбарт юу ч үгүйгээс эхэлснийг хүмүүс мэдэхгүй байгаа байх. Юуны өмнө байр савтай болох, боловсон хүчнээ бүрдүүлэх, ширээ сандалтай болохоос эхлээд их ажил байсан. Нөгөө талаар салбарынхаа ажлыг эхлүүлэхдээ хэдэн тодорхой чиглэлийг чухалд үзэж ажлаа төлөвлөсөн. Юуны өмнө салбарын дэд бүтэц буюу соёлын орон зай. Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар байв. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл, хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон.
Харин маш сайн зүйл нь Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар сүүлийн хоёр жилд соёлын томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимтэй өрнүүлж эхлүүлж байгаа. Чингис хаан, хаад язгууртны музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн төв, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэргийг дурдаж болно. Эдгээрээс энэ жил Чингис хаан музей, Үндэсний номын сангийн барилга, Соёлын өвийн төв гурав ашиглалтад орно. Эдгээр нь соёлын салбарын дэд бүтцэд маш том нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.
-Соёлын яамны бодлого, үйл ажиллагааны цар хүрээ, ойрын болон хэтийн зорилгуудын тухай та хураангуйлан ярихгүй юу?
-Тэгье. Ер нь 2021 он бол их соёлын салбарын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Үүнээс гадна дараагийн нэг чухал зүйл бол боловсон хүчний бодлогын асуудал юм. Ер нь үнэхээр системгүй бас бодлогогүй явж ирсэн чиглэл нь энэ юм. Тиймээс зөвхөн дөрвөн жилийн хүрээгээр бид соёлын салбарын боловсон хүчний бодлогыг харж болохгүй. 20,30 жилийн дараа соёлын салбарын үндэс суурь ямар байх нь салбарын хүний нөөцийн бүрдэл, чадамж, нөөц зэргээс хамаарна. Боловсон хүчний асуудлаа шийдэхгүй бол цаашид бат бөх байх үндэс багатай. Тиймээс энэ асуудал дээр нарийн судалгаа хийх нэн шаардлагатай, алсдаа бэлтгэх гээд шаталсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Жил бүр яамнаас боловсон хүчний бодлогод зориулж тусгайлсан зардал тусгуулж зарцуулна. Нөгөө талаар орон нутгийн соёл урлагийн салбарынхны мэдлэг мэдээлэл, чадамж зэргийг дээшлүүлэхэд анхаарна.
Саяхан бүх аймаг, сумын соёлын салбарынхантай цахим хурлыг хэдэн өдрийн турш зохион байгууллаа. Гурав дахь чиглэл нь салбарын нийгэмд үйлчлэх цар хүрээг өргөтгөх, санхүү эдийн засгийн хувьд энэ салбар боломжийн хэмжээнд өөрийгөө авч явж чаддаг системд орох ёстой. Тэгэхийн тулд соёл урлагийн салбарын менежмэнтэд дэвшил бий болгож, маркетингийг өөрчлөх хэрэгтэй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийг эрчимтэй дэмжих хэрэгтэй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл бидний хамгийн ойрын Зүүн Азид хэрхэн өрнөж байгааг харж байгаа биз дээ. Энэ салбарын хамгийн томоохон тулгамдсан асуудлын нэг нь хууль эрх зүйн орчны асуудал болно. Соёлын салбарын хэд хэдэн томоохон хуулиуд УИХ-д өргөн баригдаад явж байна. Тухайлбал, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулал, Кино урлагийг дэмжих тухай хууль, Музейн тухай хууль намрын чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдээд ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар соёлын салбарын бодлого үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад эрх зүйн суурь орчин бий болж өгч чадна гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд соёл, урлагийн салбарыг бүс нутаг, олон улсын тавцан дээр гаргах, өрсөлдөх чадамжтай болгоход яам онцгойлон анхаарна. Бид соёлын орон зайгаа зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дотор харах боломжгүй.
Манай соёлын оршин байсан орон зай өөр аль ч улс оронд бий болгож чадаагүй том орон зай, хамрах хүрээтэй. Түүхэндээ монголчуудын бүтээж ирсэн соёл нь өөрөө асар том цар хүрээтэй гэсэн үг. Бидний соёлыг харах нүдний тусгал хэдий чинээ хол байна төдий чинээ хөгжлийн орон зай тэлнэ. Монгол өөрийн өнгө төрхөө гаргаж чадна.
-Соёлын яамны үйл ажиллагаа нэлээд өргөн цар хүрээг хамрах юм байна?
-Тийм ээ. Шинээр байгуулагдсан Соёлын яамны хамрах хүрээ нэлээд өргөн. Ер нь Соёлын салбарын талбар уудам шүү дээ. Яг хуульд заасан чиг үүргийн хувьд манайх соёлын өвийн чиглэлийн музей, соёлын биет болон биет бус өв, хөдлөх, үл хөдлөх дурсгалууд, ЮНЕСКО-гийн өвт газруудыг хамарна, харин урлаг уран бүтээлийн хувьд үндэсний болон сонгодог урлагийн бүхий л төрлийг хөгжүүлэх, томоохон бүтээлүүд туурвих, уран бүтээлийн давтагдашгүй бүтээлүүдийг бүс нутаг болон дэлхийн тайзанд гаргахын төлөөх бүхий л үйл ажиллагаа багтана.
Манай салбарын хамгийн чухал салбарын нэг нь нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн соёлын боловсролыг дээшлүүлэх, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулах явдал юм. Соёлд хамаарахгүй зүйл гэж үгүй. Соёлын яамнаас сумын соёлын төв хүртэлх бүхий л энэ салбарт ажиллаж буй ажилчин албан хаагчид мөн чөлөөт уран бүтээлчид соёлын салбараа яаж өөд татах, ямар нөхцөлд соёл, урлагийн үйл ажиллагаагаа явуулах уу гээд санаа бодлоо уралдуулж байна. Тэд маань эзэнтэй орон гэртэй болсон мэт сэтгэл өндөр байгааг ажил үйлсээр хариулах л хэрэгтэй байна даа.
-Бүтээн байгуулалтын ажлын явцаас танилцуулаач?
-Томоохон бүтээн байгуулалтын зарим нь дуусах шатандаа орлоо. Соёлын өвийн Үндэсний төв энэ сардаа багтаж хүлээж авна. Ингэснээр соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын орчин бүрэн бүрдэх нөхцөл болно. Чингис хаан, хаад язгууртны музейн барилгын ажил хэдийгээр ковидын нөхцөл байдалтай нэлээд удааширч байгаа ч барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, дотоод ажлын тохижилт графикийн дагуу явагдаж байна. Үндэсний номын сан бас урагшилж байна.
-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад салбарын хэмжээнд, тэр дундаа урлагийнхны үйл ажиллагаа нэлээд хумигдмал байв уу?
-Хэдий ковид цар тахлын үе байсан ч бид бүх нийтийг хамарсан томоохон хэдэн арга хэмжээг амжиж зохион байгуулж чадсан. Олон нийтийг соён гэгээрүүлэх, нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. “Соёлын цаг” аян, “Бүх нийтийн номын баяр”, “Бүх нийтийн хөгжмийн баяр”, “Хүүхдийн төлөө фонд байгуулах”,”Монгол соёл-Монгол хүүхэд” цахим монгол туургатны бүх оддын тоглолтыг санаачлан зохион байгуулж чадлаа. Энэ дашрамд урлаг соёлынхоо нийт хамт олонд яамныхаа бодлого, үйл ажиллагааг дэмжиж байгаа та нартаа шинэ оны мэнд дэвшүүлж байна. Бид илүү ихийг бүтээх болно.
-Та бүхний оны босгон дээр “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулахаар зохион байгуулсан тоглолтын талаар нийгэмд янз бүрийн байр суурь байна. Та энэ тухай тодруулахгүй юу?
-Соёлын яамнаас санаачлан урлаг соёлынхныхоо хүчийг дайчилан нийгэмд үйлчилж, санхүү босгож томоохон зүйл хийе гэж эхлүүлсэн ажил юм. Уг ажлыг маань дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүддээ болон биднийг дэмжсэн нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Сүүлийн 30 жилд хүүхдэд зориулсан бүхий л соёлын барилга байгууламж устаж үгүй болсон. Үүд хаалгаа хаасан. Харин манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын төв зэрэг газрууд байгуулахаар заасан ч хараахан төсөвт тусгагдаагүй. Тиймээс бидний зүгээс хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтаа ард олныхоо дэмжлэгээр зохион байгуулж босгох зорилготой хийгдсэн ажил. Тоглолт арванхоёрдугаар сарын 30-нд зохион байгуулагдсан бөгөөд “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагыг төр, төрийн бусын төлөөлөлтэй байгуулан хуримтлалыг төвлөрүүлсэн. Учир нь тусгай сангийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхлээд ихээхэн адармаатай зүйл тулгарсан. Уг хандив шилэн байна. Хуримтлагдсан мөнгө Хүүхдийн төлөө фонд Ерөнхий сайдын дэргэд албан ёсоор байгуулагдахад бүрнээрээ шилжинэ. Бүтээн байгуулалт шууд залгаад эхэлнэ. Мэдээж бүтээн байгуулалтын 10 орчим хувь болох энэ мөнгийг бид шилэн зарцуулна. Хэн ч хянаж болно. Бас цаашид дэмжих хүүхдийн ирээдүйн төлөө дэмжлэг үзүүлэх хүмүүс олон гарч ирнэ байх.
Удахгүй бид Хүүхдийн орчин үеийн шаардлага хангасан бүтээн байгуулалтуудыг хүлээж авах цаг ирнэ. Хандив бол сайн дурын зүйл. Олон түмний дэмжлэг, хүсэн хүлээж байсан зүйл нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт юм байна гэдгийг бүгд харсан байх. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажлыг улстөржүүлж, өөрийнхөөрөө тайлбарлаж, бусдыг хардаж, харааж үгүйсгэн доромжилж байхын оронд зарим улстөрчид “би хүүхдийн төлөө юу хийлээ” гэж өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Бид хүүхдийн төлөө 30 жил шон ч босгоогүй шүү дээ. Өмнө нь 2002 онд улс ийм сан байгуулсан санагдаж байна. Гэхдээ 2016 онд татан буугдсан. Энэ хооронд юу хийсэн бэ. Бараг байгуулсныг нь ч мэдэхгүй өнгөрсөн байх даа. Шүүмжлэгчид гэнэт ухаан оржээ. Шүүмжилж байгаа хүмүүс дотор эрх барьж байхдаа бүрэн шийдвэрлээд сүндэрлүүлээд сүндэрлүүлээд хаячих эрх мэдэлтэй засгийн тэргүүн хүн ч байсан. Даанч юу ч хийгээгүй.
Одоо манай соёл урлагийн салбарынхан хамтран дэмжиж, хуримтлалыг ард түмэн маань өгч дэмжин уг ажил эхлэх үүд нээгдэх байх аа гэж итгэж байна. Ер нь сануулж хэлэхэд, ямар ч тохиолдолд улстөржүүлж болдоггүй хоёр асуудал байдаг юм. Нэг нь соёл, нөгөө нь хүүхэд. Бидний нандигнан хайрлах, хүндлэн авч явах эрдэнэ бол өвөг дээдсийн минь бүтээж өнөөд ирсэн соёл, мөн ирээдүйд улсаа авч явах хүүхэд хоёр юм даа.
-Соёлын сайдын зөвлөлийн гишүүдээр ихэвчлэн урлагийн хүмүүсийг томилсон байна. Сайд маань соёлын салбарыг ганцхан урлаг гэж хардаг юм биш биз гэсэн шүүмжлэл гарсан?
-Өнөөдөр манай нийгэм нөгөө илжиг, эмгэн, өвгөн гурвын үлгэр шиг л харагдаж байна. Таалагдах юм, эерэгээр харах зүйл ер нь энэ нийгэмд байна уу. Эцэст нь бид өөрсдийгөө хэмлэн идэхийн нэгэн жишээ биш үү. Би сайдын хувьд биш түүхчийн хувьд хэлэхэд нэг нэгнээ хэмлэн идсэн ийм түүх Монголын түүхэнд хэд хэдэн удаа илэрсэн. Эцэст нь бид бие биенийгээ барьж идээд, Монгол хохирч үлдсэн түүх байдаг юм. Сурвалж бичигт үүнийг “идэх” гэж тэмдэглэсэн байдаг. Хэрвээ соёлын салбарынхныг түлхүү зөвлөхөөр томилсон бол соёлд урлаг ордоггүй юм уу л гэнэ байх даа (инээв). Монголд төдийгүй дэлхийд нэртэй урлаг соёлын томоохон төлөөлөл болсон энэ хүмүүсээс зөвлөлөө бүрдүүлж тэдний санаа бодол, үзсэн харсан, бодож санаж явдаг зүйлсийг бодлого үйл ажиллагаандаа тусгая гэж хичээсэн явдал юм. Соёлын өвийн асуудал зэргийг бид ерөнхийдөө гадарлана, бараг зөвлөлдөөд байх зүйлгүй гэж бодож байна.
Ер нь тэгээд өнгөрсөн хугацаанд гүжир гүтгэлэг, нотолгоогүй зүйлүүд их явсан. Гол нь өнөөдөр яамны бодлого, төрийн ажлыг хов живтэй холимооргүй байгаа учраас ажлаа л ярья.
-Энэ жил түүхэн тэгш ой давхацсан жил учраас та бүхэн ямар томоохон ажлуудыг төлөвлөж байна бэ?
-Өнөө жил Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Хүннү гүрний 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100, НҮБ-д элссэний 60, монгол хүн сансарт ниссэний 40 гээд мартаж үл болох түүхэн тэгш ойнууд тохиож байна. Түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлууд манай соёлын яам дээр үндсэндээ төвлөрч байгаа. Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Одоо ингээд ажилдаа орно. Бүтэн жил өрнөх байх. Түүхэн ой нь баяр төдий бус түүхэн ой санамжаа сэргээж, ирээдүйн 100 жилийг тодорхойлох үүд нь болдог. Бид өвөг дээдсийн их үйлийг залгаж яваа хүмүүс. Эдүгээ тэдэндээ ихэд хүндэтгэлтэй хандаж дурсах ёстой. Энэ ойн хүрээнд тайз дэлгэцийн бүтээлүүд, эрдэм судлалын болоод урлагийн томоохон бүтээлүүд, түүхт газруудад хөшөө дурсгалыг сэргээх, шинээр босгох зэрэг маш бүтээл ч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна. Манай яамны хувьд хамгийн том ажлын нэг маань Чингис хаан, хаад язгууртны музейгээ ашиглалтад оруулах явдал юм. Энэ бол зөвхөн музей биш юм. Монголын соёлын олон улсын түвшинд хүрсэн стандарт орчин, соён гэгээрлийн төв, аялал жуулчлалын цогцолбор болох юм. Монголчууд сүүлийн 100 жилд хийсэн соёлын хамгийн том орон зай болно гэж төсөөлж байгаа. Чингис хааны голомт нутаг гэдгээ илтгэн харуулах дурсгалууд байраа эзэлнэ. Чингис болон эзэнт гүрний судалгааны том төв болно гээд давуу талууд маш их буй.
Нөгөө талаараа соёлын салбарын хэд хэдэн хуулиуд батлагдана. Салбарын стратеги төлөвлөгөө, төрөөс баримтлах соёлын бодлогын бичиг баримтуудыг батлуулахын төлөө ажиллана. Хэд хэдэн томоохон уран бүтээлүүдийг тайзнаа тавьж, орон нутгийн жишиг соёлын төв болон соёлын өвт газруудыг түшиглэсэн кластер төвүүдийг байгуулж эхэлнэ. Үндэсний томоохон шинжилгээний ангиуд ажиллана. Үндэсний Олон Нийтийн болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран нийгэмд чиглэсэн соён гэгээрлийн ажлуудыг эхлүүлнэ. Бидэнд энэ жил амрах ямар ч зав байхгүй ажиллах ёстой. Соёлын салбарын боловсон хүчний асуудалд онцгой анхаарна. Ард түмнийхээ дэмжсэн Хүүхдийн соёлын бүтээн байгуулалтыг мөн эхлүүлнэ. Яривал их зүйл байна. Хийх ч ажил тоймгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин