Жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.
-Та хорио цээрийн дэглэмийн үед ШӨХТГ-тай хамтран “Үнийн хөөрөгдөл бүү гарга” гэсэн уриалгыг эхлүүлсэн. Үнийн хөөрөгдлийг багасгах зөв алхам шиг санагдсан?
-Энэ хүнд цаг үед иргэн бүр ухамсартай байж хөл хориогоо үргэлжлүүлж байна. Анх Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэдгийг далимдуулан хувиараа бизнес эрхлэгчид маань барааныхаа үнийг нэмснээс үнийн хөөрөгдөл үүсгээд байсныг бид мэдэж байгаа. Энэ нь эргээд айл өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, тэдэнд хүндрэл учруулж нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болж байна гэж харсан.
Тиймээс л иргэн хүнийхувьд энэ байдлыг эсэргүүцэх үүднээс үзэл бодлоо илэрхийлж цахим орчинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд энэхүү давлагааг ШӨХТГ-тайхамтрах эхлүүлсэн. Улсын онцгой коммис оновчтой шийдвэр гаргаж байгаад их талархаж байна. Ард иргэд эв нэгдэлтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх цаг бидэнд тулгараад байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэр, журмын дагуу байх нь бидний үүрэг шүү дээ.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Одоогоор “Жам” мелодрамд киног хийхээр ажиллаж байгаа. Намрын зураг авалт дууссан. Харин өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргачихсан.Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУГЖ М.Баярмагнайтай хамтарч "Таарсан хоёр" инээдмийн киноны гол дүрд тоглосон. Мөн “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөр болон наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтран ажилласан. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэхүү киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж буй залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар кинонд хөндөж харуулсан. “Таарсан хоёр” киногоо Юнивишн, Скай медиа, “look tv”-д байршуулсан байгаа.
Мөн Б.Отгонзориг найруулагчийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээсэн. Одоо Олон улсын фестивалиудад зориулсан арилжааны бус “АРТ ХАУС”, “Melodram” хосолсон чамбай бүтээл хийх санаатай “Тэлмэн” фильмийн бүтээл “Жам” киноны найруулагчаар эд эс бүхнээ зориулаад л ажиллаж байна.
-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ. Урлагийн хүмүүст шинэ уран бүтээлийн санаа бэлэн байдаг уу?
-Уран бүтээлчдэд тулгардаг хүндхэн асуудлын нэг нь шинэ санаа олох.Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг олж уншина. Хэн нэгний ярьж буй хууч яриаг чагнана. Өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг соргог шүүрч зохиолчдод захиалга өгч бичүүлдэг. Тэр олсон санааныхаа үйл явдлыг дэс дараалалтай кино шиг дүрслээд л ярьж өгнө дөө. Бидний төсөөлөн бодсоноос өөрчлөгдвөл дахиад л ярьж эхэлнэ шүү дээ.
Ер нь зохиолын эрэл дунд амьдарч дандаа зохиолоор өлсөж цангаж явж байна. Бид өөрсдөө дарга, найруулагч, зохиолч, сайн менежер, продюсер, нягтлан гээд хийж чадах бүхнийг зэрэг амжуулдаг. Бусдаас чих, хамар, нүд гурав арай илүү ажилладаг гэх юм уу даа/инээв/.
-Та юунаас их айдаг вэ?
-Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө айдаг болж таарч байна уу даа./инээв/
-Тэгж таарлаа шүү?
-Ерөөсөө л өөрөөсөө айдаг гэхэд болох юм байна/ инээв/.
-Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжаас дурсахгүй юу?
-Хүүхэд байсан үеэ бодохоор хамгийн түрүүнд ээж минь санаанд буудаг юм. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж юм даа. Ээж гэдэг хүнийг байнга хайрлаж, урамшуулж, хүндлэх хэрэгтэй шүү. Хэзээ ч эргэж олддоггүй эрдэнэ байдаг юм.
-Танай гэр бүлийнхэн хоорондоо их адилхан шүү. Заяаны хань төстэй байдаг гэдэг юм билээ?
-Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.
Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).
-Та “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон байсан. Охидоо урлагийн хүн болгох уу?
-Охидынхоо бага насны дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх юмсан гэж боддог. Тэгээд л “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон юм. Дунд охин маань реклам, телевизийн контентод оролцдог. Ер нь тэгээд гэрт бөөн “хэрүүл” болно шүү дээ. Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу гээд л тэрүүхэндээ өрсөлдөөн бий болно.
Эмч хүний хүүхэд эмч болдог гэдэг шиг уран бүтээлчдийн хүүхдүүд хөшигний ард ийм болчихдог юм байна. Гэхдээ эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй гэж боддог.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой шинэ санаа их байгаа байх?
-Шинэ жилийн баярт зориулсан IPTV-д контент хийх төлөвлөгөөтэй, зохиолоо биччихсэн. Харин зураг авалтаа хийх байсан ч хөл хорионд орчихлоо. Хөл хорио цаашид сунгагдвал дараа жилийн шинэ жил байгаа шүү дээ. Гэхдээ цаг үеийн байдлаа харж байж болно доо.
-Хөл хориотой үед ард иргэддээ урмын үг хайрлаач?
-Бүтэн жил эх орон, иргэдээ хамгаалж аюулт өвчинтэй тэмцэж чадсан шүү дээ. Цаашид бид төр засгаас гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж чадвал энэ аюулт цар тахал бидний дор сөхрөх байх гэж бодож байна. Монголын минь хувь заяа их, үүнийг даваад л гарна. Бүгд гэртээ байж, дархлаагаа сайн дэмжээрэй.
Эх сурвалж: Өдрийн сонин