Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Манай улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо хуралдлаа.
Өнөөдрийн хурлаар
- Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх,
- Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох,
- Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
- ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтын хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа" гэв.
Мөн тэрээр "Монгол Улсад анхны хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас Монголбанк бүхий л журмаа зөөллөж, иргэд, ААН-д ирж байгаа дарамтыг зөөллөж ирсэн. Зээлд эрсдэлийн сан байгуулах журмын зохицуулалтыг суллаж өгсөн. ААН-үүд, иргэдийн зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан.
Он гарснаар 125 мянган харилцагч 5,3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банканд гаргасан. Банк хүсэлтийг авч үзээд 3,7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ зохицуулалт үргэлжилж байна.
Анх энэ оныг дуустал гэсэн шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хурлаар ирэх оны 7 сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Бизнест нь хүндрэл учирсан ААН, иргэд зээл төлбөрөө хойшлуулах арга хэмжээ авч болно.
Цар тахлыг хяналтандаа авсны дараа эргээд эдийн засаг сэргэнэ. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудал дуусахад өөр бусад салбарт дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк зохицуулалтыг зэрэг хийж байна. Банкуудыг хүндрэлд оруулахгүйн тулд зохицуулалт мөн хийж байна" гэлээ.