x

Л.Болормаа: Чи өөрийгөө зүгээр л бусдын адил гэж бод

Одоогоос таван жилийн өмнө, 2015 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа зуурдаар тэнгэрийн оронд одсон билээ. Жил бүрийн энэ өдөр түүний гэр бүл, мэргэжил нэгт найз нөхөд, хамтрагчид нь нэрт сэтгүүлчийг дурсан зул өргөдөг уламжлалтай. Энэ удаад түүний дурсгалд зориулж, "Гоо даль" сэтгүүлийн 2011 оны арваннэгдүгээр сарын дугаарт нийтэлсэн Л.Болормаа агсны ярилцлагыг хүргэж байна.

Image may contain: 3 people, people sitting

-Таны сонголт яагаад сэтгүүлч байсан юм бэ?

-Сонголт үргэлж байдаг. Гэтэл сонголт, сонирхол хоёр дандаа зөрчилддөг нь хяслантай. Миний үеийн төгсөгчдөд инженер, техникийн мэргэжилтэн болох боломжууд илүү их байдаг байсан. Тэр боломжийн дагуу суралцаж эхэлсэн боловч түүнээсээ татгалзаад, сэтгүүлзүйн ангид оройтож элсэж суралцсан юм. Үүний шалтгаан нь хүн бүрт байдаг төрөлхийн сэтгэлийн дуудлага байх. Би хоёрдугаар ангид байхдаа есдүгээр сарын нэгний тухай зохион бичлэг бичих болоход “Хуанлийн хуудсан дээр улаанаар тэмдэглээгүй ч, өнөөдөр бол баярын өдөр” гэж бичсэнээ санадаг юм. Гоё бичсэн гэж сонгоод зохион бичлэгийг минь багш хүүхдүүдэд уншиж өгөх үед, үг холбож сураад удаагүй жаахан амьтан нээрээ би гоё бичиж чадах юм болов уу гэж бодож байж билээ. Өөрийн чадах зүйл, хайртай дуртай юм нялх багаас эхлээд сэтгэлд, оюун ухаанд бүрэлдсээр байгаад хэзээ нэг өдөр биежсэн нь тэр байх.

-Өнөөдрийг хүртэл бууж өгмөөр, болимоор, буцаад явмаар санагдах сорилт амьдралд тань хэр их таарсан бэ?

-Би ер нь юмыг сорилт гэж харах дургүй. Сорилтын тухай битгий бодоорой. Эхлээд сорилт гээд бодчихвол зовхи буудаг, харин миний мөрөөдөл гэж харвал бүгдийг нь яаж ийгээд давчихна. Мэргэжлээ сонгож байх тэр үед нийгэм хувь хүнийг ерөөсөө тоож ярьдаггүй байсан. Болормаа гэдэг охин гоё юм бичмээр байхад амьдрал өөр сонголт хүчээр тулгаж, нийгэм түүнийг нь дэмжиж байлаа. Тэр үед их олон авьяастай хүн өөрийн хүсэл мөрөөдөл, сонголтын эсрэг алхмуудыг бусадтай адил байхын тулд, гажихгүйн тулд хийж, саарлаар амьдарч ирсэн байж магадгүй гэж боддог.

Би жаахан байхдаа орос хэл дээрх эрүүл мэндийн ухааны номнууд л дүүрэн байдаг номын сангаасаа “Үл үзэгдэх хүн” номын англи хэл дээрх нимгэхээн хэвлэлийг олж байсан юм. Англи хэл үзсэн хүнийг буруутгадаг байсан үед аав маань тэр номыг уншдаг байсан, тэгээд мэдэхгүй үгнийхээ орчуулгыг харандаагаар тэмдэглэсэн байсныг одоо санадаг юм. Ааваасаа асууж амжаагүй болохоор аавд минь өөр хүсэл сонирхол байсан юм болов уу, үнэхээр эмч болохыг хүсэж байсан болов уу, цагаасаа эрт төрчихсөн хүн юм уу гэж өөрөөсөө л хааяа асуудаг юм. Миний аав мэргэжилдээ сайн, нэр төртэй хүн байсан ч гэсэн тэр нэрний цаана, тэр мэргэжлийн цаана өөр авьяас, өөр хүсэл сонирхол байсан ч юм билүү, хэн мэдэх вэ. Хэрвээ тийм бол их гунигтай. Бид түүнтэй харьцуулахад завсрын үед төрж өссөн болоод алдсан зүйл бий ч, олсон зүйл бас байна. Мөрөөдлийнхөө зах зухаас чаргууцалдсаар байгаад сэтгүүлч болж чадсан. Хийе, бичье, хүнд хүргэе гэж бодсоноо хийж чадаж байгаадаа баяртай байдаг.

-Энэ ажлаасаа таашаал авдаг хамгийн гол зүйл нь юу вэ?

-Уншигчийн талархал. Одон медаль, гавьяа шагнал авах мэдээж сайхан. Би өөрөө олон сэтгүүлч, хамт олноо гавьяа шагналд тодорхойлж гарын үсэг зурж явуулж байсан. Гэхдээ яагаад ч юм надад түүнээс илүү уншигчийн хариу “Энэ их сайн материал байна, би хүсэж байсан зүйлээ эндээс олж авлаа” гэж хэлэхэд их таатай байдаг. Тэр их сайхан таашаал. Хүн болгонд хэлмээр, санал бодлоо илэрхийлмээр зүйл олон байдаг. Сэтгүүлч харин өөрийнхөө хэлмээр байгаа зүйл дээр нэмээд бусдын хэлэхийг хүсэж байгааг давхар илэрхийлэгч болдог нь чухал бөгөөд сайхан. Тэр утгаараа зөв үед, зөв цагт нь, зөв үгээ хэлж чадсан бол би их олзуурхдаг.

-Уншигч, үзэгчдийн авахыг хүсэж байгаатай, өөрийнхөө өгөхийг хүсэж байгааг нэгтгэн, тэнцвэржүүлэхдээ тунг нь яаж тааруулдаг вэ?

-Чи өөрийгөө зүгээр л бусдын адил гэж бод. Гудамжинд яваа хүмүүсийн нүд, хүсэж буй зүйл, зорилготой нь өөрийгөө ойрхон хар. Хүмүүсийг өөрийнхөө нэг хэсэг, өөрийгөө тэдний нэг хэсэг гэж л олж харах хэрэгтэй юм шиг. Бид нарт олдож байгаа боломж бол тэр хүний таашаалыг нь өөр дээрээ мэдрээд буулгах.

-Амьдралд хүсэхгүй байгаагаа хийхээс аргагүй үе олон гардаг. Үгүй гээд хэлчихмээр байтал хэлчихэж болохгүй тохиолдол танд их таарах юм уу?

-Олон хүн удирдаад явж байгаа үед, өөрийнхөө зарчмыг дагаад үгүй ээ, болохгүй гээд хатуу хэлмээр байвч тэр хүний нүдийг хараад бодлоо өөрчлөхөөс аргагүй болчих үе гарах л юм. Амьдрал дэндүү олон өнгөтэй, завсрын өнгүүдээс бүрдэж байдаг. Тэгэхээр тэр дундаас зөвхөн өөрийнхөө хар цагааныг биш, гол өнгийг барьж авах хэрэгтэй юм шиг байгаа юм. Нэг хүн алдаа гаргалаа гэхэд, үүнд нөлөөлсөн маш олон зүйл, амьдрал, өнгө ард нь байгаа болохоор тийм шийдвэрт хүрчихсэн байж болно. Тэрийг олж харах хэрэгтэй болдог. Хүсэхгүй байгаагаа хийх тохиолдол өмнө нь дарга, эзний дор ажиллаж байхад багагүй гардаг байж. Ямар нэг юмнаас хамаарах тохиолдолд дотор байгаа хүний нөхцөл, гаднаас өгч байгаа сонголт хоёр зөрчилдөх үе гарна. Мэдээж өөрөөсөө илүү эрх мэдэлтэй, хүч чадалтай хүний өгч байгаа сонголтыг сөрөөд, зөрөөд явахад үр дүн нь өөрт, хувь заяанд их эрсдэлтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд өөрийгөө сонсоод, хүн чанараа бариад явах нь зөв байдаг. Би бас тэгэхийг л хичээж ирсэн. Зөв шугамтай, зөв зүрхтэй хүмүүс юмыг өөр дээрээ чагнаад, тэр шийдвэрээ дагаад явахад нэг их бурууддаггүй. Мэдээж зөв шийдвэр гаргахын тулд зүрх сэтгэлээс гадна, үйл явдлыг үнэлэх мэдрэмж, мэдлэгийн суурьтай байх хэрэгтэй. Толгой, зүрх хоёр хамтдаа хүлээн зөвшөөрөөд гаргасан шийдвэр дийлэнх тохиолдолд буруу байдаггүй. Сэтгүүл зүйн бүтээлийн хувьд ч, амьдрал дээр ч.

-Өдөр тутмын сонины бужигнасан редакци, сар тутмын хэвлэлийн нам гүмхэн редакци хоёрын аль нь таны мөн чанартай илүү таарч байна вэ?

-Яг хувь хүнийхээ зан араншингаас харвал би тийм шуурхай, хурдан бичдэг, ажилладаг хүн биш байх. Ул суурьтай, олон эх сурвалжтай бичихийг хичээдэг, гэхдээ удаж байна даа гэж өөртөө санаа зовдог байсан. Жинхэнэ юм хийх, ул суурьтай зүйл хийх гэсэн зан араншинтай юм шиг байна. Өнөөдөр маргаашдаа өнгөц чухал биш, харин ирээдүйд хэрэгтэй, хандлага харсан задлан шинжилгээ маягийн зүйл бичих нь надад илүү юм уу гэж ажигласан. Сэтгүүлч хүн ер нь өдөр тутмын, шуурхай албанд ажиллаж нэгэнтээ машиндагдах хэрэгтэй шиг надад санагддаг. Гэхдээ хүн нэг байрандаа насаараа хадагдах утгагүй, өөрчлөгдөж байх ёстой.

“Өнөөдөр” сонины редакцид 12 жил ажиллахдаа маргаашийн сонины нэгдүгээр нүүрээр миний амьдрал хэмжигдэж байсан бол одоо би энэ их үйл явдлыг задлан шинжлэх хэрэгтэйг ойлгоод, сонирхол маань аяндаа энэ ажил руу орчихлоо л доо. Телевизийн нэвтрүүлэг хийж байгаа маань ч бас нэг өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн. Орчин үеийн хүмүүс урт, хэвлэмэл зүйл уншихаас нүдээр харж, чихээр сонсох дүрс дууг илүүд үздэг болчихсон байна. Өнөөдөр Монголын бүх телевизийн мэдээний ард, дэлгэц дээр Блүүмберг гарч л байдаг. Блүүмбергийг дуурайх хэрэгтэй гэж л ойлгоод байх шиг байгаа нь тэр. Гол нь өөрсдөө Блүүмбергийнх шиг чанартай мэдээллийг Монголын үйл явдал дээр хийж сурах л чухал шүү дээ. Монголын эдийн засаг, уул уурхайн мэдээллийг олон улсын сэтгүүл зүйн стандартаар түгээх юмсан гэсэн эрмэлзэл манай багт байдаг. Том зорилт тавьчихаад түүнийхээ төлөө бага багаар ахиж явах сайхан. Mining Journal-д маань хүчтэй, сайн баг ажилладаг. Гол нь энд зөв хүмүүс цуглажээ гэж бодогддог.

-Сэтгүүлч хүн бичнэ, ярина, дүрсэлнэ. Танд амьдралынхаа чиглэл болгоогүй ч маш сайн хийдэг өөр зүйл бий юу?

-Хийх дуртай, түүнээсээ өчнөөн их таашаал авдаг олон зүйл бий, тэднийхээ тухай ярих ч дуртай. Би багаасаа баярын ширээ засах их дуртай байсан, одоо ч дуртай. Өвөө эмээтэйгээ өссөн болохоор цагаан сарын ширээ засах л хамгийн том ажил байлаа. Төрсөн өдрийн баярынх шиг засчихдаг манай ширээг хүмүүс ямар гоё юм бэ гэж магтдаг байж билээ. Цуглуулсан олон лаа, салфеткаараа ширээгээ чимж зогсохдоо бүр сандраад, хөөрөөд, хөлөрчихсөн байдаг гээч. Бас бэлэг бэлдэх дуртай, гоё хайрцаг, боолтоор ороогоод л. Ер нь баяраар бүрэн дүүрэн сайхан байх ёстой. Бидний амьдрал 365 хоногийн ихэнхид нь сааралдуухан өнгөрдөг. Тэгэхээр тэдэн дунд хурц нартай, тод өдөр олон байвал гоё.

Дэлгүүр хэсэх туйлаас дуртай. Гоё шил шаазан, аяга таваг цуглуулах дуртай. Өчнөөн ядарчихсан гарсан мөртлөө дэлгүүрээр зөндөө олон километр алхаад, уут савтай юм чирчихээд эргээд ирэхэд амарчихсан байдаг юм.

Даваа гариг миний хувьд хамгийн хүнд өдөр. Хамаг ажил, уулзалтаа товлоно, төлөвлөнө. Хийж гүйцээгүй ажлуудаа хийнэ. Хоёр дахь өдөр, хагас сайн өдөрт дуртай. Тав дахийн орой попкорн эсвэл самар, тэгээд нэг сайн вино аваад л харина даа. Ээж вино уухаараа их хөгжилтэй болдог гээд бага охин маань мэддэг болчихсон. Тэгэхээрээ өөртэй нь зөндөө тоглоод, гэрээ нураадаг хэрэг. Яг тэр үед таван өдөр ажил дээрээ байсан би биш болоод, хамаг юмаа хөглөрүүлээд заваарчихсан, зурагтаа асаагаад орхичихсон, нэг тийм амар амгалан, тайван сайхан байдалд шилжсэн би болоод хувирчихаж байгаа юм. Баасан гаригийн орой би долоо хоногтоо ажил дээрээ хийж амжаагүй зүйлсээ амралтын өдөр хийнэ дээ гээд л бичиг цаасаар дүүрэн нэг их хүнд цүнх чирээд гэртээ харьдаг юм. Гэртээ ороод түүнийгээ нэг газар аваачаад тавина, тэгээд мартчихна, бүтэн сайны орой нөгөө бичиг цаас дүүрэн цүнхээ хараад нэг санаа алдана. Агаар салхи оруулаагүй цүнхээ нэгдэхийн өглөө чирээд л ажил дээрээ орж ирнэ дээ. Ер нь амралтын өдрөөр гэртээ байх дуртай, гадагшаа гарах дургүй. Гэртээ ямар ч их ажилтай байсан ядардаггүй.

-Та ажлын талбар дээрх хатуу, зарчимч өөрийгөө гэртээ байгаа нөгөө романтик, дэврүүн өөртэйгээ яаж хослуулаад, өөрөөсөө яаж зааглаад байдаг хэрэг вэ?

-Би ажил дээрээ хатуу шаардлагатай. Яагаад гэвэл өөртөө их хатуу шаардлагатай, тэгээд түүнийгээ гүйцэх гэж өөрийгөө ядраадаг хүн юм шиг байгаа юм. Тэгээд тэр хураасан стрессээ гаргах гэж хагас сайнд өөр хүн болж хувирч байгаа юм. Тэгээд миний дотор байгаа нөгөө хатуу шаардлага уг чанарт минь байгаа зөөлөн зантай их тэрсэлдэнэ ээ. Гэртээ, ганцаараа байхдаа их уйлдаг хэрнээ хүний нүдэн дээр уйлж үзээгүй, чаддаггүй.

Миний амьдралд эрэгтэй хүн бага үүрэг гүйцэтгэж ирсэн. Мэдээж эрэгтэй хүнтэй байх сайхан, түшигтэй, хүүхдүүдэд ханьтай. Гэхдээ ажил, ар гэр, амьдралын бүх асуудлаа би өөрөө зохицуулаад сурчихаж. Ер нь өөрийгөө аваад явах чадалтай байх хэрэгцээ эмэгтэй хүнд гарах юм аа. Хэн нэгнээс хараат байгаад, тэр хүний тусламжийг хүлээгээд, ядраад цөхрөөд явсан дор асуудлыг өөрөө үүрээд, үүрсэн ч бас үүрээгүй юм шиг явах хэрэгтэй болдог. Шөнөжин юм бичиж ажлаа хийгээд унтаагүй ч, өглөө нь цэмцгэр өсгийтөө, даашинзаа өмсөөд, дуртай ээмгээ зүүгээд, ажилдаа гарах хэрэгтэй. Яагаад гэвэл чи эмэгтэй хүн учраас, тэр дундаа сэтгүүлч хүн болохоор ядарсан ч ядраагүй юм шиг л хөнгөхөн алхаад явж одох хэрэгтэй болно.

Амьдрал дотор би өөрөө зөрчилдөж байна, мэргэжил маань зөрчилдөж байна, тэгээд амьдралын надад үүрүүлж байгаа ачаа миний даац чадалтай зөрчилдөж байна. Гэр орноо, хүүхдүүдээ, байгууллагаа, ажил бүтээлээ бүгдийг нь нуруун дээрээ үүрээд явж байгаа дээр өөрийгөө сайхан авч явах ёстой гэсэн зарчим нэмэгдээд бас л жаахан хүнддээд байдаг. Сүүлийн нэг жил хавдрын эмчилгээ хийлгэж байгаа өвчтэй ээж минь гэртээ өнөө маргаашгүй болчихсон хэвтэж байгаа ч би өнөөдөр нэвтрүүлгээ хийх ёстой байна. Ингээд л амьдрал түмэн янзаар хувираад л байна. Би өөрөө жижигхэн биетэй, намуухан дуутай эмэгтэй хүн, тэгээд хажууд түшээд зогсох эрэгтэй хүн муутай байна. Гэхдээ энэ салхи шуурган дунд найгаад, дайваад унаж болохгүй, яаж ийгээд зогсоод, тогтоод үлдэх л хэрэгтэй. Өндөр өсгийт дээрээ шүү дээ.

-Амьдрал хатуу байна гээд зөвхөн өөрийгөө бодоод бүгдийг орхичихож чаддаггүй нь эмэгтэй хүний тавилан юм даа...

-Эмэгтэй хүнд илүү их хариуцлага ноогдох юм. Тэгээд л төрчихсөн юм байна л даа. Эмэгтэй хүнд угаасаа нэг тийм хатуу чанар байдаг байх. Энэ миний гэр бүл, миний хүүхэд, миний царай зүс, миний ажил, миний хүсэл зорилго. Тийм учраас би энийг авч явах ёстой, гоё байлгах ёстой гэсэн, энэ минийх гэсэн сэтгэл илүү байдаг байх. Тэгээд түүнээсээ их зовлон хураадаг байж магадгүй. Эрэгтэй хүмүүс болохоор би өөрөө таных, би өөрөө чинийх гээд нээлттэйгээр амьдардаг юм шиг. Тэр хэрээрээ илүү хялбар байж болно.

-Аливаа салбарт эмэгтэй хүн дийлэнхээр ажилласнаар ямар сул болон давуу тал үүсдэг вэ?

-Дангаараа сул тал үүсгэхгүй, дангаараа давуу тал болохгүй. Хамт байж том хүч болдог. Төрөлхийн чанар нь бие биенийгээ нөхдөг учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүс багт адил тэнцүү байвал тэр баг амжилтад хүрдэг болохыг их олон жишээнээс харж байсан. Би уг нь бол нэгдүгээр хүн байх дуртай биш. Эрэгтэй хүн том шийдвэрээ гаргаж байх ёстой гэж боддог. Харин түүний ард зогсоод, эрэгтэй хүний олж хараагүй, дутуу үлдээсэн, хийж чадахааргүй зүйлсийг нь яв цав хийхдээ илүү сайн. Би ямар ч эрэгтэй хүнээс дутахгүй ажиллаж чаддаг. Гэхдээ ил гарч нэгдүгээр хүн байхыг хүсдэггүй, эмэгтэйлэг чигээрээ үлдэх минь нэгдүгээр хүн байхаас хамаагүй чухал санагддаг. Бүх юм миний толгой дээр байх нь заримдаа надад буруу юм шиг санагддаг. Нэгдүгээр хүн гэж ханхалздаг эмэгтэйчүүдийг тэнэг гэж боддог, өмнөөс нь ичдэг.

Сүүлийн гурван жил миний амьдралын хамгийн хэцүү жилүүд байлаа. Энэ хугацаанд би асар их сорилтуудыг давсан, ажил, амьдралдаа маш том өөрчлөлтүүдтэй тулсан. Үсэндээ жаахан бууралтай болсон байж магадгүй. Гэхдээ хүссэн юмандаа хүрэх гээд явж байгаа нь сайхан. Яах вэ, заримдаа орой хариад уйлмаар санагдах үе байдаг. Хүрсэн амжилтаа хадгалж үлдэнэ гэдэг их хэцүү байдаг юм шиг. Урьд нь би зүгээр л сэтгүүлч, өдөр тутмын сонины эрхлэгч байж. Тэгвэл өнгөрсөн гурван жилд би бизнес эрхэлж, шинжээчийн байр сууринаас үйл явдлыг задлан бичихийг оролдож, бас өдөр тутмын сониноос хамаагүй илүү өндөр шаардлагатай хүмүүст зориулсан мэдээллийн орон зайд ажиллаж байна. Амьдралдаа маш олон шат ахиж яваагаа ойлгодог, гэхдээ маш их ядарч яваагаа ч мэдэрдэг.

-Тогоонд нь чанагдаж, сайныг нь муутай нь тольдож суугаа эдийн засаг, уул уурхайн энэ салбарт ажиллах нь таны хувь хүний үзэл баримтлалтай хэр нийцдэг вэ?

-Маш их нийцдэг учраас ийшээ орж ирсэн. Хүмүүс эзнээ, эрхлэгчээ, захирлаа хардаг бол харин надад өөрөө юу хиймээр байна, тэрийгээ хийдэг нэг тийм чанар бий. Сонинд ажилладаг байхдаа ч тийм байсан, одоо бол бүр илүү эрх чөлөөтэй, тэр хэрээрээ том хариуцлага ачаа нуруун дээрээ овоолчихсон явж байна. Хэзээ нэгэн цагт эзний хэлэхийг хүлээлгүйгээр хийдэг байсан, одоо өөрийнхөөрөө хийж яваа зүйлс маань хөгжил хаана байна, яагаад бид зөв хөгжилд гарч ирж чадахгүй байна, яагаад сайн стандарт руу хүрч чадахгүй байна гэдэг тэмүүлэл. Дэлхийн стандартын юм хийе л гэж боддог. Том сонсогдохгүй байх. Хүн болгон хөгжилд хүрэх замыг өөрөөр төсөөлдөг. Миний бодол бол, зөв л явах юм бол хөгжилд хүрч болно. Хүн бүр хөгжилд хүрэх өөр өөрийнхөө нарийхан жимээр явдаг гэвэл тэр жимүүд нийлээд хөгжил рүү хөтөлж байна. Сэтгүүлчдийн хувьд ийм замд хэн нэгнээс хараат бусаар оролцох их хэцүү байж болно, сэтгүүлчид бага цалин авдаг, тэр цалингаар чи амьдарч чадахгүй байж магад. Өөрийнхөө замаар явах маш хэцүү эрсдэлтэй байдаг, гэхдээ яаж ийгээд хүн чанартайгаа үлдэж чадсан бол өөрөөрөө бахархаж болно.

-Та энэ шударга биш, энэ зөв биш гэж бодсоныхоо эсрэг бат зогсож чаддаг уу?

-Зогсох дуртай. Тэгэхгүй бол өөрөөсөө урвасан юм шиг, гараа угаалгүй хоолоо идчихсэн юм шиг тийм сэтгэгдэл байнга төрдөг. Ялангуяа бизнес хийгээд явж байхад тэгэх их хэцүү шүү дээ. Гэхдээ л зарчим гэсэн ерөнхий юмаа дагаад явахад өөрөө өөрөөсөө урвасан болохгүй.

-Өөрийн ажиглалтаар, бодролоор, эсвэл зүгээр хувь тохиолоор олж авсан амьдралын ухаан тань юу вэ?

-Харилцаа. Миний мэргэжлээсээ олж авсан хамгийн үнэт зүйл бол харилцаа. Би жаахан байхдаа их дуугүй, хүнд өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүүхэд байсан. Хүмүүстэй харилцахдаа байнгын бэрхшээлтэй, нэг тийм барер байсан. Амьдралд ороод ирэхээрээ эхлээд өөрийнхөөрөө тэр цагаан, тэр хар гээд бардам бодохыг хүсдэг юм билээ. Гэтэл тэр чинь аягүй олон өнгийн уусал, нэгдэл байсан. Тэр бүхнийг бага багаар таних боломж амьдрал надад олгосон. Би харилцаанд орж сурсан.

-Цаг хугацаагаар аялах боломж нэг удаа олдвол та хаашаа, хэзээд очих вэ?

-Өөрийгөө олоогүй, төлөвшөөгүй нэг тийм үедээ очоод яагаад тийм шийдвэр гаргасан бэ гэдгээ эргэж харж магадгүй. Гэхдээ өнгөрсөн рүү нэг их явмааргүй байна. Харин миний хүрээгүй байгаа, туулаагүй байгаа, миний хоёр охины очоогүй байгаа тэр хэсэг дээр очиж харахыг тэсгэлгүйгээр хүсэж магадгүй. Яах бол гэсэн тэвчээргүй сэтгэл төрөөд байна л даа. Тэр хоёр өөрсдөө мэдэх хэрэггүй, харин намайг байхгүй болсны дараа миний охид яаж амьдрах бол гэдгийг мэдмээр байна. Зүгээр л тэднийгээ хайрлаад, насан туршид нь харж хамгаалмаар байна.

-Зөндөө их боддог мөртлөө огт хариуг нь олж чаддаггүй тийм асуулт танд байдаг уу?

-Яагаад хоёр тэс өөр хүн хоорондоо учирч, дурлаж, гэрлэж суудаг юм бол гэж би багадаа боддог байсан. Зан араншин, бүр гадаад төрхөөрөө ч тэс өөр хүмүүс нийлдэг юм шиг санагддаг байж билээ. Өөртэйгээ ижил бодолтой, адил сэтгэлтэй нэг тийм хүнийг хүн сэтгэлдээ дандаа хайж явдаг байж магадгүй. Тэр нь зарим хүнд тааралддаг байх, заримд нь хэзээ ч таарахгүй ч байж магад. Би дандаа өөрөөсөө эсрэг хүмүүстэй учирч явсан юм шиг санагддаг. Надтай ойролцоо төрлийн хүнтэй тааралдаж, хайр дурлалаар холбогдож байсан боловч амьдралын зам ерөөсөө нийлж байгаагүй, би өөрөө нийлүүлье гэж хүсээчгүй. Төмөр замын уулзвар дээр галт тэрэг өөд өөдөөсөө явж байвал ойртоод ирэхэд нь замыг нь гялс сольчихдог шиг л огтлолцож, уулзалдалгүй хоёр тийшээ зөрөөд алга болчихдог юм. Тэгсэн хэрнээ яагаад нэг тийм хүнийг, хэзээ ч тааралдаж байгаагүй хүнийг сэтгэл дотроо төсөөлөөд л байдаг юм бол оо.

Арван жилийн жаахан охин байхдаа би нэг нимгэхээн дэвтэр дээр “Алигэрмаа, Хасар хоёр” гээд өгүүлэл бичих гээд гарчиг тавьж байсан. Тэгээд эхлүүлээд орхичихсон, дундаа ч ороогүй, дуусгаагүй, өрнөөгүй. Ямартай ч тэр нэрнүүд сэтгэлд үлдчихсэн байдаг. Миний том охиныг Алигэрмаа гэдэг. Харин Хасар нь хаана байгаа юм, бүү мэд. Алигэрмаа, Хасар хоёр яасан бол? Миний амьдрал шиг зөрлөгөөр зөрөөд явчихсан уу, хамтдаа байгаа юу? Мэдэхгүй.

-Та өөрийн зүгээс зориулж чадах бүхнээ хайр сэтгэлд дэвсээд өгч чадах хүн мөн үү?

-Одоо бол үгүй. Хүүхэдтэй хүн зуун хувь өөрийгөө бодож болдоггүй. Өөрийгөө, өөрийгөө бодсон хүслээ золиослох хэрэг гардаг. Намайг аз жаргалтай болоход саад болоод байгаа саад нь буруутгаж болохгүй, хайрлахгүй байж болохгүй тийм саад байхаар тэр нь шаналал гэсэн үг. Тэрийг яах ч аргагүй.

-Хүн яаж амьдарвал дүүрэн амьдрах вэ?

-Гэр рүүгээ орой яарч харьдаг, ажил руугаа өглөө яарч ирдэг. Ер нь яараад л, гүйгээд л явдаг тэр хүн хамгийн аз жаргалтай. Яагаад гэвэл чамайг гэрт чинь, ажил дээр чинь үргэлж хүлээж яаруулж байдаг учраас. Аль алинаас нь аз жаргал авдаг, бас хаана нь ч өөрийнхөөрөө байж чаддаг, түүндээ сэтгэл хангалуун байдаг бол тэр дүүрэн хүн.

-Та үхлийн тухай боддог уу?

-Сүүлд боддог болсон. Хүн үхэлд бэлэн байх ёстой юм шиг санагддаг. Алсыг харчихсан, бэлдчихсэн, дараа нь яах вэ гэдэг бага ч гэсэн төсөөлөлтэй амьдрах хэрэгтэй байх. Үхлийн тухай бодлоос айх, сэжиглэх нэг их хэрэггүй байх. Олон жилийн өмнө нас барчихсан аав маань намайг амжилттай явахаар баярлаж, хөөрч байх шиг надад мэдрэгддэг. Аав минь миний амжилтыг харж чадаагүй, үүнд би их харамсч явдаг, аавдаа харуулах баярлуулах юмсан гэж боддог болохоор тийм төсөөлөл байдаг байх. Үхэл бол тэр чигтээ тасраад явчихсан хав харанхуй ертөнц гэж надад төсөөлөгддөггүй. Бүрмөсөн алга болж байгаа явдал биш гэж санагддаг. Үхэл бол айдас биш.

-Нууцаа бусдад ярьж чадах уу?

-Би солгой хоолойтой. Гэхдээ хөгжим бичих, тоглохыг дандаа хүсдэг байсан. Төгөлдөр хуур дээр хөнгөхөөн аяз, блюз тоглоод, нүдээ аниад л дараад суух юмсан гэж. Төгөлдөр хуур гэхээр яагаад заавал сонгодог зохиол тоглодог, тэгээд урт даашинзтай хөгжимчид гараад ирдэг юм бол. Раймонд Паулс шиг амьдралын энгийн аялгууг, гэхдээ торгон аялгууг урсгаад л тоглохсон. Хөгжим бичвэл их гоё зүрхэнд хүрсэн аялгуу гаргаж чадна даа гээд нууцхан боддог байлаа.

Ярилцсан Э.Ариунзаяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 37 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 47 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 11 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top