УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Энэ долоо хоногт батлагдах төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдаж байгаа. Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүд эсэргүүцэж, төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардсан. Ирэх оны төсвийн дүр зураг ямар байна вэ?
-Улсын төсөв дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. Монгол Улсын 100 орчим суманд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаагүй хэрнээ нэг сумын багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна. Төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай. Үүнээс ард түмний амьдрал ямархуу байх төр засгийн бодлого шийдвэр энэ рүү чиглэж байгаа эсэх нь харагдана. Өндөр гэгдээд байгаа Баянхонгор аймгийнтөсөв бол баруун аймгууд руу авто замын мөнгө ороод тийм байгаа юм. Хэнтий аймаг шиг өндөр биш. Хэнтий аймагт арай хэтрүүлсэн төсөвтэй байна лээ. Энэ удаагийн төсөв бол цар тахалтай тэмцэх үеийн төсөв. Гэвч өмнөх 2017, 2018 оны хэвийн үеийн төсвүүдтэйгээ адил хэрэггүй барилга байшин дарга нарын унаа, барилга конторт зарцуулсан төсөв хэвээрээ л байна. Үүнээс гадна алдагдалтай. Эрүүл мэндийн салбартаа анхаарсан, ажлын байр нэмэгдүүлсэн, хувийн хэвшлүүдийг дэмжсэн зүйл огт алга. Сонгууль руу чиглэсэн, өдөр хоногийг аргацаасан, асуудлыг шийдэж чадаагүй төсөв байгааг захын хүн хараад ойлгохоор байна. Зээлийн хүү бууруулах тогтоол баталлаа гээд байгаа хэрнээ яг амьдрал дээр хэрэгжээд хөрсөн дээр буусан зүйл алга. МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг хувьд хүргэнэ гэсэн байгаа. Гэтэл энэ нь цаасан дээр л байгаа болохоос биш огт хэрэгжихгүй байна. Сарын нэг хувийн зээл нь байхгүй. Эдгээр зээл нь олдохгүй. ААН, иргэдэд ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршооны болон нэг өдрийн өндөр хүүтэй зээл л байна. Амласан бага хүүтэй банкны зээл иргэд, ААН-д ус агаар шиг хэрэгтэй байтал ийм байдалд оруулж байгаа юм. Ирэх оны төсөв дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт чиглэсэнгүй. Зөвхөн халамжийг хавтгайруулжээ.
-Хавтгайрсан халамжид чиглэж төсвийг оруулж ирсэн гэж байна. Халамжийн бодлого манайд гаарч байгаа талаар шүүмжлэл нэлээд явж харагдсан?
-Халамжийг МАН санал авдаг хэрэгсэл болгочихжээ. Хүнсний талоныг мянгат малчин хүн авч байна. Хүнсний талоныг өгөхдөө нам эвслээр нь ялгаж байна. Саналаа аль намд өгөхөөс нь шалтгаалж халамжийг тарааж байх жишээтэй. Энэ намар л гэхэд төмс ногоогоо хураагаад өөрсдөө ав гэхэд авах хүмүүс олдохгүй байна. Ажил болж ургуулсан төмс ногоо талбай дээрээ хэнд ч хэрэггүй болоод л үлдэж байна. Халамж очих ёстой хүндээ, зорилтот хэсэгтээ хүрдэггүй. Хүүхдийн мөнгийг АН анх санаачилсан. Бид үүнийг халамж гэж үздэггүй. Уул уурхайгаас орж ирсэн баялгийг иргэддээ тэгш хуваарилж, үүнийг ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин МАН хэмжээг нь нэмэгдүүлж, санал авахын төлөө хэсэгхэн зуур хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон. Гэхдээ ирэх оны зургадугаар сар хүртэл 100 мянган төгрөгийг олгоно. Энэ нь сонгуульд санал авахын л төлөө юм. Хэрэгцээ нь дуусахаар харьцаа дуусч байгаа нь энэ.
-Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барьсан. Цагаан суваргын ордыг санхүүжилтийн гол эх үүсвэр болгоно гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амьжиргаанд хаанаач хүрдэггүй. Шаардлагатай эмээ ч авч чадахгүй байна. Захиргаадалт социализмын үед ажиллаж байсан ахмадуудынхаа тэтгэврийг 500 мянган төгрөг болгох ёстой. Ахмадуудын амьжиргаа сувилгаанд хүрэлцэхгүй ч гэсэн ханшны уналттай дүйцүүлэн нэмэх ёстой биз дээ. Эх үүсвэр нь Цагаан суварга байх ёстой гэж манай зарим нэг УИХын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар үзэж байгаа юм билээ. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Хувийн хэвшил хуулийн дагуу ажлаа хийж байхад төр засаг оролцох шаардлагагүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Энэ зэргийн тэтгэврийн эх үүсвэрийг Засгийн газар олох ёстой. Хийх ёстой л ажил нь.
–Монгол Улсын Их Хурлын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Энэ хуулиар АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдаанд долоо хоног суух эрхээ хасуулсан байдаг. Энэ хууль сөрөг хүчний дуу хоолойг хаах хэрэгсэл болоод байна уу гэх шүүмжлэл яваад байх юм?
-Сөрөг хүчний байтугай ард түмний дуу хоолойг хааж байгаа хэлбэр. УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж УИХ-д сууж байгаа. Тухайн хүний амыг барьж, хааж байгаа юм биш шүү дээ. Энэ хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үг хэлэх эрх чөлөөг хааж байна. Хурал даргалж байгаа хүн өөрийнхөө үзэмжээр хэн нэг гишүүний үг хэлэх эрхийг ялгаж салгаж хязгаарлана гэдэг байж болохгүй зүйл. Тэр хүн шүүх биш. Хурал даргалж байгаа хүн хэлж байгаа үгийг нь ойлгохгүй байж болно. Бусад нь ойлгож болно. Коммунист дарангуйлалтай улс орнуудад ийм байдаг байх.
-Саяхан Засгийн газрын 100 хоног болж өнгөрсөн. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?
-Энэ удаагийн Засгийн газрыг хурдан байгуулж ажилд нь оруулсан. Цар тахлын үед Засгийн газар шуурхай, сайн чадварлаг ажиллах шаардлагатай. Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг. Үүнээс энэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн дүр зураг харагддаг. Миний харж байгаагаар гараа нь их сайнгүй, хийсэн хэлэх зүйл багатай юм шиг байна. Засгийн газрын нэг сайдад бид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ардчилсан оронд хүүхдээ сургуульд нь албаны машинаар хүргэсэн сайд огцорч байна. Түүнийг нийгэм нь шаардаж байдаг. Улс орон ийм их өртэй байхад төрийн өмчит компанийн үйлдвэр эрхэлсэн захирал компанийнхаа данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа нь ёс зүйгүй юм. Үүний дараа энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч мөнгөө буцааж хийсэн байна лээ. Ёс зүйгүй хүнээр сайд хийлгэх нь хэр зөв бэ. Бид ардчилсан улс оронд амьдарч байгаа л юм бол ёс зүйтэй байх ёстой. Тэр тусмаа Засгийн газрын сайд нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэг болсон. Засгийн газрын тэргүүн нь цаашилбал хариуцлага хүлээх ёстой. Энэ тал дээр Төрийн өмчийн хороо, Засгийн газар нь ямар ч тайлбар өгөхгүй байна.
Монголын ард түмнийг үл тоож байгаагийн илрэл. Ард түмний саналаар ажил хийх гэж л эрх мэдэлтэй болж байгаа шүү дээ. Сайд дарга нар, болон төрийн албаны хэлтсийн даргаас дээших албан хаагчдын хүүхдүүд төрийн сургуульд суралцах ёстой. Тэгж байж дунд сургуулиуд сайжирна. Хотын төвөөр байгаа бүх цэцэрлэгийг төлбөртэй болгож түгжрэл, шаардлагагүй халамжийг багасгах хэрэгтэй. Бид цар тахлын үед эдийн засгаа алдчихлаа. Нийслэлд утаа, түгжрэлийн асуудал аюулын дохио боллоо. Би чуулганы хуралдаан дээр ургийн эндэгдлийн асуудлыг хөндсөн. Энэ талаар цаашид анхаараад явах байлгүй. Яндан хөөлөгчийн мэргэжил гаргасан гээд бахархаад байх юм. Энэ бахархах зүйл мөн юм уу. МАН халамжийг хавтгайруулж, бодлого нь оновчгүй байгаагаас улс орныг мухардалд оруулж байна.
-Энэ удаагийн УИХ-д АН хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?
-АН бол үзэл бодол итгэл үнэмшилдээ үнэнч, үг хэлэх, эрх чөлөө эвлэлдэн нэгдэх, чөлөөт зах зээл, хувийн өмчийг зөв гэж үздэг нам. УИХ-д хэдэн гишүүнтэй байх нь асуудал биш. Бид зөвийг дэмждэг, бурууг засдаг, асуудлыг шийддэг сөрөг хүчин байх болно. Саяхан гэхэд шилэн дансны хуулийг сайжруулан өргөн барихаар болсон.
-АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. Одоо удахгүй намын даргаа сонгоно. Ямар хүн сонгогдох бол?
-АН бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах, хөгжилтэй улс орон болохын баталгаа гэж үздэг. АН хүндэрвэл улс орон хүндрэх болов уу. Тусгаар тогтнолоос эхлээд бүх зүйл нь хуучин шигээ бусад улсын хараат болох магадлал маш өндөр. АН-ыг алга болчихоосой гэдэг эх оронч монгол хүн байхгүй байх. АН-д ардчилсан үзэл бодолдоо үнэнч хүмүүс олон бий. Бид гадны захиалгаар байгуулагдсан нам биш ээ. Ардчиллыг цааш нь зөвөөр үлгэрлээд авч явах хүмүүс нь залгамжлаад гараад ирэх байх. Ардчилалд монгол хүн дургүйдээ УИХ-ын сонгуульд АН унаад байгаа юм биш. АН-ыг удирдаж байсан хүмүүсийн буруу бодлогоос болон зориудаар гадна дотроос нь унагааж байгаа юм. Гэхдээ АН-ын үзэл бодол итгэл үнэмшил байгаа цагт үнсэн дээрээс нисдэг үлгэрийн галт шувуу шиг босоод ирнэ. АН бүдгэрвэл Монгол Улсын ирээдүй их бүрхэг байна гэж боддог. Нам гэдэг байнга шинэчлэгдэж явах ёстой. Тиймээс АН-д өнөөдөр шинэчлэл хэрэгтэй. АН үргэлж ард түмэн, улс орныхоо төлөө ажилласаар ирсэн. Гэхдээ үүнийг нь харлуулж бүдгэрүүлж байдагт харамсдаг. АН шиг нам болоход дор хаяж өнгөрсөн үе шиг ардчиллын 30 жил хэрэгтэй. АН-ыг унагасан хүмүүс эргээд аврагчийн дүрээр гарч ирж байна. Бид ой санамжаа алдсан улсууд биш. Энэ бүхнийг олон түмэн ойлгох нь цаг хугацааны л асуудал.
-2012-2016 онд таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бидон дээр зургаа хэвлээд тойргийнхондоо тараасан гэж ярьдаг. Энд хариулт өгөөч?
-Би бидон дээр юу гэж зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг ойлгодог байх гэж бодтол ийм юмыг ойлгодоггүй юм байна. Ер нь миний зурагтай бидоныг айл өрх хэрэглэх үү. Тэр зураг нь фото шоп, эвлүүлэг юм шиг байна лээ. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүн бус байхдаа ч би Баянхонгор аймгийнхаа алдарт эхийн одонтой 8000 ээжид бидон тараасан. Хуванцар сав хэрэглэснээр хорт хавдар тусаад байна гэсэн судалгаа гарсан учраас хэрэглээг нь багасгая гэдэг зорилгоор анх санаачилгыг гаргаад явсан. Баянхонгор аймагт хорт хавдар багассан гэх ч судалгаа гарсан байна лээ. Тухайн үед төсөвт нэг тэрбум төгрөгийг өрхийн орлогыг дэмжих зорилгоор суулгаж 300 сая нь Завхан аймагт, 300 сая нь Чингэлтэй дүүрэгт, 300 сая нь Баянхонгор аймагт зарцуулагдсан. Үүнээс гадна би хувиасаа нэг тэрбум төгрөг гаргаад бидон тараасан юм. Бидон дээр зургаа тавьдаг гэж намайг буруутгаад байгаа юм. Бидон дээр зургаа тавьсан зүйл огт байхгүй. Хэрвээ миний тараасан бидон дээр миний зураг байгаад хэн нэгэн аваад ирвэл тэр хүнийг 100 сая төгрөгөөр урамшуулъя.
Эх сурвалж: Өдрийн сонин