x

Н.Алтанхуяг: Болохгүй бол би Н.Багабанди даргад захиа бичье л дээ

УИХ-ын бие даагч гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна?

-Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2017 онд МУ-ын Ерөнхийлөгчийг шинээр сонгох үед Монгол Улс их бүрхэг байсан. Цаг агаар бүрхэг, манан будан ихтэй байсан. Тэрийг бодоход манан будан сарниж байгаа. Тухайн цаг үед шүүхэд ажиллаж байгаа зарим хүмүүс хонгилын гишүүн болсноор маш их хэмжээний завхрал гарсан. Шүүгчид хүртэл хээл хахууль, авилгал авдаг болсон. Тийм учраас ҮАБЗ-ийн гурван гишүүн нийлж байгаад шүүгчийг түдгэлзүүлдэг болсон шүү дээ. Гэм буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээдэг болсон, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоо ямар нэг хэмжээгээр багасч байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ бол бас он удаан жил мөрдөхөөр зүйл биш. Шүүх дахиад гурван улстөрчийн хараанд орчихож байгаа юм.

Одоо Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой Шүүхийн хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ гурван хүний саналаар шүүгчийг түдгэлзүүлдэг байсныг өөрчилж, шүүх хараат бус байх, Шүүгчийн сахилгын хороо, ШЕЗ буюу институцид нь эрх мэдлийг нь өгөх ажлууд хийгдэнэ.

-Шүүхийн цогцолбор барих асуудлыг та төсөвт тусгуулсан байсан. Байшин барилаа гээд шударга бусын хонгил нурахад хэр дэмтэй вэ?

-Шүүхийн байшин гэхээр манайхан шүүгчдийн суудаг байшин гэж ойлгоод байна. Хууль зүйн яаманд жишээ нь иргэд ороод үйлчилгээ аваа байдаггүй. Тагнуулын байшинд ороход иргэнд үйлчилдэг үйлчилгээ байхгүй. Шүүх бол үүнээс тэс өөр зүйл. Шүүхийн цогцолборын хувьд Х.Тэмүүжин сайдын үед яриад, суурийг тавьчихсан юм. Яармагт байгаа, та нар очоод үзээрээй. 2013 онд 4,9 тэрбум төгрөгөөр суурийг нь тавсан. Долоон жил өнгөрсөн, босоогүй байна.

Шүүхийн цогцолбор гэдэг бол иргэнд үйлчилдэг үйлчилгээний төв. Зөвхөн байшин биш л дээ. Би ч өөрөө олон шүүхээр орлоо. Нэг умгар өрөөнд хэргийн бүх холбогдогч нар, шүүгч, өмгөөлөгч, яллагч нийлсэн арав гаруй хүн суугаад шүүх хурал хийдэг. Та нар бодвол барууны кино үздэг байлгүй. Шүүх танхимд шүүгдэгч нь шүүгчтэйгээ нэг хаалгаар ордоггүй. Тэр байтугай шүүхдэж байгаа хоёр хүн нэг хаалгаар орохгүй. Гэтэл манайд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул гээд дүүрэг болгон нэг жижигхэн байшинтай. Тэрийг нэгтгээд Улаанбаатар хотын хэмжээнд хоёрхон том шүүхийн цогцолбортой больё гэсэн юм, тэр үедээ. Нэг нь баруун талд Яармагт, нөгөө нь зүүн талд.

“Монголын шүүх намайг шударгаар шүүх юм байна” гэдэг итгэл үнэмшил төрөхүйц орчин нөхцлийг бүрдүүлье, аюулгүй байдлыг нь бүрдүүлье гээд суурийг нь тавиад долоон жил болж байна. Шинээр барих гэж байгаа юм биш. Нэгэнт тав орчим тэрбум төгрөг хийчихсэн байгаа юм чинь үүнийгээ гүйцээчихье. Тэр олон шүүхийн байшингуудыг зарчихөд зардлыг нь нөхчих юм. Хотын захиргаа Яармагт байшин бариулчихаад Хангарьд ордныг зарна гэж байгаа биз дээ. Түүнтэй л адил. Би харин УИХ-ын гишүүддээ баярлаж байна, өчигдөр манай байнгын хороон дээр дэмжигдсэн.

-Тантай мөр зэрэгцэж явсан намын нөхөд тань эрхээ хасуудаад хорих ангид сууж байна. Тэд бас тань шиг шударга бусын хонгилоор чирэгдээд явсан уу, эсвэл үнэхээр гэм буруутай гэж харж байна уу?

-Би олон ч хэрэгт шалгуулж, олон ч шүүхээр явсан. Эхлээд гэрчээр асууна гэдэг юм билээ. Хэдэн ч удаа гэрчээр асуугдсанаа мэдэхгүй байна. Дараа нь сэжигтэн, дараа нь яллагдагч болгож байгаа юм. 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр намайг яллагдагчаар татсан. Яагаад ийм тодорхой санаж байна гэхээр нэгдүгээр сарын 28-нд АН-ын даргын сунгаанд явсан нэр дэвшигчдэд санал өгөх өдөр байсан. Санал хураалт болохоос гурав хоногийн өмнө намайг “яллагдагч” гэж олон нийтэд зарласан. Тэр үед бол үнэхээр том хонгил ажиллаж байсан. Гэхдээ бүх хүн дээр ажилладаггүй л дээ. Цаашдаа өрсөлдөж мэдэх, ер нь бас олон юм ярьж мэдэх, дээр нь тодорхой хэмжээний мэдээлэлтэй, АН-ын дарга болчих, эсвэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээр эрмэлзэж мэдэх цөөхөн хүмүүсийн эсрэг хонгил ажилласан. Нэг нь би, нөгөө нь Ерөнхийлөгч болсон Х.Баттулга.

Одоогийн нөхцөл байдлыг бол би дүгнэж хэлж чадахгүй байна. Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлэхэд хонгил нурсан. Толгойг нь сольсон. Их бие хавьд бол их юм байх шиг байна. Хөл, гар хавиар бас зөндөө юм байх шиг байна.

-Та өөрөө АН-ын дарга байсан хүн. Өнөөдөр АН-ыг “сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэдэг шүүмжлэл их байгаа. Дээр нь таны үед АН-ын байрыг зарсанаас болж айл айлд толгой хоргодсон байдалтай. Энэ тухайд та юу бодож байна?

-АН УИХ-д 11 гишүүнтэй. Дөрөв нь дахин сонгогдсон, долоо нь шинээр сонгогдсон гишүүд. Одоохондоо шинэдэж байгаа байх. Удахгүй чангараад ирэх байх аа. АН-ын байр суурь бол ойлгомжтой. Хүний эрх, эрх чөлөө, шударг ёсны төлөө, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэх байх гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Н.Алтанхуяг гэдэг хүн АН-ын дарга байхдаа намын байр зарсан гэдэг юмыг С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга байхдаа гаргаж тавьсан. Би намын байр зараагүй. Манай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргаад, намын нарийн бичгийн дарга Ц.Оюундариар ахлуулсан ажлын хэсэг гараад тэр байшинг зарсан. Дуурийн театрын арын шилэн байрыг ярьж байна, одоо суурь нь байгаа. Хожим материалыг нь үзэхэд Улаанбаатар банк барилгыг авсан байдаг юм, долоон тэрбум орчим төгрөгөөр. Тэр мөнгөөр юу хийсэн гээд асуудал үүсч байгаа байх. Би тэр үед Ерөнхий сайд байсан, юун намын байр зарахтай манатай.

Нөгөө талаар манай нам байргүй биш, байртай. Төв шуудангийн урд талын хоёр давхар байр. Ер нь тэгээд намын том жижиг байх нь барилга байшингаас хамаардаггүй юм. Тэр жижиг байранд байхдаа бид ялалт байгуулж байсан. Байр саваа голохоосоо илүү үзэл санаа, үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө явдаг, ард түмнийхээ төлөө цохилох сэтгэл зүрхтэй байх нь чухал. Нам байртай байна уу, байргүй байна уу, нэг их ялгаа байхгүй.

-Засгийн газраас стратегийн ордуудыг төрийн өмчид авахаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүнийг та том дүр зургаар нь юу гэж харж байна?

-Зах зээлд эрэлт нийлүүлэлт, шударга өрсөлдөөний тухай ярьдаг. Гэхдээ байгалийн баялаг дээр эрэлт нийлүүлэлт, шударга өрсөлдөөн гэж байхгүй. Үндсэн хуулиар байгалийн баялаг бол ард түмний өмч. Гэтэл лицензийг нь авчихсан нэг нөхөр яагаад энэ баялгийн эзэн болчихдог юм. Тийм учраас би У.Хүрэлсүх Ерөнхий сайдын явуулж байгаа “байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой, хүртээмжтэй байх ёстой” гэдэг бодлого дээр санал нэгддэг. Бодлогын хувьд шүү дээ. Харин Тавантолгойн орд шиг 70 мянга, 90 мянгаар тараах чинь бол баялагтаа эзэн болж байгаа хэрэг биш. Талаар нэг тарааж, гоожуулж байгаа хэрэг. Төр баялагтаа эзэн бай, хяналт тавь гэдгийг би дэмжиж байна. Эзэн боллоо гээд гарын салаагаар гоожуулах нь буруу. Харин үйлдвэрлэлийг хөгжүүл, зам харгуйгаа тавь, цахилгаан станцуудаа янзал. Чингис бондоор хийсэн тэр ажлуудаас заримыг нь үргэлжлүүлж хийх шаардлагатай.

-Сүүлийн хоёр сонгуулийг харахад АН ХҮН, МАХН-аас ялгарахааргүй болчихсон гэдэг нь харагдлаа. Та АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү?

-Би их сургуулийн багш байхдаа АН-д орсон. Их л бадрангуй тэмүүлэлтэй орж байсан. Тэр тэмүүлэл маань буураагүй. АН-ын мянга мянган гишүүдийн ардчиллын төлөө, улс орныхоо төлөө, нийгмийн дундаж давхаргыг бий болгох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хүсэл эрмэлзэл унтраагүй, дуусаагүй. Манай ард иргэдийн ч гэсэн хүсэл эрмэлзэл унтраагүй гэдгийг саяын орон нутгийн сонгууль харууллаа. АН-ыг өөр бусад намуудтай харьцуулах хэрэггүй.

Нэг зүйлийг хэлэхэд, би намынхаа гишүүнчлэлээс гараагүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар намын дарга нар намайг нэр дэвшүүлээгүй. Энэ их юм ярьдаг нөхөр, энийг юм яриулахгүй гэсний үндсэн дээр 2020 онд дахиад УИХ-д гаргахгүйн тулд намайг АН-аас зайлуулсан. АН-ын мянган мянган гишүүн намайг АН-аас зайлуулж, хэлмэгдүүлсэн явдлыг буруушааж байга учраас энэ шийдвэрийг өөрчлөх байх гэж найдаж байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-д эргэж ирснээ зарлалаа. Та үүнийг яаж хүлээж авч байна. Элбэгдорж эргэж ирсэнээр АН эргээд хүчирхэг болж чадах уу?

-Ер нь бол улс орны дампууруулж, монголчуудын ирээдүйг балласан хүний нэг нь гарцаа байхгүй Элбэгдорж.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гурван сарын өмнө бичсэн захидалдаа таныг “намаасаа урвасан, найзуудаасаа урвасан, тийм учраас чиний дэргэд нам чинь ч алга, найз чинь ч алга. Найз нөхдийг чинь хэлмэгдүүлж байхад өөрийнхөө төлөө залбираад суусан” гэж бичиж байсан. Тэр захидлыг талаар юу хэлэх вэ?

Хоёрдугаарт, УИХ одоо 2021 оны Улсын төсвийг чуулганаар хэлэлцэж байна.  Ковидын үеийн төсөв өөрчлөгдсөн үү?

-Сайханбилэг захидал бичиж суухаар өөрөө яваад ирэх хэрэгтэй л дээ. Би бол эх орноосоо л урвадаггүй хүн. Анд нөхдийн харилцаагаар эх орноо худалдахтай эвлэрч чаддаггүй. Надаас “Найзтайгаа үлдэх үү, эх орон ард түмнийхээ төлөө зогсох уу?” гэвэл би эх орон, ард түмэн, үр хүүхдийнхээ төлөө сонгоно. Би ганцхан энэ байр суурин дээр л өнөөдрийг хүртэл явж байна. Амьдрал их баян юм билээ. Хүмүүс ирж л байдаг, явж л байдаг. Найз нөхөд, нөхөрлөл гэдэг нэг хэрэг. Эх орны эрх ашиг бол үндсэн ганц эрх ашиг юм. Энэ байр суурин дээрээ байхад хүмүүс ирж л байдаг явж л байдаг.

Төсөвийн тухайд, энэ удаагийн төсөв ковидын үеийн төсөв биш. Ковидын төсөв гэж байгаа бол төрийн яам, тамгын газруудын барилга барихыг шууд зогсоох ёстой. Мөнгө бага байна, төсөв хүнд байна гэж байгаа бол хэрэгтэй юмандаа л мөнгөө зарах ёстой. Гэтэл 18 тэрбум төгрөгөөр яамны байшин босгохын тулд гурван тэрбум төгрөг төсөвтөө тавиад явж байгаа бол энэ ковидын үеийн төсөв биш байна. Ковид гэдэг нэрээр улсын өр шир, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдгээ боль гэдэг байр суурин дээр би хатуу байгаа.

Тиймээс төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар УИХ хаалттай хуралдаан хийе гэдэг саналыг би ҮАБЗ-ийн гурван гишүүнд хүргүүлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарт сая чуулган дээр “Хаалттай хуралдаан хийнэ” гэж байна. Тэгэхгүй бол энэ гишүүд чинь камер харахаараа л янз бүрийн юм яриад эхэлдэг. Үнэхээр Монгол Улсын төсөв санхүү ямар болчихоод байгаа, цаашаа яавал дээр вэ гэдгийг камергүйгээр ярья. Хэн нэгнийг буруутгахаасаа илүү яавал зөв бэ гэдгээ ярих гэсэн юм.

-Элбэгдорж намынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно гэсэн. Та түүний эсрэг зогсох уу? Элбэгдоржид намаа өгөхгүйн төлөө тэмцэх үү?

-Би хэн нэгэнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө бол алалцдаг хүн. Тэгж ойлго.

-“Ачит эх” компани, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан Цагаан гуайтай хийсэн таны тэмцэл ямар шатандаа яваа вэ? Компанийн 34 хувийг төр авахаар болсон нь тэмцэл үр дүнгээ өгсөн хэрэг мөн үү?

-Намайг Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёртой тэмцдэг гэж ойлгоод байна. Үгүй штээ. Тэнд байгаа “Ачит эх” компани, хоёр тэрбум ам.доллар тэдний юм биш, Эрдэнэтийнхний юм шүү л гэж байгаа. Нэг нь  Ерөнхийлөгч, нөгөө нь ЕТГ-ын дарга байхдаа луйвардаад 34 хувиар хийсэн хийсэн гэрээгээ алга болгочихсон. Сая ярилцсаар байгаад 34 хувийг нь төр авч байгаа юм билээ. Тэнд эд нарын мөнгө гэж байхгүй. 50-60 сая доллар гадаадаас аваад, үйлдвэр шүү юм босгоод, ашгаа аваад буцаагаад төлчихсөн. Жилдээ 50-60 сая долларын борлуулалт хийдэг, 10 мянган тонн цэвэр цэс гаргадаг компани. 6000 ам.доллараар бодоход 60 сая доллар жилдээ олдог айл. Татвараа төлөөд, зардлаа тооцоод, цалингаа тавиад цаана нь 30 сая доллар цэвэр ашиг болгож авдаг. Шударга бус байгаа биз дээ. “Эрдэнэт”-ийн баялгийг ашиглаж 30 сая долларын цэвэр ашиг хийгээд, түүгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсдийг худалдаж аваад, нэвтрүүлэг бэлдээд, хүмүүсийн тархиыг угааж байна. “Зэсийг ургуулна” гэж ярьдаг улс шүү дээ. Зэс ургадаг юм уу? Зэс ургадаг бол Рио Тинто яах гэж Монголд ирж, хөрөнгө оруулаад үйлээ үзээд явж байгаа юм. Технологи нь хөгжихсөн айл тэндээ ургуулаад л авчихдаг юм байгаа биз дээ. Ийм юмаар хүртэл хүмүүсийн тархи толгойг угааж байна.

“Ачит эх”-ийг би авах гээгүй. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг л ярьж байгаа. Билл Гейтс шиг толгойгоороо хэдэн сая, тэрбум доллар олж байгаа бол хэн ч юу ч гэхгүй. Бүгд алга ташиж баяр хүргэнэ. Монголд байгалийн баялгаас бусад салбарт ажиллаад, мянга мянган зүйл бүтээж байгаа олон бизнесмэн байгаа. Би тэдэнд баяр хүргэнэ, дэмжинэ. ЖДҮ байна. Манай Засгийн газар 888 ЖДҮ-ийг дэмжсэн, та нар ч мэдэж байгаа. Баялгийг дээрэмдэж байгаа хүмүүсийг бол би дэмжихгүй.  Барууны долларын саятангууд яаж үйлээ үзэж гарч ирж байна? Гэтэл манайд хулгайлж, дээрэмдээд жилдээ 30 сая доллар олж байна. Энэ шударга уу? Шударга ёс тогтсон цагт энэ бүгд төрд ирнэ. Тэр мөнгөөр ЖДҮ-ээ дэмжинэ. Тарааж өгнө гэсэн үг биш шүү.

-Ирэх сард болох АН-ын их хуралд та оролцох уу? Намын даргад нэр дэвших үү?

-Би АН-аас гараагүй. Намайг хассан бичиг л өгчихөөд байгаа. Тэр бичгээ хүчингүй болговол би намынхаа Их хуралд орно. Намын гишүүд дэмжвэл юу ч хийж болно. Би энэ намд олон жил ажилласан хүн. Их сургуулийн багшаас намын нарийн бичгийн дарга болсон, дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Нам ялагдахаар намын нарийн бичгийн дарга хариуцлага хүлээдэг юм. 1992 онд МСДН салам ялагдсан, нэг л суудалтай үлдсэн. Намаа ялагдуулсан намын нарийн бичгийн дарга ажлаа өгөөд 2-3 жил ганзагын наймаанд явсан. 1996 онд намын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүүн болсон. 2000 онд дахиад салам ялагдсан. Амьдрал гэдэг чинь үналт босолт л юм байна лээ. Би нэг л зүйлд баярладаг. Ардчиллын төлөө, эрх чөлөөнийхөө төлөө гутлынхаа улыг цоортол явсан олон зуун партизанууддаа, “Бид сайхан эх оронд амьдрах ёстой, эрх чөлөөтэй, үгээ хэлэх эрхтэй байх ёстой” гэсэн тэр итгэлд нь баярладаг.

-УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтийг “Хэн шүүхэд эзэн суух вэ?” гэдэг тэмцэл явж байна гэж хүмүүс харж байна. Яг ямар заалт нь маргаантай байгаа вэ?

-Шүүхийн тухай хуульд хоёр зүйл бий. Нэгдүгээрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Шүүхийн сахилгын хороо байгуулна” гэчихсэн. Тэр нь хэдэн хүнтэй байх, хэн байх, хаанаас гаргавал хараат бусаар ажиллах вэ гэдэг дээр маргаан үүсч байна. Хоёрдугаарт ШЕЗ таван хүнтэй байсныг нэмэгдүүлж байгаа. ШЕЗ-ийг хэн нэр дэвшүүлэхээс шалтгаалаад тэр хүндээ үйлчлээд байх вий гэдэг маргаан бас явж байгаа. Та нар ч гэсэн энэ асуудал дээр анхаарал сайн хандуулаарай. 

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас ажлын хэсэг гараад явж байна. Ямар өөрчлөлт оруулах ёстой гэж та бодож байна? Та өөрөө Ерөнхий сайд байхдаа Дубайн гэрээг эсэргүүцсэн учраас огцорсон гэж ярьдаг...

-Би нэг зүйлийг хэлэх ёстой. Дандаа л эсэргүүцсэн байж таарахгүй. 2008 онд С.Баяр Ерөнхий сайдын Засгийн газарт би Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Оюутолгойн гэрээг байгуулахад би оролцсон, дэмжиж санал өгсөн хүн. Тэр үед байгуулагдсан гэрээнд алдаа дутагдалтай зүйл байсан байж магадгүй. Бид ямар бодлогоор дэмжсэн бэ гэвэл, гурав дахь орны том хөрөнгө оруулалт орж ирэх нь зөв гэдэг бодлогын юман дээрээ санал нэгдээд дэмжсэн. Тэр гэрээ 100 хувь төгс төгөлдөр болсон гэхгүй. Гэрээнд өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д байгаа.

Дараа нь Ерөнхий сайд болсныхоо дараа Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулья гээд ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь тэр нь маш олон хүнийг айлгасан, цочоосон учраас манай Засгийн газрыг унагах ажиллагаа эхэлсэн.

Дубайн гэрээ бол өмнөх гэрээг бүр долоо дордуулсан гэрээ. Манай талд илүү хохиролтой болсон. Энэ Засгийн газар яаж ажиллахыг би мэдэхгүй байна. Ер нь бол суугаад ярих л хэрэгтэй. Рио Тинто ч гэсэн ойлгож байгаа байлгүй дээ. Монголд том хөрөнгө орууллаа. Монголчуудын итгэх итгэл, харах харц бас шал өөр болчихлоо. Тийм учраас том компани наад цаадхаа харах байлгүй.

-Та Эрдэнэтийн иргэдэд “Байгалийн баялагтаа эзэн болох хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэдэг амлалт өгсөн. “34:33:33” билүү? Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой юу?

-Эрдэнэтэд нэр дэвшсэн шалтаг шалтгаан ч гэсэн байгалийн баялгаас үүдэлтэй. Эрдэнэтийн хоёр овоолгон дээрээс зэсийг нь шигшээд авахад 2 тэрбум доллар болж байна. Үүнийг П.Цагаан гэдэг ганцхан нөхөр авчихаад байна. Хажууд нь 30-40 жил амьдарч байгаа иргэнд юу ч байхгүй. Тиймээс би мэддэг чаддаг хүмүүстэй нь ярьж байгаад байгалийн баялгийг эзэмших дээр нэг загвар гаргах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Нэг хүн очоод бүгдийг хамчихдаггүй л байя. Баялгийн эзэн “Эрдэнэт” үйлдвэр оролцог, Эрдэнэт хот оролцог, Эрдэнэтийн иргэд бас оролцог. Ийм компани байгуулаад хонь бүрэн, чоно цатгалан, эрх тэгш амьдарцгаая л даа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чөлөөт эдийн засаг байхгүй” гэж хэлээд маш их шүүмжлэлд өртсөн. Гэтэл та сая “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр шууд булаагаад авах ёстой, хэлцэл хийх хэрэггүй гээд хэлчихлээ?

-Дээрэмдээд авчихсан юмыг хураагаад л авна ш тээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь Оросын өмч байсан. Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр нэг нь өөрийн хувийг зарах бол нөгөө талдаа заавал мэдэгдэх ёстой. Худалдаа хөгжлийн банкинд биш, Монголын Засгийн газарт санал болгох ёстой гэсэн үг.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Манай Засгийн газар авах боломжгүй. Монголын компанид өгч болно” гээд бичиг явсан байдаг шүү дээ?

-Хоёр улсын Засгийн газрын гэрээ бол хууль. Хуулийг хэн өөрчилдөг вэ? УИХ. УИХ-аар энэ асуудлыг шийдсэн үү, шийдээгүй ээ. Тэгэхээр энэ бол хулгай, энэ бол дээрэм. Би шударга ёсны төлөө явдаг учраас хуулиар далайлгаж хүний өмчийг хурааж авахыг эсэргүүцнэ. Гэхдээ хуульгүйгээр хулгай дээрэм хийгээд авчихсанаа өөрийн өмч мэтээр ойлгоод, “бидний өмчийг дээрэмдлээ” гэж яриад байгааг бол ойлгохгүй. Тэд нарын өмч гэж тэнд байхгүй.

-Төсөв дээр халамийн зардал нэлээд жин дарж байна. Төсөв алдагдалтай орж ирж байна. Алдагдлыг багасгах боломж байсан уу, таныхаар?

-Байлгүй яах вэ. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт, тэр дотроо Ч.Хүрэлбаатар сайдад нэг юмыг хэлээд л байгаа. Ковидын нөхцөл байдлаас эдийн засаг хүндрэлтай байгааг ойлгож байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг ашиглаад үр ашиггүй хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардал, хавтгайрсан халамжаа багасгаж болдоггүй юм уу? гэж. Болно штээ. Би Ч.Хүрэлбаатар сайдыг нэг зүйл дээр магтчихья. Би 2004, 2005 онд Сангийн сайд хийсэн, Хүрэлбаатар Төрийн нарийн бичгийн дарга байсан. Тэр үедээ бол гайгүй, ярьж хэлэлцээд ойлголцохоор залуу байсан. Бид хоёр хамтраад Монгол Улсын төсвийг 2005 онд анх удаа ашигтай гаргасан. Тийм учраас одоо наад асуудалдаа нэг эзний ёсоор хандчихаач гээд хэлээд л байгаа. Улс төрийн юм бас байдаг байх л даа. Сонгуульд зориулаад төсвөө хамаагүй данхайлгачихаар буцаад буулгаж болдоггүй, хасч танаж чаддаггүй.

Монгол Улсын төсөв түүхэндээ хоёр удаа их өндөр гарсан. 2010-2011 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт эхлээд, маш их тоног төхөөрөмж орж хил, гаалиар ороод ирэхээр төсвийн орлого маш их гарсан. Төсвийн орлого нэмэгдэхээр дагуулаад зардлаа нэмчихсэн. Дээр нь сонгуулиар сая, сая 500 мянган төгрөг амласнаас болоод таазанд тулсан өндөр төсөвтэй болчихсон. Тэрийггээ буулгаж чаддаггүй.

Хоёр дахь нь 2020 оны төсөв. Жилдээ 500 гаруй байшин сав босгохоор төсөвлөдөг байснаа сонгуульд зориулаад Ч.Хүрэлбаатар сайд  “1000-ыг нэмж босгоно” гэчихсэн. 1000 обект нэмж босгоно гэхээр хэр их мөнгө гарах вэ? Ийй хүндрэл учруулчихаад тэрийгээ эвтэйхэн хэлээд засчихын оронд буруу тайлбар хийгээд яваад байгаа. Гэхдээ яах вэ, хаалттай хуралдаан дээр манай гишүүд нэг мөр ойлголттой болчихно оо.

-Та АН-ыг шинэчлэхээр “Шинэ ардчилэл” гэж франкц байгуулаад байсан. Тэр юу болсон бэ?

-Би нэг жигүүр мигүүрхэн байгуулж явдаг ч хүн биш л дээ. АН гэж том нам байгаа. Их олон хүний хүсэл тэмүүлллийг тээж яваа л нам даа.

-АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох санаачлага гаргасан. Төсвийн боломж байхгүй учраас Цагаан суваргын орд, Салхитын мөнгөний ордоос мөнгө босгох уу гэж ярьж байх шиг байна. Та юу гэж бодож банйа?

-Хэдүүлээ байгалийнхаа баялагт эзэн болчихвол зөвхөн нэг тэтгэвэр тэтгэмж нэмэх биш, хүмүүсээ ажил, орлоготой болгох, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх мянган юм хийж болно. Та нар одоо мартсан байх даа. Монгол хүн 2020 гэж хөтөлбөр дэвшүүлсэн. Зарим нь одоо надаас “2020 онд сайхан амьдруулна гэсэн чинь яалаа?” гэж асуугаад байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, гэгээн хүсэл мөрөөдлийг огцруулаад, эсвэл шоронд хийгээд, ялдагч болгоод ялдаггүй юмаа. Үнэн мөн хэзээ нэг цагт ялна. Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж 2020 онд ирээгүй ч ойрын үед ирэх байх аа. Ирүүлэхийн төлөө тэмцдэг, зүтгэдэг л байх ёстой.

Манай Засгийн газрын хэлдэг нэг үг байлаа. “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” гэж. Манай Засгийн газар хагас сайн өдөр хуралддаг байсан. Яагаад гэвэл гурав дахь өдөр хуралдахаар заавал нэг сайд нь гарч гүйгээд, байнгын хорооны хурал энэ тэрд орох хэрэгтэй болдог. Тэр үед бараг бүгдээрээ давхар дээлтэй ч байсан.   

-Чингис, Самуурай бондын мөнгийг хяналтгүй зарцуулсан, улсад хохирол учруулсан олон компани байна гэдэг яриа саяхныг болтол тасраагүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бас буруудаад шүүх энэ тэрээр явсан. Таны байр суурь?

--Би Ерөнхий сайд байгаад намайг огцрох хүртэл хугацаанд ямар ч асуудал байгаагүй. Тэр нь миний сайнд биш юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд бид нар энэ бондын мөнгөний зарцуулалтыг ил тод, харгүй хийе гээд Засгийн газрын гишүүдээс 5-6 сайд, УИХ-аас Эдийн засгийн бынгын хорооны дарга, УИХ-ын даргын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөхийг оролцуулаад, хамтдаа суугаад “Монгол улсын хөгжилд хэрэгтэй төсөл мөн үү, үгүй юу” гэдийг ярьдаг байсан. Цементын үйлдвэрлэлийн хөгжүүлэх нь Монголд хэрэгтэй юу, энэ чиглэлд Монголд хэн юу хийж байна? гэдгийг компаниудыг нь цуглуулаад ярьдаг, тэндээс дэмжсэн төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулаад хэлбэржүүлээд явдаг байсан. Тэр компани ямар хөрөнгөтэй, ямар хэмжээний мөнгө хүсээд байна, тэрийг нь өгөх үү, үгүй юу гэдгийг эцэслэн шийддэг газар нь Хөгжлийн банк. Тэндээс нэг юм аваад идчих юмсан гэдэг бодол надад байгаагүй. Манай Засгийн газрын гишүүдэд ч байгаагүй.

-Та байгалийн баялгийг төрд мэдэлдээ авах ёстой гэдэг байр суурьтай юм байна. Тэгвэл 2014 онд Цагаан суваргын ордыг “МАК” компанид өгөхөд таны байр суурь ямар байсан бэ?

-Миний байр суурь өөрчллөгдөөгүй. Манай Засгийн газар Цагаан суваргын ордын 34 хувийг төрд авья гэдэг байдлаар УИХ-д оруулсан. УИХ дээр нөхдүүд ажиллаад “34 хувийг төрд аваад яах юм бэ” гээд 34 хувийг тэг болгосон. МАНАН-гийн шийдвэр байсан гэсэн үг. Нэр усыг нь шүүгээд үзвэл гараад ирнэ.

-34 хувийг худалдаж авах мөнгө төрд байгаагүй учраас тэгж шийдсэн юм биш үү?

-Төрд авахгүй гэж шийдсэн нөхөд бол тийм л зүйл ярьж байсан. Оюутолгойн 34 хувийг төрд авснаас бол өрөнд орсон. Одоо “Цагаан суварга”-ын 34 хувийг авчихвал дахиад өрөнд орно гэсэн юм яриад буцаасан.

-Танай Засгийн газрын үеэс бонд босгох нэрээр их хэмжээний өр тавьж эхэлсэн. Үе үеийн Засгийн газрууд үүнийг нь уламжлаад аваад явж байна. Буруу жижиг тогтоолоо гэж бодох үе байдаг уу?

-Өрийн тухайд Монголбанкны Ерөнхийлөгч саяхан их тодорхой хэлсэн шүү дээ. Чингис бондоос өмнө Монгол Улс хоёр тэрбум ам.долларын өртэй байсан. Чингис бонд өөрөө 1,5 тэрбум доллар. Нийлээд 3,5 тэрбум. Гэтэл өнөөдөр Засгийн газрын нийт өр 7,9 тэрбум доллар, Монгол банкны сайт дээр байгаа. Зөрүү нь 4,4 тэрбум доллар, 2015 оноос хойш.

Ч.Хүрэлбаатар сайд надаас “Та яагаад 2015 оноос хойш өрийг тоолоод байгаа юм” гэж асууж байна лээ. Би хэлсэн. Та нар бас юмаа мартсан байна аа гэж. 2015 оноос МАНАН-гийн Засгийн газар ажилласан, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг МАН-тай хамтарч байгуулсан биз дээ. Сангийн сайдаар нь Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Тиймээс одоо та нар “Өр дараад байхад яагаад Засгийн газрын өр 4,4 тэрбум доллараар нэмэгдчихдэг юм бэ?” гэдгийг Ч.Хүрэлбаатар сайдаас өөрөөс нь асуу.

Ер нь бол өрийн асуудлыг улс төржүүлэх нь буруу юм. 2016 оны сонгуулиар МАН “Монголын өлгийтэй хүүхэд нь 15 сая төгрөгийн өртэй” гэж ярьж сурталчилсан. Энэ үнэн бол өнөөдөр өлгийтэй хүүхэд 30 гаруй сая төгрөгийн өртэй болсон. Гэхдээ худлаа тоо л доо. Н.Номтойбаяр, Ц.Гарамжавын авсан зээлийг оруулаад улсын нийт өрийг хүндээ хуваасан тоо. Уг нь бол Засгийн газрын гадаад өрийг л иргэндээ хуваах ёстой. Зарим нэг хүн энэ асуудлаар улс төр хийгээд байна. Өр бол улс төрийн асуудал биш, улс орны аюулгүй байдлын асуудал. Тийм учраас хаалттай хуралдаан хийе гэж байгаа юм.

-Сая Оюутолгойн ТУЗ-д анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Гурван орон тоон дээр 47 хүн ирсэн байна. Гэтэл Ерөнхийлөгч Н.Багабанди үлдчихсэн. Энэ зөв зүйл мөн үү?

-Буруугаар барах уу. Би Ерөнхий сайд байхдаа Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс болиулсан шүү дээ. Одоо дахиад байгаа юм уу? Оюунтолгойн ТУЗ-д орохгүй бол үхчих гээд байдаг юм байх даа. Эрхбиш Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд ёс зүйгээ бодоод, улс орноо бодоод, бас бус юмаа бодоод больчмоор л байгаа юм. Ер нь бол Оюутолгойн ТУЗ-д хэн хэн байсныг сэтгүүлч та нар бүгдийг нь он сараар нь гаргаарай. Би Ерөнхий сайд байхдаа бүгдийг нь сольсон. Дуучин Ганболд, Багабанди, өөр хэн ч билээ. Би гурвууланг нь сольсон. Тэрнээс хойшхийг би мэдэхгүй. Ер нь бол манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд хийж байсан хүмүүс гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хол байх хэрэгтэй. Би тэгж зөвлөмөөр байна. Болохгүй бол Н.Багабанди даргад би захидал бичье. Сонгон шалгаруулалт зарласан бол бас нэг үг хэлчихдэг, хэл устай, асуудлаа мэддэг хүнийг нь сонгоод оруулах хэрэгтэй шүү дээ. Тийм хүмүүс очвол бас жаахан өөрчилж болох юм шүү.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (129.205.113.208)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 14 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 31 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 13 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 23 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 48 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top